Хэвлэх DOC Татаж авах
ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2007 оны 12 дугаар                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 17-ны өдөр                                                                                                                                                                                                                                                          хот

 

ГЭР БҮЛИЙН ХОЛБОГДОЛТОЙ ХЭРЭГ ХЯНАН

ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

 

Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125-132 дугаар зүйл, мөн Иргэний болон Гэр бүлийн тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг шүүхийн практикт зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, энэ төрлийн хэргийг хянан шийдвэрлэхэд хуулиар тусгайлан тогтоосон журмыг баримтлаагүйгээс шүүхийн практикт цөөнгүй алдаа гарч байгаа тул дээрх хуулиудын холбогдох зохицуулалтыг хэрэглэхэд анхаарах зарим асуудлын талаар мэргэжлийн аргачлал олгох зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖЛӨХ нь:

Нэг.Гэр бүлийн холбогдолтой иргэний хэргийн шийдвэрлэлтийн байдал.

2005-2006 онд улсын хэмжээнд анхан шатны журмаар шийдвэрлэгдсэн нийт 51961 хэргийн 5944 нь буюу 11,4 хувь нь, мөн хугацаанд хяналтын шатны журмаар хянагдсан нийт 1416 хэргийн 54 буюу 3,8 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргүүд байна.

Хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийт 1416 хэргийн шийдвэр, магадлалын 57 хувь нь өөрчлөгдөж, эсхүл хүчингүй болсон бол үүний дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай нийт 54 хэргийн 34 шийдвэр, магадлал буюу 63 хувь нь өөрчлөгдөж, хүчингүй болсон байна.

Эдгээр шийдвэр, магадлалын 30 хувь нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, 70 хувь нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шалтгаалж, өөрчлөгдөж, хүчингүй болжээ.

Нийт шийдвэрлэсэн хэргийн дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаантай хэргийн эзэлж байгаа хувийг өөрчлөгдөж, хүчингүй болсон шийдвэрийн хувьтай харьцуулж үзвэл энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд шүүхийн гаргаж буй алдааны тоо өндөр байгаагаас гадна хяналтын шатны шүүхээс өөрчлөгдөж, хүчингүй болсон нийт шийдвэрийн дундаж хэмжээнээс 6 хувиар илүү байгаа байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ.

Хоёр.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл тул шүүх гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим, нийтлэг журмыг баримтлахаас гадна мөн хуулийн 12 дугаар бүлэгт заасан тусгайлсан журмыг баримтална.

Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд бүлэг болгон тусгай хэм хэмжээгээр зохицуулсан явдал нь хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, аливаа нийгмийн үндсэн нэгж болох гэр бүлийг бат бэх, эрх зүйн байдлыг нь тодорхой, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийн хамгаалалт найдвартай байх зорилготой болно. Нөгөө талаар гэр бүлийн эрх зүйн харилцаа нь иргэний эрх зүйн харилцаанаас ялгаатай, уг харилцаа нь эд хөрөнгийн шинжээр тодорхойлогддоггүй, тухайн харилцааны талуудад эд хөрөнгийн ашиг сонирхол байдаг хэдий ч тэр нь зөвхөн гэр бүлийн гишүүн гэсэн байдалтай салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн гэр бүлийн эрх зүйн харилцааны оролцогч болох хүүхэд тухайн харилцааны субъект, мөн объект болдог онцлогтой билээ.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авах, шүүхийн харьяаллыг тодорхойлох, гэрлэгчдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх арга, гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, дуусгавар болгох зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нийтлэг зохицуулалтаас өөрөөр тусгайлан явуулахаар заасан байна. Үүнд:

2.1.Гэр бүлийн холбогдолтой нэхэмжлэлийг хүлээн авах шүүхийн харьяаллыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-17 дугаар зүйлд зааснаас өөрөөр тогтооно.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг ерөнхий зарчмын дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргахаас гадна

А)гэрлэгчид хэний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргахаа харилцан тохирч болно.

Б)нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгаан байвал өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1., 126.2., 126.3.-т заажээ.

Энэ зүйлийн 126.2.-т заасан “бага насны хүүхэд” гэдэгт Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасан 0-7 насны буюу иргэний эрх зүйн чадамжгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасан 7-14 хүртэлх насны буюу иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдийг тус тус ойлгоно. Мөн заалтын ”тахир дутуу этгээд” гэдэгт төрөлхийн болон олдмол өвчний улмаас Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадваргүй гэж тооцогдон, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамааруулна. Харин мөн заалтын “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй.

Газар нутгийн байршлаар хоёр өөр аймагт, эсхүл нийслэл болон аймагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд дээрх нөхцөл байдал харгалзан үзэх үндэслэл болох бөгөөд харин нэг аймгийн хоёр өөр сум, нийслэлийн хоёр өөр дүүрэгт амьдарч байгаа хүмүүст төдийлөн хамааралгүй юм. Гэхдээ нийслэлийн өөр өөр дүүрэгт амьдарч байгаа гэрлэгчдийн хувьд нэхэмжлэлийн сонголтод харьяаллыг баримтлах боломжтойг үгүйсгэж болохгүй. Жишээ нь: хөхүүл хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй нэхэмжлэгч Хан- Уул дүүргийн Өлзийт хорооноос Баянзүрх дүүргийн шүүхэд хандах, эсхүл Хан-Уул дүүргийн шүүхэд хандах нь цаг, хугацаа, орон зай, зардлын хувьд ялгаатай гэдгийг анхаарах нь зүйтэй.

Дээрхээс дүгнэхэд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг хүлээн авах шүүхийн харьяалал нь гэрлэгчдийн хувийн байдал болон өөрсдийн сонголт зэргээр тодорхойлогдох арай өргөн боломжоор хангагдсан байна.

2.2.Гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг шийдвэрлүүлэхээр гэрлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлүүдэд заасан бүрдүүлбэрээс гадна мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4.-т заасан шаардлагыг хангана.

Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах бөгөөд дараах баримтуудыг нэхэмжлэлд хавсаргах, боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах ёстой. Үүнд:

·      Гэрлэлтийн болон хүүхдийн төрсний, түүнчлэн үрчлэлтийн гэрчилгээний хуулбар /хуулбарын үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн/

·      18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж байгааг, эсхүл өвчтэй бол ямар өвчтэй болох талаарх өрхийн эмчийн тодорхойлолт

·      16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт

·      Гэрлэгчид эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээ байгуулсан бол гэрээний нэг хувь

·      Эд хөрөнгийн маргаантай бол гэр бүлийн дундын эд хөрөнгө болон хуваарьт өмчийн жагсаалт гэх мэт хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт орно.

2.3.Гэрлэгчдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээг биелүүлэх ажиллагааг талууд сайн дураар биелүүлэх ёстой. Харин ийнхүү биелүүлээгүй тохиолдолд талуудын аль нэгний хүсэлтээр гэрээг албадан биелүүлэх асуудлыг шүүгч захирамж гарган шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-д тусгайлан зохицуулжээ.

Гэрлэгчид Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1., 132.2.-т заасны дагуу өрхийн төсөв зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбоотой бусад нөхцөлийг харилцан тохиролцож, бичгийн хэлбэрээр, нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн гэрээ байгуулах боломжтой юм. Энэ гэрээг хэн нэг нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зөвхөн энэ шаардлагын хүрээнд уг гэрээг биелүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргана. Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.-д заасан тэжээн тэтгэх гэрээнд мөн энэ зохицуулалт хамааралтай. Шүүгчийн энэхүү захирамж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох бөгөөд уг захирамжийг талуудаас гаргасан хүсэлтийн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.-д заасан захирамж гаргахдаа зөвхөн гэрээний агуулгаар тодорхойлогдох хүрээнд шаардлагыг тусгах учиртай.

Харин гэрээнд тусгагдаагүй бусад асуудлыг шүүх ердийн журмаар буюу иргэний хэргийг хянан хэлэлцэхдээ шийдвэрлэнэ. Жишээ нь: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед эд хөрөнгөө хуваах талаар гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай бусад шаардлагыг шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ. Мөн эд хөрөнгийн гэрээнд зөвхөн дундын өмчлөлийн асуудлыг хэрхэн хуваах талаар заасан бол хуваарьт хөрөнгийн асуудлыг шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ.

2.4.Шүүх шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан дараах арга хэмжээг урьдчилан авна. Үүнд:

·      Насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүн, гэрлэгч хэн нэгийг тэтгүүлэх зайлшгүй шаардлага байгаа бол тэтгэлэг гаргах;

·       Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхдэд бие махбодийн, сэтгэл санааны болон эдийн засгийн дарамт байнга үзүүлж байгаа, эсхүл эцэг, эх гэр бүлийн маргаанаас болж хэн нь ч хүүхдээ хайхарч, асрамжлахгүй байгаа бол хүүхдийг аль нэг талд түр байлгах;

·      Гэрлэгчдийн хэн нэг нь нөгөө талынхаа зөвшөөрөлгүйгээр санаатайгаар гэр бүлийн дундын өмчийг бусдад шилжүүлэх, архи, мансууруулах бодисонд донтсоноос гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг бусдад худалдах, үрэгдүүлэх зэрэг байдлууд гаргах нь илэрхий байвал гэр бүлийн дундын эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох;

·      Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон үйлдэж болзошгүй этгээдийг дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамт нэг гэрт амьдрахгүй байхыг даалгах;

·      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т заасан нөхцөл байдал гэрлэгчдийн хооронд бий болоогүй бол шүүх мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7., Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.-т заасны дагуу гурван сар хүртэл хугацаагаар эвлэрэх хугацаа зааж өгнө. Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар шүүгч захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

Гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд урьдчилсан арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг гэрлэгчдийн хүсэлтээр өөрчлөх буюу хүчингүй болгож болно. Энэ тохиолдолд, хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр гарснаар уг ажиллагаа дуусгавар болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ нь ижил төрлийн харилцааг зохицуулж буй мөн хуулийн 69 дүгээр зүйлийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ”-тэй ижил ойлголт хэдий ч хуулийн 129.1.-д заасан арга хэмжээг хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар, шүүх хуралдааны өмнө хэрэгжүүлдэг бол 69.1-д заасан арга хэмжээг зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр авдаг, уг арга хэмжээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр дуусгавар болдгоор ялгаатай байна.

2.5.Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд энэ ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ижил харилцааг зохицуулдаг мөн хуулийн 100 дугаар зүйлд зааснаас өөр агуулгатай байна.

Гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд гэрлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцож байсан ч гэрлэгчид шүүх хуралдаанд өөрсдөө хүрэлцэн ирэх үүрэгтэй нь тухайн хэргийн онцлогтой, өөрөөр хэлбэл, гэрлэгчдийн хувийн амьдрал, үр хүүхдийн эрх ашиг, цаашид хэрхэн амьдрах нь зөвхөн хувь хүний хэнд ч шилжүүлэх боломжгүй эрх, хүсэл зоригтой холбоотойгоос гадна гэрлэгчид эчнээгээр гэрлэх боломжгүй байдгийн адил цуцлах асуудалд ч мөн биеэр оролцох шаардлагаас урган гарчээ.

Тийм учраас гэрлэгчдийг байлцуулахгүйгээр тухайн төрлийн хэргийг шийдвэрлэхгүй байхыг зорилго болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т “Гэрлэгчид 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд, харин нэхэмжлэгч ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах” тухай тусгай зохицуулалтыг хийсэн байдаг.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсэж, энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдсэн бол зөвхөн нэхэмжлэгчийн хувьд түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж болно.

Шүүх энэ зохицуулалтыг хэрэглэхдээ туйлын анхааралтай хандах учиртай. Ямар тохиолдлыг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэх вэ? Жишээ нь: гадаадад эсхүл өөр орон нутагт удаан хугацаагаар оршин сууж байгаа, хүнд өвчний улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй гэх мэт шалтгаан байж болно. Гэхдээ энэ байдал нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. Гадаадад оршин сууж байгаа нэхэмжлэгчийн хувьд бичгээр гаргасан дээрх хүсэлт нь тухайн улсын нотариатын байгууллага, эсхүл тухайн улсад байгаа өөрийн улсын консулын байгууллагаар баталгаажсан байна.

Түүнээс гадна нэхэмжлэгчээс төлөөлөгчид өгсөн итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Харин дээрх зохицуулалт хариуцагчид хамааралгүй бөгөөд түүнийг байхгүйд хэрэг хянан шийдвэрлэх боломжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3.-т заасан боловч энэ заалтыг хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд 2 дахь удаа ирээгүй тохиолдолд шүүх хэрэглэх нь зүйтэй юм.

Гурав.Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх талаар.

3.1.Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, эхнэр, нөхрийн хэн нэг нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг гаргуулах асуудлыг хамтруулан шийдвэрлэж болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д заасан байна.

Энэхүү зохицуулалтаас гэр бүлийн дундын хөрөнгийг хуваах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүх гэрлэлт цуцлуулах шаардлагатай хамтруулан шийдвэрлэдэг практик үндсэндээ тогтсон. Харин эхнэр, нөхрийн хэн нэг нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй болсноос эдийн засгийн зайлшгүй туслалцаа авах шаардлагаар тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэд тэр бүр гаргадаггүй учир энэ төрлийн маргааныг шийдвэрлэх шүүхийн практик төдийлөн тогтоогүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх заалтыг хэрэглэхдээ дараах зүйлийг анхаарвал зохино:

А)“Эхнэр, нөхөр хүнд өвчтэй“ гэдэгт гэрлэгчдийн хэн нэг нь өвчний улмаас ажил, хөдөлмөр эрхлэх бололцоогүй, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдаж, тогтмол орлогогүй болох, эмчилгээ, сувилгаа байнга шаардлагатай болох зэрэг нөхцөл байдлууд бий болсон байхыг ойлгоно.

Б)“Эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа авах” гэдэгт тэтгэвэр гаргуулахаар шаардаж байгаа этгээдийн орлого нь амьжиргааны доод түвшингээс доогуур байгаа болон ядуу, нэн ядуу, түүнчлэн түүний асрамжид хөдөлмөрийн чадваргүй, насанд хүрээгүй олон хүүхэд байгаа зэрэг ахуй амьдралын хүнд нөхцөлийг хамааруулан ойлгоно.

Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа эхнэр, нөхөр хэн нэгнээсээ тэтгэвэр гаргуулахыг шаардахдаа дээрх нөхцөл, байдлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгнө. Уг нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдоогүй бол шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй болно.

3.2.Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагатай дараах арга хэмжээг авна:

А)Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эхний ээлжид авах шаардлагатай. Энэ зүйл, заалтад заасан “Гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэдэгт гэрлэгч тус бүртэй ганцаарчлан уулзах, зөвлөгөө өгөх, гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг нарийвчлан судалж, үндэслэлтэй эсэхийг тогтоох, гэрлэлт цуцлуулснаас үүсэх сөрөг үр дагавар, хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх байдлуудыг таниулан ойлгуулах, шаардлагатай тохиолдолд сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулах зэрэг гэрлэгчдийг эвлэрүүлэхэд чиглэсэн бүхий л ажиллагааг явуулж болох юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн “хөндлөнгийн” байр суурь тухайн төрлийн хэргийг хянан шийдвэрлэхэд арай өөр агуулгатай болох юм. Шүүх талуудын хэний ч талд үйлчлэхгүй, зөвхөн хуульд захирагдах зарчим хэвээр боловч гэр бүл, хүүхдийн эрх ашгийн үүднээс процессын ажиллагаанд бусад хэрэгт гаргадаггүй “идэвхтэй” байр суурьтай байна. Энэ байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан зарчим, журмыг чандлан баримтлах учиртай.

Гэрлэгчид шүүхээс өгсөн хугацаанд эвлэрсэн эсэхээс үл хамааран хугацаа дуусмагц шүүх санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ. Үүний дараа:

-Зохигчид эвлэрээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5.-д зааснаар гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана;

-Харин зохигчид эвлэрсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 132 дугаар зүйлийн 132.3.-т зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Б)Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзсэн бол эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор заажээ.

“Гэрлэгчид эвлэрэх боломжгүй“ гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно. Уг ойлголтод хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байхыг хамааруулна.

В)Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах үед хүүхдийг хэн асрамжлах талаар тохиролцож чадаагүй бол шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7.-д зааснаар хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан асрамжийг тогтооно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлд “хүүхдээ асран хамгаалах”-ыг эцэг эхийн үүрэг гэж тус тус тодорхойлсон байдаг. Гэтэл шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд оруулсан өвөг эцэг, эмэг эхийн оролцооны талаар дүгнэлт хийж, асрамжид авахыг хүссэн этгээд нь гадаадад удаан хугацаагаар оршин сууж байгаа, эсхүл согтууруулах болон мансууруулах зүйл байнга хэрэглэдэг, хүүхэдтэй болон гэр бүлийн гишүүдтэй хатуу ширүүн харьцаж, хүч хэрэглэдэг зэргийг харгалзахгүйгээр өвөг эцэг, эмэг эх гэрлэгчдийн хэний эцэг, эх болохоос шалтгаалан асрамжийг шийдвэрлэдэг нь буруу юм.

Түүнчлэн гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудал нь тэдгээрийн эцэг, эх болсны хувьд эдлэх эрх, үүрэгтэй салшгүй холбоотой учир гэрлэлтийн баталгаатай байсан эсэхээс үл хамааран шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэнэ.

Харин гэрлэлтээ бүртгүүлсэн болон гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь маргаагүй байгаа бол нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.-т заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-д зааснаар “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэсэн заалтыг шүүх хэрэгжүүлэхдээ дараах зүйлийг анхаарвал зохино.

·      Хүүхдээс санал авахдаа түүний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх болон төрөл садангийн хүнийг байлцуулахгүй байх нь зохимжтой

·      Хүсэл зоригоо илэрхийлэхэд хүүхдийн анхаарлыг сарниулахгүй байх, тайван, тухтай газар (өрөөг) сонгох

·      Саналыг авахад өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, иргэдийн төлөөлөгчдийн аль нэгийг байлцуулах нь зүйтэй

·      Хүүхдэд тавьж буй асуултыг зөв сонгох (ээждээ хайртай юу эсхүл аавдаа хайртай юу, аав, ээжийн хэнийх нь зөв бэ г.м. хариулт өгөх боломжгүй, эсхүл хүүхдийн мэдэх, ойлгох учиргүй зүйлийг асуух нь буруу)

·      Хүүхдийн эцэг, эхийнхээ аль алинд нь хайртай байх, тэдгээрийн хэнийг нь ч алдахгүй байх хүслийг талуудын маргааны аль нэг талд ашигтайгаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь буруу юм.

Ер нь хүүхдийн саналыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох талаар хуульд заагаагүй байна. Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7.-д заасан шаардлага л үндэслэл болох учиртай. Харин хүүхдийн санал энэ үндэслэлийг тогтооход ач холбогдолтой нотолгооны хэрэгсэл юм. Тийм ч учраас хүүхдийн саналыг “харгалзана” гэж хуульд заажээ.

Г)Хүүхдийн тэтгэлгийг тогтооход шүүх гэрлэгчдийн харилцан тохирсныг, эсхүл тэтгэлэг төлөгчийн амьдрал ахуйг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээнээс доогуур тогтоодог нь хууль буруу тайлбарлан хэрэглэж буй алдаа юм.

Хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаас доогуур хэмжээгээр авахыг тэтгэлэг авагч зөвшөөрсөн нь тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас доогуур тогтоох үндэслэл болохгүй. Тэтгэлэг нь хүүхдэд захиран зарцуулагдах ёстой тул хүүхдэд ашиггүй байдлаар харилцан тохиролцох явдал нь угтаа буруу хэдий ч тэтгэлэг төлөгч, авагч хоёрын ахуй амьдрал, орлого өөр байхаас шалтгаалан ийнхүү тохиролцохыг хуулиар хориглоогүй байна. Харин шүүх тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас доогуур тогтоох нь буруу болно. Тэтгэлэг төлөгч, авагч хоёр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд энэ талаар тохиролцож болох юм.

Тэтгэлгийн хэмжээг багасгах асуудал зөвхөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д зохицуулагджээ. Харин энэ үндэслэлээр тэтгэлэг төлөгчийг тэтгэлгээс бүрэн чөлөөлж болохгүй.

Д)Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох хөрөнгийг хуваах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулснаас бусад тохиолдолд уг эд хөрөнгийг шүүх Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд заасны дагуу хуваана.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т “гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэсэн заалтыг шүүх хэрэглэхдээ энэ хууль болон бусад хуульд үүнээс илүү нарийвчилсан зохицуулалт байгаа эсэхийг судлах шаардлагатай юм.

Гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх ёстой. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх өөрөөр үүсэх журмыг Иргэний хуульд заагаагүй байна.

Шүүх гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдээс гэр бүлийн дундын өмч гэж маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр болон хамтран өмчлөгчөөр хэн бүртгэгдсэн байгааг тэргүүн ээлжид анхаарах ёстой. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д “Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас үзэхэд тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг энэ зүйлийн 183.3.-т зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэхээр байна.

Гэтэл сүүлийн үед гэрлэгчдийн болон гэр бүлийн гишүүдийн аль нэг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш атлаа өмчлөгчөөс гуравдагч этгээдтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах болжээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.-т заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай юм.

Хэрвээ гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн аль нэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа, эсхүл гэр бүлийн гишүүнээс гарч буй тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй юм. Харин энэ шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхээс өмнө тавигдсан байх учиртайг шүүх анхаарах ёстой.

Харин өмчлөгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцлийн улмаас гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гэр бүлийн гишүүн болон гэрлэгчээс учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэсэн хуулийн зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх үүссэн буюу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гэр бүлийн гишүүдэд хамааралтай юм. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн мөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх эрхийг олж аваагүй тул өмчлөгч болон гуравдагч этгээдийн байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх шаардлага гаргах нь үндэслэлгүй юм.

Иймд шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4., 128 дугаар зүйлийн 128.2., 110 дугаар зүйлийн 110.1.-д заасан зохицуулалтуудыг хооронд нь харьцуулан үзэж, тухайн тохиолдол бүрт зөв хэрэглэх учиртай болно.

Гэр бүл цуцлах үед гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг зөвхөн гэрлэгчид бус гэр бүлийн бусад гишүүдэд хуваадаг учир гэр бүлийн гишүүнд хэн орохыг зөв тодорхойлох асуудал чухал байдаг.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3. болон 129.4.-т заасан гэр бүлийн гишүүний ойлголт өөр байгааг анхаарах нь зүйтэй.

Гэр бүлийн гишүүн гэсэн ойлголтыг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т “Гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно” гэжээ.

Эндээс үзвэл Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн төрсөн, дагавар, үрчилсэн хүүхдүүдийг багтаасан бол мөн зүйлийн 129.4.-т заасан “гэр бүлийн гишүүн” гэдэгт гэрлэгчид, тэдгээрийн хүүхдүүд орохгүй, харин гэр бүлийн бусад гишүүн болох төрлийн болон садангийн буюу гэрлэгчдийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач, зээ, мөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхэд байж болох юм. Гэхдээ энэ тохиолдолд анхаарах гол зүйл бол эдгээр хүмүүс хөрөнгө бий болох үед гэрлэгчидтэй байнгын хамтын амьдралтай байсан тул гэр бүлийн дундын хөрөнгийг бий болгоход хувь нэмэр оруулсан байх явдал юм.

3.3.Хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан хүмүүсийн хооронд үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн 12 дугаар бүлэгт заасан гэр бүлийн хөрөнгийн эрхийг зохицуулсан зүйл, заалтаар шийдвэрлэхгүй, харин тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан энэ хуулийн 108, 119 дүгээр зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэнэ.

3.4.Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг зөвхөн шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай бөгөөд энэ шийдвэр нь эрх зүйн харилцааг үүсгэх, дуусгавар болгох ач холбогдолтой, улмаар иргэний гэр бүлийн байдлын улсын бүртгэлд тусгагддаг учир эдгээр хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй.

Дөрөв.Эцэг тогтоох маргаантай хэргийн талаар

4.1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т “Хүүхдийн эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэснээр шүүх хүүхдийн биологийн эцэг, эх хэн болохыг тогтооно.

Шүүхийн практикт хүүхдийн эхийг тогтоох шаардлага гардаггүй бөгөөд харин эцэг тогтоох нэхэмжлэл шүүхэд цөөнгүй гардаг.

Хүүхдийн эцэг биш гэж хариуцагч маргаж байгаа тохиолдолд зохигчдын хүсэлтээр шүүгч захирамж гарган “эцэг тогтоох” шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтсийг шинжээчээр томилно.

Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн Шүүх эмнэлгийн хэлтэс хүний “геном”-ын/ хүний хэрэгцээт эрхтнээр ДНХ хийх /шинжилгээг эцэг, эх, хүүхдийн цус, шүлс, шүлсний арчдас, үснээс авч хийнэ. 2007 оноос Шүүх эмнэлгийн хэлтэс нь эцэг тогтоох шинжилгээг АНУ-д үйлдвэрлэсэн “ВЕНЕТА” аппаратаар олон үзүүлэлтээр хийж байгаа бөгөөд дүгнэлтийн магадлал 99.9 хувь болжээ.

4.2.Хүүхдийн эцэг нас барсны дараа “эцэг тогтоох” нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэдэг, түүний эрх ашигтай холбоотой байхад шүүх Нийгмийн даатгалын байгууллагын шаардлагаар хүүхдийн эцэг, эхийг хамтын амьдралтай байсныг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн төрлийн хүсэлт (нэхэмжлэлийг) гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж буйг анхаарах нь зүйтэй.

4.3.Хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон бөгөөд захиргааны энэ ажиллагаа, шийдвэрийн талаар хуульд заасан журмын дагуу гомдол гараагүй, захиргааны байгууллагын уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шүүхийн журмаар хүүхдийн эцгийг дахин тогтоох шаардлагагүй.

Энэхүү зөвлөмжид гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүх асуудал ороогүй хэдий ч энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд анхаарвал зохих, хүндрэлтэй, шүүхийн практикт багагүй гардаг тохиолдлуудыг тусгасан тул үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөж байна.

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ