A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 151

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН

ОЙГ ЁСЛОН ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2 дахь хэсгийн 1.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс даяар ёслон тэмдэглэсүгэй.

Хоёр.Энэхүү түүхт ойг угтаж холбогдох судалгаа шинжилгээ, соёлын бүтээлүүд туурвих, баримтат уран сайхны зохиомж бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг бичихэд оролцсон төр, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулсугай.

Гурав.Энэ зарлигт дурдсан ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ