A

A

A

Бүлэг: 1979

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ

2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ нь:

1. "Цацрагийн аюулгүйн норм"-ыг 1 дүгээр, "Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын цацрагийн аюулгүйн албаны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан норм, дүрмийн биелэлтийг зохион байгуулж ажиллахыг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ариун цэврийн ерөнхий байцаагчийн 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан "Цацрагийн аюулгүйн норм ЦАН-83"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, КОМИССЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ