A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

Дугаар 05

2015 оны 4 дүгээр сарын Улаанбаатар хот 29-ний өдөр

Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8, 18 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3 дахь хэсэгт заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.", Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүхийн мэргэшлийн хороо нь "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах", мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт "Энэ хуулийн ... 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно." хэмээн тус тус хуульчилсан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчид нэмэгдэл олгох нь шүүгчийн хараат бусаар ажиллах эдийн засгийн баталгааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч шүүгчийн гаргасан шийдвэрийн чанарыг үндэслэн нэмэгдэл олгох, эсхүл албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаарх зохицуулалт нь Шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн Үндсэн хуулийн бус зохицуулалт болсон. Шүүгчийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар шүүхийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх зохицуулалтыг хуульчилсан хэмээн ойлгож байна. Гэтэл шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг дүгнэх үйл ажиллагаанд шүүгчийн хэрэг, маргааныг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хамаатуулж, улмаар шүүхийн шийдвэрийн чанарыг тогтоох боломжийг Үндсэн хуулиар эрх олгогдоогүй байгууллага, тодруулбал Шүүхийн мэргэшлийн хороонд олгосон нь Үндсэн хуульд бэхжигдсэн шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн чанар гэсэн хөндлөнгийн дүгнэлтээс улбаалан эрх зүйт ёсны үзэл санаанд нийцүүлэн хуулийг чөлөөтэй хэрэглэх шүүгчийн эрх, өөрийн цэвэр тунгалаг итгэл үнэмшлээрээ асуудалд хандах хууль зүйн боломж хязгаарлагдах ёсгүй. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "Шүүгч нь ... шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана." гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно." гэжээ. Энэ хэсэгт зааснаар шүүгчид нь хугацаагүй томилогддог албан тушаал байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт "Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх.."-ээр хуульчилж, улмаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт "...үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл..." байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаал нь мэргэшлийн үйл ажиллагааны түвшингээс хамаарч 3-5 жилийн хугацаатай байх бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн "...шүүгчийг хугацаагүй томилох тухай" агуулгаас ихээхэн зөрүүтэй, түүнийг зөрчсөн шинжтэй болжээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "...эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно" гэснийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн холбогдох заалт зөрчжээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна", 20 дугаар зүйлийн 20.4.1 дэх заалтад "Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглоно", 20.4.2 дахь хэсэгт "Шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглоно" хэмээн тус тус зааснаас үзэхэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр шүүгчийг чөлөөлж, огцруулах боломжгүй юм. Тиймээс Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.." гэсэн агуулгатай мэдээлэл, гомдол гаргасан байна.

Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Нэг. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад "шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах", 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах", мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Үндсэн хуулийн үзэл санааг анхааран үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүрийг биелүүлэх этгээд болохоос мэргэшлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг шүүхийн шүүн таслах ажиллагаанд үнэлэлт өгөх этгээд биш байна. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журам гэсэн ойлголт байж болохгүй бөгөөд түүнийг тодорхойлсон түвшин, шалгуур гэсэн ойлголт нь шүүгч бие даан шийдвэр гаргах эрхийг хязгаарласан хэм хэмжээ тогтооно гэсэн үг. Хэрэв энэ хууль цаашид хэрэгжвэл шүүгч нь шүүхийн ерөнхий зөвлөлөөс үйл ажиллагааны хувьд хараат этгээд болж хувирна.

Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг үнэлж дүгнэх, шалгаруулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч батална", мөн зүйлийн 8.2 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 8.1-д заасан журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүрэг хүлээнэ", мөн зүйлийн 8.3 дэх хэсэгт "Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална", 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна" гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна." гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"...1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад "шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлын талаарх нарийвчилсан зохицуулалт юм. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээг тогтоох нь шүүгчийн хараат бус байдалд халдах, шүүгчид нөлөөлөх зорилгыг агуулаагүй, уг заалтаар шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үйл ажиллагааг зөвшөөрсөн зүйл байхгүй байна.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүхийн мэргэшлийн хороо нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байхаар заасан нь шүүгчийн хараат бус байдлыг хөндөх, Мэргэшлийн хорооноос шүүгчийг захирах гэсэн агуулгыг илэрхийлээгүй байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах журамтай. Хуульд заасан эрх олгогдсон этгээдийн гаргасан журамд зааснаар шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоох нь шүүгчийг хараат, захиргаандаа оруулах бус харин шүүгчийн хувьд өөрийн мэдлэг, ур чадварын түвшинг танин мэдэх, дээшлүүлэх ач холбогдолтой, ингэснээрээ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа улам нэмэгдэх ач холбогдолтой юм. Шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоох нь түүний шүүн таслах ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгөөс оролцох асуудал бус, шүүн таслах ажиллагаатай холбоогүй үйл ажиллагаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд зааснаар шүүгчийг албан тушаалд томилох, чөлөөлөх нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх тул Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-д заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс шүүн таслах ажиллагаанд оролцох, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур болгох, өөрийн харьяалалд оруулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх олгосон заалт гэж ойлгох боломжгүй юм. ...

Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүгчид тавих шаардлагыг үнэлэх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулах уг журмыг эцэслэн батлах субьект нь Монгол Улсын Ерөнхийлөгч байх, уг журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэсэн. Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах агуулгатай заалтууд нь шүүгчийг Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр огцруулах, чөлөөлөх үндэслэлийг бүрдүүлээгүй болно. Энэ ч утгаараа мөн хуулийн 18 дугаар зүйлд "шүүгчийн бүрэн эрх дуусгавар "болох үндэслэл"-ийг тодорхой заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлээр тодорхойлсон "шүүхийн тухай хууль" биш гэж үзэх нь хуулийн агуулгыг үг үсэгт баригдан явцууруулан тайлбарлаж, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, агуулга зарчмыг алдагдуулсан явдал болох билээ. Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд заасан "шүүхийн тухай хууль" гэдэг нь "Шүүхийн тухай хууль" гэсэн оноосон нэр биш бөгөөд ийнхүү хуулийг оноосон нэрээр нь үндсэн хуульд заасан байх учиргүй. Харин Үндсэн хуульд заасан "шүүхийн тухай хууль" гэдэг нь шүүх, шүүгчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааг тухайлан зохицуулсан хууль гэсэн агуулгатай тул мэдээлэлд дурдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлийг нарийвчлан зохицуулсан нь Үнсдэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна" гэж заасан нь шүүгчийн хувьд ажлын ачаалал, бүтээмж, үр дүндээ тохирсон нэмэгдэл авах эрхийг олгосон зохицуулалт бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж, Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ." гэж, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэж, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно." гэж тус тус заасныг зөрчөөгүй байна." гэжээ.

Дөрөв. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэний "... шударга шүүхээр шүүлгэх, ..." эрхийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана", Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно" хэмээн шүүгчийн хараат бус байдлын баталгаа болсон шүүгч гагцхүү хуульд захирагдах, шүүгчээс шүүн таслах ажлаа эрхлэхэд бусад этгээд нөлөөлөхгүй байх, шүүгчийг хугацаагүй томилох цогц зарчмуудыг тусгаж өгсөн.

Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалахын тулд шүүх хараат бус байгаад зогсохгүй үүний зэрэгцээ хариуцлагатай буюу ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх, хууль хэрэглээ, онолын болон шүүн таслах ажиллагааг удирдах зохион байгуулах мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх явдал чухал билээ. Монгол Улсын Их Хурлаас "Шүүхийн багц хууль"-ийг батлахдаа шүүхийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт "Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх..."-ээр, улмаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах"-аар, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтад "... үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл ..." байхаар тус тус заажээ.

Эрх зүйт төр хөгжсөн улсуудын туршлагыг авч үзэхэд шүүгчийн мэдлэг, ур чадварыг тухайн шүүгч өөрөө тодорхойлж, хөгжүүлэх үүрэгтэй байдлаар шүүгчийн ёс зүйтэй уялдуулж шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус байдалд нийцнэ гэж үзэх хандлагын зэрэгцээ хөндлөнгийн этгээдээр мэргэжлийн ур чадварыг үнэлж, дүгнүүлэх туршлага байдаг. Гэхдээ хөндлөнгийн этгээдээр шүүгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлүүлэх нь гагцхүү шинээр болон дээд шатны шүүхэд томилогдох, шүүгчийг хугацаатай сонгодог улсад улираан сонгох болон туршилтын хугацаагаар томилогдсон шүүгчийг насанд туршид нь томилох, эсхүл шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хийгддэг байна. Мөн шүүгчийн үнэлгээний үйл ажиллагаа нь шүүгчийн шүүн таслах ажиллагаанд чиглэдэг, үнэлгээг гадны нөлөөллөөс хараат бус байлгах зэрэг үүднээс Дээд шүүхийн шүүгч нараас бүрдсэн баг үнэлдэг журамтай.

Маргаан бүхий дээрх хуулийн заалтын хувьд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг үнэлэх зорилгыг тодорхой заагаагүй, шүүгч нарыг аль шатны шүүхэд ажиллаж байгаа эсэхээр зааглаж, ялгаагүй, хөгжингүй улсуудад огт байдаггүй Дээд шүүхийн шүүгчдийг үнэлэх болсон зэрэг нь Үндсэн хуульд заасан "шүүгчийн хараат бус байх" зарчмын агуулгад нийцэж буй эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Хоёр. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт "... үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл ..." байхаар заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрхэм зорилго, үүргийг "гагцхүү" гэсэн нөхцөлийн доор тодорхой заажээ.

Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, хуульчдаас шүүгчийг шилж сонгох чиг үүргийг хэрэгжүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчид хариуцлага тооцох эрх хэмжээ ногдуулсан нь зохимжгүй, Шүүхийн багц хуулиар энэхүү чиг үүрэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа Шүүхийн ёс зүйн хороонд хамаардаг.

Мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1985 оны "Шүүхийн бие даасан байдлын суурь зарчмууд" гэсэн баримт бичгийн 18 дахь хэсэгт "шүүгчийг гагцхүү ёс зүйн хувьд тэнцэхгүй болон мэргэжлийн үүргээ гүйцэтгэх чадваргүй тохиолдолд огцруулна" гэж заасан бөгөөд "шүүгч мэргэжлийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй" гэдгийг шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүгчийн албан тушаалыг цаашид хаших боломжгүй байх нөхцөлийг хамруулдаг. Харин шүүгч мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй, түүнийг сургалтад хамруулж, өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон боловч дахин тэнцэхгүй бол үүнийг "шүүгчийн хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх" шүүгчийн ёс зүйн зөрчил гэж үзэж, шүүгчийн ёс зүйн хороо асуудлыг авч үздэг жишиг байна.

Иймд, эрх зүйт төр төлөвшсөн улсуудын жишгийг үзэхэд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх үйл ажиллагаа нь өмнө дурдсанаар шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор явагддаг бөгөөд хэрэв шүүгч тухайн үнэлгээнд хангалтгүй үнэлгээ авсан бол шүүгчийг сургалтад хамруулах, цаашид мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үндэслэл болохоос шууд албан тушаалаас чөлөөлөх үндэслэл гэж үздэггүй, энэ нь мөн "шүүгчийн үнэлгээг өөрийнх нь эсрэг ашиглахыг хориглоно" гэсэн зарчимтай холбоотой.

Гурав. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна." гэж зохицуулжээ.

Шүүгчийн цалин хөлс, нэмэгдэл нь түүний хараат бус байдал, түүн дотроо эдийн засгийн хараат бус байдлыг хангах баталгаа байхын зэрэгцээ шүүгчийн албан тушаалыг эрхэлж буйн хувьд иргэний хязгаарлагдсан эрхийн нөхөн олговор гэж ойлгодог. Тиймээс шүүгчид тодорхой шалгуурын үндсэн дээр нэмэгдэл олгох нь зүйн хэрэг боловч "шийдвэрийн чанар"-тай уялдуулан нэмэгдэл олгох зохицуулалт нь эргэлзээтэй юм. Учир нь аливаа хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгчийн нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн эх сурвалжийг сонгох, хэрэглэх, тайлбарлах нь түүний дотоод итгэл бөгөөд ялангуяа нотлох баримт төдийлөн хангалтгүй, эргэлзээтэй, хуулийн зохицуулалт маргаан бүхий ээдрээтэй хэрэгт шат шатны шүүхийн шийдвэр өөрөөр гарах явдал байдаг. Энэ нь тухайн шүүхэд ажиллаж буй шүүгчдийн дотоод итгэл, эрх хэмжээтэй холбоотой асуудал болохоос доод шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг илтэд буруутгах, улмаар нэмэгдлийг нь бууруулах үндэслэл байх нь зохимжгүй.

Мөн Олон улсын шүүгч нарын холбооноос гарсан "Шүүгчийн түгээмэл дүрэм"-ийн 13 дугаар зүйлд "эдийн засгийн хувьд бие даасан байхын тулд шүүгч хангалттай урамшуулал авдаг байх ёстой. Шүүгчийн урамшуулал нь шүүгчийн ажлын үр дүнгээс хамаарах ёсгүй бөгөөд мөн шүүгчээр ажиллах хугацаанд багасгаж болохгүй" гэж тунхагласныг дурдах нь зүйтэй." гэжээ.

Тав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

"1. Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх зарчмын нэг агуулга нь шүүгч албаны чиг үүргээ хэрэгжүүлэх мэргэжлийн хараат бус байдлыг өөрөө хангасан байх явдал юм. Өөрөөр хэлбэл, шүүгч мэргэжлийн хувьд тасралтгүй өөрийгөө боловсруулж, өсөн дэвшиж байх шаардлагатай. Хууль хэрэглэн хэрэг, маргаан шийдвэрлэж байгаа шүүгч мэргэжлийн хувьд хоцрогдох нь шийдвэр гаргахдаа мэдлэг, чадварын талаасаа бусдын нөлөөнд автах, гаргасан шийдвэрийг нь хэргийн оролцогч, олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээр эргээд шүүгчийн хараат бус байх зарчимтай харшилдах сөрөг үр дагаврыг үүсгэдэг.

Иймд шүүгч хараат бус байх зарчмыг Үндсэн хуульдаа бэхжүүлсэн дэлхийн улс орнууд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бус байдлыг нь хөндөхгүйгээр үнэлэх арга хэрэгслүүдийг ашигладаг. Манай улс ч 2012 онд батлагдсан Шүүхийн тухай багц хууль тэр дундаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагааны хууль зүйн үндсийг бүрдүүлсэн. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа гэдэг нь шүүгчийн эрх зүйн мэдлэг, ур чадвар, шүүн таслах үйл ажиллагааг удирдах арга хэлбэр, шүүгчийн хандлага, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг шүүгчийн хувийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэрэгсэл юм. Уг арга хэрэгсэл нь шүүгчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн нийгэмд үзүүлж буй шударга ёсны үйлчилгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой.

Иймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг нь Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх зарчмыг зөрчөөгүй, харин ч мэргэжлийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хэм хэмжээ юм.

2. Шүүгчийг хугацаагүй томилно гэдэг нь тухайн шүүгчийг зүй бус нөлөөллөөс хамгаалах эрх зүйн хамгаалалт болохоос бус мэргэжлийн ур чадваргүй нь нэгэнт тогтоогдсон шүүгчийг хамгаалах тогтолцоо биш юм. Шүүгч нь төрийн нэрийн өмнөөс хэрэг, маргаан таслан шийдвэрлэдэг, шударга ёсны буюу нийтийн үйлчилгээг үзүүлдэг нийтийн албан тушаалтны хувьд иргэд, олон нийтийн хяналтад байдаг бөгөөд хэрэв мэдлэг, чадварын хувьд тухайн албан тушаалтанд тавигдах хуулийн шаардлага хангахгүй бол түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх нь эрх зүйт ёсны зарчим, төрийн алба хуульд захирагдах зарчимд нийцсэн шийдвэр болдог.

3. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа нь тодорхой нэг шүүхийн шийдвэрийг хянаж үзэх, түүнийг хүчингүй болгоход чиглэгдээгүй тул шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа хэрэг биш юм. ...

Иймд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох ажиллагаатай холбоотой Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх, шүүгчийг хугацаагүй томилох зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэсэн байна.

Зургаа. Монголын шүүгчдийн холбоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллага юм.

Үндсэн хууль, бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг зохион байгуулах, үнэлэх, уг үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх, мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамааран шүүгчид нэмэгдэл олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхээр байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, зорилгод хамаарахгүй байна.

2. Холбоо нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан шүүгчийг "ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар" зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах эрхийг үгүйсгээгүй, харин уг баталгааг эдлүүлэхдээ "... мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах"-аар нөхцөлдүүлсэн нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхүйц гэж үзсэн болно.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэжээ. Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчмуудад шүүгчийн хараат бус байдал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хангах баталгаа мөн болох талаар тунхаглажээ.

Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь шүүгч хэргийн оролцогч талуудаас хараат бус байхаас гадна гагцхүү хуульд захирагдан шүүн таслах ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас хараат байдалд орж болох аливаа зүй бус нөлөөллөөс ангид байх зэрэг өргөн ойлголт юм.

Шүүгчийн хараат бус байдлын талаарх Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанаас үзвэл Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад "...шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах", 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад "шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах", мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт "... энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно." гэсэн зүйл, хэсэг заалтууд нь шүүгчийн хараат бус байдлын талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байна." гэжээ.

Долоо. Иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад өөрийн мэдээлэлд дурдсан холбогдох хуулийн заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх шаардлагаасаа татгалзсан болно.

ҮНДЭСЛЭЛ:

1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулахаар; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргахаар; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт дээрх үнэлгээ, дүгнэлт нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байж, тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлахаар; 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт шүүгч нь шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авахаар; түүнчлэн уг нэмэгдэл нь мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарахаар тогтоосноороо шүүгчийн хараат бус байх зарчимд халдсан, Шүүхийн ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үүрэгт үл хамаарах зохицуулалтыг бий болгон улмаар шүүгчийг чөлөөлөх, огцруулах тухай Үндсэн хууль зөрчсөн, мөн шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааг үнэлэх үндсэн зорилтоос хазайсан зохицуулалт болсон байна. Ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, 18 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын "шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах" гэсний "... шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт ..." гэсэн хэсэг нь; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах"; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно."; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт "Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална."; 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна." гэж заасны "... шийдвэрийн чанар ... уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", мөн зүйлийн 4 дэх хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ." Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно." гэж заасныг тус тус зөрчсөн байна.

2. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, 18 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

4. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын "шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах" гэсний "... шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт ..." гэсэн хэсэг; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах." гэснийг; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно." гэснийг; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт "Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална" гэснийг; 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт "Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна." гэж заасны "..., шийдвэрийн чанар ... уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба ..." гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА

ГИШҮҮД Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2015 оны 4 дүгээр сарын                                                                                                 Дугаар 05                                                                                                Улаанбаатар хот
29-ний өдөр 

 

 

Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн 
   байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 
    холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг 
  хянан шийдвэрлэсэн тухай
 

 



Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                                         танхим 15.00 цаг

 

 

             Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

  

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн  23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7  дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8, 18 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцэд хандаж: 

 

“Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3 дахь хэсэгт заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүхийн мэргэшлийн хороо нь “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн ... 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.” хэмээн тус тус хуульчилсан байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчид нэмэгдэл олгох нь шүүгчийн хараат бусаар ажиллах эдийн засгийн баталгааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч шүүгчийн гаргасан шийдвэрийн чанарыг үндэслэн нэмэгдэл олгох, эсхүл албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаарх зохицуулалт нь Шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн Үндсэн хуулийн бус зохицуулалт болсон. Шүүгчийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар шүүхийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх зохицуулалтыг хуульчилсан хэмээн ойлгож байна. Гэтэл шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг дүгнэх үйл ажиллагаанд шүүгчийн хэрэг, маргааныг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хамаатуулж, улмаар шүүхийн шийдвэрийн чанарыг тогтоох боломжийг Үндсэн хуулиар эрх олгогдоогүй байгууллага, тодруулбал Шүүхийн мэргэшлийн хороонд олгосон нь Үндсэн хуульд бэхжигдсэн шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн чанар гэсэн хөндлөнгийн дүгнэлтээс улбаалан эрх зүйт ёсны үзэл санаанд нийцүүлэн хуулийг чөлөөтэй хэрэглэх шүүгчийн эрх, өөрийн цэвэр тунгалаг итгэл үнэмшлээрээ асуудалд хандах хууль зүйн боломж хязгаарлагдах ёсгүй. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн Шүүгч нь ... шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.” гэжээ. Энэ хэсэгт зааснаар шүүгчид нь хугацаагүй томилогддог албан тушаал байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх..”-ээр хуульчилж, улмаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “...үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл...” байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаал нь мэргэшлийн үйл ажиллагааны түвшингээс хамаарч 3-5 жилийн хугацаатай байх бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн “...шүүгчийг хугацаагүй томилох тухай” агуулгаас ихээхэн зөрүүтэй, түүнийг зөрчсөн шинжтэй болжээ. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэснийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн холбогдох заалт зөрчжээ.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна”, 20 дугаар зүйлийн 20.4.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглоно”, 20.4.2 дахь хэсэгт “Шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглоно хэмээн тус тус зааснаас үзэхэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр шүүгчийг чөлөөлж, огцруулах боломжгүй юм. Тиймээс Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна..” гэсэн агуулгатай мэдээлэл, гомдол гаргасан байна.

 

Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

 

            “Нэг. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж  олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн  бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

 

            Үндсэн хуулийн үзэл санааг анхааран үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүрийг биелүүлэх этгээд болохоос мэргэшлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг шүүхийн шүүн таслах ажиллагаанд үнэлэлт өгөх этгээд биш байна. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журам гэсэн ойлголт байж болохгүй бөгөөд түүнийг тодорхойлсон түвшин, шалгуур гэсэн ойлголт нь шүүгч бие даан шийдвэр гаргах эрхийг хязгаарласан хэм хэмжээ тогтооно гэсэн үг. Хэрэв энэ хууль цаашид хэрэгжвэл шүүгч нь шүүхийн ерөнхий зөвлөлөөс үйл ажиллагааны хувьд хараат этгээд болж хувирна.

 

            Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг үнэлж дүгнэх, шалгаруулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч батална”, мөн зүйлийн 8.2 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 8.1-д заасан журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 8.3 дэх хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ.

 

            Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

            “...1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлын талаарх нарийвчилсан зохицуулалт юм. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээг тогтоох нь шүүгчийн хараат бус байдалд халдах, шүүгчид нөлөөлөх зорилгыг агуулаагүй, уг заалтаар шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үйл ажиллагааг зөвшөөрсөн зүйл байхгүй байна.

 

            Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүхийн мэргэшлийн хороо нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байхаар заасан нь шүүгчийн хараат бус байдлыг хөндөх, Мэргэшлийн хорооноос шүүгчийг захирах гэсэн агуулгыг илэрхийлээгүй байна.

 

            Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах журамтай. Хуульд заасан эрх олгогдсон этгээдийн гаргасан журамд зааснаар шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоох нь шүүгчийг хараат, захиргаандаа оруулах бус харин шүүгчийн хувьд өөрийн мэдлэг, ур чадварын түвшинг танин мэдэх, дээшлүүлэх ач холбогдолтой, ингэснээрээ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа улам нэмэгдэх ач холбогдолтой юм. Шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоох нь түүний шүүн таслах ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгөөс оролцох асуудал бус, шүүн таслах ажиллагаатай холбоогүй үйл ажиллагаа юм.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд зааснаар шүүгчийг албан тушаалд томилох, чөлөөлөх нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх тул Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-д заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс шүүн таслах ажиллагаанд оролцох, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур болгох, өөрийн харьяалалд оруулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх олгосон заалт гэж ойлгох боломжгүй юм. ...

 

            Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүгчид тавих шаардлагыг үнэлэх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулах уг журмыг эцэслэн батлах субьект нь Монгол Улсын Ерөнхийлөгч байх, уг журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэсэн. Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах агуулгатай заалтууд нь шүүгчийг Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр огцруулах, чөлөөлөх үндэслэлийг бүрдүүлээгүй болно. Энэ ч утгаараа мөн хуулийн 18 дугаар зүйлд “шүүгчийн бүрэн эрх дуусгавар “болох үндэслэл”-ийг тодорхой заасан.

 

            Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлээр тодорхойлсон “шүүхийн тухай хууль” биш гэж үзэх нь хуулийн агуулгыг үг үсэгт баригдан явцууруулан тайлбарлаж, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, агуулга зарчмыг алдагдуулсан явдал болох билээ. Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд заасан “шүүхийн тухай хууль” гэдэг нь “Шүүхийн тухай хууль” гэсэн оноосон нэр биш бөгөөд ийнхүү хуулийг оноосон нэрээр нь үндсэн хуульд заасан байх учиргүй. Харин Үндсэн хуульд заасан “шүүхийн тухай хууль” гэдэг нь шүүх, шүүгчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааг тухайлан зохицуулсан хууль гэсэн агуулгатай тул мэдээлэлд дурдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлийг нарийвчлан зохицуулсан нь Үнсдэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм.

 

             Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна” гэж заасан нь шүүгчийн хувьд ажлын ачаалал, бүтээмж, үр дүндээ тохирсон нэмэгдэл авах эрхийг олгосон зохицуулалт бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэж, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” гэж, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс  бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.“ гэжээ.

 

            Дөрөв. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

            “Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэний “... шударга шүүхээр шүүлгэх, ...” эрхийг хангах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно” хэмээн шүүгчийн хараат бус байдлын баталгаа болсон шүүгч гагцхүү хуульд захирагдах, шүүгчээс шүүн таслах ажлаа эрхлэхэд бусад этгээд нөлөөлөхгүй байх, шүүгчийг хугацаагүй томилох цогц зарчмуудыг тусгаж өгсөн.

 

            Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалахын тулд шүүх хараат бус байгаад зогсохгүй үүний зэрэгцээ хариуцлагатай буюу ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх, хууль хэрэглээ, онолын болон шүүн таслах ажиллагааг удирдах зохион байгуулах мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх явдал чухал билээ. Монгол Улсын Их Хурлаас “Шүүхийн багц хууль”-ийг батлахдаа шүүхийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх...”-ээр, улмаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”-аар, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтад “... үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл ...” байхаар тус тус заажээ.

 

            Эрх зүйт төр хөгжсөн улсуудын туршлагыг авч үзэхэд шүүгчийн мэдлэг, ур чадварыг тухайн шүүгч өөрөө тодорхойлж, хөгжүүлэх үүрэгтэй байдлаар шүүгчийн ёс зүйтэй уялдуулж шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус байдалд нийцнэ гэж үзэх хандлагын зэрэгцээ хөндлөнгийн этгээдээр мэргэжлийн ур чадварыг үнэлж, дүгнүүлэх туршлага байдаг. Гэхдээ хөндлөнгийн этгээдээр шүүгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлүүлэх нь гагцхүү шинээр болон дээд шатны шүүхэд томилогдох, шүүгчийг хугацаатай сонгодог улсад улираан сонгох болон туршилтын хугацаагаар томилогдсон шүүгчийг насанд туршид нь томилох, эсхүл шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хийгддэг байна. Мөн шүүгчийн үнэлгээний үйл ажиллагаа нь шүүгчийн шүүн таслах ажиллагаанд чиглэдэг, үнэлгээг гадны нөлөөллөөс хараат бус байлгах зэрэг үүднээс Дээд шүүхийн шүүгч нараас бүрдсэн баг үнэлдэг журамтай.

 

            Маргаан бүхий дээрх хуулийн заалтын хувьд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг үнэлэх зорилгыг тодорхой заагаагүй, шүүгч нарыг аль шатны шүүхэд ажиллаж байгаа эсэхээр зааглаж, ялгаагүй, хөгжингүй улсуудад огт байдаггүй Дээд шүүхийн шүүгчдийг үнэлэх болсон зэрэг нь Үндсэн хуульд заасан “шүүгчийн хараат бус байх” зарчмын агуулгад нийцэж буй эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

            Хоёр. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “... үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл ...” байхаар заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрхэм зорилго, үүргийг “гагцхүү” гэсэн нөхцөлийн доор тодорхой заажээ.

 

            Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, хуульчдаас шүүгчийг шилж сонгох чиг үүргийг хэрэгжүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчид хариуцлага тооцох эрх хэмжээ ногдуулсан нь зохимжгүй, Шүүхийн багц  хуулиар энэхүү чиг үүрэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа Шүүхийн ёс зүйн хороонд хамаардаг.

 

            Мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1985 оны “Шүүхийн бие даасан байдлын суурь зарчмууд” гэсэн баримт бичгийн 18 дахь хэсэгт “шүүгчийг гагцхүү ёс зүйн хувьд тэнцэхгүй болон мэргэжлийн үүргээ гүйцэтгэх чадваргүй тохиолдолд огцруулна” гэж заасан бөгөөд “шүүгч мэргэжлийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй” гэдгийг шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүгчийн албан тушаалыг цаашид хаших боломжгүй байх нөхцөлийг хамруулдаг. Харин шүүгч мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй, түүнийг сургалтад хамруулж, өөрийгөө  хөгжүүлэх боломж олгосон боловч дахин тэнцэхгүй бол үүнийг “шүүгчийн хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх” шүүгчийн ёс зүйн зөрчил гэж үзэж, шүүгчийн ёс зүйн хороо асуудлыг авч үздэг жишиг байна.

 

            Иймд, эрх зүйт төр төлөвшсөн улсуудын жишгийг үзэхэд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх үйл ажиллагаа нь өмнө дурдсанаар шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор явагддаг бөгөөд хэрэв шүүгч тухайн үнэлгээнд хангалтгүй үнэлгээ авсан бол шүүгчийг сургалтад хамруулах, цаашид мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үндэслэл болохоос шууд албан тушаалаас чөлөөлөх үндэслэл гэж үздэггүй, энэ нь мөн “шүүгчийн үнэлгээг өөрийнх нь эсрэг ашиглахыг хориглоно” гэсэн зарчимтай холбоотой.

 

            Гурав. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.” гэж зохицуулжээ.

 

            Шүүгчийн цалин хөлс, нэмэгдэл нь түүний хараат бус байдал, түүн дотроо  эдийн засгийн хараат бус байдлыг хангах баталгаа байхын зэрэгцээ шүүгчийн албан тушаалыг эрхэлж буйн хувьд иргэний хязгаарлагдсан эрхийн нөхөн олговор гэж ойлгодог. Тиймээс шүүгчид тодорхой шалгуурын үндсэн дээр нэмэгдэл олгох нь зүйн хэрэг боловч “шийдвэрийн чанар”-тай уялдуулан нэмэгдэл олгох зохицуулалт нь эргэлзээтэй юм. Учир нь аливаа хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгчийн нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн эх сурвалжийг сонгох, хэрэглэх, тайлбарлах нь түүний дотоод итгэл бөгөөд ялангуяа нотлох баримт төдийлөн хангалтгүй, эргэлзээтэй, хуулийн зохицуулалт маргаан бүхий ээдрээтэй хэрэгт шат шатны  шүүхийн шийдвэр өөрөөр гарах явдал байдаг. Энэ нь тухайн шүүхэд ажиллаж буй шүүгчдийн дотоод итгэл, эрх хэмжээтэй холбоотой асуудал болохоос доод шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг илтэд буруутгах, улмаар нэмэгдлийг нь бууруулах үндэслэл байх нь зохимжгүй.

            Мөн Олон улсын шүүгч нарын холбооноос  гарсан “Шүүгчийн түгээмэл дүрэм”-ийн 13 дугаар зүйлд “эдийн засгийн хувьд бие даасан байхын тулд шүүгч хангалттай урамшуулал авдаг байх ёстой. Шүүгчийн урамшуулал нь шүүгчийн ажлын үр дүнгээс хамаарах ёсгүй бөгөөд мөн шүүгчээр ажиллах хугацаанд багасгаж болохгүй” гэж тунхагласныг дурдах нь зүйтэй.” гэжээ.

                         

            Тав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

 

            “1. Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх зарчмын нэг агуулга нь шүүгч албаны чиг үүргээ хэрэгжүүлэх мэргэжлийн хараат бус байдлыг өөрөө хангасан байх явдал юм. Өөрөөр хэлбэл, шүүгч мэргэжлийн хувьд тасралтгүй өөрийгөө боловсруулж, өсөн дэвшиж байх шаардлагатай. Хууль хэрэглэн хэрэг, маргаан шийдвэрлэж байгаа шүүгч мэргэжлийн хувьд хоцрогдох нь шийдвэр гаргахдаа мэдлэг, чадварын талаасаа бусдын нөлөөнд автах, гаргасан шийдвэрийг нь хэргийн оролцогч, олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээр эргээд шүүгчийн хараат бус байх зарчимтай харшилдах сөрөг үр дагаврыг үүсгэдэг.

 

            Иймд шүүгч хараат бус байх зарчмыг Үндсэн хуульдаа бэхжүүлсэн дэлхийн улс орнууд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бус байдлыг нь хөндөхгүйгээр үнэлэх арга хэрэгслүүдийг ашигладаг. Манай улс ч 2012 онд батлагдсан Шүүхийн тухай багц хууль тэр дундаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагааны хууль зүйн үндсийг бүрдүүлсэн. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа гэдэг нь шүүгчийн эрх зүйн мэдлэг, ур чадвар, шүүн таслах үйл ажиллагааг удирдах арга хэлбэр, шүүгчийн хандлага, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг шүүгчийн хувийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэрэгсэл юм. Уг арга хэрэгсэл нь шүүгчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн нийгэмд үзүүлж буй шударга ёсны үйлчилгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой.

 

            Иймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг нь Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх зарчмыг зөрчөөгүй, харин ч мэргэжлийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хэм хэмжээ юм.

 

            2. Шүүгчийг хугацаагүй томилно гэдэг нь тухайн шүүгчийг зүй бус нөлөөллөөс хамгаалах эрх зүйн хамгаалалт болохоос бус мэргэжлийн ур чадваргүй нь нэгэнт тогтоогдсон шүүгчийг хамгаалах тогтолцоо биш юм. Шүүгч нь төрийн нэрийн өмнөөс хэрэг, маргаан таслан шийдвэрлэдэг, шударга ёсны буюу нийтийн үйлчилгээг үзүүлдэг нийтийн албан тушаалтны хувьд иргэд, олон нийтийн хяналтад байдаг бөгөөд хэрэв мэдлэг, чадварын хувьд тухайн албан тушаалтанд тавигдах хуулийн шаардлага хангахгүй бол түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх нь эрх зүйт ёсны зарчим, төрийн алба хуульд захирагдах зарчимд нийцсэн шийдвэр болдог.

 

            3. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа нь тодорхой нэг шүүхийн шийдвэрийг хянаж үзэх, түүнийг хүчингүй болгоход чиглэгдээгүй тул шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа хэрэг биш юм. ...

 

            Иймд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох ажиллагаатай холбоотой Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх, шүүгчийг хугацаагүй томилох зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна.

 

 

 

 

Зургаа. Монголын шүүгчдийн холбоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

            “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллага юм.

 

            Үндсэн хууль, бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг зохион байгуулах, үнэлэх, уг үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх, мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамааран шүүгчид нэмэгдэл олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхээр байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, зорилгод хамаарахгүй байна.

 

            2. Холбоо нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан шүүгчийг “ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар” зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах эрхийг үгүйсгээгүй, харин уг баталгааг эдлүүлэхдээ “... мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах”-аар нөхцөлдүүлсэн нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхүйц гэж үзсэн болно.

 

            3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэжээ. Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчмуудад шүүгчийн хараат бус байдал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хангах баталгаа мөн болох талаар тунхаглажээ.

 

            Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь шүүгч хэргийн оролцогч талуудаас хараат бус байхаас гадна гагцхүү хуульд захирагдан шүүн таслах ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас хараат байдалд орж болох аливаа зүй бус нөлөөллөөс ангид байх зэрэг өргөн ойлголт юм.

 

            Шүүгчийн хараат бус байдлын талаарх Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанаас үзвэл Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад “...шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “... энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.” гэсэн зүйл, хэсэг заалтууд нь шүүгчийн хараат бус байдлын талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байна.” гэжээ.

 

Долоо. Иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад өөрийн мэдээлэлд дурдсан холбогдох хуулийн заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх шаардлагаасаа татгалзсан болно.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

            1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулахаар; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргахаар; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт дээрх үнэлгээ, дүгнэлт нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байж, тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болохоор; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлахаар; 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт шүүгч нь шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авахаар; түүнчлэн уг нэмэгдэл нь мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарахаар тогтоосноороо шүүгчийн хараат бус байх зарчимд халдсан, Шүүхийн ерөнхий зөвлөлд Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үүрэгт үл хамаарах зохицуулалтыг бий болгон улмаар шүүгчийг чөлөөлөх, огцруулах тухай Үндсэн хууль зөрчсөн, мөн шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааг үнэлэх үндсэн зорилтоос хазайсан зохицуулалт болсон байна. Ингэснээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

 

            2. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, 18 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах” гэсний “... шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт ...” гэсэн хэсэг нь; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.”; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална.”; 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.” гэж заасны  “... шийдвэрийн чанар ... уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ...“ гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

            2. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалт, мөн зүйлийн 23.7 дахь хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

 

            3. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, 18 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 4, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.

 

            4. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах” гэсний “... шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт ...” гэсэн хэсэг; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах.” гэснийг; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.” гэснийг; Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална” гэснийг; 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.” гэж заасны  “..., шийдвэрийн чанар ... уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба ...“ гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

            5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

                    

 

                   ДАРГАЛАГЧ                                                            Ж.АМАРСАНАА

 

                         ГИШҮҮД                                                           Д.СУГАР


                                                                                                 
                                                                                                    Д.НАРАНЧИМЭГ

 

                                                                                                    Д.СОЛОНГО

 

                                                                                                    Д.ГАНЗОРИГ