A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 387

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ТАЛААР

АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2016-7-27-ны өдрийн 4-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3, 9.1, "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 70 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг 1 дүгээр хавсралт ёсоор зохион байгуулан ажиллуулсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газрыг татан буулгасугай.

3. Татан буугдаж байгаа Цөмийн энергийн газрын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын агентлаг, байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд тус тус даалгасугай.

4. Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаарыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай./Энэ тогтоолын 2-р хавсралтад ЗГ-ын 2015-4-13-ны өдрийн 144-р тогтоолоор өөрчлөлт орсон/ /Энэ заалтыг ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

5. Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загварыг 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.

6. Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай:

6.1. хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-гаас цөөн ажилтантай бол дэд буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах;

6.2. Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, газар, хэлтэс орлогч даргагүй, нэгжийн орон тоог 7-гоос доошгүй байх чиглэл баримтлах;

6.3. Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байх;

6.4. Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, албан хаагчийн болон тухайн агентлагийн харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж, тухайн агентлагийн чиглэлээр төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардалгүй байх;

6.5. Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд заагаагүй албан тушаалтан албан ажлын автомашин хэрэглэхгүй байх.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоол, "Орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр тогтоол, "Засгийн газрын агентлагийн орон тоо батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр 22-ны өдрийн 43 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 4 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 369 дүгээр тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 405 дугаар тогтоол, "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 5 дугаар зүйл, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

8. "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд "-Монгол Улсын сайдын ажлын алба" гэж нэмсүгэй.