A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ 24 ДҮГЭЭР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

1998 оны 05 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХИЛИЙН ЦЭСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ 24 ДҮГЭЭР ТОГТООЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ /Дүгнэлт/

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Төрийн ордны 480 тоот өрөөнд үйлдэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбажав даргалж, гишүүдэд Л.Баасан /илтгэгч/, Ж.Бямбаа, С.Жанцан, Ч.Энхбаатар нарыг, нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг тус тус оролцуулан хийв.

Цэцийн хуралдаанд гомдол гаргагч иргэн Л.Ганбат, Б.Дондогмаа, Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Р.Бадамдамдин, М.Зэнээ нар оролцов.

Нэг.Төв аймгийн Архуст сумын Засаг дарга, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай Гунгаадашийн Шагшаа, Дугарсүрэнгийн Шарав нараас Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Манай сум 1955 онд Архустайн сангийн аж ахуй нэрээр анх байгуулагдаж, 1969 онд Архустайн тэжээлийн аж ахуй, 1976 онд хороо, 1981 оноос Төв аймгийн Архуст сум гэх мэтээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон үүсч хөгжиж ирсэн бөгөөд сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн /тэр үеийн нэрээр/ 1982 оны 131 дүгээр зарлигаар тогтоосон юм. Тус сум 547 өрх, 2947 хүн, 49080 толгой малтай, газар тариалан эрхлэх 2 компанитай, өндөр хүчдэлд холбогдсон төмөр замын сүлжээтэй, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сум болно.

Гэтэл Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоохдоо тус сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоосон Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг хүчингүй болгожээ.

Ингэснээр Архуст сум нутаг дэвсгэргүй болж, манай зэргэлдээх Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан сумд урьд өмнө нь манай суманд шилжүүслэн нутгаа буцааж авна гэсэн хандлага үүсгэж, малчид, иргэд хооронд хэрүүл маргаан үүсч ноцтой байдал бий болоод байна.

Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолын 3 дугаар заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3-т заасан "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ" гэсэн заалтыг; мөн хуулийн 58 дугаар зүйлийн 18 2-т заасан "Аймаг, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална" гэсэн заалтуудыг; мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын туха йхуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, манай сумын нутаг дэвсгэрийг 1982 онд тогтоосон хуучин байдлаар нь үлдээж өгөхийг хүсье" гэжээ.

Хоёр.Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга ажилтай, иргэн Л.Ганбат, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдпийн дарга ажилтай, иргэн Б.Дондогмаа нараас Үндсэн хуулийн Цэцэд хандаж ирүүлсэн өргөдөлдөө: "Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоохдоо Эрдэнэ сумын 1, 2 дугаар багийн нутаг Туул,Тэрэлжийн гол, Элстэй, Горхины амны сав газрын 49,5 мянган га газрыг шилжүүлж, уг шийдвэрийг хэрэгжүүлж байгаа юм. Улсын Их Хурлын дээрх шийдвэр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн хоорондын хилийн цэсийг тогтоох, өөрчлөлт оруулахтай холбогдсон Монгол Улсын Газрын туха йхуулийн 21, 25 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалтын журмын 9, 20, 21 дүгээр зүйлүүдийн заалтуудгы тус тус зөрчсөн байна.

Засгийн газар дээрх шийдвэрийг гаргуулахдаа зохих мэргэжлийн байгууллагын санал болон тогтоолынхоо дагуу ажлын хэсэг гарган зохих материал бүрдүүлэхгүйгээр дангаараа санал боловсруулан асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэхүү шийдвэр нь:

1.Тус сумын 2 багийн 74 өрхийн 225 иргэн, 85 өвөлжөө, хаваржаа болон суурин хашаа, байшин 6000 гаруй мал хамрагдаж буй газрыг нийслэлд шилжүүлснээрээ нутгийн иргэдийг олон зуун жилийн туршид амьдарч ирсэн нутгаас нь салгаж, ахуй амьдралд нь муугаар нөлөөлж байна.

2.Сумын төсвийн орлогын 70 хувийг оруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, амралт, аялал жуулчлалын 10 гаруй аж ахуйн нэгж цаашид бие дааж ажиллах боломжгүй болох ба ингэснээр тус сум эдийн засгийн хувьд биеэ даан оршин тогтнох боломжоо алдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дүгээрт заасан "Сум..бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн" гэсэн заалт зөрчигдөж байна.

3.Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар зүйлд буй "засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийнбүтэц, хүн амын байршлыг х аргалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ" гэсэн заалтыг зөрчиж манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн иргэдийн саналыг авахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн юм.

Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын 1 дэх заалт нь тус сумын хоёр багийн иргэдийг нутаггүй болгож, Улаанбаатар хотын иргэд, нутгийн уугуул иргэдийн хооронд нутгийн маргаан үүсгэж, уугуул иргэдийн санаа сэтгэгдлийг алдагдуулж байгааг харгалзан үзэж, Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

Гурав.1.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Р.Бадамдамдин нараас иргэн Д.Шарав, Г.Шагшаа нарын өргөдөлтэй холбогдуулан бичгээр ирүүлсэн тайлбартаа: "Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газар санаачлан Улсын Их Хуралд оруулсан. …Нийслэлд хэт төвлөрөл бий болж, нутаг дэвсгэрийн хүрэлцээ муудсанаас хотод оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажил улам бэрхшээлтэй болсон, Төв аймгийн нутагт нийслэлийн харьяалалд багтах захиргааны нэгжүүд бий болж, Үндсэн хууль зөрчигдөж байсан болон бусад шаардлагын дагуу дээрх тогтоолын төсөл боловсрогдсон ба Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны хуралдаанаар хэлэлцэгдэж, 79.6 хувийн саналаар батлагдсан. Уг тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ тогтоолоор газар нутгийн хилийн цэсийг тогтоосон болохоос биш нэгэнт тогтсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй байна. Улсын Их Хурал нь нийслэл, түүний дүүргүүдийн хилийн цэсийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэсэн гэж үзэж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг баталсантай холбогдуулан Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Эрдэнэ, Сэргэлэн, Баяндэлгэр, Баян, Баянчандмань сумдын хилийн цэсийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. Харин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийг хүчингүй болгосон нь нийслэлийн хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотой. Архуст, Баянжаргалангийн хилийн цэст өөрчлөлт ороогүй. Үүнийг Засгийн газраас дээрх сумдын хилийн цэсийг оруулж ирэхдээ хамтад нь оруулж ирэх боломжтой байна" гэжээ.

2.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Р.Бадамдамдин нараас Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Б.Дондогмаа, Л.Ганбат нарын гомдолтой холбогдуулж бичгээр ирүүлсэн тайлбартаа: "Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэн дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1/Улсын Их Хурлын энэхүү тогтоол нь газар нутгийн хилийн цэсийг тогтоосон болохоос биш нэгэнт тогтсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сум, нийслэлийн Налайх дүүрэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд өөрчлөлт ороогүй.

Улсын Их Хурал нийслэл түүний дүүргүүдийн хилийн цэсийн төслийг батлахдаа Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг үндэслэсэн гэж үзэж байна.

2/Улсын Их Хурлын энэ тогтоол нь Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дүгээр заалтанд буй "Аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн" гэсэн хэм хэмжээг зөрчөөгүй. Эрдэнэ сум нь 1996 онд энэ тогтоол гарсны дараа 3.5 мянган хүн амтай, 57.0 мянган толгой малтай, 865.0 мянган га газар нутагтай, үүнээс 433.0 мянган га нь ХАА-н зориулалтын газартай байв. Эрдэнэ сумаас нийслэлд 48.9 мянган га газар шилжүүлсэний 30.8 мянган га нь бэлчээрийн эдэлбэр, 12.0 мянган га нь тариалангийн эдэлбэр газар бөгөөд Улсын Их Хурлын баталсан дээрх нутагт одоо Налайх дүүргийн 22.0 мянган хүн, 54.0 мянган мал, нийслэлийн 49 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 20.0 гаруй толгой мал, Тэрэлж амралт, Жуулчдыг үйлчлэх газар, Болор зуслан, Чингисийн өртөө, Нарлаг, Жавхлант зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд байдаг юм. Энэ нутагт 1996 оны байдлаар 300 гаруй өрх хаваржиж байсан бөгөөд үүнээс 270 гаруй нь Налайх дүүргийн, 30 гаруй нь Эрдэнэ сумын харьяат айл байна. Мөн энэ нутаг дэвсгэрт 106 өвөлжөө, хаваржаа байгаагаас 20 гаруй нь Эрдэнэ сумынх, бусад нь Налайх дүүрэг, Улаанбаатар хотын иргэдийнх юм.

Шилжүүлэхээр шийдвэрлэсэн нутгийн хилийн цэсийн гадна талд Эрдэнэ сумын нутагт Налайх дүүргийн Шохойн хоёр уурхай, Ар Жанчивлан болон тэр орчмын 226 өрхийн 724 хүн, 59 өвөлжөө, хаваржаа, 11.2 мянган толгой мал үлджээ" гэжээ.

Дөрөв.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зэнээгээс бичгээр ирүүлсэн тайлбартаа: "1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн;

2.Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолын 3 дугаар заалтад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 6 дугаар сарын 1-ний 131 дүгээр тогтооолыг хүчингүй болгосон нь нэгд "зарлигийг" гэснийг тогтоол гэж алдсан; хоёрт бүхэл бүтэн Архуст сумыг хууль бусаар татан буулгасан буруу шийдвэр болсон;

3.Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь заалт болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон ард олноос ямар ч санал аваагүй ганц тал болох нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр Засгийн газар Улсын Их Хуралд оруулж, туйлшруулан шийдсэн буруу тогтоол болсон;

4.Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол нь газар зохион байгуулалтын журам зөрчиж хилийн цэс тогтоох комисс Засгийн газраас томилж ажиллуулаагүй, газар зохион байгуулалтын асуудлыг Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий байгууллагаас эрх олгосон байгууллагаар дамжуулан хэрэгжүүлээгүй зэргээр Монгол Улсын Газрын тухай хууль, Засгийн газраас баталсан газар,зохион байгуулалтын журмыг зөрчсөн. Иймд Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө гэдэгт гүнээ итгэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгааг анхааралдаа авах болов уу" гэжээ.

Тав.Гомдол гаргагч иргэн Д.Шарав, Г.Шагшаа нараас 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр ирүүлсэн тодорхойлолтондоо: "Сумынхаа нутаг дэвсгэрийн тухай танайд хандаж гаргасан өргөдөлд дурьдсан асуудлыг Улсын Их Хурлын энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг өөрчлөн найруулж, манай сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өмнө байсан хэвээр нь байлгахаар /Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигийн холбогдох заалтыг сэргээн/ тогтоол гаргаж байгаа учир бид гаргасан өргөдлөө шийдвэрлэгдлээ гэж үзэж байна гэжээ.

Зургаа. Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолд "Нийслэлийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 3 дахь заалтын "131 дүгээр зарлигийг" гэснийг "131 дүгээр зарлигийн 1 дүгээр хавсралтыг" гэж өөрчилсүгэй" гэжээ.

Долоо. Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож иргэн Л.Ганбат тайлбарлахдаа: "1.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцангийн бичгээр гаргасан тайлбарт тоо баримтыг буруу дурьдсаныг Үндсэн хуулийн Цэц анхаарах байхаа гэдэгт итгэнэ.

2.Нийслэлд манай сумын орлогын эх үүсвэр болох газар нутгийг шилжүүлснээс тус сум төсвийн орлогын 70 хувиа алдаж, оршин тогтнох нөхцөлөө алдаад байна. Ингэснээр хууль зөрчигдөхөд хүрээд байна.

3.Бид нийслэлд газар өгөхгүй гэж үзээгүй. 16.0 мянган га газар өгөхөөр зөвшөөрсөн. Гэтэл Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолоор нийслэлд Төв аймгаас өгөх нутгийг нэмэгдүүлсэн. Бид гомдлын шаардлагаа дэмжинэ" гэв.

Найм.Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож иргэн Б.Дондогмаа тайлбарлахдаа: "1.Нийслэлд 48.9 мянган га газар шилжсэн биш 61.6 мянган га газар өгчээ. Үүнийг бид эрх бүхий байгууллагуудаар тодорхойлуулсан.

2.Налайх, Төв аймгийн Эрдэнэ сумын хооронд нутгийн маргаан байхгүй, хоорондоо эв найртай аж төрж ирсэн болно.

3.Налайх, Эрдэнэ сумын хооронд нутгийн хилийн цэсийг тодорхой болгохдоо нийслэлийн болон Төв аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг давхцуулсан. Үүнийг Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор улам баталгаажуулжээ.

Бид Цэцэд гаргасан өөрсдийн өргөдлийн шаардлагаа дэмжих болно" гэв.

Ес.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "1.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Улсын Их Хурлын шийдвэрээ хамгаалах үүрэгтэй гэдгээр асуудалд хандана. Миний тайлбарт байгаа зарим нэгэн тоо бо 1996 оных. Иймд одоогийнхтой зөрж болно.

2.Эрдэнэ сумыг Үндсэн хуульд заасан цогцолбор байх нөхцөлөө алдав гэж үзэх боломжгүй. Эднийд эдийн засаг, газар нутгийн бусад бололцоо бий. Чухамдаа сумын орлогын эх үүсвэр үгүй болсон гэх үндэслэлгүй байна.

3.Улсын Их Хурал нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг зайлшгүй хэрэгцээг харгалзан шийдвэрлэжээ. Энэ үед Засгийн газрын ажилтан Банзрагч тэргүүтэй комисс ажилласан ба энэ комисст Төв аймгийн зохих сумдын Засаг дарга нар оролцсон. Комисс хээрийн ажлын тайлан бичсэн. Энэ тайланд нутаг дэвсгэрийн хилийн цэсийг өөрчлөх саналуудыг тусгасан, бас газрын зураг гаргасан. Энэхүү зургийг 4 удаа гаргасан. Улсын Их Хурал энэ олон зургийн дотроос дундаж хувилбарыг баримталсан. Үүгээр Эрдэнэ сумаас 48.9 мянган га газрыг нийслэлд шилжүүлэх болсон. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэсэн.

Эдгээр байдлуудаас үндэслэн Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн Цэц хуулийн хүрээнд ажиллана гэдэгт итгэж байна гэв.

Арав.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зэнээ Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа: "Би Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Улсын Их Хурлынхаа шийвэрийг хамгаалах ёстой боловч уг шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн учир сөрөг саналтай байна. Энэ талаар бичгээр саналаа өгсөн. Улсын Их Хурал тогтоол гаргахдаа нийслэлийн нутгаа тэлж өргөтгөх хандлагаар хандаж туйлширсан. Үүнд Эрдэнэ сум 16.0 мянган га газар өгнө гэж зөвшөөрсөн байхад одоо 61.6 мянган га болоод байна. Ерөннхийлөгч П.Очирбат энэ асуудлаар Засгийн газар, Улсын Их Хуралд олон удаа хандаж байсан. Ер нь газар бол аль нэг газар, байгууллагын эрх ашгийн үүднээс хандаж болохгүй эмзэг асуудал болно. Иймд Үндсэн хуулийн Цэц асуудалд бодитой хандаасай гэж хүснэ" гэв.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Бадамдамдин "Улсын Их Хурал нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тогтоохдоо анх санаачлан оруулсан саналыг багасгаж шийдвэрлэсэн юм шүү дээ. Үүнийг тэр үед ажлын хэсэгт ажиллаж байсан нийслэлийн Засаг дарга Наранцацралтаар яриулмаар байна" гэв. Тэрээр газрын зураг дээр тайлбарлав.

ХЯНАВАЛ:

1.Улсын Их Хурал нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын ҮНдсэн хуулийн 58 дугаар зүйлийн 2-т буй "Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална" гэсэн заалтыг баримталсан тул Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Л.Ганбат, Б.Дондогмаа нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэх асуудлыг боловсруулахдаа Монгол Улсын Газрын хууль, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон газар зохион байгуулалтын журам зөрчсөн тухай гомдол нь Үндсэн хуулийн Цэцийн харьяаллын асуудал биш болох нь тогтоогдов.

2.Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Төв аймгийн Архуст сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг хуучин байдлаар нь /БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1982 оны 131 дүгээр зарлигаар/ тогтоосон учир иргэн Д.Шарав, Г.Шагшаа нар Үндсэн хуулийн Цэцэд гаргасан гомдлоосоо татгалзсан тул энэ талаар Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 218 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын 196 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ", мөн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална" гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Ж.БЯМБАЖАВ