A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 432

Улаанбаатар хот

ГАДААДААС 2016 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, 7.3, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2016 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заагаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо нь энэхүү тогтоолын хавсралтаар баталсан хувиас илүү гарсан нөхцөлд 50 хүртэлх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авах бол салбарын сайдын хүрээнд, 50-аас дээш бол Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болгосугай.

4. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах арга хэмжээ авахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлан ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН