A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2008 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

ХАЛХЫН ГОЛЫН 1939 ОНЫ БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Манай улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ой 2009 онд тохионо.

Халхын голын ялалт Алс Дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас нь нэгэн зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад онцгой хувь нэмэр оруулсан билээ. Эдүгээ Халхын голын байлдаанд оролцсон талууд дэлхий дахины энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нөхөрлөж, эв найрамдал, харилцаа, хамтын ажиллагааныхаа гэрэлт ирээдүйг хамтран дархалж байна.

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын ой бол манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэхийн төлөө, нийтийн дайсны эсрэг хамтын тэмцэлд оросын ард түмний үзүүлсэн тусламж, дэмжлэг, цэрэг дайчдын байгуулсан гавъяа, монгол-оросын ард түмэн, зэвсэгт хүчний дайчдын нөхөрлөл, хамтын тэмцлийн үл балартах түүхийг хамтран дурсах тэмдэглэлт үйл явдал мөн.

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөө амь бие хайргүй тулалдан, батлан хамгаалж, төр, ард түмнийхээ өмнө цэрэг эрс, ахмад үеийнхний маань байгуулсан гавъяа үеийн үед мөнхөд дурсагдаж байх учиртай.

Халхын голын түүхт ялалтын ойг тэмдэглэх талаар иргэд, иргэний нийгэм, төр, захиргааны байгууллагуудаас тавьж буй саналыг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:

1.Халхын голын 1939 оны байлдааны яруу алдарт ялалтын 70 жилийн ойг 2009 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Энэхүү тэмдэглэлт ойг угган, түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавъяаг судлах, сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хайр халамж үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу залгамж үед өвлүүлэх, монгол-орос цэрэг эрсийн байгуулсан гавъяаг мөнхжүүлэх, хоёр ард түмний найрамдалт харилцаа, зэвсэгт хүчний хамтын ажиллагааг шинэ нөхцөлд баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР