Хэвлэх DOC Татаж авах
“НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭДИЙГ ХЯНАЛТАД ӨГӨХ” ТУХАЙ  ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 367 ДУГААР ЗҮЙЛИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШҮҮХЭЭС АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2009 оны 4 дүгээр                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 28-ны өдөр                                                                                                                                                                                                                                                             хот

 

“НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭДИЙГ ХЯНАЛТАД ӨГӨХ” ТУХАЙ

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 367 ДУГААР ЗҮЙЛИЙГ

ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ШҮҮХЭЭС АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 367 дугаар зүйлд “Насанд хүрээгүй этгээдийг хяналтад өгөх” гэж заасныг шүүхээс нэг мөр ойлгож, зөв хэрэглэхэд туслах зорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖ болгох нь:

1.Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй этгээдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авахаас гадна холбогдож байгаа гэмт хэргийн ангилал, шинж байдал болон нас, эрүүл мэнд зэрэг хувийн байдал, гэр бүлийн байдлыг харгалзан түүнийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнх нь хяналтанд шилжүүлэн өгч болно.

2.Насанд хүрээгүй этгээдийг бусдын хяналтанд өгөх ажиллагаа нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээний нэг төрөл учраас энэ таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд тавигдах нөхцөл шаардлага насанд хүрээгүй этгээдийг бусдын хяналтад өгөх ажиллагаанд нэгэн адил хамаарна.

3.Насанд хүрээгүй этгээдийг бусдын хяналтанд өгөх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг зөв тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас тус тус урьдчилан сэргийлэх, түүнчлэн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа албадлагын арга хэмжээ боловч хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах талаасаа хамгийн энгийн нийтлэг таслан сэргийлэх арга хэмжээ юм.

4.Насанд хүрээгүй этгээдийг бусдын хяналтад өгөхдөө гэмт хэрэгт холбогдож байгаа этгээд насанд хүрсэн эсэхийг юуны өмнө зөв тогтоох шаардлагатай бөгөөд үүний тулд хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн албан ёсны хуулбар, иргэний бүртгэлийн байгууллагын лавлагааг үндэслэнэ.

5.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь насанд хүрээгүй этгээдийг хяналтанд өгөх тухай шийдвэр гаргахдаа хяналтанд авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оршин суух хаяг болон тухайн насанд хүрээгүй этгээдтэй ойр дотно харьцаатай эсэх, түүнд хяналт тавих бололцоотой эсэх, төлөв томоотой байлгаж, дуудсан цагт ирүүлж чадах эсэхийг судалж тогтоосон байх ёстой.

6.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн амаар буюу бичгээр гаргасан хүсэлтээр эсхүл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн санаачлагаар насанд хүрээгүй этгээдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийнх нь хяналтад шилжүүлнэ.

7.Хяналтанд өгөх шийдвэр гармагц насанд хүрээгүй этгээдийг хяналтандаа авч байгаа эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь түүнийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт ирүүлж байх, үйл хөдлөл, зан байдалд нь хяналт тавих, төлөв томоотой байлгах үүрэг хүлээнэ. Насанд хүрээгүй этгээдийг бусдын хяналтанд өгөх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх үндэслэл бүхий тогтоол, шүүгч үндэслэл бүхий захирамж гаргах бөгөөд уг тогтоол, захирамжинд насанд хүрээгүй этгээдийг хяналтад өгөх болсон үндэслэл, холбогдож буй гэмт хэргийн шинж байдал, хэний хяналтанд шилжүүлэн өгч, ямар үүрэг хүлээлгэж буйгаа болон хүлээсэн үүргээ зөрчвөл ногдуулах хариуцлагын талаар тодорхой тусгаж улмаар тайлбарлаж өгөх хэрэгтэй.

8.Насанд хүрээгүй этгээдийг түүний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хяналтанд шилжүүлэх нь үр нөлөөтэй буюу энэ таслан сэргийлэх арга хэмжээг авах үндэслэл байгаа гэж үзсэн тохиолдолд хэрэглэх нь зүйтэй. Энэхүү арга хэмжээг таслан сэргийлэх бусад арга хэмжээтэй давхардуулан хэрэглэж болохгүй.

9.Насанд хүрээгүй этгээдийг хяналтандаа авсан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 77 дугаар зүйлд заасан хариуцлага буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс дөрөв дахин нэмэгдлүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг шүүгч захирамжаар, шүүх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга тогтоолоор тус тус оногдуулна.

10.Хэрвээ хяналтанд байгаа насанд хүрээгүй этгээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлсан бол түүнийг эрэн сурвалжлахад гарсан бүх зардлыг хяналтандаа авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нөхөн төлүүлнэ. Оргосон этгээдийг эрэн сурвалжлахад гарсан зардалд эрэн сурвалжлах ажиллагаанд оролцож байгаа ажилтнуудын тухайн үед хэрэглэсэн байр, хоол унд болон тээвэр, холбооны зардал гэх мэт холбогдох бүх зардлыг хамааруулах хэрэгтэй.

11.Насанд хүрээгүй этгээдэд цаашид үргэлжлүүлэн хяналт тавих боломжгүй гэж үзсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хяналтад өгсөн шийдвэрийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах тухай хүсэлтээ гаргаж болох бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч тухайн саналыг үндэслэлтэй гэж үзвэл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу хүчингүй болгоно. Тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу энэ таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй болсон тохиолдолд хүчингүй болгоно.

 

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ