Хэвлэх DOC Татаж авах
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ  /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, түүнчлэн хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж

2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 25.1-д заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдлийг;

3.1.2.“хуулийн этгээдийн нэр” гэж улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулсан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;

3.1.3.“хуулийн этгээдийн улсын бүртгэл” /цаашид “улсын бүртгэл” гэх/ гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.4-т заасныг;

3.1.4.“хуулийн этгээдийн хувийн хэрэг” гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд бичмэл хэлбэрээр байгаа, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээллийн бүрдлийг;

3.1.5.“үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг;

3.1.6.“хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа үүсгэн байгуулах баримт бичиг болон бусад мэдээллийг;

3.1.7.“улсын бүртгэлийн байгууллага” гэж энэ хуульд заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар байгууллагыг;

3.1.8.“улсын бүртгэлийн мэдээллийн сан” гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5.4-т заасан бүртгэлийн бичмэл баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангийн бүрдлийг;

3.1.9.“бүртгэлийн цахим хэлбэр” гэж цахим сүлжээгээр дамжуулан улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудсанд хандаж улсын бүртгэл хийлгэхийг;

3.1.10.“улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, улсын бүртгэлийн мэдээллийн санд байршуулсан, улсын бүртгэлийн байгууллагаас эрх бүхий этгээдэд цахим болон бичгийн хэлбэрээр олгох баримт бичгийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

4.2.Энэ хуулийн зохицуулалтад гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газраас бусад хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хамаарахгүй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл

5.1.Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

5.2.Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно.

5.3.Энэ хуулийн 5.2-т заасныг зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол буруутай этгээд уг гэм хорыг арилгана.

Хэвлэх

6 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйлчилгээ авах хэлбэр

6.1.Улсын бүртгэлийн үйлчилгээг энэ хуульд заасны дагуу цахим, эсхүл бичгийн хэлбэрээр авч болно.

Хэвлэх

7 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хураамж

7.1.Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасан хураамж төлнө.

7.2.Энэ хуулийн 16.1-д заасан өргөдөл гаргагч улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг цахим хэлбэрээр төлж болно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

8 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллага

8.1.Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ:

8.1.1.нөхөрлөл;

8.1.2.компани;

8.1.3.хоршоо;

8.1.4.төрийн бус байгууллага;

8.1.5.төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар;

8.1.6.төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар;

8.1.7.шашны байгууллага;

8.1.8.хэвлэл мэдээллийн байгууллага;

8.1.9.нийтийн эрх зүйн хуулийн этгээд;

8.1.10.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж;

8.1.11.соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллага;

8.1.12.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар.

8.2.Энэ хуулийн 8.1.6-д Засгийн газар хоорондын байгууллага, олон улсын байгууллага болон Засгийн газрын тусгай сан, комисс, хороо, үндэсний зөвлөл хамаарахгүй.

8.3.Улсын дээд шүүх улс төрийн намыг энэ хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэнэ.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн байгууллагын эрх, үүрэг

9.1.Улсын бүртгэлийн байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээлэх;

9.1.2.хуулийн этгээд тус бүрд холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хэвлэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргаж, архивт хүлээлгэн өгөх;

9.1.3.энэ хуулийн 10.5-д заасан журмын дагуу хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх;

9.1.4.хуулийн этгээдийн хувийн хэргээс энэ хуульд заасан журмын дагуу лавлагаа олгох;

9.1.5.хуулийн этгээдийн нэрийн сан хөтлөх, түүнээс лавлагаа олгох;

9.1.6.улсын бүртгэлийн асуудлаар төрийн болон бусад байгууллагатай харилцан мэдээлэл солилцох;

9.1.7.улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрийг боловсронгуй болгох талаар саналаа холбогдох байгууллагад гаргах;

9.1.8.иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох;

9.1.9.гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг холбогдох журмын дагуу шинээр бүртгэх, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, улсын бүртгэлээс хасах.

9.1.10.эрүүгийн хариуцлага хүлээсэн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдэд оногдуулсан эрх хасах ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

/Энэ заалтыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.2.Энэ хуулийн 9.1.8, 9.1.9-д заасан харилцааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.

9.3.Улсын бүртгэлийн байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын тоо, тэдгээрийн эзэмшиж байгаа хувь, хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийн талаар нэгдсэн бүртгэл хөтөлж, энэ талаарх мэдээллийг хагас болон бүтэн жилээр гаргаж, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.

9.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.5.Энэ хуулийн 9.4-т заасан журмын дагуу улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох зааврыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

9.6.Улсын бүртгэлийн байгууллага нууцын тухай хууль тогтоомжид зааснаас бусад улсын бүртгэлийн мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

9.7.Энэ хуулийн 9.6-д заасан цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ХУВИЙН ХЭРЭГ

10 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр

10.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг бүрдүүлэх зарчим, хэлбэр нэгдмэл байна.

10.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд хөтлөхдөө улсын хэмжээний бусад мэдээллийн систем, сүлжээтэй харилцан уялдаатай байх зарчмыг удирдлага болгон зохих арга зүйг ашиглана.

10.3.Хуулийн этгээдийн хувийн хэргийг цахим болон бичгийн хэлбэрээр бүрдүүлэн улсын бүртгэлийн мэдээллийн санд давхар хөтөлнө.

10.4.Хуулийн этгээдийн хувийн хэргийг бичмэл хэлбэрээр бүрдүүлэхдээ холбогдох баримт бичгийг дугаарлан засвар оруулах боломжгүй байдлаар хадгална.

10.5.Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулга

11.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:

11.1.1.хуулийн этгээдийн нэр, регистрийн болон хувийн хэргийн дугаар;

11.1.2.хуулийн этгээдийн төрөл, хэлбэр;

11.1.3.хуулийн этгээдийн ерөнхий захиргаа оршин байгаа газрын албан ёсны хаяг, хэрэв байнгын ажиллагаатай ерөнхий захиргаа байхгүй бол тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин байгаа газрын хаяг;

11.1.4.хуулийн этгээдийг шинээр байгуулсан, эсхүл өөрчлөн байгуулсан тухай;

11.1.5.үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;

11.1.6.үүсгэн байгуулах баримт бичиг;

11.1.7.өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын талаар;

11.1.8.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн тухай мэдээлэл, түүнийг бүртгэсэн он, сар, өдөр;

11.1.9.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

11.1.10.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалт;

11.1.11.хуулийн этгээд нь салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын албан ёсны хаяг.

11.2.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд баримт бичгийн эх хувь болон өмнө нь орсон өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвээр хадгална.

11.3.Энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулсан бол тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа олгох

12.1.Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний үнэмлэхийн болон хуулийн этгээдийн регистрийн дугаарын мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгч болно.

12.2.Хуулийн этгээдийн хувийн хэргийн лавлагааг дараах хэлбэрээр олгоно:

12.2.1.бичгээр, эсхүл цахим хэлбэрээр; 12.2.2.шаардлагатай гэж үзвэл холбогдох баримт бичгийн хуулбараар.

12.3.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа авах тухай хүсэлт хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор холбогдох этгээдэд лавлагааг олгоно.

12.4.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн хувийн хэргээс лавлагаа олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.2-т заасны дагуу Засгийн газраас тогтоосон үйлчилгээний хөлсийг мөрдөнө.

12.5.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр олгох лавлагаанд энэ хуулийн 12.4 дэх хэсэг хамаарахгүй.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ШИНЭЭР БАЙГУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

13 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгэх хугацаа

13.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 17.1-17.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 10 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын хоёр өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

13.2.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагчид татгалзаж байгаа үндэслэл бүхий мэдэгдлийг бичгээр, цахим хэлбэрээр хүргүүлнэ.

13.3.Цахим хэлбэрээр өргөдөл гаргагч энэ хуулийн 13.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 17.1-17.3-т заасан, эх хувь нь шаардлагатай баримт бичгийг өөрийн иргэний үнэмлэхийн хамт холбогдох улсын бүртгэлийн байгууллагад ажлын таван өдрийн дотор биечлэн авч ирснээр бүртгэл албан ёсоор баталгаажна.

13.4.Өргөдөл гаргагч энэ хуулийн 17.1-17.3-т заасан баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлэхдээ гарын үсгээ Цахим гарын үсгийн тухай хуульд5 заасны дагуу баталгаажуулсан тохиолдолд энэ хуулийн 13.3 дахь хэсэг хамаарахгүй.

13.5.Хуулийн этгээд өөрчлөгдсөнөөр шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх хугацаа энэ хуулийн 13.1-д заасантай нэгэн адил байна.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах

14.1.Шинээр, өөрчлөн байгуулах замаар шинээр хуулийн этгээд байгуулагдах болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана. 

14.2.Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:

14.2.1.хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй; 

14.2.2.хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан;

14.2.3.кирилл үсгээр илэрхийлэгдсэн;

14.2.4.бусад хуулиар хориглоогүй.

14.3.Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

14.4.Хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 14.3-т заасан хугацаанд гаргаагүй бол хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт хүчингүй болох бөгөөд энэ тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг энэ хуульд заасны дагуу дахин гаргаж болно.

14.5.Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

15 дугаар зүйл.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах

15.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

15.2.Өргөдөлд дараах үндсэн мэдээллийг тусгана:

15.2.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;

15.2.2.хуулийн этгээдийн нэр;

15.2.3.энэ хуулийн 8.1-д заасан хуулийн этгээдийн хэлбэр;

15.2.4.хуулийн этгээдийн хаяг;

15.2.5.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл;

15.2.6.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

15.2.7.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;

15.2.8.хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа;

15.2.9.өргөдөл гаргагчийн мэдээлэл.

15.3.Энэ хуулийн 16.1-д заасан өргөдөл гаргагч баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулах ба өргөдлийг цахим хэлбэрээр гаргасан бол цахим гарын үсгээр баталгаажуулж болно.

Хэвлэх

16 дугаар зүйл.Өргөдөл гаргах эрх бүхий этгээд

16.1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно:

16.1.1.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

16.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

16.1.3.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;

16.1.4.хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга;

16.1.5.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд.

Хэвлэх

17 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

17.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

17.1.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

17.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

17.1.3.үүсгэн байгуулах баримт бичиг;

17.1.4.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

17.1.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

17.2.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь энэ хуулийн 17.1-д заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

17.2.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн6 21.1-д заасны дагуу гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

17.2.2.хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;

17.2.3.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн биеийн байцаалт болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд бол гадаадын хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

17.2.4.гадаадын хөрөнгө оруулагч мөнгөн хөрөнгө, бэлэн мөнгө, хөдлөх эд хөрөнгө, оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийж байгаа бол гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга, гаалийн байгууллагын мэдүүлэг, эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.

17.3.Нөхөрлөлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл нь энэ хуулийн 17.1, 17.2-т заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

17.3.1.гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн тус бүрд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээ;

17.3.2.гадаад улс дахь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах бол тухайн байгууллагын зөвшөөрөл болон өргөдөл гаргагч нь тус байгууллагын гишүүн бөгөөд эрх олгосон болохыг нотолсон тодорхойлолт;

17.3.3.энэ хуулийн 17.3-т заасан хуулийн этгээд нь тухайн улсдаа хууль тогтоомжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаа явуулдаг тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

17.4.Энэ хуулийн 17.1-17.3-т заасан баримт бичиг нь монгол хэлээр байх бөгөөд гадаад хэлээр үйлдсэн баримт бичгийг орчуулж, хавсаргана.

17.5.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 17.1-17.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.

17.6.Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдлийг бичгээр хүлээн авсан бол баримт бичгийн жагсаалт, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут бүхий мэдээллийг өргөдөл гаргагчид цахим хэлбэрээр, эсхүл бичгээр хүргүүлнэ.

Хэвлэх

18 дугаар зүйл.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгэх

18.1.Энэ хуулийн 13.1-д заасан улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр нь улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар олгох үндэслэл болно.

18.2.Цахим хэлбэрээр өргөдөл гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.3-т заасны дагуу эх хувиар авч ирсэн баримт бичгийг цахим хэлбэрээр ирүүлсэн баримт бичигтэй тулган нягталсны дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудас дээр хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар, он, сар, өдөр бүхий баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

18.3.Өргөдлийг бичгээр гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага эх баримтыг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулсны дараа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийн эхний хуудас дээр хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар, он, сар, өдөр бүхий баталгааны тэмдэг, бусад хуудас дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарснаар хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно.

18.4.Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон хуулийн этгээдийн хувийн хэргийн болон регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байршуулна.

18.5.Улсын бүртгэлийн байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно.

18.6.Төрийн болон бусад байгууллага үйл ажиллагаандаа зөвхөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим гэрчилгээг ашиглана.

18.7.Улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Бүртгэхээс татгалзах

19.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:

19.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;

19.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;

19.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно.

19.3.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг өргөдөл гаргагч үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд гомдол гаргаж болно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ЗАМААР ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

20 дугаар зүйл.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдөл гаргах

20.1.Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргана.

20.2.Өргөдөлд энэ хуулийн 15.2-т зааснаас гадна үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээдийн тухай мэдээллийг тусгана.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

21.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

21.1.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

21.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

21.1.3.үүсгэн байгуулах баримт бичиг;

21.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

21.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

21.1.6.энэ хуулийн 11.1.7-д заасан эрх залгамжлалын талаарх өөрчлөлтийг оруулсан үүсгэн байгуулах баримт бичиг;

21.1.7.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр.

21.2.Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 21.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.

Хэвлэх

22 дугаар зүйл.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх

22.1.Хуулийн этгээдийг нийлүүлэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нийлсэн хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

22.2.Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тохиолдолд нэгдэж байгаа хуулийн этгээд тус бүрийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд нэгтгэж байгаа хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

22.3.Хуваах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд хуваагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд шинээр байгуулагдсан хуулийн этгээд тус бүрийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

22.4.Тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд шинээр байгуулагдсан хуулийн этгээд тус бүрийн бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

22.5.Хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

Хэвлэх


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЭЛД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

23 дугаар зүйл.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

23.1.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

23.1.1.нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт;

23.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

23.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

23.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

23.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

23.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

23.2.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.

23.3.Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

23.3.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

23.3.2.эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр;

23.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт;

23.3.4.Иргэний хуульд заасан холбогдох гэрээ; 

23.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

23.4.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана.

Хэвлэх


ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ТАТАН БУУЛГАСНЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ

24 дүгээр зүйл.Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх

24.1.Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын гурван өдрийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана.

24.2.Иргэний хуулийн 32.3-т заасны дагуу татан буулгах комисс тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёроос зургаан сарын дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.

24.3.Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

24.4.Хуулийн этгээдийг татан буулгасан тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй. 

Хэвлэх

25 дугаар зүйл.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг

25.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

25.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

25.1.2.татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

25.1.3.дуусгалтын тайлан;

25.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

25.1.5.татварын байцаагчийн акт, тодорхойлолт;

25.1.6.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа.

25.2.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 13.3, 15.1, 16.1-д заасны дагуу гаргана.

25.3.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ.

Хэвлэх

26 дугаар зүйл.Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэх

26.1.Улсын бүртгэлийн байгууллага нь татан буугдсан хуулийн этгээдийн тухай мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно.

26.2.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухайгаа Иргэний хуулийн 32.11-д заасны дагуу цахим хуудсаар нийтэд тухай бүр мэдээлнэ.

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

28 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

28.1.Энэ хуулийг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД