Хэвлэх DOC Татаж авах
ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ    ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2015 оны 06 сарын 04 өдөр                                                 Дугаар 84                               Төрийн ордон, Улаанбаатар хот

 

ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ  

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

              Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

          1.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 264 дүгээр зарлигаар баталсан “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1, 2.3, 4.7 дахь заалтуудыг дор дурдсанаар тус тус өөрчилсүгэй.

              1/ “2.1. Зөвлөл нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн дарга нь Улсын Ерөнхий прокурорын орлогч байх бөгөөд түүний эзгүйд үүргийг нь Улсын Ерөнхий прокуророос эрх олгосон зөвлөлийн гишүүн түр орлон гүйцэтгэнэ.”;

               2/ “2.3. Зөвлөл нь эрх зүйн өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага бүхий прокуроруудаас бүрдэх бөгөөд Зөвлөлийн дарга нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан Улсын Ерөнхий прокурорын орлогч байна.”;

              3/ “4.7. Энэ журмын 3.1.1-д заасан прокурорын үйл ажиллагаа, мэргэшлийн төвшинг шалгаж, дүгнэх ажлыг явуулах хугацааг Улсын Ерөнхий прокурорын баталсан удирдамж, төлөвлөгөөгөөр зохицуулах ба 3.1.2-д заасан мэргэшлийн төвшинг шалгах, дүгнэх ажиллагааг тухайн асуудлаар өгсөн үүрэг, даалгавар, саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан гүйцэтгэнэ.”

              2. “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

          3. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 258 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН                                 ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ                                   ЭЛБЭГДОРЖ