Хэвлэх DOC Татаж авах
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт  Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн  эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2015 оны 6 дугаар сарын                                                                                                   Дугаар 04                                                                                                Улаанбаатар хот
           17-ны өдөр 

 

 

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн

     34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт

 Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн

    эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

 

 

 
 
 
       Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
                           танхим 11.00 цаг
 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Лхагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 46 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч, иргэн Г.Лхагвасүрэн, Б.Тамир нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ:

 

“Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай” гээд 1/34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж хуульчилсан байна. Дээрх 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байх...” гэж заасныг тус тус зөрчсөн байна. ...

 

Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний эрхийг ноцтой зөрчиж байна.  Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж заасан зохицуулалтын гол агуулга нь дээд шатны шүүхээс хяналт тавих, түүний хяналтаас аливаа шүүхийн шийдвэр гадуур байж болохгүй үзэл санаа юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байвал гомдол гаргагч этгээд тус шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй тул эрх нь сэргээгдэхгүй хэвээр үлдэх аюултай юм. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд тус хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх...” гэж зохицуулсан нь Монгол Улс шүүхийн нэгдмэл тогтолцоотой болохыг харуулах бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчилсан нь нэгдүгээрт, Монгол Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн  шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхэд халдаж, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх зарчмын гол агуулгыг зөрчиж байна.” гэжээ.

 

 Хоёр. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

 

 “Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байна. Энэ хуулиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг  “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж өөрчлөн найруулжээ. ... 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга болон үзэл баримтлалд “Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Гэтэл өнөөгийн практикт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд, үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байна.” хэмээн дурдаад “эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар хуулийн төслийг боловсрууллаа.” гэжээ. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй, мөнгөний урсгал түгжигдмэл байгаа боловч зөвхөн эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй гэж үзэж байна. ...

 

Бүхий л эрх зүйн харилцаанд хүн оролцож, бүх үйл ажиллагааг хүн гардан явуулдаг учраас ямагт алдаа мадаггүй шийдвэр гаргана гэдэг нь эргэлзээтэй бөгөөд энэхүү заалт хэвээр хадгалагдаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус болон хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн тохиолдолд мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй” гэж заасныг дамжмал байдлаар зөрчих бөгөөд цаашлаад Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасан Монгол Улсын дээд шүүхийн эрхэд халдсан заалт юм. Учир нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад зааснаар Монгол Улсын дээд шүүх нь “Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

 

 Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн байна.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт болон Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа тул асуудлыг хянан шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь төлбөр авагчийн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ... шударга ёс, ... тэгш байдал”-ын зарчимд нийцнэ гэж үзэж байна.

 

2. Хуулийн дээрх зохицуулалт нь үндсэн хуулийн эрх зүйн харилцаа гэхээс илүүтэйгээр иргэний эрх зүй, тэр тусмаа бизнесийн эрх зүйн харилцаанд хамааралтай асуудал юм. Мөнгө бол цаг хугацааг үл хүлээх, эдийн засгийн эргэлтэд байнга орж байх ёстой эдийн засаг, бизнесийн “амин судас” бөгөөд цаг хугацаа алдахын хэрээр мөнгөний үнэ цэнэ, ашиг орлого алдагдаж байдаг. Төлбөр авагч, төлбөр төлөгчийн хооронд үүссэн үндсэн маргаан шүүхийн бүх шатаар хэлэлцэгдээд хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад дахин маргаан үүсгэж, шүүхийн бүх шатыг дамжих нь төлбөр авагчид шударга бус байдал үүсгэж, энэ нь эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байсан.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дээд шатны албан тушаалтан буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах бөгөөд энэ нь уг маргааныг анхан журмаар хянан шийдвэрлэж байгаа гэж ойлгоно. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа нь онцлог зохицуулалттай болохын хувьд бусад улс орнуудад ч ийм төрлийн хялбаршуулсан зохицуулалт үйлчилдэг.

 

4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ... бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож ... болохгүй.” гэж заасан. Төлбөр төлөгч шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй хэдий ч төлбөр авагчийн төлбөрөө төлүүлэх эрхийг хохироож болохгүй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.” гэж заасан нь бусад этгээдэд шүүхийн бүх шатаар маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх боломж нээлттэй юм.” гэсэн байна.

 

Дөрөв. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

 

“... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн дагуу өөрчлөн найруулсан 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй...” гэсэн заалт болон Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэснийг хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан  гэж үзэхээр байна...” гэжээ.

 

Тав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт:

 

“ ... Өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн зохицуулалтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л үе шатад гомдол гаргах боломжийг оролцогчид олгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх явцад төлбөр төлөгчөөс санаатайгаар удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гарган, ажиллагаанд саад учруулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах нөхцөл боломжийг удаашруулж, төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байсан.

 

Сүүлийн 3 жилд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд 275 гомдол  нэхэмжлэл хянагдсан ба үүний 161 нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, маргаан хянан шийдвэрлэх хугацаанд буюу 1-3 жил хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах боломжийг олгосон хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулж, хүчингүй болгосон бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэсэн ахлах гүйцэтгэгчийн шийдвэрт давж заалдах журмаар анхан шатны шүүхэд гомдол гаргах боломжийг талуудад уг хуулийн зохицуулалтаар олгосон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь  хэсэгт заасан “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангахад чиглэгдсэн, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах боломжийг олгосон зохицуулалт гэж үзэж байна.” гэжээ. 

 

Зургаа. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 04 дүгээр дүгнэлт гаргасан байна.

 

Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах .... эрхийн талаар хуульчлахдаа ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч иргэн нэгэнт шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан боловч тухайн гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн байхаар хуульчилсан нь шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг хязгаарласан байна.

 

2. Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрт гомдол гаргах асуудлыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.3 дахь хэсэгт “...  Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж хуульчилсан нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний эрхийг хөндөөд зогсохгүй, Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлаж, анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.

 

Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт:

“1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэж заасны “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна...” гэжээ.

 

Долоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дурдсан дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хэлэлцээд “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 46 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

 

1. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлын шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасны “...Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан гэрээнд заасан эрх, эрх чөлөөнд зөрчигдсөн гэж үзвэл... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ.

 

Найм. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол  Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэх гэж байгаатай холбогдуулан дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

 

1. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулилйн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

2.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь төлбөр авагчийн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ... тэгш байдал”-ын зарчимд нийцнэ гэж үзэж байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ... бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож ... болохгүй” гэж заасан. Төлбөр төлөгч шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй хэдий ч төлбөр авагчийн төлбөрөө төлүүлэх эрхийг хохироож болохгүй.

 

Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа нь онцлог зохицуулалттай болохын хувьд бусад улс орнуудад болон манай улсын зарим хуулиудад ч ийм төрлийн хялбаршуулсан зохицуулалт үйлчилдэг.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж заасан нь бусад этгээдэд шүүхийн бүх шатаар маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх боломж нээлттэй юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрх болон мөн заалтын “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхүүдийн аль алиныг тэнцвэртэй харьцаанд байлгаж, төлбөр төлөгч, төлбөр авагч талуудын эрх ашгийг адил тэнцүү хамгаалах нь төрийн үндсэн үүрэг гэдгийг анхааран үзнэ  гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ.

 

Ес. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буй тухайгаа мэдэгдэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх ажиллагааны зарим үе шатыг алгасан явуулах хүсэлт гаргасан болно.

 

                                                                                                                                ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрчлөлт оруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь төлбөр төлөгч, төлбөр авагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд түүнийг давж заалдах эрхийг хязгаарлаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

 

3. Монгол Улсын Их Хурал 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаар тогтоолдоо Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн аваагүй үндэслэлээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу заагаагүй байна.


         Монгол Улсын  Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

 

                                                                                             МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэж заасны “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...”  гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

            2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 46 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                            Ж.АМАРСАНАА

                        ГИШҮҮД                                                                    П.ОЧИРБАТ

                                                                                                            Н.ЖАНЦАН

                                                                                                            Т.ЛХАГВАА

                                                                                                            Ш.ЦОГТОО

                                                                                                            Д.НАРАНЧИМЭГ

                                                                                                            Д.СОЛОНГО

                                                                                                            Д.ГАНЗОРИГ