A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг Зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт

Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг Зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 11:50 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн Б.Мэргэн, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар оролцлоо. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын "... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална;", мөн зүйлийн 17/ дахь заалтын "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай" 56 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

"Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэсэн хэсэг нэмсэн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно" гээд 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад "эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг" гэж заасан. Хуулийн дурдсан хэсэг, заалтаас харахад хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно", Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын "...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална", мөн зүйлийн 17/ дахь заалтын "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэснийг тус тус зөрчсөн байна.

... Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон хэрэглэгчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх зарчим юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар "Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол" өвчинтэй хүний мэдээллийг онцгойлон нууцаас хассан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. ...

... Иргэний хувийн нууц гэдэгт тухайн этгээд өөрийн нэр төр, алдар хүндэд харшилна гэж үзэж бусдад мэдэгдэхээс нууцалж явдаг бие, эрхтний гажиг согогоос эхлээд нэр төртэй нь холбоотой бүхий л зүйл хамаарах бөгөөд эрх зүйн онолд нэр төр гэдгийг тухайн хүн өөрөө өөрийгөө болон бусад этгээдээр хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх эрх гэж үздэг. Үндсэн хуульд энэ эрхийг нь баталгаажуулж иргэний хувийн нууцыг хуулиар хамгаалах заалт тусгасан.

Энд нийтийн ашиг сонирхол, бусдын эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийг зүй ёсоор хязгаарлах тухай яригдаж болох юм. Хэдийгээр үндсэн хуульт ёсны үзэл баримтлалаар ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч хууль батлах замаар иргэний үндсэн эрхийг хөндөж болох ч үүнд зайлшгүй баримтлах ёстой зарчим бол хязгаарлалт нь үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх зүйн үндэслэлүүд нь "тодорхой байх ёстой" гэсэн эрх зүйт ёсны шаардлага хангагдаж байх учиртай. Хувь хүний нууцын тухай болон бусад хуульд нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин гэдэгт ямар өвчнүүдийг хамааруулах, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол энэ ангилалд ямар учраас багтаж байгаа тухай нэр томъёоны хийгээд бусад тайлбар, тодорхойлолт байхгүй атлаа нийтэд аюултай гэсэн тодорхойгүй шалтгаанаар хувь хүний нууцаас хассан байна.

Төрөөс хүний эрхийг хангахад зориулан бүрдүүлэх баталгаа нь эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад хэлбэрийн арга хэмжээнүүдэд илрэх ёстой. ...

Орчин үеийн үндсэн хуульт ёсны онолоор үндсэн эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлага гэдэгт нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилго, тухайлбал, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэргийг ойлгох хандлага түгээмэл байна. Энд мөн л хүний эрхийг хязгаарлах болсон үндэслэл нь тодорхой байх гэсэн зарчим яригдах бөгөөд хууль тогтоогчийн зүгээс хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол өвчин нь "нийтэд онцгой аюултай халдварт өвчин" учраас тухайн иргэний эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн бололтой.

Хувь хүний нууцын тухай хуульд "Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай" хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор дагаж өөрчлөгдөх хуулийн хүрээнд нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ үндэслэл болсон хуулийнхаа эсрэг үзэл баримтлал бүхий хэсэг нэмсэн нь хүний эрхийг хязгаарлах болсон зайлшгүй шаардлагыг тодорхой бус харин ч бүрхэгдүүлж байна. Энэ нь "Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг болон холбогдох бусад заалтуудад байгууллага, албан тушаалтан, иргэнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байхыг үүрэг болгосон байгаагаас харагдана.

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсэг, заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"... Монгол Улс хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах, нийтийн дэмжлэгт орчинг бүрдүүлэх уриалга болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг харгалзан үзэж эрх зүйн орчноо боловсронгуй болгосон.

Тухайлбал, Улсын Их Хурлаас хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталжээ. Түүнчлэн дээр дурдсан хуультай нийцүүлэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байхаар заасан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зарим зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт болгон оруулсан.

Үүний дотор "Хувь хүний нууцын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэсэн зохицуулалт болно.

1.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын тухайд: Үндсэн хуулийн "хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна" гэдэг нь хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон зохицуулалт нь хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхын илэрхийлэл буюу нийтлэг шинж чанарыг агуулж байна. Иймд мэдээлэл гаргагчийн бичиж байгаачлан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчтэй хүний талаарх мэдээллийг онцгойлон нууцаас хасч эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно.

2.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ болон 17/ дахь заалтын тухайд: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд тус тус заасанчлан "хэний ч хувийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох ёсгүй. Ийнхүү оролцох гэвэл хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй" гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хувь хүний нууц бол хүний халдашгүй эрх мөн бөгөөд энэ эрх нь зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 21.4-т заасан ёсоор хуульчилж тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

Түүнчлэн хувь хүний нууцыг задруулсан бол холбогдох хуулийн дагуу захиргааны улмаар Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэдэг. Энэхүү эрх зүйн механизм нь Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох билээ.

Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин" гэдэгт ямар өвчин хамаарч байгаа, тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол багтаж буй эсэх нь тодорхойгүй" гэжээ. Нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчний жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоодог бөгөөд тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол хамаарахгүй. Харин Монгол Улсын хууль тогтоомжид энэ зохицуулалт тодорхой тусгагдаагүй билээ.

1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хувь хүний нууц хэмээн ойлгоно.

Түүнчлэн "хувь хүний эрүүл мэндийн нууц" нь зөвхөн дээр дурдсан хуулийн зохицуулах зүйл биш билээ. Учир нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалсан бөгөөд түүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон заалтыг илүү нарийвчилсан зохицуулалттай хууль буюу "Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай" шинэчлэн найруулсан хуульд тусгажээ.

3.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд:

Хүний эрх, эрх чөлөө нь бүх хүнд адил заяасан төрөлх шинжтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын анхдагч үүрэг болдог байна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах төрийн бүтэц болох хүний эрхийн хэрэгжилтийг хянах бие даасан механизм буюу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бие даасан хараат бус захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж хүний эрхийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлж байна.

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Харин Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд итгэмжилсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаан дээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд оруулсан дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн зүйл, заалтын шууд зөрчлийг агуулсан гэж үзэхэд хүндрэлтэй боловч хууль хоорондын зөрчил оршиж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Р.Гончигдорж нар тус тус санал гаргаж байв.

Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачилан боловсруулж, өргөн мэдүүлэн дээр дурдсан зөрчлийг арилгана." гэжээ.

Гурав. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1а/3026 дугаарт албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол нь "нийтэд аюултай онцлог халдварт өвчин" биш юм. Иймд "Хувь хүний нууцын тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тухайн заалт нь найруулгын алдаа гарснаас хувь хүний нууц алдагдахад хүрэх тул найруулан өөрчлөх саналтай байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-д заасны дагуу "Гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэрт гарсан ноцтой байдалд үнэлгээ дүгнэлт өгч, ер бусын, гэнэтийн, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болох доорх өвчнүүдийг мэдээлэх ёстой. Үүнд:

- Цагаан цэцэг;

- Зэрлэг полио вирусээр үүсгэгдсэн полимелит;

- Шинэ дэд төрлөөр үүссэн хүний томуу;

- Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS);

- Булчин задрах тахал;

- Уушгины тахал (тарваган тахлын уушгины хэлбэр);

- Шар чичрэг;

- Вируст цусархаг чичрэгүүд (эбола, ласса, марбургийн чичрэг, өрнөд Нилийн

чичрэг)

- Үндэсний ба бүсийн онцгой асуудал болох бусад өвчнүүд /дөнгө чичрэг, Рифтийн хөндийн чичрэг, менингоккт халдвар ... гэх мэт/." гэжээ.

Дөрөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Су Нюунт 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн албан бичигтээ:

"... Өнөөгийн үед хүний дархлал хомсдолын вирусын халдвар нь архаг бөгөөд төгс бус ч эмчлэгдэх боломжтой эмгэг байдал байдаг тул түүнийг нийтэд аюултай өвчнүүдтэй ижилтгэн ангилах нь зохисгүй болсон.

Иймд хүний дархлал хомсдолын вирусын халдварыг Олон Улсын Эрүүл мэндийн дүрэмд (2005) нийгмийн эрүүл мэндэд ноцтой хөнөөл учруулах болон олон улсын хэмжээнд хурдан тархах боломжтой өвчний жагсаалтад оруулаагүй болно. Харин энэ жагсаалтад дараах өвчин орсон. Үүнд:

- Цэцэг өвчин;

- Саа өвчин;

- Шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн цартахал;

- Амьсгалын цочмог халтай хам шинж;

- Булчин задрах тахал;

- Уушгины хэлбэрийн тарваган тахал;

- Чичрэг өвчин;

- Вирусын цусархаг чичрэг өвчин /эбола, ласса, марбург/;

- Баруун Нилийн чичрэг өвчин;

- Бусад өвчин /денгийн чичрэг, менингитийн халдвар/." гэжээ.

Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэнээс ирүүлсэн мэдээлэл, маргаантай холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг талаар та бүхэнд танилцуулхад ийм байна." гэсэн байна.

Тав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2014 оны 9 дугаар сарын 10-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 05 дугаар дүгнэлт гаргасан болно.

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

"1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад иргэний хувийн ба гэр бүл, нууцыг хуулиар хамгаална гэж, мөн зүйлийн 17/ дахь заалтад хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж нэмэлт оруулсан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болох нь тогтоогдсон хүний хувийн нууцад халдах боломжийг бүрдүүлж, улмаар тухай хүний нэр төр, алдар хүндэд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэхээр байна.

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ дахь заалтын агуулгад үл нийцсэн, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна.

2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна." гэжээ.

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

1. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын "... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;", мөн зүйлийн 17/ дахь заалтын "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэжээ.

Зургаа.Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2014 оны 10 дүгээр сарын 9-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 56 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

"1. "Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын "... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;", мөн зүйлийн 17/ дахь заалтын "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн байна." гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй." гэсэн байна.

Долоо.Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 168 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт ёсоор "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөр" өвчилсөн талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан явдал өөрөө тодорхойгүй зохицуулалт билээ. Учир нь эрүүл мэндийн салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид "халдварт өвчин" нэр томъёо байгаа боловч "нийтэд аюултай халдварт өвчин" гэсэн ойлголт байхгүй юм. Түүнчлэн "халдварт өвчин"-д улмаар нийтэд аюултай халдварт өвчлөлд ямар ямар өвчин эмгэг хамаарах нь зохицуулагдаагүй байна. Энэ байдлыг мэдээлэл гаргагч иргэн ч анхаарсан нь зөв зүйтэй болжээ.

Харин хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон эрх зүйн нарийвчлал бүхий харилцааг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулиар дараах байдлаар зохицуулжээ:

Тухайлбал, 11.3-т "Байгууллага, албан тушаалтан, иргэн нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно" мөн 11.4-т "Энэ хуулийн 11.3-т заасан мэдээлэлд хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, ажлын, сургуулийн болон байнга оршин суугаа газрын хаяг, онцлог тэмдэг, гэрэл зураг, утасны дугаар, шинжилгээний хариу хамаарна" гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтаар хувь хүний эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл нууц байхыг хуульчилсан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар мэдээлэл гаргагч иргэнээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн агуулгыг ерөнхийд нь дэмжиж байгаа боловч мэдээлэлд дурдагдсан нь биш харин Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн суурь зохицуулалт болсон 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад" өвчнөөр өвчилсөн талаарх мэдээлэл хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгох нөхцлийг хэвээр үлдээх гэж байгаа нөхцлийг хадгалж байгааг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс анхааран үзэж шийдвэрлэхийг хүсч байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй байх агуулгатай нэмэлт оруулсан нь дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолын өвчтэй хүний нэр төр, алдар хүндэд халдах, нийгмээс тусгаарлах, улмаар тухайн халдвар тээгч шинжилгээ, эмчилгээнд хамрагдахаас зугтаах, өвчнөө нуун далдлах үр дагаврыг бий болгож болзошгүй зохицуулалт болжээ.

2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын "... Иргэний хувийн ... нууц, ... -ыг хуулиар хамгаална", мөн зүйлийн 17/ дахь заалтын "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэснийг тус тус зөрчсөн байна гэж хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон:

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

1. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин" гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын "... Иргэний хувийн ... нууц, ... -ыг хуулиар хамгаална", мөн зүйлийн 17/ дахь заалтын "... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн "Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай" 56 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Н.ЖАНЦАН

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

 

 

2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                                                                                                                                            Улаанбаатар хот

 

Дугаар 02

 

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт

Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг Зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн

 шийдвэрлэсэн тухай 

 

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 11:50 цаг

 

        Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

         Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн Б.Мэргэн, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар оролцлоо. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ...-ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” 56 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

         Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

                    

         “Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн хэсэг нэмсэн. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно” гээд 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад “эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг” гэж заасан. Хуулийн дурдсан хэсэг, заалтаас харахад хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан байна. Ингэснээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... ялгаварлан гадуурхаж үл болно”, Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

         ... Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон хэрэглэгчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох, хэрэгжүүлэх зарчим юм. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг үндэс, угсаа,  хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлөх хууль гаргаж болохгүй гэсэн үг. Гэтэл Хувь хүний нууцын тухай хуулиар “Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол” өвчинтэй хүний мэдээллийг онцгойлон нууцаас хассан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. ...

        

         ... Иргэний хувийн нууц гэдэгт тухайн этгээд өөрийн нэр төр, алдар хүндэд харшилна гэж үзэж бусдад мэдэгдэхээс нууцалж явдаг бие, эрхтний гажиг согогоос эхлээд нэр төртэй нь холбоотой бүхий л зүйл хамаарах бөгөөд эрх зүйн онолд нэр төр гэдгийг тухайн хүн өөрөө өөрийгөө болон бусад этгээдээр хэрхэн үнэлүүлэхээ шийдвэрлэх эрх гэж үздэг. Үндсэн хуульд энэ эрхийг нь баталгаажуулж иргэний хувийн нууцыг хуулиар хамгаалах заалт тусгасан.

 

Энд нийтийн ашиг сонирхол, бусдын эрхийг хамгаалах зорилгоор хүний эрхийг зүй ёсоор хязгаарлах тухай яригдаж болох юм. Хэдийгээр үндсэн хуульт ёсны үзэл баримтлалаар ардчиллын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч хууль батлах замаар иргэний үндсэн эрхийг хөндөж болох ч үүнд зайлшгүй баримтлах ёстой зарчим бол хязгаарлалт нь үндсэн эрхийг хэдий чинээ хөндөхөөр байна төдий чинээ хуулиар тогтоосон эрх зүйн үндэслэлүүд нь “тодорхой байх ёстой” гэсэн эрх зүйт ёсны шаардлага хангагдаж байх учиртай. Хувь хүний нууцын тухай болон бусад хуульд нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин гэдэгт ямар өвчнүүдийг хамааруулах, хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол энэ ангилалд ямар учраас багтаж байгаа тухай нэр томъёоны хийгээд бусад тайлбар, тодорхойлолт байхгүй атлаа нийтэд аюултай гэсэн тодорхойгүй шалтгаанаар хувь хүний нууцаас хассан байна.

 

Төрөөс хүний эрхийг хангахад зориулан бүрдүүлэх баталгаа нь эдийн засгийн, нийгмийн, хууль зүйн болон бусад хэлбэрийн арга хэмжээнүүдэд илрэх ёстой. ...

 

Орчин үеийн үндсэн хуульт ёсны онолоор үндсэн эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлага гэдэгт нийтээр хүлээн зөвшөөрсөн төрийн эрхэм зорилго, тухайлбал, нийгмийн дэг журмыг сахин хамгаалах, нийт иргэдийн сайн сайхан байдлыг хангах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зэргийг ойлгох хандлага түгээмэл байна. Энд мөн л хүний эрхийг хязгаарлах болсон үндэслэл нь тодорхой байх гэсэн зарчим яригдах бөгөөд хууль тогтоогчийн зүгээс хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол өвчин нь “нийтэд онцгой аюултай халдварт өвчин” учраас тухайн иргэний эрхийг хязгаарлах нь зүйтэй гэсэн бололтой.

        Хувь хүний нууцын тухай хуульд “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хуулийг шинэчлэн найруулсантай холбоотойгоор дагаж өөрчлөгдөх хуулийн хүрээнд нэмэлт оруулсан бөгөөд ингэхдээ үндэслэл болсон хуулийнхаа эсрэг үзэл баримтлал бүхий хэсэг нэмсэн нь хүний эрхийг хязгаарлах болсон зайлшгүй шаардлагыг тодорхой бус харин ч бүрхэгдүүлж байна. Энэ нь “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг болон холбогдох бусад заалтуудад байгууллага, албан тушаалтан, иргэнд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байхыг үүрэг болгосон байгаагаас харагдана.

 

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох хэсэг, заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

 

         Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 72 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... Монгол Улс хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалт харьцангуй бага орнуудын тоонд багтаж байгаа хэдий ч хүний дархлал хомсдолын вирусын халдвар тархах нөхцөл байдал, эрсдэл түгээмэл бөгөөд сүүлийн жилүүдэд халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах, нийтийн дэмжлэгт орчинг бүрдүүлэх уриалга болон хүний эрхийн олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг харгалзан үзэж эрх зүйн орчноо боловсронгуй болгосон.

 

Тухайлбал, Улсын Их Хурлаас хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталжээ. Түүнчлэн дээр дурдсан хуультай нийцүүлэн хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж байхаар заасан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн зарим зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт болгон оруулсан.

 

Үүний дотор “Хувь хүний нууцын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэсэн зохицуулалт болно.

 

1.Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтын тухайд: Үндсэн хуулийн “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна” гэдэг нь хууль тогтоох болон гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтанд хамааралтай заалт бөгөөд хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон зохицуулалт нь хүн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхын илэрхийлэл буюу нийтлэг шинж чанарыг агуулж байна. Иймд мэдээлэл гаргагчийн бичиж байгаачлан хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдол өвчтэй хүний талаарх мэдээллийг онцгойлон нууцаас хасч эрхийг нь зөрчсөн гэж үзэхгүй байгаа болно.

 

         2.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ болон 17/ дахь заалтын тухайд: Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд тус тус заасанчлан “хэний ч хувийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох ёсгүй. Ийнхүү оролцох гэвэл хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хувь хүний нууц бол хүний халдашгүй эрх мөн бөгөөд энэ эрх нь зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 21.4-т заасан ёсоор хуульчилж тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.

 

         Түүнчлэн хувь хүний нууцыг задруулсан бол холбогдох хуулийн дагуу захиргааны улмаар Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэдэг. Энэхүү эрх зүйн механизм нь Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох билээ.

 

         Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин” гэдэгт ямар өвчин хамаарч байгаа, тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол багтаж буй эсэх нь тодорхойгүй” гэжээ. Нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчний жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоодог бөгөөд тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол хамаарахгүй. Харин Монгол Улсын хууль тогтоомжид энэ зохицуулалт тодорхой тусгагдаагүй билээ.

 

         1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хувь хүний нууц хэмээн ойлгоно.

 

         Түүнчлэн “хувь хүний эрүүл мэндийн нууц” нь зөвхөн дээр дурдсан хуулийн зохицуулах зүйл биш билээ. Учир нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалсан бөгөөд түүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон заалтыг илүү нарийвчилсан зохицуулалттай хууль буюу “Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай” шинэчлэн найруулсан хуульд тусгажээ.

        

3.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд:    

Хүний эрх, эрх чөлөө нь бүх хүнд адил заяасан төрөлх шинжтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын анхдагч үүрэг болдог байна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах төрийн бүтэц болох хүний эрхийн хэрэгжилтийг хянах бие даасан механизм буюу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бие даасан хараат бус захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж хүний эрхийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлж байна.   

        

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

 

         Харин Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд итгэмжилсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаан дээр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд оруулсан дээрх нэмэлт нь Үндсэн хуулийн зүйл, заалтын шууд зөрчлийг агуулсан гэж үзэхэд хүндрэлтэй боловч хууль хоорондын зөрчил оршиж байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт,  Р.Гончигдорж нар тус тус санал гаргаж байв.

 

Иймд Улсын Их Хурлын гишүүн миний бие Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл санаачилан боловсруулж, өргөн мэдүүлэн дээр дурдсан зөрчлийг арилгана.” гэжээ.

 

Гурав. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 1а/3026 дугаарт албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол нь “нийтэд аюултай онцлог халдварт өвчин” биш юм. Иймд “Хувь хүний нууцын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн тухайн заалт нь найруулгын алдаа гарснаас хувь хүний нууц алдагдахад хүрэх тул найруулан өөрчлөх саналтай байна.

 

Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-д заасны дагуу “Гишүүн улс бүр өөрийн нутаг дэвсгэрт гарсан ноцтой байдалд үнэлгээ дүгнэлт өгч, ер бусын, гэнэтийн, хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж болох доорх өвчнүүдийг мэдээлэх ёстой. Үүнд:

-      Цагаан цэцэг;

-      Зэрлэг полио вирусээр үүсгэгдсэн полимелит;

-      Шинэ дэд төрлөөр үүссэн хүний томуу;

-      Амьсгалын цочмог халтай хам шинж (SARS);

-      Булчин задрах тахал;

-      Уушгины тахал (тарваган тахлын уушгины хэлбэр);

-      Шар чичрэг;

-      Вируст цусархаг чичрэгүүд (эбола, ласса, марбургийн чичрэг, өрнөд Нилийн

чичрэг)

-      Үндэсний ба бүсийн онцгой асуудал болох бусад өвчнүүд /дөнгө чичрэг, Рифтийн хөндийн чичрэг, менингоккт халдвар ... гэх мэт/.” гэжээ.

 

Дөрөв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Су Нюунт 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн албан бичигтээ:

 

“... Өнөөгийн үед хүний дархлал хомсдолын вирусын халдвар нь архаг бөгөөд төгс бус ч эмчлэгдэх боломжтой эмгэг байдал байдаг тул түүнийг нийтэд аюултай өвчнүүдтэй ижилтгэн ангилах нь зохисгүй болсон.

 

Иймд хүний дархлал хомсдолын вирусын халдварыг Олон Улсын Эрүүл мэндийн дүрэмд (2005) нийгмийн эрүүл мэндэд ноцтой хөнөөл учруулах болон олон улсын хэмжээнд хурдан тархах боломжтой өвчний жагсаалтад оруулаагүй болно. Харин энэ жагсаалтад дараах өвчин орсон. Үүнд:

-   Цэцэг өвчин;

-   Саа өвчин;

-   Шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн цартахал;

-   Амьсгалын цочмог халтай хам шинж;

-   Булчин задрах тахал;

-   Уушгины хэлбэрийн тарваган тахал;

-   Чичрэг өвчин;

-   Вирусын цусархаг чичрэг өвчин /эбола, ласса, марбург/;

-   Баруун Нилийн чичрэг өвчин;

-   Бусад өвчин /денгийн чичрэг, менингитийн халдвар/.” гэжээ. 

 

         Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэнээс ирүүлсэн мэдээлэл, маргаантай холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг талаар та бүхэнд танилцуулхад ийм байна.” гэсэн байна.

 

Тав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2014 оны 9 дугаар сарын 10-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 05 дугаар дүгнэлт гаргасан болно.

 

Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

 

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтад иргэний хувийн ба гэр бүл, нууцыг хуулиар хамгаална гэж, мөн зүйлийн  17/ дахь заалтад хүний эрх, нэр төр, алдар хүндийг хангах зорилгоор задруулж үл болох хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаалахаар заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж нэмэлт оруулсан нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болох нь тогтоогдсон хүний хувийн нууцад халдах боломжийг бүрдүүлж, улмаар тухай хүний нэр төр, алдар хүндэд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгэхээр байна.

 

Иймд Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн дээрх заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/,17/ дахь заалтын агуулгад үл нийцсэн, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улмаар Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна.

 

2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэжээ.

Дүгнэлтийн тогтоох хэсэгт:

1. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

            2. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэжээ.

 

Зургаа.Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг 2014 оны 10 дүгээр сарын 9-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 56 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

 

            “1. “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, ... -ыг хуулиар хамгаална;”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна.

 

Долоо.Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 168 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт ёсоор “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөр” өвчилсөн талаарх мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан явдал өөрөө тодорхойгүй зохицуулалт билээ. Учир нь эрүүл мэндийн салбарын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид “халдварт өвчин” нэр томъёо байгаа боловч “нийтэд аюултай халдварт өвчин” гэсэн ойлголт байхгүй юм. Түүнчлэн “халдварт өвчин”-д улмаар нийтэд аюултай халдварт өвчлөлд ямар ямар өвчин эмгэг хамаарах нь зохицуулагдаагүй байна. Энэ байдлыг мэдээлэл гаргагч иргэн ч анхаарсан нь зөв зүйтэй болжээ.

 

Харин хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон эрх зүйн нарийвчлал бүхий харилцааг хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулиар дараах байдлаар зохицуулжээ:

 

Тухайлбал, 11.3-т “Байгууллага, албан тушаалтан, иргэн нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно” мөн 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан мэдээлэлд хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, ажлын, сургуулийн болон байнга оршин суугаа газрын хаяг, онцлог тэмдэг, гэрэл зураг, утасны дугаар, шинжилгээний хариу хамаарна” гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтаар хувь хүний эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэл нууц байхыг хуульчилсан.

 

         Итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар мэдээлэл гаргагч иргэнээс Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн агуулгыг ерөнхийд нь дэмжиж байгаа боловч мэдээлэлд дурдагдсан нь биш харин Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн суурь зохицуулалт болсон 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад” өвчнөөр өвчилсөн талаарх мэдээлэл хувь хүний нууцад хамаарахгүй байхаар заасан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгох нөхцлийг хэвээр үлдээх гэж байгаа нөхцлийг хадгалж байгааг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс анхааран үзэж шийдвэрлэхийг хүсч байна.” гэжээ. 

 

         ҮНДЭСЛЭЛ:

 

1.      Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хувь хүний эрүүл мэндийн нууцад хамаарахгүй байх агуулгатай нэмэлт оруулсан нь дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолын өвчтэй хүний нэр төр, алдар хүндэд халдах, нийгмээс тусгаарлах, улмаар тухайн халдвар тээгч шинжилгээ, эмчилгээнд хамрагдахаас зугтаах, өвчнөө нуун далдлах үр дагаврыг бий болгож болзошгүй зохицуулалт болжээ.

 

2.      Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ... нууц, ... -ыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байна гэж хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

         Монгол Улсын  Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон:

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

 

1.      Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13/ дахь заалтын “... Иргэний хувийн ... нууц, ... -ыг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 17/ дахь заалтын “... Хүний эрх, нэр төр, алдар хүнд, ...-г хангах зорилгоор задруулж үл болох ... хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2.      Монгол Улсын Их Хурлын 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай” 56 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

3.      Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

        

                        ДАРГАЛАГЧ                                                              Ж.АМАРСАНАА     

 

                        ГИШҮҮД                                                                    П.ОЧИРБАТ

                                                                                                          Н.ЖАНЦАН

                                                                                                          Т.ЛХАГВАА

                                                                                                          Ш.ЦОГТОО

                                                                                                          Д.НАРАНЧИМЭГ

                                                                                                          Д.СОЛОНГО

                                                                                                          Д.ГАНЗОРИГ