A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 15.6 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ
Бүлэг: 1979
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН 15 ДУГААР ЗҮЙЛИЙН 15.6 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2011 оны 6 дугаар сар 15-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Д.Наранчимэг, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын дээд шүүхийн төлөөлөгч Иргэний хэргийн танхимын тэргүүн Ц.Амарсайхан болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Су.Батболд, Д.Дондог нар оролцов.
Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэж заасны “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2011 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 44 дүгээр захирамжаар томилогдсон Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/1147 дугаар албан бичгээр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан хүсэлтдээ:
“... Монгол Ардын нам иргэн С.Молор-Эрдэнэд холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ МАХН-ын түр штаб нэрийн дор МАХН-ын нэр, бэлэгдэл, далбааг ашиглаж буй хууль бус үйлдлийг таслан зогсоох, цаашид МАХН-ын нэр, бэлэгдэл, далбааг ашиглахгүй байхыг үүрэг болгох, хуульд заасан хариуцлага ногдуулах, МАХН-ын түр штаб гэгчийн хэрэглэж байгаа Монгол Ардын Хувьсгалт нам /МАХН/ гэсэн үг орсон хаяг, намын бэлгэ тэмдэг, туг далбааг хураан авах гэсэн шаардлагуудыг тавихдаа Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг үндэслэл болгожээ.
Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1697 дугаар захирамжаар тухайн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн "Нам энэ хуульд заасны дагуу ... нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ..." гэсэн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2., Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу Улсын дээд шүүхэд гаргажээ.
Улсын дээд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3., Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.-т зааснаар уг саналыг нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцээд үндэслэлтэй гэж үзэж, 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтсон юм.
Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн намын нэртэй холбоотой зохицуулалт утга, агуулгаараа Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай тогтоолоор хүчингүй болсон Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн зохицуулалттай ижил байгаа нь тухайн эрх зүйн хэм хэмжээний бүтцээс харагдаж байна. Нийгмийн харилцааг зохицуулагч хэрэгслийн хувьд эрх зүйн хэм хэмжээ бүр агуулгынхаа илрэл болсон дотоод бүтэцтэй байдаг ба Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсэг болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн бүтцийг авч үзвэл агуулгын хувьд ижил шинжтэй байгааг тодорхойлох боломжтой юм. ...
... Хуулийн дээрх хоёр заалт хоёулаа хориглосон агуулгатай тул тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хариуцлага, эрхийн хязгаарлалтын үр дагавар адил үүсэх нь тодорхой.
Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаартай тогтоолд "Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглосон хязгаарлалт хийсэн нь иргэдийн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдсан шинжийг агуулжээ. Намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл дээрх хуулиар тогтоосон хугацаа нь "аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой" гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна" гэж дүгнэжээ.
Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсэгт нам зөвхөн нэгдэх замаар бус харин нийлэх замаар ч өөрчлөн байгуулагдсан тохиолдлыг багтаасан төдийгүй зөвхөн шинээр байгуулагдсан болон бусад өөр намд бус харин тухайн намын гишүүд, гишүүн бус бусад бүх иргэд, аливаа хуулийн этгээдэд хориглосон хэм хэмжээг хамааруулснаас гадна тухайн хориг хугацаагүйгээр үйлчлэх агуулгатай байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З-т зааснаас илүү өргөн хүрээгээр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг эөрчсөн гэж үзэхээр байна.
а/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт намыг өөрчлөн байгуулах хэлбэрүүдээс зөвхөн нэгдэх замаар өөрчлөн байгуулах хэлбэрийг тухайн хэм хэмжээний хэрэгжих нөхцөлд заасан бол хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.-д "энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан" гэж заасныг энэ зүйлийн 15.1.-д "намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болно" гэж зааснаар нийлүүлэх, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан гэж ойлгох үндэслэлтэй. Мөн зүйлийн 15.4.-т "нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болох бөгөөд нийлсэн намуудын нэртэй холбогдсон харилцааг энэ хуулийн 6.3-т зааснаар зохицуулна" гэж заасан хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэдий ч хуулийн хүчингүй болсон заалтыг иш татсан уг зохицуулалтыг шүүхүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлээгүй болно. Гагцхүү нийлүүлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэхдээ нэртэй холбогдсон харилцааг хүчингүй болсон 6.3-т зааснаар бус харин хүчинтэй байгаа 15 дугаар зүйлийн 15.6-д зааснаар зохицуулах болно. Энэ тохиолдолд нийлүүлэх, нэгдэх аль ч замаар өөрчлөн байгуулагдсан намын нэрийг шинээр байгуулагдсан нам, эсхүл өөр нам хэзээ ч хэрэглэж болохгүй болно.
Улс төрийн намын тухай хууль 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр батлагдаж байх үед хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 15 дугаар зүйлийн 15.4., 15.6. гэсэн зүйл, заалтууд бүгд энэ хуулийн бүтцэд багтаж байсан ба тэдгээрийн зохицуулалт хоорондоо логик холбоотой, харилцан уялдаатай байсан нь харагдаж байна. Тийм ч учраас 6 дугаар зүйлийн 6.3-т тусгагдаагүй нийлүүлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намын нэрийн асуудлыг 15 дугаар зүйлийн 15.4-т, намын нэрээс бусад асуудал буюу эд хөрөнгө, тамга, тэмдэг, гишүүнчлэл, бэлэгдэл, туг, далбаа зэргийг объектын хувьд, намаас бусад хуулийн этгээд болон иргэдийг субъектийн хувьд 15.6-д тус тус багтаан зохицуулсан болов уу.
Нэгэнт хуульд заасан арга хэлбэрээр үгүй болсон намын нэрийг өөр нам хэрэглэхийг тодорхой хугацаагаар хязгаарласан зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болсон тохиолдолд дээрх зохицуулалттай адил утга агуулгатай бусад зохицуулалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудал тавигдах нь гарцаагүй юм.
б/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3-т заасан хэм хэмжээнд хамаарах субъект нь шинээр байгуулагдсан болон өөр бусад нам байна. Харин 15 дугаар зүйлийн 15.6-д заасан хэм хэмжээгээр зохицуулагдах харилцааны субъект бол өөрчлөн байгуулагдсан, эсхүл нэрээ өөрчилсөн намын гишүүн, аливаа бусад иргэд болон хуулийн этгээд юм. Хэдийгээр хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зөвхөн намыг тухайн зохицуулалтад хамааруулсан боловч нам гэдэг нь хуулийн этгээд мөн болохыг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүйгээс гадна Улс төрийн намын тухай хууль нь хуулийн этгээд дотроос зөвхөн улс төрийн намтай холбоотой харилцааг зохицуулдаг учир субъектийн хувьд тусгайлсан зохицуулалттай байсан зүйл, заалт хүчингүй болсноор нийтлэг агуулгаар бүх хуулийн этгээдэд хамаарах ерөнхий зохицуулалт үйлчлэх үндэслэлтэй болж, шинээр байгуулагдсан болон өөр бусад нам өөрчлөн байгуулагдсан, эсхүл нэрээ өөрчилсөн намын нэрийг 24 жил байтугай хэзээ ч хэрэглэж болохгүй гэсэн агуулгаар хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан намын нэртэй холбоотой хэсгийг ойлгох эрх зүйн үндэслэл гарч байна.
Түүнчлэн хуулийн дээрх хориглосон заалт зөвхөн хуулийн этгээдэд бус харин тухайн намын гишүүд болон аливаа бусад иргэдэд хамааралтай болсноор хэм хэмжээний үйлчлэлийн хүрээ илүү өргөн болжээ.
Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаар тогтоолын үндэслэлийг хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д хамааруулан ойлгох нь буруу биш гэж үзэж байна.
в/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3.-т хориглосон хэм хэмжээний хугацааг 24 жилээр тодорхойлсныг Үндсэн хуулийн цэц 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаар тогтоолдоо буруу гэж үзэж байсан бол хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д хязгаарлалтын хугацааг огт заагаагүй байгаа нь "аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой" гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байна.
г/ Хуулийн хүчингүй болсон 6 дугаар зүйлийн 6.3-т хуульд заасан арга хэлбэрээр үгүй болсон намын нэрийг өөр нам дахин хэрэглэхийг хориглосон бол хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хоригложээ.
Хуулийн этгээдийн нэр бол өмчлөх эрхийн объект болох үндэслэлгүй тул "аливаа хэлбэрээр өмчлөх" гэдэг хязгаарлалт нэртэй холбоотой харилцаанд хамааралгүй, харин "үргэлжлүүлэн хэрэглэх" гэсэн хэсэг хамааралтай гэж үзэхээр байна.
Өөрчлөн байгуулагдсан, эсхүл нэрээ өөрчилсөн намаас өөр хуулийн этгээд тухайн намын нэрийг хэрэглэх болбол уг нэрийг ямар шалтгаанаар /үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, сэргээх, шинэчлэх г. м/ авах болсноос үл хамааран түүнийг дахин хэрэглэх асуудал тавигдана. Учир нь, нам өөрчлөн байгуулагдснаар өөр нэртэй болсноо, эсхүл нэрээ өөрчилснөө улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ нэрийн дор үйл ажиллагаагаа явуулах хууль зүйн үндэслэлтэй болно. Улсын бүртгэлээс дээрх шалтгаанаар байхгүй болсон нэрийг өөр хуулийн этгээд буюу нам авах тохиолдолд нэрийг дахин хэрэглэх асуудал тавигдах нь ойлгомжтой.
Иймд намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх", "дахин хэрэглэх" гэсэн томьёолол ижил утгатай гэж үзэхээр байна.
Улсын дээд шүүх нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэх байгууллага юм. МАХН нэрээр улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын дээд шүүх 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан намыг бүртгэхээс татгалзах үндэслэлүүд байгаа эсэхийг шалгах үүрэгтэй байдаг бөгөөд тэдгээрийн дотор энэ зүйлийн 10.1.6.-д заасан тухайн намыг бүртгэхэд харшлах "хуульд заасан бусад үндэслэл" байгаа эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай юм.
Нам нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглосон Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6. дахь хэсгийн зохицуулалт МАХН нэрээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн улс төрийн намын бүртгэлийн асуудлыг шийдвэрлэхэд шууд хамааралтай байх тул Улс төрийн намын тухай хуулийн дээрх зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх хүртэл МАХН-ыг улсын бүртгэлд бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах аль нэг шийдвэрийг шүүх гаргах боломжгүй гэж үзэж, бүртгэлийн ажиллагааг Үндсэн хуулийн цэцээр асуудал шийдвэрлэгдтэл түдгэлзүүлсэн болохыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт болгох нь:
Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэж заасны "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно" гэсэн хэсэг "нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх" иргэдийн эрхийг тодорхойлсон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын дэд даргын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Д.Дондог нарын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“... Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч бид дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг. ... “улс төрийн нам” гэсэн субьектийн эрх зүйн байдлыг хууль тогтоомжийн дагуу хэрхэн тодорхойлох боломжтойг авч үзэх нь зүйтэй билээ. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ хэмээн хуульчилсан. Улмаар хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болох, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоож байхаар заажээ. Тухайлбал, Компанийн тухай хуулиар хуулийн этгээд болох компани оноосон нэртэй байх, ийнхүү нэр нь бусад компани, аж ахуйн нэгжийн оноосон нэртэй давхардаагүй байх, уг нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр энэхүү оноосон нэрээ хэрэглэх онцгой эрх авахаар хуульчилсан байна.
Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Нам нь Монгол Улсын Yндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн гэж тодорхойлсон байна.
Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд нам нь улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн зохион байгуулалтын нэгдэл-хуулийн этгээд болж буй учир аливаа хуулийн этгээдийн адил өөрийн зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан нэртэй байна.
Намууд өөрийн нэрээрээ уламжлан намаа үүсгэн байгуулсан мөн чанар, зарчим, зорилго, зорилтыг сонгогч нарт болон гишүүддээ зөв ойлголт өгөх, тодорхой хүргэхийг зорилгоо болгодог. Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасанчлан “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч эрхийн хязгаарлалтыг хуулийн хэм хэмжээгээр тогтоож өгсөн болно.
Иймд Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь заалт нь нэгэн адил хуульчлан тогтоосон эрх зүйн хязгаарлалтын хэм хэмжээ болно.
Түүнчлэн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлэхээр хуульчилсан юм. Улмаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлыг холбогдох хуулиар зохицуулж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд /хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, үүсгэн байгуулагч, үүсгэн байгуулах баримт бичиг зэрэгт/ өөрчлөлт оруулах тохиолдолд өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээлэл хэвээр хадгалагдаж байхаар заажээ. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдөх явдал нь тухайн хуулийн этгээдийн төрөл, хэлбэр, зорилго, чиг үүрэг хэвээр хадгалагдан, оршин тогтносон хэвээр байгаа болно. Өөрөөр хэлбэл улс төрийн нам нэрээ өөрчилсөн /улсын бүртгэлийн жагсаалтаас хасагдаагүй/ тохиолдолд түүний нэрийг бусад аливаа этгээд үргэлжлүүлэн хэрэглэх үндэслэлгүй юм.
Хоёр. Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 22 дугаар зүйлд “1. Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх ... эрхтэй. 2. Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуульд зааснаас өөр хязгаарлалт хийж болохгүй.” талаар заажээ.
Дэлхийн бусад оронд үүний дотор тухайлбал, Франц Улсын Үндсэн хуульд улс төрийн нам байгуулах эрх чөлөөг нь тунхаглахын зэрэгцээ түүнийг үүсгэн байгуулах хүрээ, чиг үүргийг тодорхойлон заадаг байна. Францын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Улс төрийн нам, бүлэглэл нь үндэсний бүрэн эрхт байдал болон ардчиллын зарчмыг сахин биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан байна.
Үндсэн хуулийн эрх зүйн зарчим ёсоор эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх нь өөрийн гэсэн хязгаартай байдагт оршино. Улс төрийн эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг эрх, эрх чөлөөний ерөнхий хязгаарлалтын хүрээнд л байх боломжтой гэж үздэг байна. Төр, нийгэм нь хэвийн оршиж буй нөхцөлд зарим эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг зөвхөн хуулиар, эсхүл хуулийн үндсэн дээр үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахих, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тогтоож болно.
Түүнчлэн зарим орны Үндсэн хуулийн онцлог бол тодорхой нэг улс төрийн эрх, эрх чөлөөг урвуулан ашиглах явдалд “хаалт” хийсэн зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг юм. Тухайлбал Германы Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд ноцтойгоор урвуулан ашиглах тохиолдол буй болбол зарим эрхийг хязгаарлах боломжийг хуульчилсан байна. “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг үүний дотор хэвлэлийн эрх чөлөө, хуран цуглах эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг ардчилсан байгууламжийн эсрэг ашиглаж байгаа аливаа этгээд эдгээр үндсэн эрхээ алдах болно.” гэж заасан байна.
Улс төрийн намын тухай хуулийн 15.6-гийн заалт ч гэсэн Иргэний хуулийн болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцийн холбогдох заалттай бүрнээ нийцсэн бөгөөд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл үгүй болно.
Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд мэдүүлсэн хүсэлтэд Улс төрийн намын тухай хуулийн 15.6-гийн холбогдох заалтын зохицуулалт утга агуулгаараа Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн агуулгатай ижил шинжтэй байгаа тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг илүү өргөн хүрээгээр зөрчсөн гэж үзэх талаар дурджээ.
Намыг энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулсан тухайлбал: хоёр буюу түүнээс дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлсэн, нэг намын үйл ажиллагааг зогсоож өөр намтай нэгтгэсэн тохиолдолд намын үйл ажиллагаа дуусгавар болж, эрх залгамжлалын асуудлыг Улс төрийн намын тухай хуулийн 15.3, 15.4, 15.5 дахь заалтуудаар зохицуулсан. Энэ зохицуулалтыг хуулийн 15.6 дахь хэсгийн заалтаар улам тодруулж өгсөн. Тухайлбал, нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх замаар/ бол түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, бэлэгдэл, далбааг бусад этгээд өмчлөх, аливаа хэлбэрээр ашиглан хэрэглэхгүй байхаар зохицуулжээ. Мөн хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах арга замд тухайн этгээд нэрээ өөрчлөх тохиолдол хамаарахгүй юм. Үүнийг ч баталгаажуулж Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д заасан заалтын нам нэрээ өөрчилсөн тохиолдол нь хуулийн этгээдийн эрх залгамжлалын асуудал яригдахгүй гэдгийг тодруулж өгсөн зохицуулалт болжээ.
Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн заалтыг "намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл дээрхи хуулиар тогтоосон хугацаа нь "аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой" гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэц 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/01 дугаар тогтоолоороо хүчингүй болгосон юм.
Үндсэн хуулийн цэцийн гаргасан ийнхүү үндэслэлээр намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт байж болох юм гэж үзсэн боловч, "24 жилийн турш" гэсэн хугацаа нь хязгаарлалтын хэмжээ хэтрүүлж, Үндсэн хуулийн эрх зүйн зарчимд харшилсан гэжээ.
Үүний үр дүнд хууль тогтоогчоос "ямар хугацаа" тогтоож өгвөл "хязгаарлалтын хэмжээ хэтрээгүйд" тооцох вэ гэсэн асуудал Улс төрийн намын тухай хуулиар нээлттэй үлдэж байгаа болно.
Гурав. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-ийн намын нэртэй холбоотой харилцаанд харин "аливаа хэлбэрээр өмчлөх"-ийг хориглосон хязгаарлалт нь хамааралгүй юм гэсэн Улсын дээд шүүхийн саналтай санал нэг байгаа болно. Гэвч "үргэлжлүүлэн хэрэглэх"-ийг хориглосон хязгаарлалт намын нэртэй холбоотой харилцаанд хамаарна. Иймд намын нэрийг "дахин хэрэглэх" болон намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх" гэсэн хуулийн нэр томъёоны агуулгын талаар дараахь тайлбар өгч байна.
Улсын дээд шүүхийн хусэлтэд дурдсанаар намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх", "дахин хэрэглэх" гэсэн нэр томъёо ижил утгатай гэж үзсэн байна. Үүнтэй бид санал нийлэхгүй байна. Хэл зүйн шинжлэх ухааны талаас нь авч үзэхэд тухайлбал, "Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар тольд заасанчлан "дахин" гэдэг нь аливаа бүрэн тасалдсан зүйлийг давтан хэрэглэх ойлголт мөн. Харин "үргэлжлүүлэх" гэдэг нь үргэлж юмны хагас, тасралтгүй, залгалдаагаар болох буюу аливаа нэг тасралтгүй үргэлжлэн хэрэгжиж байгааг тайлбарласан байна.
Үндэсний хууль тогтоомжид ийнхүү нэр томъёоны ойлголтыг ялгамжтай агуулгаар тусгаж байдаг болно. Тухайлбал, Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах асуудлыг зохицуулж буй 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж иргэний журмаар нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд нэхэмжлэп гаргахаас өмнө өнгөрсөн, тасалдсанаас хойш тоологдсон бүх хугацааг тооцохгүйгээр тасалдал зогссон үеэс хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолохоор зохицуулсан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн эрх залгамжлал дахь хөөн хэлэлцэх хугацааг зохицуулж буй 81 дүгээр зүйлийн 81.1-ийн нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эээмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орохгүй байдлыг зохицуулсан жишээг дурдаж болно.
Иймд намын нэрийг "үргэлжлүүлэн хэрэглэх" гэдэг нь тухайн намын эрх залгамжлагч субъектийн хувьд, харин "дахин хэрэглэх" гэсэн ойлголт нь нэгэнт хэрэглэж байсан нэрийг хэрэглэхээ зогсоосны дараа аливаа өмчлөгч сэргээн хэрэглэх талаар агуулж байгаа тул энэ хоёр ойлголт ижил утгатай гэж үзэх боломжгүй юм.
Ийнхүү үндэслэлүүдээр Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-ийн "Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй болно.” гэсэн байна.
ҮНДЭСЛЭЛ:
1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж хүчингүй болгосон байна.
Үндсэн хуулийн цэц Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгосон үндэслэлдээ намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл хуулиар тогтоосон дээрх хугацаа нь “аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой” гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, намын нэрийг 24 жилийн турш хэрэглэж болохгүй гэсэн цаг хугацааны хязгаарлалтыг хэт урт байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.
2. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий өргөдөл иргэн Н.Ариунболд, Д.Шонхоо, Х.Владимр, О.Баасанхүү, Ш.Бэлэгдэмбэрэл, Х.Сэлэнгэ, Б.Мөнхөө нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргаж байжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар урьдчилан шалгаж, Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан байна. Уг тогтоолын үндэслэл хэсэгт: “Монгол Улсын Иргэний хуулийн /27 дугаар зүйл/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /16 дугаар зүйл/, Улс төрийн намын тухай хууль /6 дугаар зүйл/-иудад заасны дагуу намын бүтэн болон товчилсон нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхардах, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байх, хүний нэр байхыг хориглодог. Өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн, намын шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүд /мөн бусад иргэн, хуулийн этгээд/ өөрсдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж дахин нам байгуулах эрхтэй бөгөөд дээрх шаардлагуудыг хангасан нэрээр байгуулсан намаа нэрлэх эрхтэй байна” гэж заажээ.
3. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хязгаарлалт тогтоосон нь “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.” байх Үндсэн хуулийн заалтад харшлаагүй байна.
4. Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулиар тогтоосон хязгаарлалтаас бусад тохиолдолд нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн
үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, нам байгуулах нь Улс төрийн намын тухай хуулиар нээлттэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэж заасны “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Д.НАРАНЧИМЭГ
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ