A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2009 оны 11 дүгээр                                                                                                                                                                                                                                               Улаанбаатар

сарын 30-ны өдөр                                                                                                        Дугаар 05                                                                                                                                   хот

 

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН БҮРЭН ЭРХ, ХЭМЖЭЭ, ХЯЗГААР

 

Иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах нь иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилтийн нэг хэлбэр болохоос гадна шүүн таслах ажиллагаанд гарсан алдаа, зөрчлийг шуурхай арилгах хууль ёсны баталгаат арга болдог тул иргэний шүүн таслах ажиллагаан дахь давж заалдах шатны шүүхийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах ажиллагааг боловсронгуй болгох, шүүн таслах ажиллагааны чанарыг дээшлүүлэх зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг үндэслэн Улсын Дээд шүүхээс Зөвлөмж болгох нь:

Нэг.Шүүхийн алдааг залруулах нь-шүүхийн хамгаалалтын салшгүй хэсэг мөн.

Шүүхийн хамгаалалт гэдэгт Үндсэн хууль болон процессын хуулиудаар баталгаажсан, хараат бус шүүхээр хэрэг, маргаанаа хянан шийдвэрлүүлэх журмаар хэрэгждэг иргэний эрхийн хамгаалалт юм. “Хамгаалалт” гэдгийг шаардлага бүрийг хангах гэж ойлгох, “хянан шийдвэрлэх” гэдгийг зөвхөн анхан шатны шүүхийн үйл ажиллагаа гэж үзэх нь тус тус өрөөсгөл болно.

1.1.Шүүхийн хамгаалалт нь үндсэн 3 хэсгээс бүрддэг:

-шүүхэд мэдүүлэх эрх ба анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, улмаар хэрэг, маргааныг шийдвэрлэсэн эрх зүйн акт гаргах

-дээд шатны шүүхээс шүүхийн алдааг залруулах

-шүүхээс гарсан эрхийн актыг биелүүлэх

Шүүхэд мэдүүлэх эрхтэй байх, анхан шатны шүүх нь ийнхүү мэдүүлсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг нь эрхийн хамгаалалтын үндсэн бөгөөд тэргүүн ээлжийн бүрдэл хэсэг юм. Уг ажиллагааны үр дүнд шүүхийн шийдвэр гардаг ба шүүх гаргасан шийдвэртээ тухайн хэрэг, маргааны талаарх дүгнэлтээ илэрхийлдэг. Шүүхээс гарч буй шийдвэрүүдийн дундаас хэрэг маргааныг агуулгынх нь хувьд дүгнэж шийдвэрлэдэг, төрийн нэрийн өмнөөс гардаг шийдвэр юм. Гэвч энэ шийдвэрийг эцсийнх, мөн шүүхийн хамгаалалт хэрэгжсэн гэж үзэх боломжгүй. Учир нь маргаантай талуудын ялагдсан тал шийдвэрийг буруу гэж үзэж, шийдвэрийг биелүүлэхэд саад учруулах боломжтой.

Тийм ч учраас төрөөс шүүхийн алдааг арилгах боломжийг олгох, улмаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг бодит болгохын тулд сонирхогч этгээдэд гомдол гаргах эрх олгодог.

Ямар ч алдаа гардаггүй ажиллагаа, үүний дотор шүүхийн ажиллагаа байдаггүй. Энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөх нь алдааг өөрийг нь хүлээн зөвшөөрөх гэсэн үг биш юм. Улмаар алдааг байх ёстой зүйл, түүнийг багасгах, түүнтэй тэмцэх шаардлагагүй гэж үзэж болохгүй. Харин ч дээд шатны шүүхээс доод шатны шүүхийн шийдвэрийг хянах боломжийг хуулиар олгож байгаа нь шүүхийн алдааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хууль тогтоогчийн санаа юм.

Шүүхийн алдааг залруулах ажиллагааг дээд зэргийн үр дүнтэй байлгахын тулд хуульд ийнхүү хэрэг, маргааны талаар гарсан шүүхийн шийдвэрийг нэг бус удаа хянах боломжийг хуулиар баталгаажуулсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянах боломжтойгоос гадна шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ч хянах үндэслэлийг мөн тусгажээ.

Шүүхийн хамгаалалтыг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хэрэгжүүлснээр шүүхийн өөр өөр хамгаалалтыг бий болгохгүй. Харин тухайн хэрэг, маргаан гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж буй явдлыг шүүхийн хамгаалалт гэх нэг том ойлголтын хэрэгжилтийн гурван хэлбэр гэж үзэх нь оновчтой болно. Шүүхийн алдааг арилгах явдал нь шүүхийн хамгаалалт нэртэй нэг механизмын гол зангилаа нь болдог.

1.2.Шүүхийн алдааны хуульчилсан тодорхойлолт байдаггүйгээс гадна түүний агуулгын талаар эрх зүйч, хуульчид ч санал нэгдсэн ойлголтод хүрээгүй байна.

Шүүхийн шийдвэрийг шүүгч гаргадаг хэдий ч шүүгчийн алдаа бүрийг шүүхийн алдаа гэж үзэж болохгүй. Аливаа этгээдийн үйлдэл (эс үйлдэхүй) болон бодол санаа буруу байхыг алдаа гэж хэлдэг. Гэхдээ шүүхийн алдаа нь төрийн эрх мэдлийн байгууллагаас гардаг, эрх зүйн актанд тусгагдсан байдгаараа аливаа бусад алдаанаас ялгаатай. Шүүхийн алдаа нь хэрэг, маргааныг буруу хянан шийдвэрлэсний үр дүн бөгөөд эрхийн хамгаалалт хэрэгжээгүй тул зөвхөн эрх бүхий этгээдийн шийдвэрээр илэрч, залруулагддаг байна.

1.3.Шүүхийн тогтолцоо анхан, давж заалдах, хяналтын гэсэн гурван шаттай байгаа нь шүүхийн алдааг илрүүлж, залруулах өргөн боломжийг бүрдүүлдэг. Тэдгээрийн дотор хоёрдугаар шатны буюу давж заалдах шатны шүүх нь энэ талаар илүү өргөн боломжийг эдэлдэг байна. Учир нь:

-давж заалдах эрхийг эдлэх этгээдийн хүрээг хуульд төдийлөн хязгаарлаагүй буюу хэргийн оролцогч бүр давж заалдах эрхтэй байдаг.

-давж заалдах гомдол гаргах үндэслэлийг хуулиар тодорхойлоогүй тул эрх зүйн тусгайлсан боловсрол, бэлтгэлгүй хүмүүс ч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг.

-анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад гомдол гардаг

-давж заалдах гомдол гарсан л бол давж заалдах шатны шүүх хэргийг заавал хянан шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

-давж заалдах гомдол гаргахад хуулиар тогтоосон хүндрэл бэрхшээл байхгүйгээс гадна тодорхой хөнгөлөлт үйлчилдэг (улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ болон түүнээс чөлөөлөх боломж) байна.

Улмаар хэргийн оролцогчид анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, гомдол гаргавал л дараагийн шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна, энэ ажиллагааг эхлүүлэхэд өөрөөс нь өөр ямар нэг этгээдийн хүсэл зориг, зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг мэдэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд давж заалдах гомдол гаргахгүй байх үндэслэл бага байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр алдаатай байсан бол энэ алдааг илрүүлэх анхны боломж хангалттай хэмжээгээр нээлттэй байдаг юм.

Хоёр.Шүүхийн алдааг нотлох

2.1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг алдаатай, эсхүл алдаагүй гэж үзэх эрхтэй боловч энэхүү дүгнэлт нь үндэслэлтэй байх ёстой. Шүүхийн алдааг зөвхөн эрх бүхий этгээд илрүүлж, залруулах боломжтой тул шүүхийн шийдвэрийг алдаатай гэж үзэхийн тулд энэ байдлыг нотлох шаардлагатай юм. Давж заалдах шатны шүүх алдааг залруулахын тулд биш харин илрүүлэхийн тулд нотлох үүрэгтэй болно.

Процессын эрх зүйд нотолгооны үйл ажиллагаа нь: нотолгооны зүйлийг тодорхойлох, нотлох баримтыг цуглуулах, тэдгээрийг судлах, үнэлэх гэсэн хэсгээс бүрддэг боловч шүүхийн алдааг илрүүлэх шүүхийн хяналтын нотолгоо маргааны зүйлийн талаарх хэргийн оролцогчдын нотолгооноос ялгаатай гэдэг нь ойлгомжтой юм.

2.2.Шүүхийн алдааг нотлох давж заалдах шатны шүүхийн нотолгооны зүйл:

-гомдлын үндэслэлд туссан үйл баримт

-гомдолд гарсан хариу тайлбарын үндэслэлд туссан үйл баримт

-гомдол болон хариу тайлбарын аль алинд нь тусгагдаагүй боловч зайлшгүй тогтоох шаардлагатай үйл баримт зэргээс бүрдэнэ.

Нэгэнт давж заалдах шатны шүүх хэргийг гомдол гарсан тохиолдолд хянан хэлэлцдэг тул гомдолд болон түүнд өгсөн хариу тайлбарт тусгагдсан үйл баримтад тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэр алдаатай, эсхүл алдаагүй байгааг хянаж үзнэ. Гэхдээ давж заалдах гомдол гаргах хуульд заасан тодорхой үндэслэл байдаггүй, эсрэг сонирхолтой талууд шүүхийн шийдвэрт бодит бус үндэслэлээр ч гомдол гаргах боломжтой тул шүүх зөвхөн гомдолд дурдсан үйл баримтад л тулгуурлавал шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хянаж чадахгүй юм. Тийм ч учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахаар зохицуулжээ.

Нөгөө талаар шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй гэдэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмуудыг зөрчих үндэслэл болохгүй. Тухайлбал, шаардлага гаргах, түүнийгээ багасгах, ихэсгэх, шаардлагыг зөвшөөрөх, эсхүл татгалзах хэргийн оролцогчийн эрхийг тодорхойлсон диспозитив зарчим, шаардлага болон татгалзлаа нотлох хэргийн оролцогчийн үүргийг тодорхойлсон мэтгэлцээний зарчим зэргийг шүүх хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан зарчмаар үгүйсгэж болохгүй.

Хэргийн оролцогчийн гомдол, тайлбарт заагдсан үйл баримт бодит байдалд нийцэхгүй байх магадлалтай байдгийг анхааран давж заалдах шатны шүүх шүүхийн алдааг илрүүлэх буюу нотлох ажиллагаанд идэвхтэй байр суурь эзэлнэ. Учир нь гомдол гаргаж байгаа тал шүүхийн алдаа байгааг нотлох зорилготой байдаг бол гомдол гаргаагүй тал шүүхийн алдаа байхгүйг нотлохыг эрмэлзэнэ. Харин шийдвэрийг хянаж байгаа шүүх гомдол болон тайлбарын аль алиных нь үндэслэлийг шалгаж, шүүхийн алдаа байгаа эсэхийг тогтоохоос гадна гомдол тайлбарт байхгүй үндэслэлээр шүүхийн алдааг илрүүлэх, эсхүл байхгүйг нь тогтоох учиртай байдаг.

Шүүхийн алдаа угтаа мэдээжийн, хэнд ч ойлгогдохоор байдаггүй ба түүнийг илрүүлэх шаардлагатай юм. Мэдээжийн буюу үг, үсгийн, техникийн зэрэг алдааг шүүхийн алдааны зэрэглэлд авч үздэггүй болно.

Давж заалдах шатны шүүхийн уг идэвхтэй байр суурь юуны өмнө шүүхийн алдааг нотлох нотолгооны зүйлийг тодорхойлоход илэрдэг. Нотолгооны зүйлийг тодорхойлохын тулд давж заалдах шатны шүүх тухайн хэрэг маргааныг зохицуулж буй материаллаг эрх зүйн хэм хэмжээний агуулгад тулгуурлана. Тухайлбал, ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргаан байвал энэ гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлох ойлголтууд, гэрээний харилцаанд баримталдаг үндсэн зарчмууд зэрэг суурь үндэслэлүүдийг тодорхойлох нь чухал.

Үүний зэрэгцээ давж заалдах шатны шүүх процессын эрх зүйн хэм хэмжээг үндэслэнэ. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болон гэрээг биелүүлэх зохицуулалтуудын дагуу маргалдагч талууд үйл ажиллагаагаа явуулсан эсэхийг тогтооход хэрэгт авагдсан нотлох баримтыг судлах тул нотлох баримтын хамааралтай, зөвшөөрөгдсөн байдал хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх, шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэхийг тогтоох шаардлагатай.

2.3.Шүүхийг алдааг илрүүлэхэд нотлох баримт цуглуулах ажиллагаа давж заалдах шатны шүүхийн хувьд их хязгаарлагдмал байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5., 161 дүгээр зүйлийн 161.4.-т давж заалдах заалдах гомдолд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг заах, заасан бол давж заалдах шатны шүүх үнэлэхийг тус тус хориглосон байдаг тул шүүхийн алдаа байгаа эсэхийг тогтооход давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримт, давж заалдах гомдол болон тайлбар, тэдгээрт хавсаргасан баримт, хожим өгсөн баримтад дүгнэлт хийнэ.

Давж заалдах гомдол болон тайлбарт хавсаргасан баримт, давж заалдах шатны шүүхэд хожим гаргаж өгсөн баримтыг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй баримт гэж үзэх эсэхэд өрөөсгөл хандаж болохгүй. Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэр гаргах үед байсан боловч шүүхэд гаргаж өгөөгүй баримтыг зохигч давж заалдах шатны шүүхэд гаргах үндэслэлгүй юм. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө цаг хугацааны хувьд үргэлжилсэн ажиллагаа учир анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш давж заалдах гомдол гаргах үед, эсхүл гомдол гарснаас хойш бий болсон үйл баримтын талаарх нотлох баримтыг хэргийн оролцогч давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх эрхтэйгээс гадна шүүх тэдгээрийг үнэлэх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан зохицуулалтыг давж заалдах шатны шүүх хэт өрөөсгөл хэрэглэж болохгүй.

2.4.Давж заалдах шатны шүүхийн нотлох баримт судлах ажиллагааг нотлох баримтуудтай шууд танилцах, тэдгээрийг шинжлэх, хооронд нь харьцуулах зэргээр хэрэгжүүлнэ. Ийнхүү судлахад давж заалдах шатны шүүхийн бие даасан, идэвхтэй байр суурь онцгой шаардлагатай юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан алдааг илрүүлэх үүрэгтэй байдаг тул хэрэгт авагдсан нотлох баримтыг гомдол гаргасан болон гаргаагүй талын байр сууриас харах, түүнчлэн анхан шатны шүүх хэрхэн судалсныг давхар судлах ёстой.

Энэ утгаар нь авч үзвэл давж заалдах шатны шүүхийн байр суурийг нийтийн болон хувийн эрх зүйн үндэслэлтэй гэж үзэх боловч хувийн эрх зүйн үндэслэл нь давамгайлах ёстой. Учир нь давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны хүрээг талуудын хоорондох эрх зүйн маргаан хязгаарладаг болно.

Давж заалдах шатны шүүхэд нотлох баримтыг судлах ажиллагааг хуучин баримтыг шинээр судлах гэж тодорхойлж ч болох юм. Нөгөө талаар анхан шатны шүүхээр судлагдаагүй нотлох баримтыг ч давж заалдах шатны шүүх судалдаг. Ялангуяа үүнд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эрхийн актууд хамаардаг.

2.5.Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр бодитоор, дотоод итгэлдээ тулгуурлан үнэлдэг. Хоёрдугаар шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхээс гадна тэдгээрийг үнэлсэн анхан шатны шүүхийн үнэлгээг дүгнэдэг гэж үзэхэд буруу зүйл байхгүй юм. Гэхдээ уг ажиллагаа нь зөвхөн хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах ба хуульд заасан журмын дагуу хийгдсэн үнэлгээг зөв, буруу гэх, дахин үнэлүүлэх шаардлага тавих нь давж заалдах шатны шүүхийн алдаатай ажиллагаа юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн үнэлгээтэй санал нийлэхгүй байж болох боловч энэ нь өөрийн дүгнэлт гаргах үндэслэл болохоос биш анхан шатны шүүхийг өөрийн саналд нийцсэн дүгнэлт гаргуулахаар хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.

Нөгөө талаар давж заалдах шатны шүүхийн нотлох баримт үнэлэх ажиллагааны онцлогийг мартаж болохгүй юм. Тухайлбал, гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх шууд үнэлдэг бол давж заалдах шатны шүүх зөвхөн мэдүүлгийн тэмдэглэлийг үнэлдэг тул анхан шатны шүүхийн шууд судалгааны үр дүнд анхааралтай хандах нь чухал болно.

Гурав.Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргах боломжтойг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.-д заасан байдаг.

Хуулийн уг зүйл, заалтад заасан шийдлүүдийг анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой, холбоогүй гэж хоёр хувааж болох юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь шүүхийн алдааг тогтоосон хамгийн тод илрэл юм. Үүний зэрэгцээ шүүхийн шийдвэрт, нэмэлт, өөрчлөлт оруулах нь шүүхийн алдааны үр дагавар байх нь түгээмэл боловч зарим тохиолдолд шүүхийн алдаанд хамаарахгүй үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт орох боломжтой байдаг юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох нь мөн ихэнх тохиолдолд шүүхийн алдаанаас болдог хэдий ч хэрэг, маргааныг өөрөөр шийдвэрлэх явдал дан ганц алдааны үр дагавар гэж үзэж болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь давж заалдах шатны шүүхийн хамгийн хатуу гэж хэлэхээр шийдвэр юм. Энэ шийдвэрийг тэр болгон гаргаж болдоггүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан үндэслэлүүдээр тодорхойлогдож байна. Уг зүйл, заалтад заагдаагүй үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж болохгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарсан, энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж болохгүй байх нь хэргийг дахин хянан хэлэлцэх үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг илрүүлэх нь эхний алхам бол түүнийг залруулах нь хоёр дахь алхам юм. Алдааг залруулах боломжгүй бол хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь эцсийн бөгөөд гарцаагүй тохиолдолд л хэрэглэдэг арга.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй ба үүний зэрэгцээ тухайн ажиллагаа бүр ямар зорилготой хийгдэж байгааг ойлгон, уг ажиллагааг ямар зарчимд тулгуурлан гүйцэтгэхийг мэдэж, ямар үр дагавар үүсгэхийг тооцоолон тодорхойлж чадсанаар давж заалдах шатны шүүхийн үүрэг, үйл ажиллагааны ач холбогдол нэмэгдэж, шүүн таслах ажиллагааны чанар дээшилж, иргэдийн дунд шүүхийн нэр хүнд өсөхийн үндэс болох юм.

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ