A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ /ХОЙШИД ИХШХШ ГЭХ/ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ /ХОЙШИД ИХШХШ ГЭХ/ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /ТОГТООЛ/

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Л.Рэнчин, Ж.Болдбаатар, Д.Чилхаажав /илтгэгч/, В.Удвал, Н.Чинбат, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв.

Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор, Б.Баттулга, өргөдөл гаргагч иргэн Н.Хайдав нар оролцлоо.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн I хороонд оршин суугч, иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

"1.2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл 31.1 заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Дөчин есдүгээр зүйлийн 1,2; Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт мөн хуулийн 170 дугаар зүйл 170.3 заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйл 1, 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 заалтад тусгагдсан төрийн ашиг сонирхол гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудын ашиг сонирхол хөндөгдсөн байж болох ойлголт хамрагдах бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны талаарх асуудал хөндөгдөж байгаа нь тэдгээрт ажилладаг ажилтан, албан тушаалтан /иргэд/ нарын үйл ажиллагаанаас үүдэлтэй байх нь тодорхой. Тийм нөхцөлд тухайн ажилтан, албан тушаалтан шүүхийн өмнө бусад иргэний адил эрхтэй байхыг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийн заалтаар баталгаажсан бөгөөд үүнд хөндлөнгийн оролцоо байж болохгүйг Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтаар хориглосон болно.

Төрийн байгууллагын /хэн нэгэн албан тушаалтны/ хүсэлтээр тэдгээрийг төлөөлөн прокурорын байгууллага хөндлөнгөөс оролцох нь прокурорын хяналтыг үгүйсгэж албан тушаалтны төлөөлөгч болж Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.3 заалтаар иргэний цаашид гомдол гаргах эрхийг хязгаарласан нь шүүх, шүүгчийн гаргаж болох /хуулийг буруу хэрэглэсэн, бусдын нөлөөнд автсан гэх мэт/ алдаатай шийдвэрийг хянах боломжийг хааж иргэдийг хохироох, чирэгдүүлэх нөхцлийг бий болгож байна. Ийнхүү хүний эрхийг хязгаарлаж буй нь шүүхийн анхан шатанд иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, итгэл үнэмшилтэй байх, цаашид төрийн байгууллага /шүүх/, албан тушаалтанд хандах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14; Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1, 170 дугаар зүйл 170.3 заалтуудыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Иргэн Н.Хайдав уг өргөдлийнхөө дагуу Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тодотгол, тайлбартаа:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /ИХШХШ/ Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл 31.1 "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасныг Прокурорын байгууллагын тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйл 16.1 "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэнэ". 16.2 "Прокурор энэ хуулийн 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ". 16.6 "Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах эрхгүй" хэмээн зааж баталгаажуулсан байна.

Миний бие Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөх улс нийгмийн /төрийн/ өмч хөрөнгөнд багагүй хохирол учрах зэргээр хууль зөрчигдөх нь төрийн ашиг сонирхол хохирох гэсэн ойлголтод хамрагдана гэж үзэж байгаа бөгөөд прокурорын байгууллага, прокурор аль нэг байгууллага албан тушаалтны хүсэлтээр тэдгээрийг төлөөлөн өмгөөлөн хамгаалах үүрэгтэйгээр бус харин иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх, улс нийгэмд учирсан хохирлыг арилгуулах гэх мэт хуулийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчээр оролцож болохыг үгүйсгэхгүй байгаа болно.

Дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлэн прокурор төрийн байгууллагын /албан тушаалтан/ хүсэлтээр тухайн байгууллагыг төлөөлөн өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэн оролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйл 36.5.3 "Өөрөө иргэнийхээ хувьд түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар буюу ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд ...прокурор ..." оролцож болохгүй гэсэн заалттай зөрчилдөж байгаагийн зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар төлөөлүүлэх, өмгөөлөн хамгаалуулах давуу эрхийг төрийн байгууллага /албан тушаалтан/-д олгож байгаа нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйл 1.2 "хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхахгүй байх", Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 "төр, ...бусад байгууллагын албан тушаалтан иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.

Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий хууль хяналтын байгууллага мөний хувьд иргэний хэрэгт маргалдагч талуудын нэгний нь /төрийн байгууллага, албан тушаалтны/ эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчийн бүрэн эрхтэйгээр оролцуулахаар хуульд заасан нь прокурорын зүгээс хяналтын үүргээ биелүүлэх боломжгүй болж Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна.

Дээрх байдлаас дүгнэн үзээд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2; Дөчин есдүгээр зүйлийн 2; Тавьдугаар зүйлийн 1 дэх заалтуудыг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1 прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1, 16.2, 16.6 заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.1 "шүүхэд харьяалагдахгүй", 65.1.6 "...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан..." гэсэн заалтууд нь мөн хуулийн 10 дугаар зүйл 10.6 "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй", 65.1.3 "шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал" гэсэн заалтуудтай давхардан зөрчилдөж эдгээрээс өөр шүүхэд үл хамааран, шүүхээс өөр байгууллагаар шийдвэрлүүлж болох хэрэг маргаан байж болох мэт ойлголтыг агуулж байгаа болон анхан шатны шүүхээс нэхэмжлэл, гомдлыг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан гэж үзэж хянуулан засуулах хүсэлтэй байгаа нэхэмжлэгч гомдол гаргагчийн эрхийг хязгаарлан байгууллага, иргэдийг чирэгдүүлэн хохироож, хэрэг маргаан шийдэгдэхгүй байж болохоор байгаа юм.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1 заалт, 65.1.6-ийн "...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан..." гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсгийн "Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй", 14 дэх хэсгийн "...шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах... эрхтэй", Арван есдүгээр зүйлийн 1 "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна", Дөчин долдугаар зүйл 1 "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна гэж үзэж ИХШХШ тухай хуулийн 65.1. заалт, 65.1.6 "...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан...", 170.3 заалтаас 65.1.1-ийг тус тус хасч хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаа болно" гэжээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Баттулга нар Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх үед Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.1, 16.2, 16.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /ИХШХШТХ/-ийн 31.1-д заасан заалт нь төрийн аль нэг байгууллагад хууль хяналтын байгууллагаар төлөөлүүлэх, өмгөөлөн хамгаалуулах давуу эрхийг олгож байна, шүүн таслах ажиллагаанд прокурор хөндлөнгөөс оролцож болно гэсний хувьд:

-Прокурор Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд заасан шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ хэрэгжүүлж шүүх хуралд зөвхөн төрийн байгууллагын хүсэлтээр зохигч буюу тэдний төлөөлөгчөөр л, өмгөөлөгчийн эрхтэй оролцох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль нэг зохигч нөгөөхөөсөө олон хүн оролцуулснаар давуу тал эдлэхгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэдэн ч өмгөөлөгч оролцож болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, ЭБШХ-ийн 39.3-д тодорхой заасан юм. Прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцсоноор ямар нэг давуу эрх эдлэх биш зөвхөн өмгөөлөгчийн эрхийг л эдэлнэ. Үүнийг Улсын дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолд тодорхой тайлбарласан. Эдгээр нь харин ч Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн заалтыг хангаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ", 26.4-д "зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаан зохигчдын чөлөөтэй мэтгэлцэх зарчим"-аар явагдаж, зохигчид тэгш эрх эдлэх нөхцөл бололцоогоор хангагдаж байна. Прокурор аль нэг талыг төлөөлснөөр шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг биш. Ингэж оролцсоноороо шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ л хэрэгжүүлж байгаа.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1-д заасан прокурорын оролцооны тухай заалт нь 36.5.3-д заасан хязгаарлалттай зөрчилдөж байгаа гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэх асуудал биш, Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу хянан шийдвэрлэх зүйл тул өргөдөл гаргагч Улсын Их Хуралд хандах нь зүйтэй юм.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1, 65.1.6-д заасан заалтууд нь 10.6, 65.1.3-д заасан заалтуудтай давхардан зөрчилдөж, шүүхээс өөр байгууллагаар шийдвэрлүүлж болох хэрэг маргаан байж болох ойлголтыг агуулж байна гэсний хувьд:

-Энэ хуулийн 3.2-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно гэж заасан нь Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн хууль болон Төрийн албаны тухай хуулинд заасан журмууд нэгэнт хэрэгжиж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.3-д заасан заалт нь нэхэмжлэлийг хүлээн авахаас хууль бусаар татгалзаж түүнийг нь давж заалдах боломжгүй болгож хэрэг шийдвэрлэгдэхгүй гэсний хувьд:

-Тухайн асуудал шүүхэд харьяалагдахгүй тохиолдолд түүнийг давж заалдах шаардлага гарахгүй, тэгээд ч хуулийн 65.2-д заасны дагуу шүүгч захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, шүүх хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгснөөр хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсэхгүй.

Төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасныг төр энэ үүргээ зөвхөн шүүхээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж өрөөсгөл ойлгож болохгүй юм. Маргааныг гагцхүү шүүх л шийдвэрлэнэ гэж ойлгох нь Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж зааснаас өөр ойлголт юм. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтаас ч энэ нь тодорхой харагдаж байна.

Дээрх байдлуудыг харгалзан үзэж Н.Хайдавын өргөдлийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү тайлбарыг хүргүүлж байна" гэжээ.

Энэ маргааныг 2003 оны 4 дүгээр сарын 30-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцээд:

"1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан "энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3; 65.1.6-65.1.10 дахь ...зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан "Монгол Улсын иргэн... шударга шүүхээр шүүлгэх, ...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй" гэсэн заалтыг зөрчсөн байна.

2.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан "...Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан "Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн заалтыг зөрчсөн байна.

3.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16-ийн 6-д заасан: "Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах эрхгүй" гэсэн заалт нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасан "Шүүхэд харъяалагдахгүй", 65 дугаар зүйлийн 1-ийн 6-д заасан "...эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан..." гэсэн заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан "Энэ хуулийн ...74, 75, 76 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 5; 129; 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д заасан "прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэсэн заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

7.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан: "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно..." гэсэн заалт; мөн зүйлийн 2-д заасан "Прокурор энэ хуулийн 16-ийн 1-д заасан ажиллагаанд оролцохдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна" гэсэн дүгнэлт гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлтийг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хурал авч хэлэлцээд гаргасан тогтоолдоо:

"1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д заасан "энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.1; 65.1.3; 65.1.6-65.1.10 дахь …зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй" гэсэн заалт, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан "…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2-д заасан "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн …34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан "Монгол Улсын иргэн …шударга шүүхээр шүүлгэх, …шүүхийн шийдвэрийг давж заалдах …эрхтэй" гэсэн заалт, Тавин зургадугаар зүйлийн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 1 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-д заасан "шүүхэд харъяалагдахгүй", 65.1.6-д заасан "…эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан…", 170.3-д заасан "энэ хуулийн …74, 75, 76 дугаар зүйл, 106.5, 129, 130 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргахгүй", 31.1-д заасан "прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэсэн заалтууд, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16.6-д заасан "Төрийн байгууллага хүсэлт гаргасан бол иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос прокурор татгалзах ёсгүй", 16.1-д заасан "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно…" гэсэн заалт, мөн зүйлийн 2-д заасан "Прокурор энэ 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 1 дүгээр дүгнэлтийн холбогдох заалтыг хүлээн зөвшөөрсүгэй" гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор хэлэхдээ:

"1.Иргэний эрх зүйн маргаан л шүүхэд харъяалагдах ёстой. Иргэний эрх зүйн маргаан биш л бол шүүхэд харъяалагдахгүй. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэдэг нь иргэний байцаан шийтгэхийн процессын өвөрмөц үйл ажиллагаа болохоос иргэдийг шүүхийн хаалгаар дахин оруулахгүй гэсэн үг биш.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь хэсгийн заалт нь давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах эрхийг нь хязгаарлаагүй болно" гэжээ.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр иргэн Н.Хайдав хэлэхдээ "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1-ийн 6 дахь хэсгийн заалтаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар дээд шатны шүүхэд гомдол гаргах иргэний эрх хаагдаж байгаа юм" гэжээ.

Маргааныг хянан хэлэлцээд гаргасан тогтоолын үндэслэл:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3-д шүүхээс нэхэмжлэлийг хянах явцад гаргасан зарим тогтоол, захирамжийг давж заалдах гомдол гаргаж болохгүйгээр хуульчлан заажээ. Тухайлбал, Арбитрт харъяалагдах хэрэг байна гэж буцаах /20.2/; нотолгооны ач холбогдолгүй хамааралгүй, эсвэл нууцад хамаарагдах зүйл гэж баримт сэлтийг нотлох баримтаас хасах, шаардан авахаас татгалзах /38.9/; шүүх болон тухайн шүүхэд харъяалагдахгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.1, 65.1.2/; шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.3/; тухайн асуудлын талаар урьд нь шүүх арбитрын шийдвэр гарсан гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.6/; маргаж байгаа зүйлийн талаархи хэргийг өөр шүүхэд шийдвэрлэж байгаа, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа, хариуцагчийн хаяг тодорхойгүй, хариуцагч иргэн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах /65.1.7, 65.1.8, 65.1.9, 65.1.10/ зэрэг асуудлаар гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг давж заалдахгүй гэж хуульчилсан нь шүүх, шүүгч эдгээр асуудлаар алдах ёсгүй, цаашид дахин ярих шаардлагагүй гэсэн утга агуулгатай болжээ. Гэтэл алдаагүй, ямагт зөв шийддэг асуудал гэж байдаггүй.

Нөгөө талаар шүүхийн ямар ч шийдвэрийг зохигчид хэрэв хүсвэл давж заалдах, дахин хянуулах зарчим зохигчдын хувьд үргэлж нээлттэй байх учиртай. Энэ нь шударга шүүхийн үйл ажиллагааны гол нөхцөл юм. Чухамхүү давж заалдах зарчим чөлөөтэй хэрэгжсэнээр шүүхийн шийдвэрийн үнэн зөв байх нөхцөл бүрэлдэнэ. Энэ ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд иргэд асуудлаа "шударга шүүхээр шүүлгэх", "шүүхийн шийдвэрийг давж заалдах" гэсэн ойлголтуудыг иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөний томоохон үзүүлэлт болгож оруулсан гэж үзэж болно.

2.Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д прокурор иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо "Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ" гэж заасан нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлд прокурорын үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тоочиж тодорхойлсон. Тухайлбал энд зааснаар прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох л үндсэн эрх үүрэгтэй гэж ойлгож болно. Тэгэхлээр "Өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ" гэсэн нь Үндсэн хуульд томъёолсон прокурорын эрхийг хэт өргөжүүлэн үндэслэл муутай тайлбарлаж хуульчилсан байна. Прокурор шүүх хуралд оролцохдоо прокурорынхоо л эрх үүргийг оролцогчийн хувьд эдлэхээс биш /оролцогчийн эрх үүрэг буюу ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэх гэдэг нь нээлттэй бөгөөд энэ тухай прокурорын байгууллагын тухай хуулинд ч заачихсан байгаа/ аль нэг өөр оролцогчийн, тухайлбал өмгөөлөгчийн бүрэн эрх эдлэх нь зохимжгүй юм. Учир нь ИХШХШ тухай хуулийн 25 дугаар зүйлд хуралд оролцсон прокурорт хэрэгтэй байж болох бүх эрх, үүрэг хуульчлагджээ. Мөн Прокурорын байгууллагын тухай хуулийг тайлбарласан Дээд шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны 2 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 3-д "Өмгөөллийн тухай хуулийн 16.3 дугаар зүйлд прокурор ажлаасаа өөрчлөгдсөнөөс хойш 3 жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон тул прокуророор ажиллаж байх үедээ Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийн бүрэн эрхийг эдлэхгүй" гэж заасныг энд анхаарч үзэх нь зүйтэй байна.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "…энэ хуулийн 20.2; 38.9; 65.1.3; 65.1.6; 65.1.10 дахь …зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй" гэсэн заалт, мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ" гэсэн заалтын "…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ" гэсэн хэсэг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Прокурор энэ хуулийн 16.1-д заасан ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 34 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалтын "…34 дүгээр" гэсэн хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн "Монгол Улсын иргэн …шударга шүүхээр шүүлгэх …шүүхийн шийдвэрийг давж заалдах …эрхтэй", Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул хүчингүй болгосугай.

2.Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 1 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгосугай.

3.Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Л.РЭНЧИН

Ж.БОЛДБААТАР

Д.ЧИЛХААЖАВ

Ч.ДАШНЯМ

В.УДВАЛ

Н.ЧИНБАТ

Ц.САРАНТУЯА