| # Хаврын чуулган завсарлах дөхөж байгаа бөгөөд гишүүд шуухай хуралдаж хуулийн төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэж эхэллээ. Өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар гэхэд л таван хуулийн төслийг хэлэлцэн, шийдэв. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан 55.3 хувийн ирцтэй эхэлж, Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай, УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссон. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ж.Сүхбаатараас өөр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй учраас санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг дэмжиж, тогтоолын төслийг 78 хувийн саналаар батлав. Тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болов.
Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Батсуурь танилцуулав. Ингээд байнгын хорооны хуралдаанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хуулийн төслийг 81.3 хувийн саналаар батласан юм. Мөн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ч баталсан. Эдгээр хууль ердийн журмаар хүчин төгөлдөр болох агаад хуулийг хэрэгжvvлэх талаар Засгийн газар журам гаргах юм байна.
"Утаагvй Улаанбаатар" хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт өргөн баригдсан Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дараа нь хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонслоо. Ингээд хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлэг хийлгэхээр боллоо.
Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох, тус улсад зорчих, оршин суух, дамжин өнгөрөх журам, тэдгээрийн эдлэх эрх, хvлээх үүрэг, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа агаад уг хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм байна.
Гадаадын иргэнтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж хэрэгжvvлж байсан хэдий ч ийнхүү олон нэмэлт, өөрчлөлт орсноор хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл учрах, зохицуулалт нь хуучрах зэрэг бэрхшээлүүд тулгарч байгаа. Нөгөө талаас статистик тоо баримтаас харвал Монгол Улсад хувийн болон албан зорилгоор хүрэлцэн ирж буй гадаадын иргэдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил эрчимжиж, гадаад харилцаа өргөжихийн хэрээр гадаад орнуудаас ирэх иргэдийн тоо байнга нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Виз олголт болон гадаадын иргэнд тавих хяналт, бүртгэл, хариуцлагын асуудалтай холбогдуулан Засгийн газар, хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, аймаг, дүүрэг, сум, хорооны Засаг дарга нарын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхой тусгажээ. Гадаадын иргэнийг урих, ажиллуулах талаарх одоогийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгож уригч нь хөрөнгийн баталгаа гаргаж гадаадын иргэнийг тус улсад урих, зөрчил гарсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх зарчмыг баримталжээ. Мөн хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, зүйл, заалтын уялдаа холбоог хангах үүднээс гадаадын иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг, тэдгээрт хориглох үйл ажиллагааг тус тусад нь нэг бүрчлэн томъёолж өгсөн байна.
Гадаадын иргэнийг саатуулах, албадан гаргах ажиллагаа нь олон улсын жишигт нийцсэн, өөрийн улсын онцлогт тохирсон байдлаар хэрэгжих хууль эрх зүйн үндэслэл бий болгоход чиглэсэн заалтуудыг төсөлд тусгав. Түүнчлэн гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, тус байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгаа, гадаадын иргэн, харьяатын улсын байцаагч, түүний бүрэн эрх зэргийг тодорхой тусгасан байна. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь улсын ерөнхий байцаагчийн эрхтэй байхаар, мөн улсын ахлах байцаагч болон байцаагчийн эрхийг олгох асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэж байхаар тусгажээ. Түүнчлэн хилийн боомт, орон нутаг дахь албанд таваас доошгүй жил ажиллаж байгаа гадаадын иргэн, харьяатын газрын ажилтанд таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Н.Энхлэн
|