Хэвлэх DOC Татаж авах
“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ”-ЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 371

“АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ”-ЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

       Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4, Компанийн тухай хуулийн 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шинээр ашиглалтад орж байгаа “Амгалан дулааны станц”-ыг “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай.

2. “Амгалан дулааны станц”-ын үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын өгөөж болон “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн тарифын зөрүүнээс үүсэх алдагдал зэргийг тооцож, бодит өртөгт тулгуурласан үнэ тарифыг хянаж батлахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт зөвлөсүгэй.

3. “Амгалан дулааны станц”-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг богино хугацаанд жигдрүүлж, өвлийн их ачааллын үеэр хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Эрчим хүчний сайд                                                                 Д.ЗОРИГТ