A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ОРОН НУТГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ ЗАРИМ ХОТ, ХОРООДЫГ ТУХАЙН СУМАНД НЬ НЭГТГЭН ХАРЪЯАЛУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1992 ОНЫ 8 ДУГААР САРЫН 21-НИ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

ОРОН НУТГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ ЗАРИМ ХОТ, ХОРООДЫГ ТУХАЙН СУМАНД НЬ НЭГТГЭН ХАРЪЯАЛУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1992 ОНЫ 8 ДУГААР САРЫН 21-НИЙ 24 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

1992 оны 12 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэ дүгнэлтийг 1992 оны 12 дугаар сарын 2-ны 15.00 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөө/ үйлдэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Н.Жанцан /илтгэгч/, Ж.Чойжанцан, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү оролцов.

Маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Засаг захиргааны яамны Засаг захиргааны удирдлага, зохицуулалтын тасгийн дарга Б.Мижид нар оролцов.

"Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа талыг төлөөлж Монгол Улсын иргэн Бугант компанийн ерөнхий захирал И.Бадарч, Ерөө сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Даваажав, Сэлэнгэ аймгийн Мандал сумын АХГЗ-ны дарга Ч.Базар нар оролцов.

Монгол Улсын иргэн Бугант компанийн ерөнхий захирал И.Бадарч Үндсэн хуулийн Цэцэд хандсан гомдолдоо: "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг дээрээс нь Их Хурал тогтоол гарган, Засгийн газар бодлого боловсруулан төвлөрсөн төлөвлөгөөт системийн үеийн захиргаадалтын аргаар байгуулж байгаа нь хөдөлмөрчдийн дургүйцлийг төрүүлж байна. Тухайлбал, орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг сумдад нь нэгтгэх талаар гарсан Улсын Их Хурлын тогтоол шинэ Үндсэн хуулийг бүдүүлгээр зөрчиж байна. Үнэн хэрэг дээрээ шинээр сум байгуулах, татан буулгаж өөр сумтай нэгтгэх асуудлыг хэлэлцэхээс татгалзсан атлаа 19 хот, хороодыг механикаар сумдад нь нэгтгэлээ... Үндсэн хуулийн Цэц энэ 19 хот, хорооны асуудлыг авч үзмээр байна.

Миний хувьд жижиг, цөөхөн хүн амтай боловч сум нэртэй байсан нь нутаг дэвсгэрийн нэгж хэвээр үлдэж, Зүүнхараа, Тосонцэнгэл мэтийн 10 гаруй мянган хүн амтай нэгжүүд татан буугдсан явдал оновчтой сонголт болж чадсангүй гэж үзэж байна. Энэ асуудлыг гагцхүү дээрээс механикаар шийддэг, орон нутгийн хөдөлмөрчдийн саналыг тоодоггүй, газар нутгийн хилийн цэсийн маргаантай асуудлаас зайлсхийж амарчлан шийдсэн түр зуурын шинжтэй арга хэмжээ боллоо.

Сэлэнгэ аймгийн Ерөө хороог Ерөө сумтай нэгтгэж, нэг сум болгохоор шийджээ. Гэтэл Ерөө хороо 4000 шахам хүнтэй, нийлж байгаа сум нь 2000 шахам хүнтэй байхад Ерөө хороог нэг баг, Ерөө сумыг 2 баг болгохоор Засгийн газар протокол гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ" гэсэн заалтыг Улсын Их Хурал тухайн нутгийн хурал, иргэдийн саналыг үндэслээгүйгээрээ зөрчиж байгаа юм биш үү" гэжээ.

И.Бадарчийн энэ гомдол Ардын эрх сонины 1992 оны 10 дугаар сарын 31-ний дугаарт нийтлэгдсэний дараа Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан 1992 оны 11 дүгээр сарын 3-нд маргааныг хянан шалгах ажиллагаа үүсгэжээ.

Уг тогтоолын төслийг санаачилан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Засгийн газар тогтоолын төслийг боловсруулах явцдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд заасан шаардлагыг хэрхэн хангасан болохыг маргааныг хянан шалгах ажиллагааны явцад болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоолоо.

Засгийн газар уг тогтоолын анхны төслийг 1992 оны 4 дүгээр сард боловсруулжээ. Тогтоолын төслийг эхлэн боловсруулахдаа Үндсэн хуулийн шаардлага хангахуйц ямар нэг судалгаанд тулгуурлалгүй хийж эхэлсэн байна.

Төслийн эхийг боловсруулсан Засаг захиргааны яамны зохион байгуулагч Б.Шарбанди Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Би 24 дүгээр тогтоолын анхны төслийг 4 дүгээр сард хийгээд хадгалж байсан. Би төслийг санаачлагчаараа бэлдсэн. Гэхдээ тодорхой хэмжээнд судалгаа хийсэн, нийлж нэгтгэх сумууд хэдэн онд байгуулагдсан болохыг тогтоосон. Түүнээс биш эдийн засгийн, хүн амын, тухайн нутгийн Хурлын болон иргэдийн санал авах зэрэг судалгаа хий гэсэн үүрэг өгсөн хүн байхгүй. Эхний төсөл хийхдээ аймгуудаас санал аваагүй. Судалгааны тухайд бол Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, хэлтсийн дарга Ж.Гомбожав аль нь ч чиглэл өгч тийм судалгаа хий гэсэн зүйл байхгүй.

Төслөөс хойш аймгуудтай утсаар яриад нийлүүлэх нэгтгэх хот, хорооны талаар албан ёсоор саналаа ирүүлээч гэсэн" гэжээ.

Засгийн газрын хэлтсээс аймгуудтай утсаар ярьж авсан судалгааг судлан үзэхэд 7 аймаг судалгаа явуулахдаа аль нь ч орон нутгийн Хурлын болон иргэдийн саналыг аваагүй, цөм аймгийн гүйцэтгэх захиргааны саналыг явуулжээ. Түүгээр ч барахгүй зарим аймаг "Тухайн нутгийн иргэдийн саналыг одоогоор аваагүй байна. Асуудлыг шийдэх үндэстэй бол нутгийн иргэд, оршин суугчдын саналыг авч эцсийн шийдвэр гаргах саналтай байна" гэдгээ тэмдэглэжээ.

Уг тогтоолын сүүлчийн төслийг шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хойш 1992 оны 8 дугаар сард боловсруулжээ. Тэгэхдээ нэмэлт судалгаа хийгээгүй, нэмэлт судалгаа хийх талаар ямар нэг албан тушаалтан төсөл боловсруулж байгаа хүмүүст үүрэг болгож өгөөгүй байна.

Засгийн газар уг тогтоолыг Улсын Их Хуралд өргөн барихын тулд Засгийн газрын албан ёсны хуралдаанаар хэлэлцсэн эсэх нь маргаантай бөгөөд уг тогтоолын төслийн талаар ярилцахдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан эсэхийг тодруулж авч үзээгүй зөвхөн ямар хот, хороодыг ямар сумтай нэгтгэхээ л ярилцжээ.

Засгийн газраас тогтоолын төслийг хийхийн тулд аймгуудад өгсөн чиглэл удирдамж юу байгааг судлан үзэхэд дараахь нөхцөл байдал тогтож байна.

Засгийн газраас засаг захиргааны нэгжид өөрчлөлт хийхийн тулд тухайн нутгийн Хурлын болон иргэдийн саналыг яаж судлах, Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн шаардлагыг яаж хангах талаар аймгуудын гүйцэтгэх захирг`аадад чиглэл, удирдамж өгөөгүй байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн шаардлагын дагуу тухайн засаг захиргааны нэгжүүдийн эдийн засгийн бүтэц, хүн амын байршлын судалгааг хийх, мөн шинээр сум байгуулж байгаа нөхцөлд хилийн цэсийг тогтоох ёстой. Гэтэл эдгээр шаардлагыг хангах талаар хийсэн зүйл шалгалтын явцад тогтоогдсонгүй.

Зарим баримтыг дурьдвал:

Сэлэнгэ аймгийн Засаг дарга И.Нямбуу, Тамгын газрын дарга Р.Нямсүрэн, Засаг даргын туслах С.Базарсад, Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга О.Буянтогтох нар Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Засгийн газраас баг, сум байгуулах, засаг захиргааны нэгжийг өөрчлөхдөө Хурлын болон иргэдийн саналыг судлах ямар ч чиглэл өгөөгүй. Энэ дагуу аймгаас зориуд зохион байгуулалттай судалсан зүйл байхгүй" гэжээ.

Дорноговь аймгийн Засаг дарга Л.Одончимэд Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "1992 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын ажилтан Төмөрбаатар - Танай Зүүнбаян, Замын-Үүд, Хажуу-Улаан, Сайншандын асуудлыг яаж шийдэх нь зүйтэй юм бэ? гэж утсаар асуусан. ... Хууль гарахаас өмнө аймгаас дээрх сум, хороодын Ардын Хурал, иргэдээс авсан санал, асуулга байхгүй. Аймгийн хувьд хуулиар ингэж шийдвэрлэнэ гэдгийг мэдээгүй учраас иргэд, хурлын байгууллагын саналыг аваагүй. Шинэ хууль гарсны дараа хөдөлмөрчид бухимдаж олон янзын санал ирүүлсэн. Үүнд Зүүнбаянг бие даасан хот, Замын-Үүдийг бие даасан тосгон, Хажуу-Улааныг бие даасан сум болгох саналууд зонхилж байгаа" гэжээ.

Хөвсгөл аймгийн АХГЗ-ны дарга байсан одоо Засаг захиргааны яамны зохион байгуулагч Л.Батчулуун Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Засгийн газраас орон нутгийн Хурал, хөдөлмөрчдийн саналыг ав гэсэн тийм тодорхой чиглэл өгөөгүй юм" гэжээ.

Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулсан тухай Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолыг боловсруулахдаа тухайн нутгийн Хурлын болон иргэдийн саналыг авсан эсэхийг хөдөө орон нутагт шалгаж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогджээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга И.Нямбуу Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбартаа "Хувь хүний хувьд үзэхдээ Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол бол амьдралаас тасархай, бодит байдалд нийцээгүй, асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдсэн /Сэлэнгэ аймгийн хувьд/, хэрэгжүүлэх боломжгүй тогтоол гэж үзэж байна. Иймд 24 дүгээр тогтоолыг нэн яаралтай дахин харж үзэж, Ерөө хороо, Түнхэл, Дулаанхаан хороог бие даасан сум болгож шийдэх ёстой гэж үзэж байна.

Мандал сум л гэхэд Монгол Улсад байхгүй том сум болж байгаа. Хүн ам нь гэхэд 23 мянга хүрч байгаа. Ийм нөхцөлд өвөрмөцөөр асуудлыг шийдэх ёстой.

Энэ асуудлыг хөдөлмөрчдийн санал аваагүй, аймгийн саналыг харгалзаагүй, Үндсэн хуульд хот гэдэг үг байхгүй гэдгээр далбаа хийж заавал баг болгоно гэж шийдсэн явдал мөн чанартаа Үндсэн хуулиа ноцтой зөрчсөн зүйл гэж үзэж байна" гэжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга Ц.Энхсайхан, багийн Засаг дарга Ж.Сүхбаатар, Толгойтын уулын үйлдвэрийн дарга Ж.Батмөнх нар Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Бугантыг Ерөө сумтай нэгтгэх асуудлаар Засгийн газар болон манай аймгийн Гүйцэтгэх захиргаа биднээс санал огт аваагүй, бид Улсын Их Хурлын тогтоол гарсны дараа л Ерөө сумтай нэгджээ гэж мэдсэн. Харин Бугантыг бие даасан сум болгох асуудлыг манай аймаг дэмжиж саналаа өгсөн юм билээ.

Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн талаар орон нутгийн Хурлын ч санал аваагүй, иргэдийн ч санал аваагүй" гэжээ.

Бугант компанийн дэд захирал, МАХН-ын үүрийн дарга Д.Даваасамбуу Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Бугатыг нэгтгэх асуудлыг Улсын Их Хурлын тогтоол гарсны дараа л мэдсэн. Өмнө нь юу ч сонсогдоогүй, өмнө нь хөдөлмөрчдийн санал гэж огт аваагүй.

... Улсын Их Хурал, Засгийн газар Үндсэн хуулийн заалтыг үл ойшоож дээрээс нь хүчээр нэгтгэх ажил хийсэнд манай Бугатын хөдөлмөрчид дургүйцэж байгаа юм. Ядахдаа Үндсэн хуулиа хүндэтгээд саналыг нь асуугаад нэгтгэсэн бол ядаж яахав гэхсэн" гэжээ.

Бугант дахь Социал-демократ намын салбар зөвлөлийн дарга С.Жамбалсүрэн, Ардчилсан холбооны салбар зөвлөлийн тэргүүлэгч Б.Батцэнгэл нар Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Бугантад үндсэндээ төрийн захиргаа гэж барах байгаагүй, сүүлийн жилд цэгцрэх тийшээ хандаж байсан юм. Гэтэл Улсын Их Хурлын энэ шийдвэр гараад дахин захиргаагүй боллоо. Нэгтгэхээсээ өмнө хөдөлмөрчдийн санал сэтгэгдлийг огт асуугаагүй юм. Бид эхнээсээ ийм бодит бус шийдвэрийн эсрэг байсан.

... Бугатыг баг болох шийдвэр гарснаас хойш манай засаг захиргаа эзэнгүй болсон. Үүний дараа бүх төсвийн байгууллага эзэнгүй боллоо. Улсын Их Хурлын тогтоолын үр дүнг товчхон хэлэхэд ийм байна. Сумын захиргаа хоёр баг болоод сургууль эмнэлгээ хуваагаад авлаа. Ингээд зөрчил гарахын үндэс нь тавигдлаа. Эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулахад энэ зохион байгуулалт бас нөлөөллөө" гэжээ.

Бугантын багийн малчин У.Төмөрхуяг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Хамгийн гол нь малчин бидэнд танай засаг захиргааны нэгжид ийм өөрчлөлт орох гэж байна гэдгийг ядахдаа урьдчилан хэлээгүй... Малчид үүнтэй санал нэгдэхгүй байгаа" гэжээ.

Өндөр настан Д.Балжинням хэлэхдээ: "Засаг захиргааны зохион байгуулалтыг хийхдээ эндэхийн хөдөлмөрчдийн санал сэтгэгдлийг огт судалж асуугаагүй. Үндсэн хуульд хот гэдэг үг байхгүйг далимдуулж жинхэнэ захиргаадалтаар нэгтгэж байгаа юм. Чухамдаа Үндсэн хуулийн заалт шууд нэгтгэх утга агуулаагүйг бид эрх биш мэдэлгүй яахав.

... Манай Бугант Монголын ямар ч сумаас том бие даасан аж ахуй гэж боддог. Эдийн засгийн чадал гэж байдаг бол энэ Бугантын хөдөлмөрчдийг битгий хэл Монголыг тэжээхэд том хувь хандив үзүүлдэг аж ахуй гэдэг нь бүхэнд ойлгоможтой. Ийм газар бие дааж сум болдоггүй юм бол бие даах газар олдоход хэцүү л байх" гэжээ.

Шалгалтын явцад Сэлэнгэ аймгийн Дулаанхаан хорооны иргэдийг төлөөлж 56 хүн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнтэй биечлэн уулзаж санал хүсэлтээ тавьжээ. Саналуудын утга агуулга давхардаж байгаа тул энд зөвхөн Дулаанхааны Засаг дарга Ж.Ганболдын хэлсэн үгийг төлөөлөл болгоё: "Дулаанхаан хороо нийлж, салахын зовлонг олон удаа үзсэн. Нийлсэн, салсан түүхээ үзэхэд удирдлага нь дандаа нөгөө объектдоо байсан. Гэтэл амьдрал дээр алслагдсан удирдлага амьдралд ач тусаа өгдөггүй юм. Ийм зовлонг жинхэнэ амссан хамт олныг Дулаанхааны хөдөлмөрчдийг гэж хэлж болно. ... Иймд нутаг дэвсгэрийн маргааныг ч зөв, үндэслэл сайтай шийдэх цаг нэгэнт тулсан байна гэж үзэж байна.

Шинэ Үндсэн хууль маань гарч ирмэгцээ зөрчилдлөө. 57 дугаар зүйлийг эргэлзээ үгүй, ил тод зөрчлөө. Үүнд л би харамсаж байна" гэжээ.

Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолыг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагыг яаж хангасан асуудлыг Дорноговь аймагт Үндсэн хуулийн Цэцээс мөн судлан үзсэн юм.

Дорноговь аймгийн хурлын Тэргүүлэгчдийн зохион байгуулагч Л.Нэргүй Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Улсын Их Хурлын тогтоол гарахаас өмнө Засгийн газраас санал, судалгаа авах талаар өгсөн албан ёсны заалт, бичиг, тоот байхгүй" гэжээ.

Зүүнбаян хорооны өндөр настан Самдан овогтой Содномжамц Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Зүүнбаянг Улаанбадрах сумын нэгэн баг болголоо гэдгийг Улсын Их Хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд гарсан тогтоолыг хэвлэлээс олж уншсан. Энэ талаар Зүүнбаянчуудын саналыг авсан зүйл огт байхгүй.

Зүүнбаян бол 1951 оноос өмнө бие даасан засаг захиргааны нэгж байсан бөгөөд түүнийг 100 км-ын цаана байгаа нэг суманд харъяалуулсан явдалд тус хорооны иргэд хөдөлмөрчид туйлын дургүйцэж байна.

Зүүнбаян нь хүн ам олноор төвлөрсөн цэргийн онцгой объект бөгөөд цаашид эдийн засгийн бүс болж өргөжих ирээдүйтэй" гэжээ.

Зүүнбаянгийн иргэн Д.Баттулга "Засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлаар санал огт аваагүй. Манай Зүүнбаянд 10000 орчим цэргийн, энгийн хүмүүс амьдарч байна. Ямар боловч багийн засаглалтай байж ийм олон хүний амьдрал цаашдын ирээдүйг авч явж чадахгүй гэж үзэж байна. Харин ийм шийдвэр гаргаад сууж байгаа дарга, хариуцлагатнууд улс орныхоо амьдралыг огт мэдэхгүй юм байна гэж бодож явдаг" гэжээ.

Зүүнбаянг нэгтгэсэн Улаанбадрах сумын Засаг дарга Ц.Найдан Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Хөдөлмөрчдийн саналыг ерөөсөө аваагүй. 10000 хүн, 1200 өрхтэй ийм том газрыг манай сумын баг болгосон нь үнэхээр сэтгэлд багтахгүй асуудал" гэжээ.

Улсын Их Хурал энэ тогтоолыг хэлэлцэн батлах ажиллагааны явцыг судалж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдов.

Монгол Улсын Их Хурал 1992 оны 8 дугаар сарын 18-нд ээлжит бус чуулганаараа "Зарим сум, хороог татан буулгах, нэгтгэх, шинээр байгуулах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж эхэлжээ.

Улсын Их Хурал энэ тогтоолын төслийг эхлээд хэлэлцэхдээ уг төслийг Засгийн газар Улсын Их Хуралд албан ёсоор өргөн бариагүй байхад хэлэлцэж эхэлжээ. Улсын Их Хурал тогтоолын төслийг 8 дугаар сарын 18-нд хэлэлцэж эхэлсэн байхад Засгийн газар тогтоолын төслийг энэ тогтоол батлагдсан өдөр буюу 8 дугаар сарын 21-нд Улсын Их Хуралд өргөн барьжээ.

Улсын Их Хурал энэ тогтоолын төслийг хэлэлцэж эхлэхдээ Засгийн газраас илтгэл сонсоогүй, байнгын хороо ч дүгнэлт гаргаагүй, Ерөнхий сайдыг ч байлцуулалгүй хэлэлцэж эхэлжээ. Тогтоол хэлэлцэх явцад энэ бүх асуудлууд уван цуван шүүмжлэгдэж хагас дутуу биелэгджээ. Тухайлбал, 8 дугаар сарын 20-ны хуралдаанд Ерөнхий сайд П.Жасрай мэдээлэл хийж, 21-ний хуралдаанд байнгын хорооны дарга Д.Дашцэдэн байнгын хорооны дүгнэлт хэлсэн боловч уг мэдээлэл, дүгнэлтийн алинд ч тогтоолын төслийг хийхдээ Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн шаардлагыг яаж хангасан, тухайлбал өөрчлөх гэж байгаа засаг захиргааны нэгжийн эдийн засгийн бүтэц болон хүн амын байршлыг хэрхэн судалсан, тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг авсан эсэх нь үндсэндээ тусгагдаагүй байна.

Уг тогтоолын төслийг боловсруулахад Улсын Их Хурлаас ажлын хэсэгт оролцсон хүмүүс төсөл дээр хэрхэн ажилласан, төслийг Үндсэн хуулийн шаардлагад нийцүүлэхийн тулд юу хийсэн нь тодорхойгүй байна.

Улсын Их Хурлын чуулганаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад нэлээд гишүүд тогтоолын төслийг боловсруулахад Үндсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзээд тогтоолын төслийг буцаах, хойшлуулах, дахин судалгаа авах талаар удаа дараа сануулж, санал тавьж байжээ. Улсын Их Хурлын чуулган дээр гишүүдийн хэлсэн үгийг судалж үзэхэд дараахь байдал тогтоогдож байна.

Улсын Их Хурлын гишүүн М.Зэнээ хэлэхдээ: "Олон түмний саналыг тухайн газар орноос нь аль хэр сайн авсан юм. Авсныхаа үндсэн дээр үнэхээр хийж оруулж ирж чадсан уу? үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй зүйл их байна" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаатар: "Энэ тогтоолыг би хэлэлцэхээ больё гэж хэлэх гэж байгаа юм. Юу вэ? гэхээр эндээс ямар ч шийдэл гарахгүй. Би энд та бүхэн анзаарч байгаа байх. Эрхэм гишүүн Бямбадорж бид хэд ажлын хэсэг айхтар рольтой оролцохгүй байгаа. Энд үнэндээ би оролцоогүй юм. Засгийн газраас хэлэлцээд ороод ирсэн гэсэн. Би сая эрхэм гишүүн Бямбасүрэнгээс асуусан. Засгийн газар дээр энийг нухацтай хэлэлцэж чадсангүй" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Дашдэмбэрэл: "Яг сум, хорооноос нь ирсэн иргэдийн санал, хүсэлт, иргэдээр хэлэлцүүлээд саналыг нь авсан ийм сум, хорооны албан ёсны бичиг баримт бий юу? Энийг танилцсан уу? ... Үндсэн хуулинд чинь ард түмний саналыг авна гэж биччихсэн байна шүү. Тийм учраас энийг энэ чинь аймгийн гол нь ард түмний санал дээр тулгуурлаж байж хийх ёстой ажил байх ёстой" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Гомбожав хэлэхдээ: "Засгийн газар сум, хорооноос бичиг аваагүй... аймгуудын санал бичиг нь байгаа. Сумынхыгаа аймаг авсан уу? үгүй юу? гэдэг бол би өнөөдөр баталгаа өгч чадахгүй" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хэлэхдээ: "Энэ асуудлыг шийдэхэд ядахдаа Их Хурлын гишүүд энэ шийдэх гэж байгаа нэгж хичнээн хүн амтай юм, нэгтгэх сум нь төвөөс ямар зайтай юм. Тухайн хорооны хөдөлмөрчид нь ямар саналтай байдаг юм. Хажуу тийшээгээ нүүлгээд явчих юм бол бүх юм нь сүйдэх үү, үгүй юу? гэсэн ... тухайн асуудал тус бүр дээр ойлголттой болж байж шийдмээр байна. Энэ асуудлыг үнэхээр шинээр бүрэлдсэн Засгийн газар заавал авч үзэх ёстой" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж хэлэхдээ: "Тогтоолтой холбогдсон асуудлаар Засгийн газраас илтгэл ч орж ирээгүй, байнгын хорооны дүгнэлт ч орж ирээгүй. Энэ тогтоол дээр Бямбасүрэн гуайн Засгийн газар үзээд ямар дүгнэлт гаргасан юм, яасан гэдэг ч асуудал байхгүй. Жасрай гуайн Засгийн газар үзээд яасан гэдэг ч асуудал байхгүй. Энэ асуудлаа ямар нэг хугацаанд оруулж ир гэдгээр нь буцаамаар байна" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Чимид хэлэхдээ: "Заавал хөдөлмөрчдийн санал байхгүй бол Улсын Их Хурал хүнд байдалд орно шүү. Би жишээ хэлмээр байна. 1970-аад оны үед Завхан аймагт 2 сумыг нэгтгээд, 2 сумыг салгаад зарлиг хүчингүй болж байсан. Яагаад гэвэл газар дээр нь хөдөлмөрчдөөс санал аваагүй. 240 ч билүү, 270 ч билүү өргөдөл ирсэн юм. Тэгэхээр Засгийн газрын орон нутгийн хэлтэс орон нутгийн хөдөлмөрчдийн санал авч уу, үгүй юу гэдгийг заавал шалгаж үзсэн байх хэрэгтэй" гэжээ.

Улсын Их Хурлын 8 дугаар сарын 18-ны хуралдаан гишүүдийн энэ мэт саналын эцэст энэ тогтоолыг дахин боловсруулж, хөдөлмөрчдийн санал авч оруулж ирэхээр Засгийн газарт буцаая гэдэг саналаар санал хурааж 51.8 хувийн саналаар асуудлыг буцаахаар шийджээ.

Гэвч Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 20-21-ний хуралдаанд тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн байна. Энэ хуралдаанд гишүүдийн хэлсэн үгийг судалж үзэхэд:

Гишүүн Ц.Нямдорж:: "Асуудлыг ингэж шийдэж болохгүй. Засгийн газар, Их Хурал бэлэн биш байна. Сайтар судлаад намрын чуулганд оруулах нь зүйтэй гэж бодож байна".

Улсын Их Хурлын гишүүн Ж.Гомбожав хэлэхдээ: "... Тогтоолын төслийн нэгдүгээрхийг хасаж, нутаг дэвсгэрийн засаг захиргаанд Цагааннуур, Зүүнбаян, Замын-Үүд, Хатгал, Бугант, Түнхэл, Ханх хороодыг нэгтгэн харъяалуулсан нь амьдралаас тасархай, ард түмний сэтгэлд үл нийцсэн шийдвэр Улсын Их Хурлаас гаргахад хүрэв. Цаашид Улсын Их Хурлын ажлыг хүндрүүлнэ гэдгийг цохон тэмдэглэе" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж хэлэхдээ: "Төмөрбаатар гуай туйлын хариуцлагагүй бэлтгэж оруулж ирсэн байна. Үндсэн хуулийн заалтыг бид оруулж ирж байгаа гэж хэлж байна. Гэтэл Үндсэн хуулийнхаа заалтыг зөрчиж байна. Үндсэн хуульд иргэдийн саналыг авсан байх ёстой тодорхой заалт бий. Гэтэл Төмөрбаатар гуайн ярьснаар бол тэдний саналыг бараг бүгдээс нь аваагүй юм шиг... Тэгэхээр энэ дээр түүхий ханджээ. ... Хот хороон дээр иргэдийнх нь саналыг нэг бүрчлэн авч Улсын Их Хуралд танилцуулж энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн саналтай байна" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба хэлэхдээ: "... энэ аймгийн бичгийг үндэслэж асуудлыг шийдэхэд их осолтой юм байна. Бичиг дотор юу гэж байна вэ? гэхээр бид ард иргэдийн саналыг аваагүй. Хэрвээ энэ асуудлыг эцэслэн шийдэхэд хүрэх юм бол ард иргэдийн саналыг авч байж шийднэ шүү гээд бичиг ирүүлжээ. Тэгэхээр ийм бичиг үндэслэж асуудал оруулж байгаа Засгийн газар, энийг шийдэж байгаа Их Хурал хоёр дараа нь асуудал гарвал хүлээхээс өөр эзэн байхгүй" гэжээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Нарангэрэл хэлэхдээ: "Тогтоолын улмаас гарч болзошгүй зүйлээс сэрэмжлэх, энэ асуудалд бол би дутуу дулимаг боловсрогдсон, олон талаас нь үзэх ёстой. Энийг Засгийн газарт даалгасан ийм заалт байх нь зүйтэй" гэжээ.

Улсын Их Хурлын чуулганы явцад өмнө нь Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын нэр дээр ирсэн санал, хүсэлтүүдийг нэгтгэн авч Улсын Их Хуралд сонсгосон зүйлгүй, зөвхөн ганц нэг сум, хот, хорооны хүсэлтийг гишүүд санал болгож уншиж сонсгожээ.

Мөн Улсын Их Хурлын чуулганд өөрчлөх гэж байгаа хот, хороодын эдийн засгийн бүтэц, хүн амын байршлын судалгааг гаргаж танилцуулсан хүн байхгүй байна. Улсын Их Хурлын зарим гишүүд ийнхүү үзэж байсан боловч тогтоол төгсгөлдөө 82.4 хувийн саналаар батлагджээ. Засаг захиргааны нэгжийн зохион байгуулалт нь өөрчлөгдсөн. Зарим сум, хот, хороо, түүний иргэд уг тогтоолыг яаж хүлээж авсан тухай асуудлыг судлахад дараахь байдал тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаас хойш 9 хоногийн дараа 9 дүгээр сарын 1-нд орон нутгийн Хурлын чуулган хийжээ. Уг чуулган өвөлжилтийн бэлтгэлийн асуудал хэлэлцсэн боловч чуулганы явцад Улсын Их Хурал яагаад хөдөлмөрчдийн санал авалгүй Мандал сумыг Зүүнхараа, Түнхэлтэй нэгтгэв гэдэг асуудал гарч уг асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан байна.

Мандал сумын Ардын Хурлын 16 дугаар удаагийн сонгуулийн IY чуулганы тогтоолд "Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал суманд Түнхэл хороо, Зүүнхараа хотыг харъяалуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн шийдвэр" гэж тэмдэглээд уг асуудлыг сумын хөдөлмөрчдийн санал хүсэлтийг судалж байж шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсчээ.

Дорноговь аймгийн Зүүнбаян хотын хөдөлмөрчид 9 дүгээр сарын 7-нд Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдоржтой уулзаж Улсын Их Хурлаас Зүүнбаянг 100 км-ын цаадахь Улаанбадрах сумын нэг баг болгосон явдлыг эсэргүүцэж олон тооны хүн үг хэлж 200 хүн гарын үсэг зурсан протоколоо ирүүлжээ.

Мөн Зүүнбаян хотын Ардын Хурлын Тэргүүлэгчид, Зүүнбаян хотын Ардын Хурлын Гүйцэтгэх захиргаа Монгол Улсын Засгийн газраар дамжуулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бичиг явуулжээ.

Мөн 1992 оны 10 дугаар сарын 1-нд Зүүнбаян хотын өндөр настан С.Содномжамц 450 хүний гарын үсэг бүхий өргөн барих бичиг Засгийн газраар уламжлан Улсын Их Хуралд явуулжээ. Гэтэл Засгийн газар уг өргөн барих бичгийг Улсын Их Хуралд танилцуулалгүй 10 дугаар сарын 16-нд эзэнд нь уг хүсэлтээ аймгийнхаа төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, Засаг даргад тавих нь зүйтэй гэж буцаажээ.

Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчид Хөвсгөл аймгийн Ханх хороог бие даасан сум болгох хүсэлтийг сүүлийн жилүүдэд маш олон удаа тавьж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 2 жилд гэхэд 1990 оны 12 дугаар сарын 5-нд Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэнд Ханх хорооны АХГЗ-ны хүсэлт, танилцуулга, хөдөлмөрчдийн хурлын протокол, хилийн цэс, тогтоолын төслийн хамт өгсөн боловч шийдвэрлэж өгөөгүй тул 1991 оны 2 дугаар сарын 19-нд дахин Улсын Бага Хурлын дарга Р.Гончигдорж, Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарт хүсэлтээ холбогдох бүх материалын хамт тавьжээ. Энэ хүсэлт биелээгүй тул дахин 8 дугаар сарын 26-нд Улсын Их Хурлын дарга Багабандид аймгийн комисс газар дээр нь ажилласан дүгнэлт судалгааны хамт хүсэлтээ тавьжээ.

Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр маргагч Бугант компанийн ерөнхий захирал И.Бадарч хэлэхдээ: " Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг маргаангүй зөрчлөө. Миний сайн мэдэх Сэлэнгэ аймгийн Ерөө хорооны эдийн засгийн бүтцийг хүн амын байршлыг харгалзаагүй, орон нутгийн Хурал, иргэдийн санал алиныг нь ч аваагүй нь үүнийг нотолж байна" гэлээ.

Цэцийн хуралдаан дээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж хэлэхдээ: "1. Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг аймаг, нийслэл, сум, дүүрэг гэж заасан бөгөөд хот, хороо гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж үгүй болсон.

2. Засгийн газрын өргөн барьсан төсөл Үндсэн хуулийн 57, 58 дугаар зүйлийг зөрчсөн байсан ч Улсын Их Хурал энэ асуудлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байв. Үүнд Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг баримтлан шийдвэрлэсэн.

3. 7 сумыг Улсын Их Хурал бие даан байгуулах үндэслэл бүрдээгүй олон шалтгаан бий. Хамгийн гол нь хилийн цэсийг нь тэр үед тодорхойлох боломж байгаагүй.

4. Нэгтгэсний дараа дээрх сумд асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломж байгаа. Энэ тогтоолоор өөрийн нутаг дэвсгэрийн хилийн цэсгүй зөвхөн засаг захиргааны нэгж байсан хот хороодыг сумдтай нэгтгэсэн учраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудлыг шийдвэрлээгүй юм. Ийм учраас Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна" гэлээ.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мижид Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр хэлэхдээ: "Би энэ асуудлыг боловсруулах үед Засгийн газарт ажиллаагүй байсан. Тогтоолын төсөл боловсрогдсон асуудлыг судалж үзэхэд түрүүчийн Засгийн газар Үндсэн хуулийн заалтыг хангаагүй орж ирсэн юм байна лээ. Ер нь хот хороодын алинаас нь ч асуусан нэгдэе гэсэн санал үндсэндээ гарахгүй юм билээ.

Засаг захиргааны нэгжийг нэгтгэх өөрчлөх шалгуур тогтоогүй байна" гэлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга Ч.Базар хэлэхдээ: "Үндсэн хуулийн шаардлагыг хангахын тулд Мандал сумын хөдөлмөрчдөөс ямар нэг санал аваагүй асуудлыг шийдсэн нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна" гэжээ.

Маргааныг шийдвэрлэхдээ дараахь баримтуудыг үндэс болголоо.

1.Уг тогтоолыг хэлэлцэж баталсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы протокол;

2.Засгийн газраас боловсруулсан тогтоолын төслийн эх материал, тогтоолын төслийг хийхдээ ашигласан санал, бичиг баримтууд;

3.Тогтоолын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэхээс өмнө аймаг, сум, хот, хороод, иргэнээс ирж байсан санал, хүсэлт, бусад материал;

4.Тогтоолын төслийг хийхдээ аймаг, сум, хот, хороо, болон иргэдээс санал авсан эсэхийг судалж шалгасан материал;

5.Шалгах явцад цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, гомдол, санал, хүсэлт, өргөн барих бичгүүд;

6.Тогтоол гарсны дараа ирсэн санал, хүсэлт, гомдлууд;

7.Үндсэн хуулийн Цэцэд маргагч талуудын өгсөн тайлбар, тодорхойлолт, мэдүүлгийг тус тус үндэс болгов.

Дурьдсан нотлох баримтыг Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны явцад үнэлэн дүгнээд Цэцийн дүгнэлт гаргахад хангалттай гэж үзлээ.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 19 дүгээр зүйлийг баримтлан Үндсэн хуулийн Цэцээс Монгол Улсын Их Хуралд ГАРГАХ ДҮГНЭЛТ:

1."Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолыг боловсруулах, батлах явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3-т "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ" гэсэн заалтын шаардлагыг хангаагүй байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө нэгэнт Үндсэн хуульд заасан урьдчилан судалж харгалзан үзэх, үндэслэл болгох шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг зөрчсөн байна гэж үзлээ.

2. Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг түүнийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

Г.НЯМДОО

Ж.ЧОЙЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ