A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

               ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР

Улсын Их Хурлаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр батлагдаж, даган мөрдөх болсонтой холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр орсон зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас зөвлөмж болгох нь:

   НЭГ: Эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой зохицуулалт

   1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид ИХШХШТХ гэх/ 13, 25, 43, 67, 71, 75, 80, 91, 106, 125, 129, 132, 183 дугаар зүйлд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинээр нэмэгдсэн 741 дүгээр зүйл эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой байна.

   Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон бол шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзэх тухай ИХШХШТХ-ийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заажээ.

   Иймд хэрэв шаардлагын үндэслэл болсон гэрээг нэхэмжлэлд хавсаргасан байвал шүүх тухайн гэрээг сайтар уншин танилцаж, маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцсон байгааг судлах нь зүйтэй. Маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр талууд гэрээндээ тохиролцсон байвал шүүх ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино.

   Ийнхүү талууд тохиролцсон нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед илэрвэл ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд /ИХШХШТХ-ийн 13, 65.1.1/ заасны дагуу шийдвэрлэх боломжтой юм.

   1.2. Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаархи мэдээллийг хэргийн оролцогчид бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжийн талаар ИХШХШТХ-ийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т заасны дагуу танилцуулахдаа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, 741дүгээр зүйлийн 741.1.8, 741.1.9,106 дугаар зүйлийн 106.2, 132 дугаар зүйлийн 132.2, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг тухайлан тайлбарлавал зохино. Үүнд:

   а/. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.1.7-т заасны дагуу хэргийн оролцогч нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй байна.

   б/. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа талаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед илэрхийлбэл эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг шүүгч тодруулбал зохино.

   в/. Зохигчид эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар хуульд заасан байна.

   г/. Гэр бүлийн маргаантай хэргийг шүүх шийдвэрлэх үед хэргийг эвлэрүүлэн зуучлагч руу шилжүүлэх хүсэлтийг зохигчид гаргах эрхтэй бөгөөд уг асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа өмнө нь явагдаж амжилтгүй болсон нь хүсэлтийг хангахад саад болохгүй юм.

   1.3. Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах /ИХШХШТХ-ийн 741дүгээр зүйл/.

   а/. Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэхээс өмнө нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагчид хандах хүсэлт гаргавал шүүгч захирамж гаргаж нэхэмжлэлийг тухайн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлнэ. /ИХШХШТХ-ийн 741.1/

   Талууд эвлэрсэн бол шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гэрээг баталгаажуулах захирамж гаргана. /ИХШХШТХ-ийн 741.3, 741.5, 741.7/

   Харин байгуулсан гэрээ нь ойлгомжгүй, тодорхой бус, эсхүл Иргэний хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхлыг хөндсөн байвал баталгаажуулахаас татгалзана. /ИХШХШТХ-ийн 741.7/

   Эвлэрүүлэн зуучлал амжилтад хүрээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

   б/. Иргэний хэрэг үүсгэснээс хойш талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, нэхэмжлэлийг тухайн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлнэ. /ИХШХШТХ-ийн 80.1.9, 741.1/

   Шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг харгалзан тогтоох нь ИХШХШТХ-ийн 71 дүгээр зүйлийн 71.5 дэх хэсэгт нийцнэ.

   Зохигчид эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж гаргана. /ИХШХШТХ-ийн 741.3, 741.6/

   Харин ИХШХШТХ-ийн 741дүгээр зүйлийн 741.7-д заасан үндэслэл байвал захирамж гаргаж, эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзана.

   Эвлэрүүлэн зуучлал амжилтад хүрээгүй бол нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ. /ИХШХШТХ-ийн 741.10/

   в/. Талууд хамтдаа эсхүл аль нэг нь /шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр/ шууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан бол ажиллагааг эвлэрүүлэн зуучлагч явуулна.

   Талууд эвлэрсэн бол шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авч, баталгаажуулах захирамж гаргана. /ИХШХШТХ-ийн 741.3, 741.4/

   Харин байгуулсан гэрээ нь ойлгомжгүй, тодорхой бус, эсхүл Иргэний хуульд нийцээгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн байвал баталгаажуулахаас татгалзана. /ИХШХШТХ-ийн 741.7/

   ХОЁР: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх

   2.1. Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. /ИХШХШТХ-ийн 32/

   Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй.

   Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ, энэ шаардлагыг хангаагүй бол түүнийг төлөөлөгчөөсөө татгалзсан гэж үзэхгүй.

   ГУРАВ: Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх

   3.1. ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийн заалтаас үзвэл онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хамаарахгүй байна.

   Иймд ИХШХШТХ-ийн 133 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэх хэрэгт нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах, гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагааг шүүгч өөрийн санаачлагаар хийнэ. ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаас бусад үүрэг болон 25.1 дэх хэсэгт заасан эрх хэргийн оролцогчид хэвээр үлдэнэ.

   3.2. Хэргийн буюу шийдвэр гүйцэтгэлийн үрэгдсэн материалыг сэргээх асуудал иргэний хэрэгт хамааралтай болохыг ИХШХШТХ-ийн 133 дугаар зүйлийн 133.1.8-д заасан тул энэ нь мөн хуулийн 151-154 дүгээр зүйлийн зохицуулалтад нэгэн адил үйлчлэхээр байгааг анхаарах нь зүйтэй.

   ДӨРӨВ: ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн зохицуулалт

   4.1. ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт "... Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана..." гэснийг дараах байдлаар ойлговол зохино. Үүнд:

   а/ ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана. Энэ тохиолдолд шүүх хуралдаан хийхгүй.

   б/ ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

   ТАВ: ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсгийн зохицуулалт

   5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлд зохицуулсан.

   ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.5, 80.1.7, 80.1.8-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ шүүгч тодорхой хугацаа заах, улмаар уг хугацаанд түдгэлзүүлсэн шалтгаан арилна гэж тооцох боломжгүй байдаг.

   Иймд ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.5, 80.1.7-80.1.8-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бол түдгэлзүүлсэн шалтгаан арилахыг шүүгч хүлээж, арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолох нь ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт нийцэх юм.

   5.2. Харин ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.6 буюу "...хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон..." тохиолдолд шүүгч хугацаа заах, энэ хугацаанд хариуцагчийн оршин байгаа газрыг олж тогтоохыг холбогдох байгууллагад даалгах боломжтой байдаг.

   а/. Шүүгчийн захирамжид заасан хугацаанд хариуцагчийг эрэн сурвалжилж олсон бол түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэж ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай захирамж гаргаж, уг өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно.

   б/. Заасан хугацаанд эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч хариуцагчийн оршин байгаа газрыг тогтоогоогүй бол "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй" гэж үзэх үндэслэлтэй.

   Энэ тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ИХШХШТХ-ийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана.

   Хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөлөөс гадна түүнийг хэрхэн засах буюу ИХШХШТХ-ийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд хүсэлт гаргаж, шийдвэр гаргуулах боломжийн талаар зааж өгөх нь зүйтэй.

   ЗУРГАА: Шүүхийн шийдвэрийг гардан авах, хүргүүлэх

   6.1. Шүүх хуралдаанд биечлэн оролцсон тал ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. /ИХШХШТХ-ийн 25.2.6, 119.4/

   "...шүүх хуралдаанд оролцсон тал..."-аас аль нэг этгээд шийдвэрийг авсан бол гардан авсан өдрөөс, хэд хэдэн этгээд авсан бол эхний хүн гардан авсан өдрөөс гомдол гаргах хугацааг тооцох нь зөв гэж үзнэ.

   Шийдвэрийг өмгөөлөгч, төлөөлөгч нь авсан бол зохигчийн өмнөөс шийдвэрийг гардан авах эрхийг эсхүл зохигчийн бүх эрхийг өмгөөлөгч, төлөөлөгчид итгэмжлэлээр олгосон эсэхийг тодруулж, олгосон бол шийдвэрийг гардан авсан гэж үзэх нөхцөл бүрдэхийг анхаарвал зохино.

   Жишээ нь: нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэх итгэмжлэл авсан төлөөлөгч 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, өмгөөлөгч 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрийг авсан бол гомдол гаргах хугацааг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс тоолох боломжтой.

   6.2. Шүүх хуралдаанд оролцоогүй талыг дуудан ирүүлж шийдвэрийг ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд гардуулах ажиллагааг шүүх хийнэ. Шүүгч заасан хугацаанд тухайн этгээд ирээгүй, шийдвэрийг гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, энэ тухай баримтыг хэрэгт хавсаргана. Энэ журмын дагуу хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцно. /ИХШХШТХ-ийн 119.5, 119.6/

   Шүүхийн шийдвэрийг шүүхийн ажилтан хүргэж өгсөн тохиолдолд энэ тухай баримт үйлдэнэ.

   Шийдвэрийг гардаж авсан тухай баримтад шийдвэрийг хүлээн авсан этгээдийн овог, нэр, хаяг, нас, регистрийн дугаар зэрэг хувийн байдлын талаарх мэдээлэл, огноо зэргийг тухайн этгээдээр өөрөөр нь гаргацтай бичүүлж, гарын үсэг зуруулан авч баримтыг хэрэгт хавсаргасан байх шаардлагатай.

   Хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцоогүй байдал уг этгээдийг ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг шүүх анхаарвал зохино.

   6.3. Шийдвэрийг гардан авах нь хэргийн оролцогчийн үүрэг болохыг ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасан тул шүүх тэдгээрт эрх, үүргийг нь танилцуулахдаа ИХШХШТХ-ийн 25.2.6, 119 дүгээр зүйлийн заалтыг тухайлан тайлбарлан өгч, энэ тухай баримтыг зохих журмын дагуу бүрдүүлбэл зохино.

   6.4. Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд 119.7 дахь хэсгийг шүүх хэрэглэх боломжгүй гэж үзнэ.

   Шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаанд шийдвэрийг бүрэн эхээр гаргаагүй бол шийдвэрийг гардуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тоолно.

   Иймд шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь ИХШХШТХ-ийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаанд шийдвэрийг бүрэн эхээр гаргах асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.

   ДОЛОО: Хууль хүчин төгөлдөр болох

   7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Улсын Их Хурлын чуулганаар 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр батлагдаж, Үндсэн Хуулийн хорин зургадугаар зүйлийн 3-т зааснаар "Төрийн мэдээлэл" сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон тул энэ өдрөөс өмнөх хугацаанд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн дагуу, харин уг өдрөөс хойшхи ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.

   7.2. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэсэн бөгөөд шийдвэрлэгдээгүй байгаа иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн энэ хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулна. Нэмэлт, өөрчлөлт ороогүй хуулийн дагуу явуулсан бүх ажиллагаа хүчинтэй хэвээр байна.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ