Хэвлэх DOC Татаж авах
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ГАРГАХ МАГАДЛАЛД ТАВИГДАХ ЗАРИМ ШААРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

 

2010 оны 7 дугаар                                                                                                                                                                                                                                                Улаанбаатар

сарын 1-ний өдөр                                                                                                                                                                                                                                                             хот

 

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ЭРҮҮГИЙН

ХЭРГИЙН ТАЛААР ГАРГАХ МАГАДЛАЛД

ТАВИГДАХ ЗАРИМ ШААРДЛАГЫН ТУХАЙ

 

Эрүүгийн хэргийн талаар давж заалдах шатны шүүхээс магадлал гаргахад тавигдах хуульд заасан шаардлагуудыг нэг мөр, зөв ойлгож хэрэгжүүлэх, давж заалдах шатны шүүхээс гарч буй эрхийн актуудын боловсруулалтыг сайжруулах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ЗӨВЛӨМЖЛӨХ НЬ:

1.Магадлал боловсруулж гаргахад анхан шатны шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол гаргахад тавигддаг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэл бүхий” байх шаардлага нэгэн адил хамаарна. Иймд энэ талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтууд болон “Шүүхийн шийдвэрийн тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоол, мөн “Шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоол боловсруулах аргачлалын тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмж зэргийг давхар судалбал зохино.

2.Шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нар уншиж танилцахад ойлгомжтой, тодорхой, хуулийн үг хэллэгээр томьёолж бичигдсэн байх ёстой.

3.Давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээд давж заалдах гомдол гаргасан, эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүй тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих ба энэ тохиолдолд шүүхээс магадлал гаргах шаардлагагүй.

Мөн шүүхийн тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээд давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийнхөө гомдол, эсэргүүцлийг, түүнчлэн дээд шатны прокурор нь доод шатныхаа прокурорын бичсэн эсэргүүцлийг буцаан авсан, эсхүл шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д заасан 14 хоногийн хугацааг хэтрүүлж давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэж магадлал гаргах шаардлагагүй бөгөөд хэргийг тухайн шүүхэд нь буцаана.

4.Давж заалдах шатны шүүхээс гарах магадлал нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгүүдээс бүрдэнэ.

Шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон эсэх, хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирсон эсэх талаар гаргасан давж заалдах гомдол, эсэргүүцлийн үндэслэлд зохих хариулт өгч чадаагүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 325 дугаар зүйлийг зөрчсөн буюу хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ.

5.Магадлалын удиртгал хэсэг

5.1.Давж заалдах шатны шүүхээс гаргах магадлалын удиртгал хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 325 дугаар зүйлийн 325.1.1, 325.1.2-т заасны дагуу магадлалыг хэзээ, хаана гаргасан болон магадлал гаргасан шүүх, шүүх бүрэлдэхүүн болон давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд оролцсон прокурор, өмгөөлөгч, шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, түүнчлэн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч нараас гадна шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрийг бичнэ.

5.2.Магадлалын энэ хэсгийг бичихдээ сунжирч үргэлжилсэн урт өгүүлбэрээс татгалзаж, эмх цэгцтэй хэлбэрийг баримжаа болгох нь зүйтэй.

5.3.Магадлалын удиртгал хэсэгт холбогдогч этгээдийн /яллагдагч, шүүгдэгч, ялтан/ биеийн байцаалтыг бичих талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагаагүй боловч тухайн этгээдийн “овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх үед түүний оршин суугаа болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, урьд ял шийтгүүлсэн эсэх, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээг” түүний холбогдсон хэргийн товч агуулгын хамт магадлалын удиртгал хэсэгт бичих нь зүйтэй.

5.4.Түүнээс гадна магадлалын удиртгал хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 325 дугаар зүйлийн 325.1.3, 325.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн товч агуулга болон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн этгээдийн гомдол, эсэргүүцлийн агуулга, товч үндэслэлийг бичнэ.

Мөн магадлалын удиртгал хэсэгт давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллах, өмгөөлөх тал болон бусад оролцогч нарын гаргасан тайлбар, дүгнэлтийн товч агуулгыг тусгана.

6.Магадлалын тодорхойлох хэсэг

6.1.Магадлалын тодорхойлох хэсэгт анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоол болон бусад шийдвэрт дурьдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн талаарх дүгнэлтийг хийх шаардлагатай.

Үүний тулд давж заалдах шатны шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон гэж үзсэн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бүх нөхцөл байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд товч тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй, итгэл үнэмшил төрүүлхүйц байдлаар буюу түүнийг үндэслэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох боломжтой байдлаар тодорхойлж бичнэ. Үүнд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг, арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний хэмжээ, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл”-ийн талаар дурдахаас гадна шүүгдэгч гэм буруугийн талаар ямар байр суурьтай байгааг, мөн шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, хэргийн талаар шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүхээс бусад нотлох баримтыг болон давж заалдах гомдол, эсэргүүцлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг логик дэс дараалалтайгаар бичсэний дараа анхан шатны шүүхийн тогтоолд дурьдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял ялтны гэм буруу болон хувийн байдалд тохирсон, шүүх хохирлыг зөв шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг бичнэ.

6.2.Харин анхан шатны шүүхээс хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол, захирамж үндэслэлтэй зөв гарсан талаарх дүгнэлтийг хийхдээ давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийн талаар тогтоогдсон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэж бичих шаардлагагүй, харин давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй шалтгаан нөхцөл, түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоол, захирамжид зааснаас гадна хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад зайлшгүй шалгах шаардлагатай зүйлүүдийн талаар давж заалдах шатны шүүхээс нэмж тогтоосон зүйлүүдийг бичих нь зүйтэй.

6.3.Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан өөр өөр төрлийн хэд хэдэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн бөгөөд давж заалдах эрх бүхий этгээд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь давж заалдсан тохиолдолд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн зарим үйлдэлд хийсэн дүгнэлт, оногдуулсан ялыг үндэслэлтэй, харин тогтоолын бусад заалтыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзвэл энэ талаар магадлалд тодорхой дурьдаж байвал зохино.

6.4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлд зааснаар хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн талаарх тодорхой үйлдлийг дурьдаж бичнэ.

Тухайлбал, прокурор яллагдагчаар татах тогтоолыг батлаагүй, яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, яллагдагчийн өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахдаа хуульд заасан хугацаа зөрчсөн, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж нотлох баримт цуглуулсан, мөн ял сонсгохдоо яллагдагчийн эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах зэрэг хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн нь шүүхийн шийдвэр зөв шударга гарахад нөлөөлсөн зэрэг зөрчил илэрсэн боловч дээрх зөрчлийг арилгуулах талаар анхан шатны шүүх зохих арга хэмжээ аваагүй бол давж заалдах шатны тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах, эсхүл шүүх хуралдааны ажиллагаанаас хэргийг дахиж хэлэлцүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах нь зүйтэй.

6.5.Шүүх нотлох баримтыг зөв үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийхдээ анхан шатны шүүх чухам ямар алдаа зөрчил гаргасан болон хэргийг дахин хэлэлцэхдээ урьд гаргасан алдааг зөвтгөж, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар магадлалд тодорхой дурьдах нь зүйтэй. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд шүүгдэгчийн гэм буруугийн талаар ямар дүгнэлт хийх ёстойг болон түүнд ямар ял оногдуулах нь зүйтэй талаар заах эрхгүй.

6.6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн болон тусгай ангийн хэм хэмжээг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэснийг хамааруулж ойлгоно. Тухайлбал, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэгт хамтран оролцогчдыг буруу тогтоох, хэргийг буруу зүйлчлэх, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд сайн дураар хэргээ илчилж ирэх, аргагүй хамгаалалт хийх, гарцаагүй байдалд бусдад гэм хор учруулах зэрэг гэм бурууг үгүйсгэх, эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдөх нөхцөл байдлыг буруу үнэлэх, гэмт хэргийн субъектийг буруу тогтоох, ял оногдуулахдаа хуульд заагаагүй хүндрүүлэх нөхцөл байдлыг үндэслэх, ялыг буруу нэгтгэх зэрэг зөрчлийг энд дурьдаж болно.

6.7.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан зарчим, хэм хэмжээг зөрчсөн, хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгийг зөв хэрэглэж чадаагүй, гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх тухайн хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэх талаар тогтоолд өөрчлөлт оруулж болох боловч анхан шатны шүүхийн гаргасан алдааг зөвтгөхийн тулд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлтийг хийж болохгүй.

6.8.Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, тогтоолд зохих өөрчлөлт оруулахаас гадна анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд алдаа, зөрчлийг залруулан зөвтгөнө.

Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуульд зохих өөрчлөлт орж, хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдвол давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна.

7.Магадлалын тогтоох хэсгийн талаар:

7.1.Магадлалын тогтоох хэсгийн заалтууд удиртгал болон тодорхойлох хэсгийн заалтуудтай харилцан уялдаа холбоотой, утга агуулгын хувьд зөрчилгүй, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар томьёологдсон байх шаардлагатай.

7.2.Анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх ба цагаатгах тогтоол, бусад шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэлд бичигдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийгдсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон тогтоолын хэвээр үлдээж, давж заалдах гомдол буюу эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай тогтоох хэсэгт заана.

7.3.Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1-д заасныг тус тус удирдлага болгон хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны ажиллагааны чухам аль шатанд шилжүүлж байгааг магадлалдаа заахаас гадна энэ талаар бичсэн давж заалдах гомдол, эсэргүүцлийг бүхэлд нь буюу аль хэсгийг хүлээн авч, аль хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухай заана. Мөн хэргийг шүүхэд хэлэлцэх үед зөрчил гаргасны улмаас тогтоолыг хүчингүй болгож байгаа бол өөр бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан тухай заана.

Түүнээс гадна хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд очтол яллагдагч, шүүгдэгчид авсан таслах сэргийлэх арга хэмжээний талаар тогтоох хэсэгт заана.

7.4.Давж заалдах шатны шүүх шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3, 248 дугаар зүйлээс гадна хэргийг хэрэгсэхгүй болгоход баримталбал зохих Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг удирдлага болгоно.

Хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6-д заасны дагуу ялтныг цагаатгасан тухай болон түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай заалт, мөн иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалтыг тогтоох хэсэгт бичнэ.

7.5.Харин анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа шүүхийн шийдвэрийн аль заалтыг яаж өөрчилсөн, мөн ямар нэмэлт өөрчлөлт оруулсан талаар тодорхой дурьдахаас гадна энэ талаар оролцогчдын бичсэн давж заалдах гомдлын аль хэсгийг хүлээж авсан болон аль хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тухай тогтоох хэсэгт заана.

7.6.Магадлалын тогтоох хэсгийн төгсөлд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг болохыг дурьдана.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10 тоот тогтоолд заасны дагуу шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй хэргийг буюу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болон нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахтай холбогдуулж давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлал нь нэн даруй заавал биелэгдэх ба энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн магадлалд оролцогчид давж заалдах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг тогтоох хэсэгт дурьдвал зохино.

 

 

 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ