A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ИРГЭН Г.АЛТАН, ИРГЭН Ө.МӨНХТУЯА, ИРГЭН Д.ЛАМЖАВ НАРААС КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ, 58 ДУГААР ЗүЙЛ, 67 ДУГ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ ИРГЭН Г.АЛТАН, ИРГЭН Ө.МӨНХТУЯА, ИРГЭН Д.ЛАМЖАВ НАРААС КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ, 58 ДУГААР ЗүЙЛ, 67 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГ, 83 ДУГААР ЗҮЙЛ, 87 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, 98 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /

2002.06.26 Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим. 18 цаг 32 минут

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа /илтгэгч/, Ж.Болдбаатар, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Сугар, Р.Содхүү нарыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.

Нэг.1.Иргэн Г.Алтан, иргэн Ө.Мөнхтуяа нар Үндсэн хуулийн цэцэд 2002 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Компанийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байгаа тул энэ заалтын талаар дүгнэлт гаргуулахаар өргөдөл гаргаж байна. 1999 онд УИХ-аар хэлэлцэн батлагдсан Компанийн тухай хуулийн зарим заалт нь хувьцаат компаниудын эрх зүйн харилцааг зохицуулах чадваргүй, Үндсэн хуулинд заасан хүний эрх, ялангуяа хүний хувийн өмчийн халдашгүй эрхийг зөрчсөн, хувьцаа эзэмшигч нарын дунд маргаан үүсгэсэн, нэг хэсэг хувьцаа эзэмшигч эсрэг саналтай багц хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус өмчлөх эрхтэй холбогдсон эрх, эрх чөлөөг шууд хасаж дураар авирлах ноцтой нөхцөл байдал үүсгэж байна. Ингэснээр ХК-ны хувьцаа эзэмшигчид Үндсэн хуулинд заасан өмч, түүнтэй холбогдсон эрхээ хамгаалахаар тэмцэж заримдаа энэ нь улс орныг, хэвлэл мэдээллийг талцуулан маргалдуулж, ихээхэн сөрөг үр дагавар гарч нийгэм, улс төрийн таагүй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байна. Одоо Монгол Улсын Үнэт цаасны хороонд бүртгэлтэй 300 гаруй компанид ийм байдал бүрэлдээд байгаа бөгөөд цаашид компанийн удирдлагын төлөө тэмцэл, маргаан үүсгэх, энэ нь төр засгийн нэр хүндэд хохиролтой, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлүүд үргэлжлэн гарах, Үндсэн хууль зөрчигдсөөр байхад хүргэж байна.

АПУ ХК-ны хувьд гэхэд 51 хувийн хувьцаа эзэмшигч нөгөө 49 хувийн хувьцаа эзэмшигч болох 4000 шахам хувьцаа эзэмшигч нарын хувьцааг өмчлөх, өмчтэй холбогдсон бусад эрх, компанийн удирдлагад сонгох, сонгогдох эрхийг нь Компанийн хуулийн 58 дугаар зүйлээр шалтаглан хасаж, дураар авирлах, хууль завхруулах, өөртөө шүүхийн таслан шийдвэрлэх, хууль тайлбарлах эрхийг олгож нийгмийн бухимдал, зөрчил үүсгэж байна.

Компанийн хуулийн 58.1-д “Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөс хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй”. Мөн 58.2-д “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58.1-д заасан саналыг гаргаагүй бол уг этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгүй” гэж заасан. Мөн 58.4-т “Хэрэв хувьчлалын дүнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58.1-д заасан заалт үйлчлэхгүй” гэж тогтоосон. Энэ нь:

1) Төрөөс хувьчлагдсан багц хувьцаа эзэмшигчдэд нэг талын, илт давуу байдал олгон Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн “Монгол Улсад хууль ёсоор суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн.

2) Үнэт цаасны Хорооноос Компанийн хуулийн 58 дугаар зүйлийг хэрэгжүүлэх, хяналтын багцыг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд гэдгийг хэн тодорхойлох, мөн бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах журмыг өнөөг болтол гаргаагүй, Монголын 300 гаруй хувьцаат компанийн хяналтын багцыг эзэмшигчдийн нэг нь ч бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдан авахаар хэвлэл мэдээллээр зарлаагүй, хууль хэрэгжсэнээс хойш 2 жилийн дараа Үнэт цаасны хороо сая л анхааруулга сонинд нийтэлж байна.

3) Компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч саналын зөрчилтэй хэд хэдэн хэсэг болж бие биенийгээ үгүйсгэн “саналын эрхгүй” болгож, энэ тохиолдолд компанийн эрх барих дээд байгууллага болох хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх бүх асуудалд санал өгөх, компанийн эрх барих байгууллага болох ТУЗ, хяналтын зөвлөлд сонгох, сонгогдох, үнэт цаасаар гэрчлэгдсэн компанийн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломжгүй болгож байна. Ингэж хувьцааг “саналын эрхгүй” гэж хувь хүний өмчлөх эрхийг хэн нэг этгээд шууд дур мэдэн хассан нь сонирхогч этгээдийн хүсэлт, нэхэмжлэлээр шүүх авч хэлэлцэх Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, хэн ч хамаагүй этгээд, түүний дотор хэд хэдэн хувьцаа эзэмшигчид хуйвалдааны замаар бусад хувьцаа эзэмшигчдээ хохироон асуудлыг шийдвэрлэж болох утга санаатай хуулийн заалт байгаа нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” , мөн 47 дугаар зүйлийн 2-д “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэсэн заалт зөрчигдөхөд хүргэж байна.

4) Компанийн хувьцааны хяналтын багц хувьцааг эзэмшигч хэд, хэдэн этгээд байвал тэднийг нэгдмэл сонирхолтой этгээд мөн гэдгийг хэн, хэрхэн тооцох /нэг компанийн албан тушаалтан байтугай нэг гэр бүлийн гишүүд эсрэг тэсрэг сонирхолтой байдаг ба Үндсэн хууль, Иргэний хуулиар гэр бүлийн гишүүд хуваарьт өмчөө өөрөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй/, төрийн өмчтэй компани /төрийн болон орон нутгийн өмчийн хууль/-иар хувьчлагдах 58 дугаар зүйл үйлчлэх эсэх мөн хувьцааны “саналын эрх” хасагдах нь хэзээ, ямар нөхцөлд эргэж “сэргээгдэх” хуулийн зохицуулалт байхгүй байгаа нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан заалттай зөрчилдөж энэ нь компанийн 33.3 хувиас дээш хувьцаа эзэмшигчийн хувьцаа нь хэн нэг булхайтай этгээдийн луйвраар “хэзээ ч” саналын эрх эдлэхгүй, багц хувьцаа эзэмших утга учраа алдах, хэдэн зуун сая, тэрбумаар тоологдох өмч хөрөнгө, үнэт цаас түүнтэй холбогдон үүсэх өмчлөгчийн эрх үүрд байхгүй болохоор байна.

5) Компанийн хуулийн 97 дугаар зүйлд “нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, 18 насанд хүрээгүй хүүхэд, нэг компанийн албан тушаалтан орно” гэж зааж, 58 дугаар зүйлд зааснаар бусдын хувьцааг худалдан авах саналыг зөвхөн “зарлаагүй”-н төлөөх хариуцлагыг гэр бүлийн бүх гишүүдэд, насанд хүрээгүй хүүхэд, хамт ажилладаг гэдгээр албан тушаалтанд хүртэл тулган хүлээлгэж, өмчлөх эрх, санал өгөх, сонгох, сонгогдох эрхийг хасах нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэж заасан заалттай зөрчилдөж байна.

Компанийн хуулийн 58 дугаар зүйл нь Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, 5 дугаар зүйлийн 2-д “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасантай утга агуулгаараа зөрчилдөж, Монголын 300 орчим компанийн 33.3 хувиас дээш хувьцаа эзэмшигч олон арван хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасаар гэрчлэгдсэн хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө юу ч биш, зөвхөн Хөрөнгийн биржид бүртгэлтэй цаас болгож, хүний эрх, түүний дотор хүний өмчийн эрх ноцтой зөрчигдөж байх тул Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн дагуу энэ асуудлыг хянан шийдвэрлэж, Компанийн хуулийн 58 дугаар зүйлийг хүчингүй болгож өгнө үү. Тэгээд ч Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3-т “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуулинд нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” заалтын дагуу бүх шатны шүүх Компанийн хуулийн 58 дугаар зүйлийг баримтлан хувьцаа эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэх боломжгүй тул энэ нэхэмжлэлийг аль болох шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

2.Иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан өргөдөлдөө:

Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “… хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Монгол Улсын иргэн энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”; Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 2 дахь хэсгийн “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно”, 3 дахь хэсгийн “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Иймд энэхүү өргөдөлд дурдсан нэхэмжлэлээр Үндсэн хуулийн маргаан үүсгэж, хянаж шийдвэрлэж өгөхийг гүнээ хүсье” гэжээ.

3.Иргэн Д.Ламжав 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэмэлт тайлбартаа:

“ 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж байгаа тухай нэхэмжлэл гаргасан билээ. Энэхүү өргөдөлд дурдсан нэхэмжлэлтэй хамтатган “Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4, 67 дугаар зүйлийн 1 дэх заалт өргөдөлд иш татсан Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр 3 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна” гээд энэхүү үндэслэлээ жишээн дээр тайлбарласан бөгөөд НҮБ-аас баталсан Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын холбогдох зарим заалтаас иш татсан байна.

4. Иргэн Д.Ламжав 2002 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

“Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2; 93 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтууд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; Аравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ ...хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “… хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Монгол Улсын иргэн энэхүү үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэжээ. Мөн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний ба Улс төрийн эрхийн тухай Олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын холбогдох заалтуудыг дурджээ.

Хоёр.Иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа нарын 2002 оны 03 сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хянан үзэж:

Өргөдөл гаргагч нар нь Компанийн тухай Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн талаар өргөдөлд тодорхой зүйл дурдаагүй байна. Компаний тухай хуулийн 58 дугаар зүйлийн бусад заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж буй өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх явцад гарч буй асуудал гэж үзлээ. Өргөдөл гаргагч нар өргөдөлд дурдсан үндэслэлээ нотлох бичиг баримтад зөвхөн “АПУ” хувьцаат компаний хувь нийлүүлэгчдийн хуралтай холбогдсон материал /25 хуудас/-ыг ирүүлжээ. Иймд уг өргөдлийн дагуу үүсч буй маргааны асуудлыг шүүх шийдвэрлэхээс гадна компанийн талаархи хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлыг ч мөн зохих журмын дагуу авч үзэж болох юм. Энэ нөхцөл байдал нь уг өргөдөлд дурдсан хүсэлт Цэцийн харъяалан шийдвэрлэх маргаан биш тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 5-ын 3 дахь заалтыг үндэслэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тухай 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 9 тоот тогтоол гаргажээ.

Гурав.Иргэн Д.Ламжавын 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал хянан үзэж:

“Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн заалтууд Үндсэн хуулийг, тухайлбал иргэн Д.Ламжавын өргөдөлд дурдсан заалтуудыг зөрчиж буй эсэх асуудлаар иргэн Д.Алтан, Ө.Мөнхтуяа нарын адил агуулгатай өргөдлийг Цэцийн гишүүн Н.Чинбат хянан шийдвэрлэж 2002 оны 9 тоот тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсэхээс татгалзсан шийдвэр хүчинтэй байгаа тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 13 тоот тогтоол гаргасан байна.

Дөрөв.Иргэн Д.Алтан, Ө.Мөнхтуяа нар 2002 оны 5 дугаар сарын 2-ны өдөр, иргэн Д.Ламжав 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө:

“Бидний өргөдөлд дурдсан нэхэмжлэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Цэцийн гишүүн Н.Чинбатын 2002 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж магадлал гаргаж өгнө үү”. Д.Ламжав “Цэцэд маргаан үүсгэхээс татгалзах болсон Цэцийн гишүүн В.Удвалын 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот тогтоолын эрх зүйн үндэслэл нь Цэцийн гишүүн Н.Чинбатын 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 9 тоот тогтоол хүчин төгөлдөр байгаа явдал гэж ойлгож байна. Иймд миний 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлөөр Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар Цэцийн бага суудлын хуралдааны магадлал гаргаж өгнө үү” гэжээ.

Тав.Үндсэн хуулийн цэцийн даргын 2002 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 5 тоот хуралдааны бүрэлдэхүүн томилох тухай тогтоолоор 2002 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Цэцийн бага суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Д.Чилхаажав даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, Ч.Дашням нарын бүрэлдэхүүнтэйгээр иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа, Д.Ламжав нарын өргөдлийг хянан хэлэлцэж:

Иргэн Г.Алтан, Ө.Мөнхтуяа, Д.Ламжав нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийн дагуу Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай 3 тоот магадлал гаргасан байна.

Зургаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Содхүү, Д.Сугар нар “Хувьцаа гаргагч түүнийг худалдан авагчийн хоорондын харилцаа нь анхдагч зах зээлийн хүрээнд гарч ирж байгаа зүйл”; “Өмнөх парламентийн үед батлагдсан компанийн тухай хууль нь нийгмийн шударга ёсыг тогтооход чиглэгдсэн байх бөгөөд энэ утгаараа Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж ойлгож байна, гэхдээ уг хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсэг боловсронгуй биш байж болох юм” гэж мэтгэлцээний үеэр тайлбар хэлэв.Үүнтэй холбогдуулан “Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2001 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоол хүчинтэй үйлчилж байгааг нотлов. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Аливаа тэгш байдал нь тэгш биш байдлыг бий болгодог. Байгалиас хүн хүний чадвар өөр учир тэгш байдал олгосны дараа тэгш биш байдал бий болдог. Үүнийг нийгэм анхаарч тэгш байдлыг бий болгох хуулийн зохицуулалт хийдэг”; “Хөрөнгийн зах зээлд орж ирснээр үнэт цаасаар гэрчлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулах буюу арилжааны харилцаанд орж, өмчлөх эрх шинээр бий болж байна. Компанийн тухай хуулийг боловсруулах хэлэлцэж батлахдаа эхнээсээ цөөн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилго тавьсан юм”; “Өмчлөх эрх абсолют эрх боловч газар, орон сууц, компани зэрэг тодорхой асуудлаар олон хүн нийлж өмчлөх тохиолдолд өмчлөх эрхийг хязгаарлаж болно. Энэ хуулийн хувьд саналаа нийтэд зарлаагүйн төлөө хариуцлага болгож эрхийг нь хязгаарлаж байгаа юм. Энэ бол үүргээ биелүүлсэн бол эрх нь үүсэх болзолт факт юм. Хуулиар оноосон үүргээ биелүүлмэгц түүнийг сэргээж болно”; “Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 7; төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн заалтыг энд дурдах шаардлагатай”; “Төрийн өмчийг хувьчилж байгаа үед тусгай болзол тавихгүй байх нь зөв юм” гэсэн тайлбар хийв.

ҮНДЭСЛЭЛ:

1.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэснээс бусад заалт; 58 дугаар зүйл; 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Арван зургадугаар зүйлийн 3), 14); Арван есдүгээр зүйлийн 1; Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн дээрхи заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна. Мөн дээрхи заалтууд нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн олон улсын пактын 4 дүгээр зүйл, холбогдох бусад зүйлийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үгүй байна.

2.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт; 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2; 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохих заалтыг зөрчсөн болох нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна.

1) Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2) Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1, 2; 87 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэг хүртэлх хувийн хувьцаа эзэмшигч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; 2 дахь хэсгийн “Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн “Банкны тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцсэн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан шийдвэрээрээ Монгол Улсын иргэн ямарваа хязгаарлалтгүйгээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг нотолсон билээ.

3) Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Аливаа хууль Үндсэн хуульд харшлахгүй байх нь Үндсэн хуулийн чухал шаардлага, зарчим юм.

3.Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны мэтгэлцээний явцад иргэн Д.Ламжав Компанийн тухай хуулийн 58 дугаар зүйл Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээсээ татгалзсан тул энэ талаар дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэв.

4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зөвлөлдөх тасалгаанд болсон хуралдааны үед Цэцийн гишүүд Компанийн тухай Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйлийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй ч боловсронгуй болоогүй тухай олонтаа тэмдэглэснийг дурдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно” гэсэн заалтын “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэснээс бусад заалт; 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөсөө хойш ажлын 60 хоногийн дотор багтаан бусад хувь нийлүүлэгчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй”; 2 дахь хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргаагүй бол уг этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрх эдлэхгүй. Бусад хувь нийлүүлэгчдийн хувьцааг худалдан авах саналыг хувь нийлүүлэгчдийн хурлын зар мэдээг хүргэдэг аргаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ. Хувьцаат компанийн хувьд Үнэт цаасны хороо болон Хөрөнгийн биржид энэ мэдэгдлийг нэгэн адил хүргүүлнэ. Энэ саналд хяналтын багц хувьцааг худалдан авсан этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн овог, нэр, хаяг, тэдгээрийн эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах үнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна”; 3 дахь хэсгийн “Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацаа нь хувь нийлүүлэгчдэд саналаа явуулснаас хойш 30 ба түүнээс дээш хоног байхаар тогтооно”; 4 дэх хэсгийн “Хэрэв хувьчлалын дүнд хяналтын багцыг авсан бол энэ хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан заалт үйлчлэхгүй бөгөөд компани хувьцаагаа эргүүлэн авах асуудал нь энэ хуулийн 54, 55 дугаар зүйлд заасны дагуу зохицуулагдана”; 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Саналын эрх бүхий энгийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувь нийлүүлэгч нь ээлжит хурал хуралдахаас ажлын 45 ба түүнээс дээш хоногийн өмнө хурлаар хэлэлцэх асуудлын талаар нэмэлт санал гаргах, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3; Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Арван зургадугаар зүйлийн 3), 14); Арван есдүгээр зүйлийн 1; Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна.

2.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлаж болно” гэсэн заалтын “...хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалтыг зөрчиж байна.

3.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Компанийн энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанийн эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Компани болон түүний энгийн хувьцааны нэг ба түүнээс дээш хувийг эзэмшигч нь компани болон өөрт учирсан хохирлыг энэ хуулийн 81 дүгээр зүйлийн 6-д заасан этгээдээр нөхөн төлүүлэхээр энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн заалт; түүнчлэн 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Компанийн энгийн хувьцааны нэгээс дээш хувь эзэмшигч болон компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 87 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтуудад байгаа Компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; “Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна.

4.Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна.

5.Энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1), Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ИРГЭН Г.АЛТАН, ИРГЭН Ө.МӨНХТУЯА, ИРГЭН Д.ЛАМЖАВ НАРААС КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ, 58 ДУГААР ЗүЙЛ, 67 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГ, 83 ДУГААР ЗҮЙЛ, 87 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, 98 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /