Хэвлэх DOC Татаж авах
Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн  эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

 

2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                                                         Улаанбаатар хот

 

 

Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 

эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.30  цаг

           Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Наранчимэг, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

           Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан оролцов.

 

Хуралдаанаар Арбитрын тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Байнгын арбитр энэ хуулийн 15.5-15.7, 17.4, 18.2, 20.6-д шүүх шийдвэрлэхээр заасан маргааныг өөр этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн гаргасан шийдвэр эцсийн байна.”, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 18.1-д заасан асуудлаар үүссэн маргааныг давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээд шийдвэрлэх ба тухайн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

            “Улсын Их Хурлаас 2003 оны 5 дугаар сарын 9-ний өдөр баталсан  Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Байнгын арбитр энэ хуулийн 15.5-15.7, 17.4, 18.2, 20.6-д шүүх шийдвэрлэхээр заасан маргааныг өөр этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн гаргасан шийдвэр эцсийн байна.”, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж хуульчилсан.

 

            Дээрх заалтууд нь нэг талаас гэрээний талуудын хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой тодорхой төрлийн маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр хэлэлцэн тохиролцсон маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх бүхий субъект, түүний эрх мэдлийг тодорхойлж, эрх олгосон диспозиц байхаас гадна нөгөө талаас маргаанд оролцогч субъектүүдэд Үндсэн хууль болон процессын хуулиар олгосон эрхээ хамгаалах боломжийг хязгаарлаж, дээд шатны шүүхэд /Улсын дээд шүүх/ хандах эрхийг хориглосон диспозиц байна. Үндсэн хуулиар Улсын дээд шүүхэд олгосон давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхэд нь халдсан гэж үзэж болохоор байна.

 

            Арбитрын тухай хуулийн Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргуулахыг зорьж байгаа заалтын хувьд дараах тайлбарыг хийж байна.

 

            Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчиж, иргэний эрхийн байдлыг алдагдуулж байна.

 

            Арбитрч үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэх боломжгүй болох юм бол Арбитрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Арбитрч алив бодит шалтгааны улмаас үүргээ биелүүлээгүй буюу биелүүлэх боломжгүй болсон, эсхүл арбитрч байхаас өөрөө санаачилгаараа татгалзаж, талууд үүнийг нь зөвшөөрсөн бол уг арбитрчийн тухайн маргаанаар ажиллагаа явуулахтай холбоотой эрх, үүрэг дуусгавар болно.” гэж зохицуулсан боловч тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 18.1-д заасан асуудлаар үүссэн маргааныг давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээд шийдвэрлэх ба тухайн шийдвэр эцсийн байна.” хэмээн арбитрчийн  үүргээ биелүүлээгүй талаарх маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах боломжгүйгээр эцэслэгдэн шийдвэрлэгдэхээр хуульчилсан байна.

           

            Маргааны харьяалал тогтоох эрхийн талаар Арбитрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 20.3, 20.4-т заасан гомдлын талаар урьдчилан шийдвэр гаргах, эсхүл энэ тухай үндсэн шийдвэртээ тусгана.” гэж заасан боловч тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах боломжгүйгээр маргаан эцэслэн шийдвэрлэгдэхэд хүргэж байна.

 

            Иргэний эрхийн хамгаалалтын механизмыг бүрдүүлэх үндсийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, ... зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...” гэж хуульчилж өгсөн. Энэхүү эрхүүд хэрэгжих эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь төрийн үүрэг гэдгийг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” хэмээн баталгаажуулсан. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэсэн бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд олгосноор “эрх зүйт төр”-ийн механизмыг бүрдүүлж, Үндсэн хууль дахь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг бодитоор нь хамгаалах баталгааг бүрдүүлж өгсөн байна. Гэвч талуудаас арбитрын зарим маргаанаар, тухайлбал, арбитрчийг томилох, маргааны харьяалал тогтоох гэх мэт асуудлаар давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрт талууд /иргэн/ хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хязгаарлаж хуульчилсан нь Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хязгаарласан байна.

 

Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд тус хэсгийн 2/ дахь заалтад “ давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж зохицуулсан нь Монгол Улс шүүхийн нэгдмэл тогтолцоотой болохыг харуулах бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байна.

 

            Иймд Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.8, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж өгнө үү” гэжээ.

 

Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

“Монгол Улсад иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой асуудал, улмаар тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилтыг шүүхийн аргаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу, түүнчлэн шүүхийн бус аргаар буюу арбитрын ажиллагаагаар хэрэгжүүлж байна.

 

Үүний эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.” гэсэн зохицуулалт юм.

 

Монгол Улсын Арбитрын тухай хууль нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрхийн комисс /ЮНСИТРАЛ/-ын 1985 онд гаргасан Олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуультай нийцэж байгаа болно.

 

Тухайлбал, дээр дурдсан загвар хуулийн 11 дүгээр зүйлд арбитр болон арбитрчдыг томилох журмаа өөрсдөө тохиролцон тогтоож болохоор заасан. Хэрэв ийнхүү тохиролцож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрыг шүүх, эсхүл энэ загвар хуулийн 6 дугаар зүйлд заасан бусад байгууллагаас томилж байхаар тогтоожээ. Улмаар энэ загвар хуулийн холбогдох зүйлд шүүх болон холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрт давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилсан билээ.  

 

Иймд Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2,  15 дугаар зүйлийн 15.8, 18 дугаар зүйлийн 18.2, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн заалт тус тус Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байх дараах үндэслэлтэй гэж үзэж байна.

 

Нэгдүгээрт, талууд маргаантай асуудлаа хөндлөнгийн этгээдээр шийдвэрлүүлж байгаа явдал нь өөрөө шүүхийн бус арбитрын ажиллагаа мөн бөгөөд олон улсын арилжааны арбитрын ажиллагааны процедурыг нэг мөр болгож байгаа ЮНСИТРАЛ-ын систем болно.

 

Хоёрдугаарт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын ­Ерөнхий Ассамблей 2006 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 61/33 дугаар шийдвэртээ олон улсын худалдаа, олон улсын арилжааны арбитрын эрх зүйн хүрээнд батлагдсан Олон улсын арилжааны арбитрын загвар хууль нь дэлхийн улсууд дотоодын хууль тогтоомжоо боловсронгуй болгох, төгөлдөршүүлэхэд найдвартай үндэс суурь болж байгаа талаар дурдаад ийнхүү загвар хуулийн үзэл санааг үндэснийхээ хууль тогтоомжид тусгахыг зөвлөмж болгов.

 

Иймд Монгол Улсын Арбитрын тухай хуулийн дээр дурдсан заалтууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон улсын худалдааны эрхийн комисс /ЮНСИТРАЛ/-ын 1985 онд гаргасан Олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуулийн заалт болон дэлхий нийтийн жишигт бүрнээ нийцэж байна.

 

Гуравдугаарт, арбитрын ажиллагаанд шүүхээс оролцох оролцоо хязгаарлагдмал бөгөөд зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар оролцож байна. Өөрөөр хэлбэл, арбитрын зарим ажиллагаатай холбогдуулан гаргасан арбитрын шийдвэрийн агуулгыг хянахгүйгээр, тухайлбал, маргааны харьяалал тогтоох, нотлох баримт бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг цөөн тооны ажиллагааг нь баталгаажуулах асуудлыг ойлгоно.

 

Дөрөвдүгээрт, Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэхээр хуульчилсан билээ.

 

Улмаар хяналтын шатны шүүх болох Улсын дээд шүүх нь зөвхөн давж заалдах шатны шүүхийн иргэн, эрүү, захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдол, Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр хянан шийдвэрлэхээр тогтоосон юм.

 

Харин хяналтын шатны шүүхээр арбитрын ажиллагаатай холбогдсон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хянагдахгүй болно.” гэжээ. 

 

Гурав. Мэдээллийн шаардлагатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Улсын дээд шүүхээс тайлбар, мэдээлэл, баримтыг гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааныг шүүхийн болон шүүхийн бус аргаар шийдвэрлэж болох ба арбитраар маргаан шийдвэрлүүлэх ажиллагаа нь талууд сайн дураараа, хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож, өөрсдийн сонгосон хөндлөнгийн этгээдээр маргаанаа шийдвэрлүүлдэг шүүхийн бус арга юм.

 

Арбитрын тухай хуульд зааснаар арбитрч томилох, маргааны харьяалал тогтоох зэрэг асуудлаар аль нэг талын гомдлоор давж заалдах шатны шүүх арбитрын ажиллагаанд оролцож байгаа нь олон улсын нийтлэг жишиг бөгөөд үүнийг шүүхийн журмаар маргааныг шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг гэж үздэггүй.

 

2. Хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Байнгын арбитр энэ хуулийн 15.5-15.7, 17.4, 18.2, 20.6-д шүүх шийдвэрлэхээр заасан маргааныг өөр этгээдээр шийдвэрлүүлэхээр дүрэмдээ зааж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн гаргасан шийдвэр эцсийн байна.”, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 18.1-д заасан асуудлаар үүссэн маргааныг давж заалдах шатны шүүх болон байнгын арбитрын дүрэмд заасан эрх бүхий этгээд шийдвэрлэх ба тухайн шийдвэр эцсийн байна.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

3. Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

   Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/ дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1. Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

            2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                    Н.ЖАНЦАН

                                      ГИШҮҮД                                     Т.ЛХАГВАА

                                                                                           Ш.ЦОГТОО                      

                                                                                                           Д.НАРАНЧИМЭГ

                                                                                                           Д.СОЛОНГО