Хэвлэх DOC Татаж авах
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ГАРГАХ МАГАДЛАЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ
 
 
 
2009 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                                               Улаанбаатар
 
сарын 30-ны өдөр                                                                                                             Дугаар 02                                                                                                                             хот
 
 
 
 
 
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ГАРГАХ
 
МАГАДЛАЛЫН ТУХАЙ
 
 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах, давж заалдах шатны шүүхүүдэд эрх зүйн акт үндэслэлтэй боловсруулахад аргачлал олгох зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4. дэх заалтыг үндэслэн Улсын Дээд Шүүхээс Зөвлөмж болгох нь:
 
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гомдолд заасан үндэслэлийг хүлээн авч, хангах боломжгүй тохиолдолд гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ. Энэ тохиолдолд магадлалдаа гомдлын үндэслэлийг хүлээн авч, хангах боломжгүй байгаа, түүний эрх зүйн үндэслэлийг ойлгомжтойгоор дурдаж, шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлийг заан тэмдэглэж байх шаардлагатай. Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д “гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх” гэсэн дарааллаар бичсэн хэдий ч давж заалдах шатны шүүх эхний ээлжид анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэж байгааг зааж, улмаар давж заалдах гомдлыг хангасан эсэхийг магадлалдаа тусгадаг байна. Тухайлбал, “дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж.
 
“Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, сум дундын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсүгэй” гэж заах тохиолдол аймгийн давж заалдах шатны шүүхүүдэд байдаг ба энэ нь угтаа ижил утгатай тул аль ч хэлбэрээр бичих боломжтой юм. Гагцхүү хуулийн энэ хэлбэрээр бичвэл дээрх зүйлийн дараагийн заалтуудад туссан шийдлийг тодорхойлоход бичвэрийн хувьд өөр болох юм. Тухайлбал, “нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсугай”, “нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулсугай”, “нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсугай” г.м.
 
Өөрөөр хэлбэл, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа тохиолдолд л энэ талаар тогтоох хэсэгт заахаар хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д зохицуулсан учир эхлээд шийдлээ, дараа нь гомдлыг хэрхэснийг заах нь илүү оновчтой гэж үзнэ.
 
2.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл ямар үндэслэлээр шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах болсон тухай бичиж, түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарлан магадлалд тусгана.
 
Нэмэлт, өөрчлөлт гэдэгт найруулга, үг, үсгийн алдаа, тооны засвар ч орохоос гадна тогтоох хэсгийн зарим заалтыг бүхэлд нь өөрчлөх ч тохиолдол хамаарна. Шийдвэрийн зарим заалтыг хүчингүй болгоод оронд нь өөр заалт оруулсан тохиолдол мөн нэмэлт, өөрчлөлтөд хамаарах юм. Харин шийдвэрийн зарим заалтыг хүчингүй болгоод оронд нь өөр заалт хийхгүй буюу түүнд агуулагдаж байсан тодорхой шийдлийн оронд өөр шийдэл гараагүй бол хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. биш харин 167.1.3.-т заасан зохицуулалт үйлчилнэ.
 
Нэхэмжлэлийг болон хэргийг хэрэгсэхгүй болгох журмаар анхан шатны шүүхээс өөр шийдэл гаргаж байгаа давж заалдах шатны шүүх шийдвэрийг зайлшгүй хүчингүй болгох ба шийдвэрт өөрчлөлт оруулах замаар энэ шийдлийг зөвхөн тухайн хэрэгт олон төрлийн шаардлага байгаа тохиолдолд гаргах боломжтой юм.
 
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хуульд нийцээгүй буюу бичиг, техникийн алдаатай байвал түүний үндэслэлийг магадлалд тодорхой тусгана. Тухайн заалтад нэмэлт өөрчлөлт оруулах бөгөөд түүнд өөрчлөлт оруулах болсон үндэслэлийг ойлгомжтой байдлаар тусгаж байх учиртай. Харин шийдвэрийн зөв гэж үзсэн заалтуудыг хэвээр үлдээж байгаа тухай магадлалд заана.
 
4.Хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож” гэснийг болон мөн зүйлийн 167.1.4.-т “шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож” гэсэн заалтын зааг хязгаарыг дараах байдлаар ойлгож хэрэглэж байх нь зүйтэй.
 
а)Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулах замаар маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжтой байвал хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3.-т зааснаар зохицуулна.
 
б)Харин хэргийг буюу нэхэмжлэлийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон, ийнхүү шийдвэрлэхэд шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай тохиолдолд хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т зааснаар зохицуулагдана.
 
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгоно. Ийнхүү хүчингүй болгох үндэслэлийг хуулийн 168 дугаар зүйлд тодорхойлон заажээ. Энэ зүйлд зааснаас өөр тохиолдолд хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй бөгөөд боломжгүй юм.
 
Давж заалдах шатны шүүхүүд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийг анхан шатны шүүхэд буцаадаг алдаа түгээмэл гардаг. Үүнийг өөрт ногдсон үүргээ биелүүлэхгүй бусдаар ажлаа хийлгэх гэсэн ажлын дутагдал гэж үзнэ. Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хиймлээр удаашруулах, зардал нэмэгдүүлэх, хэргийн оролцогчдыг чирэгдүүлэх, хохирлыг нь ихэсгэх зэрэг ноцтой хор уршигтай болохыг анхаарах нь зүйтэй юм.
 
Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахын тулд дараах гурван зүйлийг анхаарах шаардлагатай:
 
а) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн байх,
 
б)энэ зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй байх,
 
в)анхан шатны шүүх алдааг залруулах боломжтой байх
 
Энэ тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байх бөгөөд магадлалд учир шалтгааныг тодорхой тусгаж байх нь зүйтэй.
 
6.Хуульд заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх ойлголт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийг 168.1.1.-ээс 168.1.7.-д заасан үндэслэлээр хязгаарлагдана.
 
7.Анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2., 167.1.3.-т заасан үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулах, өөрчлөх найруулах тохиолдолд магадлалын тогтоох хэсэгт шийдвэрийн өөрчлөгдөж байгаа заалтыг хуулбарлан бичих шаардлагагүй гэж үзнэ. Хэргийн магадлалын хянах хэсэгт ямар заалтыг хэрхэн өөрчлөх, ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулах болсон үндэслэлийг тодорхой тусгаж байвал зохино.
 
8.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.
 
Хэргийг бүхэлд нь хянасантай холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолд дурдаагүй боловч хууль хэрэглээний, техник бичилтийн, тооцооны зэрэг алдаа дутагдлыг залруулах, гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр өөрчлөлт оруулж болно. Энэ тохиолдолд тухайн гомдолд дурдсан үндэслэлд хамааралгүй болох тухай магадлалд дурдан, магадлалын тогтоох хэсэгт гомдлыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг хангаагүй болохыг зааж байх нь практик ач холбогдолтой. Тухайлбал давж заалдах гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаах эсэхийг хянан шийдвэрлэхэд г.м.
 
9.Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд нь өөрөөс нь хамааралгүй хүчин зүйл нөлөөлж саад учруулсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно. Энэ ойлголтын хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйл болон гэнэтийн аюул тохиолдсон болон өөр орон нутагт томилолт болон зайлшгүй шаардлагаар явсан зэргийг харгалзан үзэж байх нь зүйтэй.
 
10.Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай магадлалд анхан шатны шүүхийн алдаа, ямар ажиллагаа явуулсны эцэст хэргийг дахин шийдвэрлэх талаар ойлгомжтой тусгаж байх шаардлагатай боловч нотлох баримтыг хэрхэн үнэлэх, хэргийг хэрхэн шийдвэрлэхийг зааж, чиглэл өгсөн байдлаар тодорхойлон зааж болохгүй.
 
 
 
 
 
 
 
ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ