A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 292

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2015-2016 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:

2.1. мал аж ахуйн салбарын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар төлөвлөгөө гарган хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах;

2.2. хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заавал бүрдүүлэх;

2.3. сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан тухайн бүс нутгийн өөрөө удирдах байгууллага, хамгаалалтын захиргаадтай тохиролцон гэрээ байгуулан зохион байгуулах;

2.4. аймаг, сум бүр отрын бүс нутгийн хилийн заагийг эртнээс тэмдэгжүүлэн хамгаалах, энэ талаарх мэдээллийг малчид, нийт иргэдэд хүргэх арга хэмжээ зохион байгуулах;

2.5. зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх, өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ, хэлэлцээ хийж зохицуулах;

2.6. малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хашаа, байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологид заасан хугацаанд нь чанартай зохион байгуулж, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

2.7. орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон төсөл, хөтөлбөрийн хүрээнд худаг шинээр гаргах, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх ажлын явцад хийх гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах;

2.8. малын хашаа, саравч, уст цэгийг засварлах, тохижуулах, түлээ түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнсээ базааж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангахыг малчин өрх бүрт анхааруулах;

2.9. ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах;

2.10. малчин өрх, баг, сум, аймаг шат бүхэнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай талаар сурталчлах.

3. Хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах зорилгоор БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлсэн бага оврын тракторыг орон нутгийн иргэд, хоршоод, аж ахуйн нэгжийн захиалгыг авсны үндсэн дээр хөнгөлөлттэй зээлээр олгох, эргэн төлөлтийг банк, санхүүгийн байгууллагатай хамтран зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, түргэн тусламжийн машин, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх, нутагтаа болон отроор өвөлжиж хаваржих малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээ үзүүлэх хуваарь гарган аймаг, сумын эмнэлгийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Өвөл, хаврын улиралд зам, давааг байнга нээлттэй байлгахад шаардлагатай хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, техник тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгасугай.

6. Агаарын хуурайшилтаас үүдэн бэлчээрийн ургамал болон тариа, ногооны болцод сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, гангийн нөхцөл бүрдсэн үед эрсдэлийн үнэлгээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан дүгнэлт гаргуулах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах, мал сүргийг гантай нутгаас отроор нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарт даалгасугай.

7. Мал сүргийн тоо толгой хэт их өсч бэлчээрийн даац, тэжээлийн хүрэлцээ хангамжид муугаар нөлөөлөх эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьд малын болон махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт үүрэг болгосугай.

8. Дотоодод үйлдвэрлэсэн малын тэжээлийн экспортод хяналт тавих, гадаадаас импортлох тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдэд үүрэг болгосугай.

9. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, мал өвөлжилтийн бэлтгэлийн дүнг нэгтгэн энэ оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА