Хэвлэх DOC Татаж авах
“АДУУЧИН-2014” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

“АДУУЧИН-2014” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр                                    Дугаар 246                      Булган аймгийн Хутаг-Өндөр сум

“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Адуучин-2014” тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсугай.

2. Тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.

3. 2015 оноос “Адуучин” тэмцээнийг Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

4. Аялал, жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх, мэдээллийн бааз бүрдүүлэх, үндэсний баяр наадмаар дотоодын болон гадаадын аялагч, жуулчдыг орон нутагт татах зорилгоор аймаг сум, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах Үндэсний их баяр наадмын товыг өмнөх оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө тодорхой болгож Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд жил бүр мэдээлж байхыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал

жуулчлалын сайд                                                             Ц.ОЮУНГЭРЭЛ