A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭН БАТЛУУЛАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 377

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭН БАТЛУУЛАХ ХҮРТЭЛ ХУГАЦААНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын төсвийн орлогын гүйцэтгэлийг эрчимжүүлж, хуулиар батлагдсан орлогын төлөвлөгөөг бүрэн төвлөрүүлж дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Б.Болор, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж), Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн нарт даалгасугай: 1/ Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар баталсан орлогын төлөвлөгөөг биелүүлэх төлөвлөгөө гарган ажиллах;

2/ татварын орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг гаалийн газар, хороодод Гаалийн ерөнхий газраас баталсан орон тооны хязгаарт багтаан байцаагч томилон ажиллуулж, хяналтыг сайжруулах, улсын чанартай болон гаалийн татвар төлөх хугацаагаар хойшлуулсан томоохон төслүүдийн гаалийн бүрдүүлэлт, татвар ногдлыг хянах зорилгоор тусгай баг томилон ажиллуулж Монгол Улсын 2015 оны төсвийн хуулиар баталсан орлогын төлөвлөгөөг нэр төрөл бүрээр жигд ханган биелүүлэх;

3/ "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар батлагдсан өмч хувьчлалын орлогыг бүрэн төвлөрүүлэх;

4/ төрийн өмчит компаниудыг алдагдалгүй ажиллуулах талаар тодорхой арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулиар батлагдсан хувьцааны ногдол ашгийн орлогыг бүрэн төвлөрүүлэх, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг доголдуулахгүйгээр хэмнэлтийн горимд шилжүүлж, удирдлагын зардал, хандив тусламж, тэвчиж болох худалдан авалт зэрэг үйлдвэрлэлийн бус зардлыг бууруулах замаар бүтээгдэхүүний өртгийг багасгах арга хэмжээг авч, 2015 оны 10 дугаар сард багтаан тус компаниас Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийн орлогыг хуулийн дагуу бүрэн төвлөрүүлэх.

2. Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн батлуулах хүртэл хугацаанд 2015 оны эхний 8 сарын төсвийн гүйцэтгэлд үндэслэн дор дурдсан зохицуулалт хийж, 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Болор, бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай:

1/ бүх шатны төсвийн байгууллагын зарцуулагдаагүй цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, гадаад, дотоод томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах зардал, хангамж бараа материалын зардал, бараа үйлчилгээний бусад зардал, сургалт семинарын зардал, мэдээлэл сурталчилгааны зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад төсвөөс олгох татаас, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зардлыг хэмнэж, зайлшгүй шаардлагатай зарим зардлыг 2015 оны тодотголоор батлагдах төсөвт багтаан санхүүжүүлэх;

2/ гадаадын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслийн нэгжийн зарцуулагдаагүй урсгал зардлыг бүрэн хэмнэж, багасгах;

3/ 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр хэмнэгдэх боломжтой нийгмийн халамжийн зарим тэтгэмж, хөнгөлөлт, төр болон ажил олгогчоос олгох бүх төрлийн нэг удаагийн тэтгэмж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад олгох тэтгэлэг, ноос, арьс шир, улаанбуудайн урамшууллын зардлыг бууруулах;

4/ 2015 оны 8 дугаар сарын 31-нээс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахгүй байх, 2015 оны 8 дугаар сарын 31-нээс өмнө гэрээ байгуулж, гүйцэтгэл нь бүрэн санхүүжигдээгүй арга хэмжээний зардлыг 2016 оны төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авах;

5/ улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ болон 2015 оны 8 дугаар сарын 31-ний байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа нь тогтоогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа онуудад шилжүүлэх.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР