A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

/Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Гааль, татварын ерөнхий газрын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой, энэ хуулиар зохицуулснаас бусад асуудлыг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."гааль, татварын алба" гэж энэ хуульд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газар буюу Гаалийн тухай хуульд заасан гаалийн байгууллага, Татварын ерөнхий хуульд заасан татварын албыг;

3.1.2."улсын байцаагч" гэж Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд заасан гаалийн улсын байцаагч болон татварын улсын байцаагчийг;

3.1.3."хураагч" гэж Татварын ерөнхий хуулийн 41.1-д заасан ажилтанг;

3.1.4."гааль, татварын нэгж" гэж гааль, татварын ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороо, салбар, аймаг, нийслэл, сум дүүргийн татварын газар, хэлтэс, тасгийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ТҮҮНИЙ ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА

4 дүгээр зүйл. Гааль, татварын ерөнхий газар

Хэвлэх

4.1.Гааль, татварын ерөнхий газар нь Монгол Улсын гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, биелэлтийг хангах, улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.

4.2.Гааль, татварын ерөнхий газар нь бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх зааврыг Гааль, татварын ерөнхий газрын дарга батална.

4.3.Гааль, татварын албаны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4.4.Гааль, татварын ерөнхий газрын дүрмийг Засгийн газар батална.

5 дугаар зүйл. Гааль, татварын байгууллагын тогтолцоо

Хэвлэх

5.1.Гааль, татварын байгууллагын тогтолцоо Гааль, татварын ерөнхий газар, түүний харьяа гааль, татварын нэгж, улсын байцаагч, хураагчаас бүрдэнэ.

5.2.Гааль, татварын ерөнхий газрын харьяа гааль, татварын нэгжийн бүтцийг Гааль, татварын ерөнхий газрын дарга батална.

5.3.Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харьяа гааль, татварын нэгж, улсын байцаагч, хураагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

6 дугаар зүйл. Гааль, татварын алба, улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим

Хэвлэх

6.1.Гааль, татварын ерөнхий газар үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, бусдын нөлөөнд үл автах, мэргэшсэн байх, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагад шууд захирагдах зарчмыг удирдлага болгоно.

6.2.Гааль, татварын ерөнхий газар, улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.

6.3.Хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан Гааль, татварын ерөнхий газар болон улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглоно.

6.4.Гааль, татварын алба, улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар хууль тогтоомжоор эрх олгосноос бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.

6.5.Хууль тогтоомжоор эрх олгосноос бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно.

6.6.Гаалийн болон татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан Гааль, татварын ерөнхий газраас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг хуулийн этгээд, хувь хүн дагаж мөрдөнө.

7 дугаар зүйл. Гааль, татварын ерөнхий газрын удирдлага

Хэвлэх

7.1.Гааль, татварын байгууллагын тогтолцоо нь нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.

7.2.Гааль, татварын ерөнхий газар дарга, асуудал эрхэлсэн гурав хүртэл дэд даргатай байна.

7.3.Гааль, татварын ерөнхий газрын даргыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар, дэд даргыг Гааль, татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус томилж, чөлөөлнө.

7.4.Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн болон харьяа нэгжийн даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Гааль, татварын ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө.

8 дугаар зүйл. Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц

Хэвлэх

8.1.Гааль, татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.2.Гааль, татварын ерөнхий газар нь гааль, татварын ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, улсын төсвийн орлого, хяналтын харьяа нэгж, гаалийн лаборатори, эрэлч нохойн алба, гааль, татварын мэдээллийн технологийн нэгжтэй байж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

9 дүгээр зүйл. Гааль, татварын ерөнхий газрын чиг үүрэг

Хэвлэх

9.1.Гааль, татварын ерөнхий газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

9.1.1.гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;

9.1.2.гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх заавар, зөвлөгөө, мэдээллээр татвар төлөгч, хувь хүн, хуулийн этгээдийг ханган сургалт сурталчилгаа явуулж, үйл ажиллагаандаа цахим үйлчилгээ нэвтрүүлэх;

9.1.3.татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих орлогоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах;

9.1.4.хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх;

9.1.5.гаалийн мэдүүлэгч, татвар төлөгчийн талаар мэдээллийн сан үүсгэж, гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт, татварын хяналт шалгалт, орлого хураалтын үйл ажиллагаанд ашиглах;

9.1.6.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй этгээдэд хуульд заасны дагуу татвар ногдуулах;

9.1.7.тогтоосон хугацаанд татвар төлөөгүй хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох;

9.1.8.татвар, ногдуулах, өр барагдуулах, орлого хураах үйл ажиллагааг Татварын ерөнхий хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасан журмын дагуу явуулах;

9.1.9.илүү төлсөн татварыг татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийж буцаан олгох;

9.1.10.татвар, торгууль, алданги, хүү төлөхөөс зайлсхийсэн, татвар, гаалийн бүрдүүлэлтийн мэдээ, тайлан болон татвар, гаалийн хяналт шалгалтад шаардлагатай баримт бичгийг хугацаанд нь ирүүлээгүй, түүнчлэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгч, хувь хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

9.1.11.гааль, татварын мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;

9.1.12.гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх;

9.1.13.өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг ашиглах боломжгүй нөхцөл, байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;

9.1.14.эрсдэл тооцох системд үндэслэсэн гааль, татварын хяналтын стратегийг тодорхойлох;

9.1.15.гааль, татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;

9.1.16.цахим хяналт шалгалт явуулах;

9.1.17.гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;

9.1.18.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

10 дугаар зүйл. Гааль, татварын ерөнхий газрын удирдлагын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Гааль, татварын ерөнхий газрын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Гаалийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасан гаалийн улсын байцаагч, татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрх хэрэгжүүлнэ:

10.1.1.гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах талаар санал боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт танилцуулах, гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

10.1.2.барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн үндэсний код боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах;

10.1.3.харьяа нэгжийн хариуцах хяналтын нутаг дэвсгэрийг тогтоох, эрх хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор хязгаарлах;

10.1.4.улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартын дагуу тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд гаалийн харилцаанд оролцогчид гаалийн итгэмжлэл олгох;

10.1.5.байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах, албан хаагчдыг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;

10.1.6.гааль, татварын хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх болон татварын орлого бүрдүүлэлтийг сайжруулах зорилгоор иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах;

10.1.7.улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;

10.1.8.татварын хяналт шалгалттай холбоотойгоор улсын байцаагчийн үйлдсэн акт, дүгнэлтээс бусад шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох;

10.1.9.гаалийн бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

10.1.10.хураагчийн үйл ажиллагааны дүрмийг батлах;

10.1.11.улсын байцаагчид цол олгох, бууруулах, хураах, түдгэлзүүлэх;

10.1.12.хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гааль, татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах;

10.1.13.орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээ болон гаалийн асуудлаар Монгол Улсаас байгуулах олон улсын гэрээний төсөлд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан санал өгөх;

10.1.14.гааль, татварын хууль тогтоомжийн төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, хэлбэр, боломжийн талаар саналаа бэлтгэж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулах;

10.1.15.гааль, татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах;

10.1.16.энэ хууль болон гааль, татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах;

10.1.17.гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг дахин хянуулахаар Маргаан таслах зөвлөл рүү нэг удаа буцаах шийдвэр гаргах;

10.1.18.бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон энэ хууль болон холбогдох хууль тогтоомжоор эрх олгосон бол дүрэм, журам, заавар, аргачлал батлах, мөрдүүлэх, зөвлөмж гаргах;

10.1.19.зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

10.1.20.гааль, татварын албыг гадаад, дотоодод болон шүүх, арбитрт төлөөлөх;

10.1.21.татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих;

10.1.22.гадаад, дотоод худалдааны төлбөр тооцоонд гааль татварын зорилгоор хяналт тавих;

10.1.23.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

10.2.Гааль, татварын ерөнхий газрын даргын түр эзгүйд түүнийг түүний томилсон дэд дарга Төрийн албаны тухай хуулийн 21.2-т заасан журмын дагуу орлоно.

10.3.Энэ хуулийн 10.1.11-д заасан улсын байцаагчид цол олгох, бууруулах, хураах, түдгэлзүүлэх болон нэмэгдэл олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛ

11 дүгээр зүйл. Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагаа

Хэвлэх

11.1.Гааль, татварын ерөнхий газар болон аймаг, нийслэлийн гааль, татварын нэгжийн дэргэд татварын хяналт шалгалтаар тогтоосон акт, дүгнэлттэй холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байнгын бус ажиллагаатай Маргаан таслах зөвлөл ажиллана.

11.2.Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу зохицуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

12 дугаар зүйл. Төрийн бусад байгууллагатай хамтран ажиллах

Хэвлэх

12.1.Төрийн бүх шатны байгууллага Гааль, татварын ерөнхий газрыг хууль тогтоомжид заасны дагуу шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.

12.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь Гааль, татварын ерөнхий газрын харьяа гааль, татварын нэгжийг чиг үүргээ хэвийн хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

12.3.Гаалийн болон татварын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цагдаагийн байгууллага Гааль, татварын ерөнхий газартай хамтран ажиллах бөгөөд дараах үүрэг хүлээнэ:

12.3.1.гааль, татварын алба, улсын байцаагчаас татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг хийх, хөрөнгө хураах, битүүмжлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шаардлагатай туслалцаа үзүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоогоор хангах;

12.3.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг тодруулахад шаардлагатай, хувь хүний нууцад үл хамаарах, өөрт байгаа мэдээ, судалгааг гааль, татварын албаны хүсэлтээр гаргаж өгөх;

12.3.3.татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлэх;

12.3.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага нь гааль, татварын албанаас шалгуулахаар шилжүүлсэн татварын хэрэг, зөрчлийг хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, дүнг гааль, татварын албанд бичгээр мэдэгдэх, түүнчлэн өөрийн илрүүлсэн татварын хууль тогтоомжийн зөрчлийн мэдээллийг гааль, татварын албанд шилжүүлж өгөх.

12.4.Гаалийн болон татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Гааль, татварын ерөнхий газартай хамтран ажиллах бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу өр барагдуулах үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар гааль, татварын албанд улирал тутам бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

12.5.Гаалийн болон татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд улсын бүртгэл болон иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Гааль, татварын ерөнхий газартай хамтран ажиллах бөгөөд Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гаалийн мэдүүлэгч, татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахад шаардлагатай, хувь хүний нууцад үл хамаарах, өөрт байгаа мэдээ, судалгааг гааль, татварын албаны хүсэлтээр тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй.

13 дугаар зүйл. Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах

Хэвлэх

13.1.Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага нь гаалийн болон татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар дараах үүрэгтэй:

13.1.1.харилцагч этгээдийн татварын төлбөрийг гааль, татварын албанаас нэр заасан банкинд, уг төлбөрийг хүлээн авсан банк тухайн өдөрт, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан гааль, татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх;

13.1.2.татвар төлөгч, хувь хүн, хуулийн этгээд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоонд шинээр төлбөр тооцоо, хадгаламжийн болон бусад төрлийн данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн бол энэ тухай мэдээллийг 10 хоногийн дотор гааль, татварын албанд өгөх.

13.2.Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага харилцагчийн өр төлбөрийг дараах дарааллаар гүйцэтгэнэ:

13.2.1.эхний ээлжинд төлүүлэхээр хуульд тусгайлан заасан өр төлбөр. Энэ үүргээ биелүүлээгүй бол гааль, татварын алба гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн тэг аравны гурван хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна;

13.2.2.дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай гааль, татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр;

13.2.3.банк, санхүүгийн байгууллага, бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх өр төлбөр. Энэ заалтад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.

13.3.Хөрөнгийн бирж нь хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тархалтын талаарх мэдээллийг Гааль, татварын ерөнхий газарт улирал тутам цахим хэлбэрээр гаргаж өгөх үүрэгтэй.

14 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

14.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

15 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

15.1.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД