Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН 
ҮНДСЭН 
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2015 оны 3 дугаар сарын                                                                                                 Дугаар 03                                                                                                Улаанбаатар хот
11-ний өдөр 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар

   зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох

   заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан

 шийдвэрлэсэн тухай



Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                                       танхим 14.00 цаг

 

 

                          Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Д.Наранчимэг, Д.Солонго /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

                Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

 

Хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...”, гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

            Нэг. Иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:

 

            “Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн 17 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хуульчлан заасан бөгөөд тус зүйлийн 17.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх энэ хуулийн 17.1-д заасан бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 17.3.1 дэх заалтад "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;” гэж хуульчилсан байна.

 

          Энэ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

          Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасан ба Улсын дээд шүүхийг төлөөлөх эрхийг шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхим эдлэхгүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд нийт шүүгчээс бүрдсэн шүүгчдийн зөвлөгөөн ажиллана гэж заагаад шийдвэрлэх асуудлыг хуульчилсан байна. Энэ заалтаас үзэхэд шүүгчдийн зөвлөгөөн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс бусад асуудлыг шийдвэрлэхээр байна.

 

            Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хуульд орхигдсон байна.

 

            Үндсэн хуульд заасан “... бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн заалт нь шүүхэд зориулагдсан заалт биш харин эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдэд зориулан заавал биелэх шинжтэй бөгөөд эрх зүйн хэм хэмжээний утга санааг шууд тайлбарлах эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байна. Улсын дээд шүүх нь эрх зүйн хэм хэмжээг бүтээх байгууллага биш учир дээрх эрхийг олгоод уг эрхээ эдлэхдээ алдаа гаргавал хэрхэн шийдвэрлэх тухай асуудлыг Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан байгааг хууль тогтоогч анхаараагүй байна.


Мөн Үндсэн хуульд “... тайлбар гаргах;” гэж заасан нь бие даасан бичгэн баримт үйлдэх гэсэн утга бөгөөд хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг хэлэхгүй юм.

 

            Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

            Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дараах агуулга бүхий тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Үүнд:

 

“Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхээс гаргах нь тодорхой хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн шүүхийн практикийг судлан дүгнэлт хийж, үүний үндсэн дээр бүх шатны шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх явцдаа хууль ёсны зарчим зөрчихгүй, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтойгоос гадна Улсын дээд шүүхээс бусад шүүхэд үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцааны нэг хэлбэр мөн.

 

            Монгол Улсын шүүхийн тухай 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн хууль батлагдаж хүчин төгөлдөр болохоос өмнө хуулийн заалтыг тайлбарлуулах саналаа нэгдүгээрт, иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хуулийг ойлгох, дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтын талаар, хоёрдугаарт, бүх шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад гарсан эргэлзээтэй, салаа утгаар ойлгож болох заалтын талаар талуудын гаргасан тайлбар, үндэслэлийн хамт Улсын дээд шүүхэд тус тус ирүүлж байв.

 

            Ийнхүү дээр дурдсан журмаар ирүүлсэн саналын дагуу хуулийн тайлбарыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оролцогчдын гуравны хоёрын саналаар батлан шийдвэрлэж байсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага заавал дагаж мөрддөг.

 

            1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Улсын дээд шүүхийн бүрэн эрхийн асуудал мөн. Өөрөөр хэлбэл хуулийн тайлбар бол аливаа хуулийн заалт буюу эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан харилцааг эрх зүйн ухамсар, хууль хэрэглээний үндсэн зарчим, зүй тогтолд тулгуурлан ийнхүү эрх зүйн актыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилгоор түүний агуулгыг тодорхойлох үйл ажиллагаа билээ.

 

            Улсын дээд шүүхээс гаргаж байсан албан ёсны тайлбар нь хэм хэмжээний ба жишгийн буюу казуаль хэлбэрийн аль алинд нь хамаардаг байв.

 

            Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан явдал шүүхийн институтыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгож дэлхий нийтийн жишигт хүргэх зорилтыг шийдвэрлэхэд тус дөхөм болно. Үүний дотор Улсын дээд шүүхээс хуулийн албан ёсны тайлбар гаргадаг асуудлыг илүү оновчтой болгох зорилгыг агуулсан юм. Учир нь хуулийн албан ёсны хэм хэмжээний тайлбар нь эрх зүйн хэм хэмжээний заалтын агуулгыг дэлгэрүүлж, хэм хэмжээний агуулгатай, нийтээр заавал дагаж мөрдөх шинжтэй тул хууль тогтоох ажиллагааг орлох боломжийг бүрдүүлж байна. Энэ асуудал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр яригдаж байв.

 

            Мөн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “...  хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн зохицуулалт зөрчигдөж болзошгүй хэмээн үзэж Улсын дээд шүүхээс гаргадаг албан ёсны тайлбар жишгийн буюу казуаль шинжтэй байхаар хуульчилсан юм.

 

            Мэдээлэл гаргагч нар Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”-тай холбогдсон 4/ дэх заалтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай зохицуулалт орхигдсон, улмаар энэ нь “бие даасан бичгэн баримт үйлдэх гэсэн утгатай байна гэжээ.

 

            Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтын эрх зүйн үндэс, шүүхийн бүрэн эрхийг тогтоосон материаллаг хууль билээ. Иймд хуулийн албан ёсны тайлбар гаргах үйл ажиллагаатай холбогдсон процессийн шинжтэй зохицуулалтыг дээр дурдсан хуульд тусгаагүй болно.

 

Харин хуулийн тайлбарыг “Улсын дээд шүүхийн тогтоол” нэршилтэйгээр гаргаж байсан нь өмнө нь тогтоож ирсэн уламжлалттай салшгүй холбоотой билээ.

 

Харин 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын дээд шүүхээс аливаа хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгохоор албан ёсны тайлбар гараагүй байна.

 

            Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ.

 

            Гурав. Улсын дээд шүүхээс маргаантай холбогдуулан дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд:

 

            “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэж заасны дагуу иргэд, хуулийн этгээдээс хуулийн зүйл, заалтыг тайлбарлуулахаар Улсын дээд шүүхэд хандаж байгаа бөгөөд энэ тохиолдолд шүүхээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын хүрээнд хариу өгөхөөс өөрөөр шийдвэрлэх боломжгүй юм.

 

            Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт " Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж тус тус зааснаас үзвэл, энэ зүйлийн 17.3.1 дэх заалтыг хэрэглэхэд хүндрэл учирч болзошгүй, тухайлбал маргааны гол нь хяналтын шатны шүүхийн тогтоол /5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй/, эсхүл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын алийг нь албан ёсны тайлбар гэж үзэх асуудлаар ойлгомжгүй байдал үүсч болохоор байна.

 

            Гэтэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шатны шүүхийн тогтоолтой хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ асуудал нь Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн ажлын явцад ойлгомжтой, тодорхой болж нэг мөр шийдвэрлэгдэнэ гэж ойлгож байгаа болно.” гэжээ.

 

            Дөрөв. Маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад дүгнэлт гаргах шинжээчээр доктор, дэд профессор Н.Гантулга болон доктор, дэд профессор Д.Гангабаатар нарыг тус тус томилон ажиллуулсан болно.

 

            Шинжээч доктор, дэд профессор Н.Гантулга Үндсэн хуулийн цэцэд дараах дүгнэлтийг гарган ирүүлсэн байна. Үүнд:

 

            “1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн ойлголттой агуулгын хувьд бүрэн нийцэж байна.

 

            Шинжээчийн үндэслэсэн баримт:

 

            а) Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтаар Улсын дээд шүүхэд “албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг олгохдоо ямар хэлбэрээр албан ёсны тайлбарыг гаргах талаар тусгайлан зохицуулаагүй (ийм заалт байхгүй) бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт нь Улсын дээд шүүхийн энэхүү бүрэн эрхийг хөндөөгүй, хязгаарлаагүй байна гэж үзэж байна.

 

            Онол, эрх зүйн учир холбогдлын үүднээс үзвэл хуулийн бичвэр (зүйл, заалтыг)-ийг тайлбарлах нь ямагт хэрэг, маргаанд оролцогчийн хүсэлтээр тодорхой факттай холбогдон хийгддэг болохоос бус шүүхийн хүсэл зориг, санаачлагаар энэ үйл ажиллагаа явагдаж, асуудал шийдвэрлэгддэггүй, энэ нь мөн чанарын хувьд боломжгүй. Тодруулбал, шүүх тодорхой факт нь хуулийн тухайн бичвэр (зүйл, заалтын)-ийн агуулга, үйлчлэлд хамрах эсэхийг л тогтоож өгдөг.

 

            Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиар бататгагдсан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс гаргах албан ёсны тайлбарыг эрх зүйн зарим сургаалд ягштал нийцүүлэн “казуаль” эсхүл “норматив” хэмээн хатуу зааглан тусгайлан нэрлэж ялгах нь эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээний хувьд боломжгүй.

 

            Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад заасан “тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар” гэсэн нь Улсын дээд шүүхээс тайлбар гаргах тохиолдлыг илэрхийлсэн явдал бөгөөд тухайн хэрэг, маргаан талаасаа “казуаль”, харин албан ёсоор нийтлэгдсэнээр цаашид нийт шүүхийн хувьд заавал дагаж биелүүлэх хууль зүйн үр дагавар талаасаа “норматив” болно.

 

            Эндээс үзвэл хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар Улсын дээд шүүхээс гаргаж байгаа албан ёсны тайлбар нь онол, эрх зүйн зохицуулалт, практикийн хувьд хуулийн албан ёсны тайлбарын хоёр төрөл болох казуаль, норматив шинжийг бүрэн агуулж байна.

 

            б) Хуулийн албан ёсны тайлбар гэсэн ойлголт нь социалист гэгдэж байсан улс орнуудын хууль зүйн шинжлэх ухаанд онолын хувьд боловсрогдсон ба 1990-ээд оны дунд үе хүртэл төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага, түүний үйл ажиллагааны чөлөөт цагт тэргүүлэгчид нь түүнийг гаргадаг эрх зүйн зохицуулалт, практик байсан.

 

            Харин өнөө цагт постсоциалист зарим  орнуудад энэ үзэл баримтлалын улбаа хадгалагдан үлдсэн боловч хуулийн тайлбарыг Дээд шүүх эсвэл Үндсэн хуулийн шүүх нь өгдөг эрх зүйн зохицуулалт үйлчилж байна.

           

            в) Гадаад улс орнуудын нийтлэг жишгээс үзвэл хуулийн бичвэр (зүйл, заалт)-ийг тайлбарлах явдал нь шүүхийн бие даасан чиг үүрэг бус гагцхүү хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад хийгддэг.

           

            Дээрх баримтуудад тулгуурлан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын агуулга нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтын агуулгатай дүйцэж, бүрэн нийцэж байна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан.

 

            2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэсэн бичвэрийн агуулга нь мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалттай учир зүй /логик/-н уялдаатай байна.

 

            Шинжээчийн үндэслэсэн баримт:

 

            а) Улсын дээд шүүх өөрийн бүрэн эрхэд хамаарах хэрэг, маргааныг хянан хэлэлцэн хууль хэрэглэж шийдвэр гаргах бөгөөд тухайн шийдвэрт хуулийн албан ёсны тайлбар өгөгдөж болох ба хэрэв энэ тайлбар хуульд харшилбал Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох зохицуулалт байна.

 

            б) Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчээс бүрдэнэ.” гэж тус тус заасан нь тухайн шүүхийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон хэм хэмжээ болохоос бус шүүхийг төлөөлөх бүрэн эрх, шийдвэр гаргах бүрэлдэхүүн, ирцийг илэрхийлсэн зохицуулалт биш юм.

 

            Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалт нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хуульчилсан болохоос бус Улсын дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж тайлбар гаргах гэсэн зохицуулалт биш юм.

 

            в) Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад ““шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхимтай байна.” гэж тус тус зааснаас үзвэл Улсын дээд шүүхийн аль нэг танхим нь харьяалах тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

 

            Холбогдох хуулиудын зохицуулалтын хүрээнд тодорхой хэрэг, маргааныг шүүгч дангаар болон бүрэлдэхүүнтэй шийдвэрлэснээс үл хамааран шийдвэр нь тухайн шүүхийн шийдвэр байж, нэгдсэн дугаарлалтад орж Монгол Улсын нэрийн өмнөөс гардаг.” гэжээ.

 

            Шинжээч доктор, дэд профессор Д.Гангабаатар Үндсэн хуулийн цэцэд дараах дүгнэлтийг гарган ирүүлсэн байна. Үүнд:

 

            “Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэснийг тайлбарлая.

 

            Нэгдүгээрт, зорилго, бичвэрт нийцүүлэн тайлбарлах аргын үүднээс “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэдгийг дараах агуулгаар ойлгож байна. Үндсэн хуулиас бусад хууль гэснээр Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг Үндсэн хуулийн цэцэд үлдээж, Үндсэн хуулийг тайлбарлах нь бусад хуулиас онцлог болохыг хуульчилсан байна.

 

            Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой маргааныг Үндсэн хуулийн шүүхээс хянан шийдвэрлээд гаргасан дүгнэлт, тогтоолыг Үндсэн хуулийн албан ёсны тайлбар хэмээн үзэх хандлага дэлхийд түгээмэл байна. Ингэж үзвэл Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхээ хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар хэрэгжүүлэх нь онолын хувьд Үндсэн хуулийн үзэл баримтлал, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцэж байна. Үндсэн хуулийн энэхүү заалтын зорилго нь хуулийг нэг мөр ойлгох, хуулийн зохицуулалт тодорхой, хоёрдмол утга санаагүй байх зарчимтай холбоотой бөгөөд Монгол Улсын дээд шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн дээрх зорилгод нийцэж байна.

 

            Хоёрдугаарт, Үндсэн хуулийг амьд хууль гэж үзвэл Үндсэн хуулиар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй нийгмийн харилцааг зохицуулах шаардлагатай. Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдахаас өмнө хуулийн зүйл, заалтыг тайлбарлуулахаар иргэд бусад байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхээс хуулийн албан ёсны тайлбарыг гаргаж байсан нь хууль тогтоогч Монгол Улс дахь эрх зүйн үзэл, сэтгэлгээний хөгжлийн явцад энэхүү тогтсон уламжлалыг өөрчлөх боломжгүй гэсэн үг биш юм. Харин ч эрх зүйн сэтгэлгээний хөгжилд нийцүүлэн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож буй нь Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд багтаж байна.

 

            Үндсэн хуулиар нийгмийн бүх харилцааг зохицуулдаггүй. Зохицуулах ч боломжгүй. Тиймээс Улсын дээд шүүх хууль тайлбарлахдаа ямар арга хэрэглэхийг Үндсэн хуулиар зохицуулаагүй үлдээсэн. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргаан шийдвэрлэхтэй холбоогүйгээр гаргах нь шүүх өөрийн чиг үүргийг хэтрүүлэн, дур зоргоор авирлах, хууль тогтоогчийн чиг үүрэгт хөндлөнгөөс оролцох нөхцөлийг бүрдүүлснээр эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй юм. Яг энэ шалтгаанаар зарим улсад Үндсэн хуулийг тайлбарлахдаа зөвхөн тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар тайлбарлаж болно гэж үздэг. Иймд дээр дурдсан шалтгаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.

 

            Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэсэн нь тус хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалттай логикийн уялдаатай болох талаар дараах дүгнэлтийг хийж байна.

 

            Улсын дээд шүүхийн шийдвэр ба тайлбарыг Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тусад нь авч үзжээ. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр нь тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр болон хуулийн албан ёсны тайлбар гэсэн хоёр чиг үүргийг гүйцэтгэж байгаатай холбоотой. Энэ хоёр чиг үүргийг гүйцэтгэхдээ үйлчлэлийн хувьд ялгаатай байх нь тодорхой байна.

 

            Улсын дээд шүүхийн шийдвэр нь тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр болохын хувьд бүх шүүх, бусад этгээд заавал дагаж биелүүлэх үүрэг хүлээдэг ба хуульд нийцээгүй бол Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгодог. Харин Улсын дээд шүүхийн шийдвэр хуулийн албан ёсны тайлбар болохын хувьд бусад шатны шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ уг тайлбарыг зайлшгүй харгалзан үзэх ёстой байдаг. Гэсэн хэдий ч тухайн шатны шүүгч Үндсэн хуульд заасны дагуу Улсын дээд шүүхээс гаргасан хуулийн албан ёсны тайлбар хуульд харшилж байна гэж үзвэл хуулийг дагаж мөрдөх эрхтэй. Өөрөөр хэлбэл хуулийн албан ёсны тайлбар хуульд нийцэхгүй байвал шүүгч Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийг дагаж мөрдөх ёстой. Ийнхүү хууль ба хуулийн албан ёсны тайлбар болох шүүхийн шийдвэр хоёр зөрчилдсөн тохиолдолд хуулийг хэрэглэдэг практик бусад улс орнуудад ч байна. Иймд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалттай логик уялдаатай байна.

 

            Гурав. Хамаарах эрх зүйн бүл, дотоодын эрх зүйн тогтолцооны онцлогоос хамааран Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах субъект нь дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байна. Эх газрын эрх зүйн тогтолцооны онцлог нь төрөлжүүлэн эмхтгэсэн хууль тогтоомжийг эрх зүйн анхдагч эх сурвалж хэмээн үзэж, судлаач, эрдэмтдийн үзэл сэтгэлгээ, судалгаа, бүтээлд тулгуурлан хуулийг тайлбарлаж, хөгжүүлж ирсэн бол Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хувьд шүүхийн жишгийг анхдагч эх сурвалж хэмээн үзэж, шүүгч хуулийг тайлбарлаж ирсэн түүхтэй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд эх газрын тогтолцоотой улсад шүүгч хуулийг тайлбарлах нь практикт хэвийн үзэгдэл болж, тодорхойгүй, хоёрдмол утгатай хуулийн зүйл, заалтыг тайлбарлах нь шүүгчийн үүрэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нийтлэг хандлага байна.

 

            Улс орнуудад шүүгч Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлахдаа дараах нийтлэг аргуудыг хэрэглэж байна. Хуулийг бичвэр, үг, өгүүлбэрийн шууд утга, хэл зүйн үүднээс тайлбарлах, адил төстэй харилцааг зохицуулж буй бусад хууль тогтоомжтой харьцуулах, хууль тогтоогчийн зорилгыг судлах, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг харгалзан үзэх, түүхэн хөгжлийн үүднээс тайлбарлах зэрэг аргыг голчлон хэрэглэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын мөн хуулийн Тавьдугаар зүйлийн тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн тайлбар нь хуулийн агуулгатай зөрчилдсөн бол тайлбарыг баримтлахгүйгээр зөвхөн хуулийг баримтлахаар заасан бөгөөд тухайн тайлбараар хуулиас давсан хэм хэмжээ бий болгохгүй тул Улсын дээд шүүхээс хуулийн хэм хэмжээний тайлбар гаргах нь хууль тогтоох эрх мэдэлд халдана гэж үзэх үндэслэлгүй юм.

 

2. Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилсан тохиолдолд Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хэрхэн хэрэгжүүлэх талаарх зохицуулалт орхигдсон байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн хуулийн нэг мөр, албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс үүдэн уг хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн аль нэг танхимаас гаргасан шийдвэр бүр хуулийн тайлбар болох нөхцөл бүрдэн, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр  гарсан  тохиолдолд  хэрхэн  шийдвэрлэх  нь тодорхойгүй болж, Улсын дээд                                                                                                                            

 

 

шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг зөрчсөн байна.

 

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ                                                Ж.АМАРСАНАА

 

ГИШҮҮД                                                        П.ОЧИРБАТ

 

                                                                        Н.ЖАНЦАН 

 

                                                                                        Д.НАРАНЧИМЭГ

                                               

                                                                                        Д.СОЛОНГО