Хэвлэх DOC Татаж авах
“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ”  БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 141

“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НУТАГШИЛТ, СУУРЬШЛЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨСӨЛ”  БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.3, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулан батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Үндэсний хороогоор хэлэлцүүлж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

3. Төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын “XXIY.1.4.1. Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах” зардлаас гарган санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд                                      Ц.БАЯРСАЙХАН

Эдийн засгийн хөгжлийн сайд                                          Н.БАТБАЯР