Хэвлэх DOC Татаж авах
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААН, ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ  ШҮҮХИЙН АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2009 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                                               Улаанбаатар

сарын 30-ны өдөр                                                                                                                Дугаар 04                                                                                                                        хот

 

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААН, ИРГЭНИЙ

ХЭРГИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ШҮҮХИЙН АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны талаархи Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлгийн зохицуулалтыг нэг мөр ойлгож, зөв тайлбарлан хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг удирдлага болгон Улсын Дээд Шүүхээс ЗӨВЛӨМЖ болгох нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гомдлыг аймаг, нийслэлийн шүүх хянан шийдвэрлэх бөгөөд гомдлыг гагцхүү давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.

 Давж заалдах шатны шүүх хуралдааны дэгийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт нарийвчлан тусгаагүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг давж заалдах шатны шүүх бүрэн хэрэгжүүлнэ.

Хүний эрх, эрх чөлөөг хуулийн дагуу хамгаалах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль дээдлэх, шүүгч хараат бус байх, шүүх хуралдааныг монгол хэлээр, нээлттэй, тасралтгүй, шуурхай явуулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, шүүгчийг татгалзан гаргах, шүүхэд мэдүүлэх , үг хэлэх эрхийг хангах, шүүгч төвийг сахих, шударга байх зэрэг зарчим нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд нэгэн адил хамаарна.

1.Шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа

Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авч тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу хэргийг шүүгчид хувиарлана. Энэхүү хуваарьт хэргийг хэрхэн хуваарилахыг тогтоосон байхаас гадна шүүгч эзгүй байх, татгалзан гарах, хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх зэрэг тохиолдлуудад хэрхэн зохицуулах асуудлыг мөн урьдчилан журамласан байна.

Гомдол гаргах эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамж төлж, /эсхүл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, хураамжийн хэмжээг багасгасан, төлөх хугацааг хойшлуулсан/ давж заалдах гомдол гаргасан байвал шүүгч дараахь бэлтгэл ажиллагааг явуулна.

Үүнд:

Ø Хэргийг уншиж танилцах

Ø Холбогдох хууль болон хууль тогтоомжийн акт, олон улсын гэрээ зэргийг судалж, хуралдаанд бэлтгэх

Ø Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх өдөр, цагийг товлох, тухайн шүүхийн дотоод журмын дагуу нийтэд мэдээллэх зард оруулах, энэ талаарх туслах ажилтны ажиллагааг хянах

Ø Бичгээр хүсэлт гарсан бол шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдэх талаар туслах ажилтны ажиллагааг хянах

Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Уг хугацаанд багтаж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар шүүгчдийн зөвлөлгөөнөөр тогтоосон журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах боломжтой. Шүүх хуралдааныг тодорхой шалтгаанаар хойшлуулах явдал нь хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах үндэслэл болохгүй юм. Хугацаа дуусгавар болж байгаа хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан зайлшгүй хойшлогдох үндэслэлтэй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зайлшгүй сунгах шаардлагатай.

2.Давж заалдах шатны шүүх хуралдааны дэг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд заасан дэгийн дагуу шүүх хуралдааныг явуулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол давж заалдах шатны шүүх мөн хуулийн 169 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтална. Нэгэн адил баримтлах журамд хуулийн 10 дугаар бүлэгт тусгагдсан зохицуулалтууд хамаарах ба тэдгээрийг давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, зарчимд уялдуулан хэрэглэнэ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх бөгөөд уг бүрэлдэхүүнд шүүх хуралдаан даргалагч, хэрэг илтгэгч шүүгчийг оролцуулан нийт гурван шүүгч байна. Шүүх бүрэлдэхүүнд орж буй гурван шүүгч хэргийн баримт, анхан шатны шүүхийн шийдвэр зэрэгтэй урьдчилан танилцсан байна. Тухайн хэргийн онцлогоос хамааран урьдчилан танилцах арга, хэлбэрийг шүүх бүрэлдэхүүн, шүүгч өөрөө сонгох ба энэ талаар шүүгчдийн зөвлөлгөөнөөс журам тогтоох боломжтой.

Хэргийн оролцогч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа тохиолдолд шүүх хуралдааны тэмдэгдэл хөтөлнө. Шүүх хуралдааны тэмдэглэлийг тус шүүхийн дотоод зохион байгуулалтын дагуу шүүхийн туслах ажилтан хөтлөнө. Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд техник хэрэгсэл ашиглаж болно. Шүүх хуралдааны тэмдэглэл хэргийн материалд хавсаргагдах ба электрон хувь нь (файл) давж заалдах шатны шүүхийн компьютерийн хадгалах нэгжид үлдэнэ. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тавигдах шаардлага хуулийн 96 дугаар зүйлээр тодорхойлогдоно.

Шүүх хуралдааныг хуралдаан даргалагч нээж, шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэхийг хуралдаан даргалагч шалгана. Шүүх хуралдаан даргалагч давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн тайлбарлаж танилцуулна.

Эрх үүргийг хэргийн оролцогчдод танилцуулсны дараа шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хуульд заасны дагуу татгалзах үндэслэл, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байгаа эсэх, хэргийг хэлэлцэхээс өмнө давж заалдах шатны шүүхэд гаргах хүсэлт байгаа эсэхийг лавлана.

Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон асуудлын талаар хэргийн оролцогч хүсэлт гаргах эрхтэй боловч энэ нь иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх эрх хэмжээгээр хязгаарлагдана. Тухайлбал, хэргийн оролцогч нотлох баримт бүрдүүлэх, шинээр гэрчийг байцаах, шинжээч томилох зэрэг хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхгүй юм.

Шүүх хуралдаанд хэргийн талаар нэг шүүгч илтгэнэ. Илтгэлд нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбарын агуулга, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл бүрэн бөгөөд тодорхой тусгагдана. Үүнээс гадна давж заалдах гомдлын агуулга, үндэслэл, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн зайлшгүй шийдвэрлэвэл зохих бусад асуудал дурдагдсан байвал зохино. Хэргийн талаарх товч бөгөөд тодорхой илтгэл анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах ажиллагааг зөв голдрилоор явуулах ач холбогдолтойгоос гадна шүүх хуралдаанд оролцогчдод хэлэлцэх асуудлыг ойлгомжтой болгодог. Шүүгч илтгэлдээ бодит үйл баримтыг тусгах үүрэгтэй бөгөөд өөрийн хувийн хандлагыг илэрхийлж болохгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож байвал гомдол гаргагч өөрөө гомдлыхоо үндэслэлийн талаар танилцуулж, эсрэг тал уг гомдолд хариу тайлбар гаргах, харилцан асуулт тавих боломжтой. Үг хэлэх, тайлбар өгөх, асуулт асуух ажиллагаа зөвхөн хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэй явагдана.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг судлана. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримтын талаархи мэдүүлгийг унших эсхүл бичлэгээс танилцуулж болно.

Нотлох баримт судлаж дууссанаар шүүх хуралдаан завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94, 95 дугаар зүйлд заасан журмыг баримтална. Зөвлөлдөх тасалгаа гэдэг нь энэ зориулалтаар тусгайлан бэлтгэсэн өрөө байхаас гадна өөр бусад өрөө, тасалгаа, танхим байх боломжтой ба шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн байх нь “зөвлөлдөх тасалгаа”-ны агуулгыг тодорхойлох учиртай.

3.Шүүх хуралдаанд биечлэн оролцох

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1. дэх хэсэгт тусгайлан зохицуулсан бөгөөд уг журмыг баримтлах нь мөн хуулийн 169 дүгээр зүйлд нийцнэ.

Бичгээр хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хэргийн оролцогч нарт давж заалдах шатны шүүх мэдэгдэх үүрэгтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1. дэх хэсэгт заажээ.

Хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох эсэхийг шүүх тодруулж, энэ талаар гомдол болон давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбарт дурдсан эсэхийг хянаж, хүсэлт гарсан бол шүүх хуралдааны товыг мэдэгдэх, хаяг эсхүл холбоо барих утас зэргийг тодорхой заахыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5., 163 дугаар зүйлийн 163.2., 165 дугаар зүйлийн 165.1. дэх хэсгийг үндэслэн шаардана.

Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойшхи хугацаанд хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцохыг хүсвэл шүүх хуралдааны товыг эсрэг талд мэдэгдэх боломжтой хугацааны буюу давж заалдах шатны шүүх хуралдаан зарлахаас өмнө шүүхэд хүсэлтээ бичгээр гаргана. Хүсэлтийг бичгээр гаргахдаа биечлэн шүүхэд авчрах, шуудангаар хүргүүлэх, факсаар илгээх г.м. арга хэлбэрийг сонгох боломжтой боловч уг хүсэлт нь хэнийх, ямар хэрэгт холбогдолтой болох нь ойлгомжтой, шүүх хуралдаан товлогдохоос өмнө, шүүхэд албан ёсоор хүргэгдэж, бүртгэгдсэн байх шаардлагатай.

Хүсэлтэд дурдагдсан хаяг эсхүл утсаар шүүх хуралдааны товыг мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх үүргийг давж заалдах шатны шүүхийн туслах ажилтан ажил үүргийн хуваарийн дагуу хүлээнэ.

Шүүх хуралдааны товыг хүсэлтэд дурдсан хаяг, утсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан тохиолдолд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг бичгээр гаргаагүй /утсаар мэдэгдсэн, уулзахдаа амаар хэлсэн/ явдал нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хэргийн оролцогчийг эрхийг хязгаарлахгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1. дэх хэсэгт заасан үүргийг шүүхэд үүсгэхгүй буюу шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч өөрөө лавлан мэдэх ёстой болно.

4.Хэргийн оролцогч шүүх хуралдаанд ирээгүйгээс гарах холбогдол

Судалгаанаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд зохигч ихэнхдээ шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргадаг бөгөөд дийлэнхи тохиолдолд түүний шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болдог байна.

Хүсэлт гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй. Харин тэрээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй бөгөөд “заавал биечлэн оролцоно” гэсэн үндэслэлээр хуралдааныг хойшлуулахыг хүсвэл шүүх бүрэлдэхүүн холбогдох нотлох баримтыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй болгосон бодит нөхцөл байдлыг хэлэх бөгөөд уг шалтгааныг хүндэтгэн үзэх эсэхийг шүүх тухай бүрт өөрөө шийдвэрлэх боловч энэ нь нотолгоо, баримтад үндэслэсэн эсэх, шүүхэд урьдчилан мэдэгдсэн эсэхээс шууд хамааралтай болохыг анхаарах нь зүйтэй.

Хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө бичгээр, шүүх хуралдаан дээр бол бичгээр болон амаар гаргах боломжтой.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй этгээд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтаас үзэхэд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаагүй этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал нь ямар ч шалтгаантай байсан нь хэргийг хянан хэлэлцэхэд саад болохгүй ба тухайн хэргийн онцлогоос хамааран хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн өөрөө үзсэнээс бусад тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

5.Диспозитив зарчмыг хэрэгжүүлэх

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт нарийвчлан зохицуулаагүй хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй юм.

Давж заалдах шатны шүүх зохигчдын эвлэрэл, нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрлийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, уг татгалзал, зөвшөөрөл, эвлэрэл хуульд нийцэж байгаа эсэх, бусдын эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг тус тус хянан үзэж, хэргийн оролцогчдод ийнхүү татгалзах, зөвшөөрөх, эвлэрэхийн үр дагаварыг танилцуулж, татгалзал, зөвшөөрөл, эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар магадлал гаргана.

Давж заалдах шатны шүүхийн уг магадлалыг зөвшөөрөөгүй зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй ба энэ нь хуулийн 74, 106 дугаар зүйлд заасан зохицуулалтаас ялгаатай байна.

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ