Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн    14 дүгээр зүйлийн 14.5, Онц байдлын тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн  6 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн  эсэх тухай маргааныг дахин хянаж,  эцэслэн шийдвэрлэсэн тухай

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2015 оны 5 дугаар сарын                                                                                                 Дугаар 03                                                                                                 Улаанбаатар хот
29-ны өдөр 

 


  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн

   14 дүгээр зүйлийн 14.5, Онц байдлын тухай

хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн

6 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх тухай маргааныг дахин хянаж,

эцэслэн шийдвэрлэсэн тухай

 
       Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
                           танхим 11.00 цаг
 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь  Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Нэг. Иргэн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн мэдээлэлдээ: 

 

“...Монгол Улсын Их Хурлаас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт  "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.", Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.", Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална."; "Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт " Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэж тус тус хуульчилсан байна.

 

...Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/,  Жаран наймдугаар зүйлийн 2,  Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад үүнээс өөрөөр байх дэгийг тогтоож өгсөн болно. Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурал Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоосон. Гэтэл дээр дурдсан хуулийн заалтууд Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхиор асуудлыг шийдвэрлэх зарчмыг зөрчин асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна...

 

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлыг хянан хэлэлцэж өгнө үү.” гэжээ.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 10/34 дугаар албан бичиг бүхий тайлбартаа:

 

“...1. Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санааг гажуудуулахгүйгээр Үндсэн хуулийн заалтыг бусад хуулиар баяжуулан, хөгжүүлэх, нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хууль өөрөө амьдрах чадвартай байж, нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэнэ. Улсын Их Хурал нь нийтийн эрх ашиг, сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хязгаарлахтай холбогдсон нөхцөл журмыг тогтоох, хууль тогтоогчдын төсвийн эрх мэдлийг хязгаарлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлан авч үзэж, тухайн асуудлыг шийдвэрлэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог илүү хангах зорилгоор дээрх хуулиудыг батлан гаргах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг нэмэгдүүлэн тогтоожээ. Энэхүү шаардлагыг бий болгосноор Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж байгаа хэрэг бус харин ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний тухай Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх тухай Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

 

Нэхэмжлэл гаргагчийн үндэслэл болгосон Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно....” гэсэн заалт дээрх нэр бүхий хуулиудыг хэлэлцэн батлах босго тогтоосонтой шууд болоод дам холбогдохгүй юм.Уг заалт нь Үндсэн хуульд тусгайлан тогтоосон Улсын Их Хурал тарах, тараах, ард нийтийн санал асуулгаар асуудлыг шийдвэрлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бэхжүүлсэн нь бусад органик хуулиар тусгай босго тогтоохыг хориглосон хэрэг биш юм.Тусгайлсан босго тогтоох, төлөөллийг нэмэгдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах цаг хугацааны хязгаарлалт тогтоож өгөх зэрэг нь дэлхийн улс орнуудын парламентын хууль тогтоох практикт байдаг нийтлэг жишиг юм. Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуульд Конгресс болон Сенатын аль алинд нь 5 нөхцөл байдалд 2/3-ын буюу дийлэнх олонхийн саналаар асуудлыг шийдэхийг шаарддаг хэдий ч ердийн хуулиар баталсан дэгээрээ бүх сенатын гишүүдийн 3/5 саналаар аливаа хэлэлцүүлгийг төгсгөх, Сенатын гишүүдийн 2/3-ын саналаар Сенатын дүрмийг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсан байдаг.

 

2. Улсын Их Хурал нь төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхтэй. Парламент тодорхой асуудлыг бодлогын түвшинд онцгойлон авч үзэж, түүнийг батлах дэг, журам тогтоох нь энэхүү онцгой бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа юм. Парламентын шийдвэр гаргах олонхийн зарчмыг буюу Үндсэн хуулийн энэхүү ойлголтыг хөгжүүлэх, илүү өргөн агуулгаар баяжуулан, бүтээлчээр хэрэгжүүлэх, олонхийн өөрийнх нь хэлбэрүүд /ердийн, дийлэнхи, үнэмлэхүй олонхи/-ийг тухайн асуудлын цар, хүрээ, нийгэмд үзүүлэх үр нөлөө, нөхцөл байдалтай нь уялдуулан хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь улс орны хөгжил, хүний эрх, эрх чөлөө, нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах улс орны язгуур эрх ашигтай холбоотой.

 

Нийгмийн хөгжил, улс орны язгуур эрх ашиг сонирхлыг хангах үүднээс ямар ч хууль өөрчлөгдөж болно. Үндсэн хууль ч бас баяжиж төгөлдөржиж байх ёстой ч аливаа хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага байгаа гэж үзвэл дийлэнх  олонхиороо зөвшилцөл ойлголцлын замаар шийдээд явах боломж нээлттэй байгаа юм. Дээрх хуулиудад хэлэлцэн батлах босгыг тусгайлан тавьж өгсөн нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, түүн дотроо эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний хөгжлийн болон хүний эрх, эрх чөлөөг хангах бодлогоос урган гарч байгаа юм.Үндэсний язгуур ашиг сонирхлыг илэрхийлсэн эдгээр бодлого Үндсэн хуульд өөрт нь сууж өгсөн байдаг. Энэ ч утгаараа тийм бодлогын асуудлуудыг Улсын Их Хурал ердийн олонхийн буюу 39 гишүүн хүрэлцэн ирж, 20 гишүүн дэмжсэнээр шийдэх нь ард түмний төлөөллийг хангах оролцоо, хүлээн зөвшөөрөгдөх легитим чанарыг бууруулах эрсдэлтэй гэж үзэж, ядаж Улсын Их Хурлын нийт гишүүдийн 1/3 ба түүнээс дээш гишүүн дэмжсэнээр асуудал шийдэгддэг байх босгыг тавьж өгсөн болно.

 

Үндсэн хууль зөрчсөн талаарх мэдээлэлд дурдсан хуулийн заалтыг тус бүрд нь авч үзвэл:

 

1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын талаар: Хөрөнгө оруулалтын тогтворгүй орчин, олон удаагийн өөрчлөлтөөс дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хохирох, эрх зүйн баталгаа алдагдан, энэ нь гадаад талдаа Монгол Упсын нэр хүндэд муугаар нөлөөлөх, дотооддоо эдийн засгийн өсөлт буурч байгааг Улсын Их Хурал анхааралдаа авч Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийг тогтвортой мөрдөх нь урт хугацааны эдийн засгийн өсөлтийг дэмжих, түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулах хууль зүйн баталгаа болгож тухайн хуулийг батлах, өөрчлөлт оруулах босгыг өндрөөр тогтоосон.

 

2. Төсвийн    тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсэн заалтын талаар: Татвар төлөгчдөөс татварын орлогоор цуглуулсан хөрөнгийг хуваарилан зарцуулах хууль тогтоогчдын эрх мэдлийг төсвийн тусгай шаардлагыг бий болгох замаар хязгаарладаг олон улсын практикт тулгуурлан энэхүү хуулийг батлан гаргасан. Хууль тогтоогчдын төсөв захиран зарцуулах эрх хэмжээнд хязгаарлалт тогтоож байгаа тул энэ хуулийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн шаардлага өндөр байх ёстой.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн дээд хязгаарыг бэхжүүлж өгсөн байдаг учраас энэ асуудалд туйлын няхуур хандах шаардлагыг суулгаж өгсөн юм.Үүнийг шийдэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцож батлах хувийг нэмэгдүүлэн зааж өгснөөр ард түмний хяналт тэнцэл хангахад эерэгээр нөлөөлнө.Тэр тусмаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөг хүртэл олон нийтийн маргаан, шүүмжлэл дагуулж буй үед энэ босго тогтоосон заалтууд хэрэгтэй байна.

 

3. Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...” гэж заасан.Онц байдал зарлаж, эрх зүйн онцгой дэглэмийг тогтоон мөрдүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонхиор шийдвэрлэх асуудал гэж хууль тогтоогчид үзсэн.

 

4. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсэн заалтын талаар: Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Улсын Их Хурал шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлснээр чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд үйл ажиллагааныхаа журмыг тогтоож байгаа тухайн асуудлыг Улсын Их Хурлын гишүүдийн төлөөллийг аль болох илүү оролцоотой байж шийдвэрлэх бодлогыг баримталсан.Улсын Их Хурлын ээлжит сонгууль бүрийн дараа засаглаж буй олонхи Улсын Их Хурлын дэгийг өөрсдөдөө тохируулан өөрчлөөд байвал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцэхээс эхлээд хууль хэлэлцэх, батлах, бусад асуудлыг шийдвэрлэх дэг тогтворгүй байдалд хүрэх ба үүнээс сэргийлсэн заалт юм.

 

5. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсэн заалтын талаар: Ашигт малтмалын орлогоос хуримтлал үүсгэж, түүнийг удирдах, захиран зарцуулах, иргэддээ тэгш хуваарилах зарчим, хүрээ, хязгаарлалтыг тогтоож, энэ журмыг батлах, өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг өндөржүүлэн тогтоосон.

 

6. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын талаар: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Ард нийтийн санал асуулгын дүнг үндэслэн Улсын Их Хурал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.” гэсэн заалтыг үндэслэх ёстой.Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг үндэслэл болгожээ.

 

Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудын холбогдох заалт нь Үндсэн хуульчилсан хууль, органик суурь хуулиуд юм. Ядахдаа эдгээр хууль аль болох тогтвортой байхаас хууль тогтоох эрх мэдэл, улсын эдийн засаг, төсвийн тогтвортой бодлого, иргэддээ хийж буй нийгмийн хөрөнгө оруулалт, иргэдийн аюулгүй байдал, төрийн хэрэгт оролцох шууд ардчиллын үр дүн тогтвортой байх юм. Иймд дээрх хуулиудын  холбогдох заалт Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ.

 

Гурав.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна.

 

Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт :“1. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” хэмээн заасан. Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.” хэмээн өөрчлөн найруулсан байна.

 

2. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс үзвэл хууль тогтоогч  хуралдааны ирцийн өндөр хувиас шалтгаалж, Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээл учирч байсныг харгалзан Улсын Их Хурлын хуралдааны ирц хүчинтэй байх хувийг 50+1 болгон, тэдгээрийн олонхийн саналаар буюу мөн 50+1 хувийн саналаар асуудлыг хэлэлцэн батлахаар босгыг бууруулахыг зорьж Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулжээ.

 

3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноороо Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж заагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Онц байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дараах зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарган 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

 

“1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.” гэсний “...хуралдаанд оролцсон ... гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь;  Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсний “...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй...” гэсэн нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...“ гэснийг зөрчсөн байна.” гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Их Хурал 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар дүгнэлтийн тухай” 45 дугаар тогтоолд:

 

“1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэг “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг “Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсний “...нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”  гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

 

2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.”  гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ.

 

Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“...Үндсэн хуулийн суурь үзэл санаа нийгмийн үнэт зүйлс байдаг. Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага, төлөөллийн байгууллага мөн. Ард түмний хүсэл зоригийг илэрхийлж байгаа үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх ашиг,  сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ босго тавин шийдвэрлэхээр өөрийн хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь шударга ёсны зарчим, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчим,  төлөөллийн зарчим гэсэн үнэт зүйлээс нь урган гарч байгаа юм. Аливаа бүх шийдвэрт, тэр тусмаа үндэсний хэмжээний шийдвэр гаргахад сонирхогч иргэн бүрийн эрх ашиг, үнэ цэнийг нэг бүрчлэн тэгш харгалзан тусгах аргыг хүн төрөлхтөн одоогоор олоогүй хэдий ч ардчиллын дээд эрхэмнэл болсон энэ зорилгод алхам алхмаар ойртох арга замыг олсон нь төлөөллийн ардчилал юм. Төлөөллийн ардчиллыг бүрэн хангасан сайн засаглалд иргэдийн итгэл өндөр байна.

 

Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа аливаа шийдвэрийн легитим шинж буюу хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэх нь ард түмний язгуур эрх ашигтай шууд холбогдоно.

 

Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 18 дахь заалтад Улсын Их Хурлын бүрэн эрхэд онц байдал зарлах эрх мэдлийг хамруулж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт онц байдал зарлах нөхцөл байдлыг тогтоосон, түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын бүрэн эрх, зохион байгуулалтын журмыг хуулиар тогтооно гэж заасан. Үндсэн хуульчилсан дээрх асуудлыг Улсын Их Хурал органик хуулиар тодруулан хуульчлахдаа түүнийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах горимыг тусгайлан заах нь Үндсэн хуулийн заалтад халдсан хэрэг бус харин Үндсэн хуулиар Улсын Их Хурлын бүрэн эрхэд онцгойлон хамааруулсан асуудлын эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэн тогтоосон гэж үзэж байна.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хуралдааны дэгийг хэлэлцэн батлах түүнчлэн Онц байдлын тухай хуульд онц байдал зарлах шийдвэр гаргах босгыг нэмэгдүүлэн тогтоохдоо Улсын Их Хурал хуралдааныхаа дэгийг тогтвортой мөрдөх, ялимгүй олонхийн саналаар дэгд өөрчлөлт оруулж, хуралдааныг гацаах, төрийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ үндсэн эрх эрх чөлөөг хязгаарлах туйлын арга хэмжээ болсон онц байдал зарлаж, эрх зүйн онцгой дэглэмийг тогтоох шийдвэрийг ард түмний илүү өргөн оролцоотойгоор шийдвэрлэх нь иргэнийхээ эрхийг дээдлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Үндсэн хуулийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгаа гэж үзсэн байна.

 

Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалтыг Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ ард түмний язгуур эрх ашгийг хамгаалсан, Үндсэн хуулийн суурь үзэл санааг бэхжүүлсэн, төрийн үйл ажиллагаа тогтвортой байх, иргэний эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх агуулгаар, бүтээлчээр хандсаныг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ

 

                                                                                                                         
                                                                                                                                 ҮНДЭСЛЭЛ:

 

 1. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” хэмээн хуульчилсан байсныг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...” хэмээн өөрчлөн найруулсан байна.

 

 2. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэг; Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг;  Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэг нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд адил үндэслэлээр “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5; Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоогч тогтоолдоо заагаагүй байна.

 

 3.Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэж хуульчлахдаа хууль тогтоогч асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосон байх бөгөөд энэ нь Үндсэн хуулийн  Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байх бөгөөд тус хуулиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн дугаарыг “19.7” болгон өөрчилсөн тул Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн “19.6” дахь хэсэг гэснийг “19.7” гэж өөрчлөх нь зүйтэй байна.

 

             Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

 

                                                                                         
                                                                                     МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

 

 1. Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”,Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “...нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...“ гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

2.   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

 3.   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн “19.6” дахь хэсэг гэснийг “19.7” гэж өөрчилсүгэй.

 

4. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                                                            Н.ЖАНЦАН

                               ГИШҮҮД                                                                    П.ОЧИРБАТ
                                                                                 
                                                                                                                   Т.ЛХАГВАА
 
                                                                                                                   Ш.ЦОГТОО

                   Д.СУГАР

                   Д.НАРАНЧИМЭГ

   Д.СОЛОНГО  

  Д.ГАНЗОРИГ