ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР  БАРИМТЛАХ БОДЛОГО

Засгийн газрын 2016 оны 261 дүгээр
          тогтоолын  хавсралт

ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР
БАРИМТЛАХ БОДЛОГО

(2016-2025 он)


Нэг. Бодлогын  зорилго

1.1. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.


Хоёр. Бодлогыг хэрэгжүүлэх зарчим

2.1. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараах үндсэн зарчмыг баримтална:
 
2.1.1. хүний хөгжлийг улс орны хөгжил, дэвшлийн үндэс гэж үзэх;

2.1.2. хүний эрхэд суурилсан хөгжлийн чиг хандлагыг баримталж, хүний амьдрах орчин, амьжиргааны эх үүсвэрийг хамгаалах тогтвортой, ногоон хөгжлийг эрхэмлэх;

2.1.3. хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, нутаг ус, нийгмийн болон эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлагаар үл ялгаварлах;

2.1.4. үндэсний өв соёл, зан заншлыг дээдлэх;

2.1.5. бүх салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах;

2.1.6. төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэд, хамт олны оролцоонд тулгуурлах.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх чиглэл,
хүрэх үр дүн

3.1. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:
 
3.1.1. хүн амын тогтвортой өсөлтийг хангах таатай нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.2. хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах;

3.1.3. гэр бүлийн амьдралын таатай орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах;

3.1.4. хүн бүр боловсрол эзэмших, хөгжих боломжийг бүрдүүлэх;

3.1.5. хүн амыг ажилтай, орлоготой байх нөхцөлийг бий болгох;

3.1.6. хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих.

3.2. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

3.2.1. “хүн амын тогтвортой өсөлтийг хангах таатай нөхцөлийг бүрдүүлэх” чиглэлийн хүрээнд хүн амын дундаж наслалтыг 74-т хүргэх, төрөлтийн түвшинг эргэн нөхөгдөх түвшинд буюу түүнээс дээш түвшинд байлгах замаар хүн амын тогтвортой өсөлтийг хангана;

3.2.2. “хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах” чиглэлийн хүрээнд орон нутагт хүн тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлж, хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг урамшуулах замаар хөдөөгийн хүн амын нийт хүн амд эзлэх хувийг нэмэгдүүлж,  хүн амын байршлын зохистой харьцааг хот, хөдөөд тэнцвэртэй болгоно;

3.2.3. “гэр бүлийн амьдралын таатай орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах” чиглэлийн хүрээнд иргэдэд гэр бүлийн боловсролыг хүүхэд наснаас олгох, гэр бүлийн тогтвортой харилцааг дэмжиж, амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болгох арга хэмжээг авах замаар гэр бүлийг дэмжиж, нийгмийн дундаж давхаргыг нийт хүн амын 60 хувьд хүргэнэ;

3.2.4. “хүн бүр боловсрол эзэмших, хөгжих боломжийг бүрдүүлэх” чиглэлийн хүрээнд хүн авьяас чадвараа хөгжүүлэн үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах чанартай боловсрол, мэдлэг, чадварыг эзэмших, зөв төлөвших, насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлж, тэмүүлэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хөдөлмөрч, бусдыг хүндлэх хүмүүнлэг ёс зүйтэй, амьдралын зөв дадал, хэвшилтэй, үндэсний дэвшилтэт уламжлал, өв соёлоо дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлнэ;

3.2.5. “хүн амыг ажилтай, орлоготой байх нөхцөлийг бий болгох” чиглэлийн хүрээнд эдийн засгийн өсөлтийн өгөөжийг зохистой хуваарилж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажиллах хүчний нөөцийг төлөвлөлттэйгээр үр дүнтэй ашиглах замаар хүн амыг ажилтай, орлоготой болгож,  ажилгүйдлийн түвшинг 4 хувьд, ядуурлын түвшинг нэг оронтой тоонд хүртэл бууруулна;

3.2.6 “хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих” чиглэлийн хүрээнд нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгалд хамрагдах хувийг 95-д хүргэх бөгөөд ахмад настны нийгмийн баталгааг хангах, нийгмийн идэвхтэй гишүүн байх, боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

3.3. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн явцыг дараах үзүүлэлтээр тодорхойлж, үр дүнг үнэлнэ:

 

Бодлогын  чиглэл

 

Үр дүнгийн үндсэн шалгуур үзүүлэлт

 

Хэмжих нэгж

Суурь түвшин

(2015)

Зорилтот түвшин

 

 

2020

2025

1

Хүн амын тогтвортой өсөлтийг хангах таатай нөхцөлийг бүрдүүлэх

 

1

Хүн амын жилийн дундаж өсөлт

хувь

2.1

≥2.1

≥2.1

2

Төрөлтийн нийлбэр коэффициент

хүүхдийн тоо

3.0

≥3.0

≥3.0

3

Дундаж наслалт

Нийт

жил

69.9

72.2

74

 

Эрэгтэй

жил

66.0

68

70

 

Эмэгтэй

жил

75.8

77.5

78.4

4

Эхийн эндэгдлийн харьцаа (100000 амьд төрөлт тутамд)

промиль

26

25

20

5

Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлт тутамд)

промиль

15

13

11

6

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлт тутамд)

промиль

18

15

12

2

Хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах

7

Нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь

хувь

32.0

38.0

50.0

3

Гэр бүлийн амьдралын таатай орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах

8

Нийгмийн дундаж болон чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь[1]

хувь

36.7

45

60

4

Хүн бүр боловсрол эзэмших, хөгжих боломжийг бүрдүүлэх

9

Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын үйлчилгээнд хамрагдах хувь[2]

хувь

68.5

70

80

10

Хүний хөгжлийн индекс

эзлэх байр

90

85

80

5

Хүн амыг ажилтай, орлоготой байх нөхцөлийг бий болгох

11

 Хөдөлмөрийн насны хүн амд эдийн засгийн идэвхтэй хүн амын эзлэх хувь

хувь

61.5

66

68

12

Ажилгүйдлийн түвшин

хувь

7.5

6.0

4.0

13

Ядуурлын түвшин

хувь

21.6

18.0

9.0

14

Орлогын тэгш бус байдлын үзүүлэлт[3]

оноо

32.0

31.5

31.0

6

Хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих

15

Эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгалд хамрагдалтын хувь

хувь

79.5

90.0

95.0



[1]Нэг хүнд ногдох дундаж хэрэглээнээс дээш хэрэглээтэй хүн амын эзлэх хувь

[2]Цэцэрлэг, хувилбарт сургалтад хамрагдсан 2-5 насны хүүхдийн 2-5 насны нийт хүн амд эзлэх хувь

[3]Жини коэффициент

Дөрөв. Бодлогын  зорилт

4.1. “Хүн амын тогтвортой өсөлтийг хангах таатай нөхцөлийг бүрдүүлэх” чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1.1. нөхөн үржихүйн насны болон жирэмсэн эмэгтэйчүүд, эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах; 

4.1.2. жирэмсэн эмэгтэйчүүд, эх, нярайд үзүүлэх нийгмийн  хамгааллын үйлчилгээг сайжруулах, нэмэгдүүлэх;

4.1.3. эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх, сэргийлж болох хүчин зүйлийг багасгах замаар эхийн эндэгдлийн харьцааг 100000 амьд төрөлтөд 20, тав хүртэл насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 11 болгож бууруулах;

4.1.4. өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэндийн цогц боловсролыг олгож, өсвөр насны охидыг хүсээгүй жирэмслэлт, эрт төрөлт, үр хөндөлтөөс сэргийлэх; 

4.1.5. гэр бүл, эмэгтэйчүүдийг хүүхдийн тоо, төрөлт хоорондын зайг өөрсдөө зохицуулах нөхөн үржихүйн эрхийг хангасан гэр бүл төлөвлөлтийн чанартай, хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр хангах;

4.1.6. хүн амыг бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолын хам шинж өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг тогтвортой бууруулах;

4.1.7. хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл мэндээ хамгаалах, амьдралын эрүүл, зөв хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх;

4.1.8. нийтийн биеийн тамир, спортыг дэмжин дэлгэрүүлж, иргэд  өөрийн сонирхол, хэрэгцээ, шаардлагад тохируулж зөв хичээллэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх эрүүл, аюулгүй орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.9. хүн амын эрүүл, зохистой хооллолтыг дэмжих, хоол тэжээлийн хангамж, чанарыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, жирэмсэн эмэгтэйчүүд, эх, нярай, хүүхдийн хоол тэжээл, амин дэмийн дутлыг тогтвортой бууруулах;

4.1.10. хүний эрүүл мэнд, амьдралын чанарын түвшинд сөргөөр нөлөөлж байгаа агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.11. хүн амыг эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй анхан шатны тусламж, үйлчилгээгээр үнэ төлбөргүй, шуурхай хангах, эрүүл мэндийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг эх орондоо авах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;

4.1.12. халдварт болон халдварт бус өвчлөлд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, өвчлөлийг эрт илрүүлж, оношлох, тархалт, өвчлөлөөс урьдчилан  сэргийлэх  үндэсний  тогтолцоог  бүрдүүлэн оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн өвчлөл, нас баралтын эрсдэлт хүчин зүйлийг бууруулж, хүн амын дундаж наслалтыг 74-т хүргэх;

4.1.13. эрэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх;

4.1.14. хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулж, осол, гэмтлийн  улмаас нас барах явдлыг тогтвортой бууруулах, хүн амыг олдмол хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх;

4.1.15. хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настны эрэлт хэрэгцээнд нийцсэн  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх;  

4.1.16. архидан согтуурах, мансуурах, донтохоос урьдчилан сэргийлэх, донтсон иргэдэд эрүүл мэнд, нийгмийн цогц үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлж, эрүүлжүүлж нийгэмшүүлэх.

4.2. “Хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах” чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.2.1. иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн сантай уялдуулах, гадаад шилжилт хөдөлгөөний бүртгэл, мэдээллийг сайжруулах;

4.2.2. хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлж, хот байгуулалт, газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хот, суурин газар, орон нутгийн тогтвортой хөгжлийг газар зохион байгуулалт, хот байгуулалт, дэд бүтэц, аж үйлдвэр зэрэг бусад салбарын бодлоготой уялдуулах;

4.2.3. хот байгуулалтын ногоон хөгжлийн стандарт, олон улсын стандартад нийцсэн хот, суурин газрыг хөгжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;

4.2.4. малчин өрх, хот айл, жижиг, дунд тариалан эрхлэгчдийн аж ахуй эрхлэлтийг дэмжин орчин үеийн техник, технологи, эрчим хүчээр хангаж, үйлдвэрлэл тогтвортой эрхлэх санхүү, эдийн засаг, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх;

4.2.5. нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хот, хөдөөд жигд болгох;

4.2.6. байгаль, уур амьсгалын өөрчлөлт, гамшиг, зах зээлийн эрсдэлээс шалтгаалсан шилжилт хөдөлгөөнийг бууруулах, хүн амыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулах, зохицон амьдрах  мэдлэг, чадвартай болгох;  

4.2.7. нийслэл, хот, суурин газраас орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг  урамшуулах;

4.2.8. ажиллах хүчний гадаад шилжилт хөдөлгөөнийг үндэсний эрх ашиг, хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн гадаад хамтын ажиллагаанд тулгуурлан зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх;

4.2.9. хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хүний наймаа, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хохирогчийг хамгаалах;

4.2.10. гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх орондоо эргэн ирж амьдрахыг дэмжих.

4.3. “Гэр бүлийн амьдралын таатай орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах” чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.3.1. хүүхдэд бага наснаас нь эхлэн гэр бүлийн боловсрол олгох, ялангуяа өсвөр үе, залуучуудад гэр бүлийн амьдралд бэлтгэх, амьдралаа зөв авч явах, хариуцах чадварыг эзэмшүүлэх;

4.3.2. хүн амын удмын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгах, урьдчилан сэргийлэх, цус ойртолтыг үгүй болгох;

4.3.3. гэр бүлийн гишүүдийн тэгш эрх, үүрэг, хариуцлага, оролцоог хангах;

4.3.4. хүүхэд бүрийг гэр бүл, нийгмийн ээлтэй орчинд эсэн мэнд, аюулгүй, хүчирхийллээс ангид өсөх орчныг бүрдүүлэх; 

4.3.5. гэр бүлийн харилцааны тогтвортой байдлыг дэмжих;

4.3.6. гэр бүлийг орон сууц, газар болон амьжиргааны олон талт эх үүсвэртэй болоход нь дэмжлэг үзүүлэх;  

4.3.7. гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх;

4.3.8. олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй болон өрх толгойлсон эцэг, эх бүхий гэр бүл, ганц бие ахмад настанд дэмжлэг үзүүлж амьдралын түвшинг дээшлүүлэх; 

4.3.9. хөгжлийн бэрхшээлтэй  иргэн нийгмийн үйлчилгээг хүртэх, гэр бүл, нийгмийн амьдралд идэвхтэй, тэгш оролцоход ээлтэй, хүртээмжтэй орчныг бий болгох.

4.4. “Хүн бүр боловсрол эзэмших, хөгжих боломжийг бүрдүүлэх” чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.4.1. иргэдэд насан туршдаа суралцах хэрэгцээг нь хангасан, тэдний нас, сонирхол, авьяас чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, тэгш боломжтой, олон хувилбарт, нээлттэй, хүртээмжтэй, чанартай боловсрол олгох;

4.4.2. стандартын шаардлага хангасан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд сургуулийн өмнөх насны нийт хүүхдийн 80 хувийг хамруулах нөхцөлийг бүрдүүлж, монгол хэл, сэтгэлгээний үндсийг эзэмшүүлэх;

4.4.3. бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй, чанартай олгох, олон улсын жишигт нийцсэн сурч боловсрох таатай орчныг бүрдүүлж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

  4.4.4. хүүхдийг үндэсний үнэт зүйлсийг өвлөсөн, бие даасан, бусдын эрхийг хүндэтгэдэг, хүмүүнлэг, ёс зүйтэй, амьдралын эрүүл хэвшилтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх; 

4.4.5. хөгжлийн бэрхшээлтэй зэрэг тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай иргэдийн боловсролын хэрэгцээг хангах, боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах орчныг бүрдүүлэх;

4.4.6. өсвөр насны хүүхдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгох чадвар, дадал олгох, насан туршийн боловсролын үндсэн ойлголтыг эзэмшүүлэх, сэтгэлгээг хөгжүүлэх;

4.4.7. залуучууд олон улсын жишигт нийцсэн чанартай боловсролыг эх орондоо эзэмших боломжийг бий болгож, хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, мэргэжлийн боловсролын чанар, мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдагчдын  хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх;

4.4.8. ажилтны мэдлэг, мэргэжлийг хүний нөөцийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан дээшлүүлэх, ажлын байранд нь мэргэшүүлэн дадлагажуулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
 
4.4.9. ахмад настны суралцах, хөгжих нөхцөл, боломжийг бүрдүүлэн дэмжиж, шинэ техник, технологи эзэмшин ашиглах, өөрийн мэдлэг, ажлын туршлага, ур чадвараа залуу үедээ өвлүүлэхийг дэмжих.

4.5. “Хүн амыг ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх” чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.5.1. байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадамжид тохирсон ажлын байрыг бий болгохыг урамшуулах;

4.5.2. хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх, хувийн бизнес эрхлэхэд нь гарааны дэмжлэг үзүүлж зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг 68 хувьд, ажилгүйдлийн түвшинг 4 хувьд хүргэх;

4.5.3. их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг байнгын ажлын байртай болоход бүх талын  дэмжлэг үзүүлэх;

4.5.4. хүн амын хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэн ажилтны амьдрал ахуйд хүрэлцэхүйц цалин хөлс, нийгмийн баталгааг бий болгох;

4.5.5. эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх;

4.5.6. орон гэргүй, тэнэмэл, ажилгүй, ядуу хөдөлмөрийн чадвартай иргэдийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулж, ажил хөдөлмөрт татан оролцуулж, байнгын ажил, орлоготой болгох;

4.5.7. орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлын түвшинг нэг оронтой тоонд хүргэх, нийгмийн дундаж  болон чинээлэг дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувийг 60 хувьд хүргэх.

4.6. “Хүн амын эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих” чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.6.1. үндэсний онцлог, хүн амын насны бүтцийн өөрчлөлтөд нийцүүлэн амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийн идэвхтэй хүн амын нийгмийн даатгалд хамрагдалтын хувийг 95-д хүргэх;

4.6.2. ахмад настан бүрийг тэтгэвэр, орлогын баталгаагаар хангах; 

4.6.3. ахмад настанд зориулсан нийгмийн суурь үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх;

4.6.4. эрүүл, идэвхтэй насжилтын орчныг бүрдүүлэх, ахмад настан нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх.

Тав. Бодлогыг хэрэгжүүлэх арга зам, үе шат,
      нөөц, санхүүжилтийн эх үүсвэр

5.1. Хүн амын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлнэ. 

5.2. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг 2016-2025 онд дараах 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

5.2.1. нэгдүгээр үе шат: 2016-2020 он;

5.2.2. хоёрдугаар үе шат: 2021-2025 он.

5.3. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

            5.3.1. улс, орон нутгийн төсөв;

            5.3.2. гадаадын зээл, тусламж;

            5.3.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

            5.3.4. бусад эх үүсвэр.

5.4. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг салбар хоорондын түвшинд хэрэгжүүлэх зорилго, зорилтыг тухайн салбарын асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын, салбарын, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөв, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсруулж хэрэгжүүлэхэд иш үндэс болгож,  шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

5.5. Засгийн газар хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр үндэсний хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх бөгөөд мэргэшсэн ажилтныг бэлтгэж, мэдлэг, мэргэшлийг нь дээшлүүлнэ. 

Зургаа. Бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг Засгийн газраас баталсан нийтлэг журмын дагуу гүйцэтгэнэ. 

 

 


---о0о---
 

Хэвлэх хувилбар