A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянаншийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

хуулийн7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянаншийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 13.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Батcүх, З.Сүхбаатар, А.Оюунчимэг, Б.Бадамханд, Ч.Баянжаргал болон иргэн М.Амгалан, Б.Пүрэвхүү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, иргэн Х.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал; Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Д.Батсүх, З.Сүхбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"Нэмэгдсэн өртөг нь онолын хувьд "хаана өртөг, үнэ нэмэгдэж байна, тэр тухай бүрд энэ татварыг ногдуулах ёстой" аж. Нэмэгдсэн өртөг нь хийсвэр хийгээд зохиомол, дур зоргын байх ёсгүй бөгөөд бодитойгоор шинээр өртөг бий болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны явцад тухайн бараа, үйлчилгээний үнэ, зардал бодитой нэмэгдэх бөгөөд энэ тохиолдолд нэмэгдсэн өртөг бий болж, энэ нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг.

Тэгвэл өмгөөллийн үйл ажиллагаа нь аж ахуйн үйл ажиллагаанд хамаарахгүй юм. Эрх зүйн эх толь бичигт "аж ахуйн үйл ажиллагаа гэдгийг эд хөрөнгө ашиглах, бараа худалдах, ажил гүйцэтгэх ба үйлчилгээ үзүүлэх зэргээр ашиг байнга олоход чиглэгдсэн, хуульд тогтоосон журмаар бүртгүүлсэн үйл ажиллагааг өөрийн эрсдэл дээр бие даан хэрэгжүүлэх" гэж тайлбарласан байна. Эндээс авч үзвэл аж ахуйн үйл ажиллагааны голлох шалгуур нь ашиг байнга олох зорилго ажээ. Өмгөөллийн үйл ажиллагаа нь ашиг орлогыг зорилгоо болгон хөөцөлддөггүй, харин гол зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм.

Өмгөөллийн үйл ажиллагаа нь хүний эрхийн төлөөх үйлс болох талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (1966), Хуульчийн мэргэжлийн бие даасан байдлын талаарх олон улсын БАР-ын холбооны стандарт, Өмгөөлөгчийн үүргийн тухай НҮБ-ын үндсэн зарчим (1990) зэрэгт тодорхой тусгаж өгсөн.

Хууль зүйн туслалцаа мөн чанараараа төрийн үүргээс улбаатай, ямагт эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын үйлчилгээтэй жишигдэн үзэгддэг. Мөн чанар, үүсэн бий болсон учир шалтгаан ийм байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг шууд зөрчихөд хүргэхээр байна.

Өмгөөлөл нь үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн харилцаа түүнчлэн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхэд төлөөлөхөд үндэслэнэ. Энэ харилцаанд аж ахуйн үйл ажиллагааны ухагдахуун эс оршино, харин зөрчигдсөн, хөндөгдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалах, тэдгээрийг сэргээн эдлүүлэх боломж нөхцлийн тухай л оюун бодол, судалгаа, эрэлхийлэл, цуцалтгүй хөдөлмөр оршин байна.

Иймд, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтын дагуу "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ"-г нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "...шударга ёс ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "...хууль зүйн туслалцаа авах ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж байна." гэжээ

Хоёр. Иргэн М.Амгалан, Б.Пүрэвхүүнар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авах үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцнахэмээн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн, мөн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад"Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл.... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ...эрхтэй",Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ."зэрэг эрх, үүргийг хангах баталгааг төр хангана, ...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийгтус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

НҮБ-аас батласан Иргэний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй", Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад "эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх;"гэж заасан байдаг.

Нэмэгдсэн өртөг гэж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон худалдан борлуулагч нь аливаа этгээдээс түүхий эд, материал буюу барааг, мөн ажил үйлчилгээг худалдаж аваад түүнийг борлуулахаас өмнө шинээр буюу дахин боловсруулж, худалдан борлуулахтай холбоотойгоор гарсан элэгдэл зардлыг ойлгодог. Харин өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авч буй иргэний хувьд уг үйлчилгээг ашиглан шинээр бүтээгдэхүүн бий болгодоггүй учир энэ төрлийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэл байхгүй юм.

Өмгөөллийн үйл ажиллагаа нь бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэгддэг бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг үүсдэггүй, үүсэх ч боломжгүй юм.Хэрэв өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх тохиолдолд энэ байдал нь иргэн, баялаг бүтээгч хуулийн этгээд байгууллагад эдийн засгийн хувьд дарамт болох бөгөөд Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөхөөр байна.

Өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авах үйлчилгээ"-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенц болон пактыг зөрчсөн байна." гэжээ.

Гурав. Иргэн А.ОюунчимэгҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ."4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт"Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ." гэж тус тус заасан.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад зааснаар нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд энэхүү эрхийг Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог. Өөрөөр хэлбэл, нотариат нь төрийн гэрчлэх чиг үүргийн хувьд Хууль зүйн яамны харьяа байгууллага бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, нотариатын үйл ажиллагаанд дагаж мөрдөгдөж байгаа журам, зааврыг батлах эрх нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаардаг.Нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг бие даан хэрэгжүүлж, хариуцлагыг нь хүлээдэг.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нотариатын эрх зүйн үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн гэрчлэх чиг үүрэг байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахьзаалтын "Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна" гэсэнд хамааруулан үзэж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл байна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтаар "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг", мөн 4 дүгээр зүйлийн 4.1.19 дэх заалтад "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг" гэж тус тус нэр томьёог тодорхойлсон бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд нотариатын эрх зүйн үйлчилгээнээс олсон орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр хуульчилсан байна.

Нотариатын үйлчилгээний хөлс зардлыг Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалаар Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг баталж одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд үйлчилгээний орлого нь 50 сая төгрөгт хүрсэн нотариатч үйлчлүүлэгчээс үйлчилгээний хураамжаас гадна нэмж 10 хувийг татварт суутган авах, харин үйлчилгээний орлого нь 50 сая төгрөгт хүрдэггүй нотариатчдын хувьд уг татварыг нэмж авахгүй байхаар зохицуулагдсан байна.

Нотариатын үйлчилгээний хөлс зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж нэг мөр дагаж мөрдүүлж байгаа нь тухайн төрлийн үйлчилгээг үзүүлсний төлөө нэг үнэ бүхий хураамж авахаар зохицуулсан.

Гэтэл зарим иргэд нь нотариатын орлого 50 сая төгрөгт хүрэх нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авсан бол үйлчилгээ авсныхаа төлөө нэмж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр, зарим иргэд нь нотариатын орлого 50 сая төгрөгт хүрэхгүй нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авч байгаа бол нэмэгдсэн өртгийн албан татвар татвар төлөхгүй байх нөхцөл байдал үүсэж байна.

Нотариатч үйлчлүүлэгчээс албан татвар аваад явж байхад нотариатын орлого тухайн жилд 50 сая төгрөгт хүрэхгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш боллоо гэхэд иргэдээс авсан албан татварыг нэг бүрчлэн буцаан олгох боломжгүй, хүндрэлтэй байдал үүснэ.

Дээрх байдлаас үзэхэд иргэн нотариатын эрх зүйн үйлчилгээ авсаныхаа төлөө үйлчилгээний хураамжийг ялгамжтай байдлаар төлөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна."гэснийг зөрчиж, төр төсөвт байгууллагын иргэдэд үзүүлсэн үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй мөртлөө өөрийн гэрчлэх чиг үүргээ нотариатаар дамжуулан хэрэгжүүлсний төлөө иргэдээс ялгавартай байдлаар албан татвар авах нь төрийн үйлчилгээг тэгш хүргэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан зарчмыг зөрчихөд хүргэж байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар авах нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж өгөхийг хүсье." гэсэн байна.

Дөрөв. Иргэн Х.ЦогзолмааҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"1. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт "Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөөөгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ" хэмээн зааснаас үзэхэд нотариатч нь төрийн чиг үүрэг болох гэрчлэх үйлдлийг түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлж, тийнхүү үйлдэл, үйл ажиллагаагаа явуулахдаа эрх зүйн харилцаанд оролцогч этгээдэд шаардлагатай эрх зүйн зөвлөгөө үзүүлэх замаар иргэн ба хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах Үндсэн хуулийн эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нотариатын гэрчлэх үйлдэл нь угтаа төрийн эрх мэдлээс улбаатай.Хэдийгээр төр өөрийн гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хууль батлах замаар нотариатчид шилжүүлсэн хэдий ч гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэг нь төрийн чиг үүрэг хамаарахаа болино гэсэн утга хараахан биш ээ.Тиймээс төрийн үйлчилгээг авсаныхаа төлөө иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд заасан шударга ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2дахь хэсэгт "Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгтхүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг дараах этгээд албан татвар суутган төлөгч байна" хэмээн хуульчлаад 5.2.1 дэх заалтад "Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн" гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2 дахь хэсэг болон 7.2.3 дахь заалтын дагуу 50 сая ба түүнээс дээш төгрөгийг үйлчилгээний орлого олсон нотариатч нь үйлчлүүлэгч буюу иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн үйлчилгээний хөлсөн дээр нэмж тооцон суутган авч улмаар нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн байна. Дээрх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгч нь төрийн үйлчилгээ буюу нотариатын үйчилгээг авч буй иргэд бөгөөд нотариат нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгч юм.Энэ утгаараа нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь нотариатчдад төдийлөн хамааралгүй. Харин иргэдийн хувьд хуульд заавал нотариатаар гэрчлүүлэх үйлчилгээг авсаныхаа төлөө, төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлж буй нотариатын үйлчилгээг авсаныхаа төлөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь шударга ёсонд нийцэхгүй байхын зэрэгцээ 50 сая ба түүнээс дээш төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлого олсон нотариатчаас үйлчилгээ авсан иргэд нотариатын үйлчилгээний хөлсөн дээр нэмж нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан "тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэсэн заалтыг нэн илэрхий байдлаар зөрчсөн байна. Учир нь үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй нотариатчаас үйлчилгээ авч байгаа иргэн нэмэгдсэн өртгийн албан татвартөлөх үүрэггүй бол үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн нотариатчаас үйлчилгээ авсан иргэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж байна.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.3 дахь заалт нь тэгш байдлын зарчмыг зөрчсөн утгаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалтыг агуулгын хувьд давхар зөрчсөн хэмээн үзэж байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлдийн 14 дэх заалтад хүн бүр "хууль зүйн туслалцаа авах эрхтэй" хэмээн заасан нь иргэдээс өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах боломжийг нээж өгсөн. Нотариатын гэрчлэх чиг үүргийг эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүргээс ангид, ялгамжгай байдлаар авч үзэх ямар ч боломжгүй болох нь латин нотариатын тогтолцоотой улс орнуудад нэгэнт тодорхой болсон ойлголт билээ.Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ иргэд болон нийгэмд хүртээмжтэй, өгөөжтэй, үр дүнтэй байдлаар хүргэж чадахгүй болох нь ойлгомжтой тул хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ хууль батлах замаар нотариатын байгууллагад шилжүүлсэн.Харин иргэд, хуулийн этгээд нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр авахаар хуульчилсан явдал нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчихийн зэрэгцээ хууль зүйн туслалцаа авах бодит боломжийг иргэдийн хувьд зарим талаараа хязгаарласан хэмээн үзэж байна.Нотариатын үйлчилгээг авч буй иргэнийг хэрэглэгч хэмээн үзвэл нэмэгдсэн өртөг шингэсэн бараа, ажил үйлчилгээг хэрэглэгч аль болох авахаас татгалздаг энгийн жишээг дурдахад нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.3 дахь заалт иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн болох нь тодорхой байна.

Нэмэгдсэн өртгийн татварын гол ажиллах зарчим нь бараа, ажил үйлчилгээ үзүүлэгч этгээд зөвхөн өөрийн нэмсэн өртөгт татвар төлж, түүнийгээ эцсийн хэрэглэгчдэд үүрүүлдэг бөгөөд дунд нь өртөг нэмж буй этгээдийн нэмсэн өртөг бүр төрд бүртгэгддэгт оршино.Иймээс төр Үндсэн хуулиар хүлээсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ хэрэгжүүлсэний төлөө иргэдээс нэмэгдсэн өртгийн албан татвар авч байгаа нь өөрийн үйлчилгээг татварын орлого болгож, улмаар иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлэх боломжийг объектив байдлаар хязгаарласан хэмээн үзэж байна.Энэ байдал нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэсэн заалтыг агуулгын хувьд давхар зөрчсөн хэмээн үзэж байна.

Иймд иргэн миний гаргасан мэдээллийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж үзэж өгнө үү." гэсэн байна.

Тав. Иргэн В.ОюумааҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт "Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ" гэж заасанчлан төриргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хангахын тулд эрх зүйн үйлчилгээг иргэнд үзүүлэхдээ нотариатын үйлчилгээгээр дамжиж хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Үндсэн хуульд "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ." гэж заасан.Гэтэл төр иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө татвар авахаар хуульчилж байгаа нь иргэний Үндсэн хуульд заасан хууль ёсны эрхийг илт зөрчихөд хүргэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь иргэн нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө ялгамжтай хураамж төлөх, төр иргэнд үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө давхар татвар авахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх, нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээнд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж, шийдвэрлэж өгнө үү." гэсэн байна.

Зургаа. Иргэн Б.Бадамханд, Ч.Баянжаргал нарҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"1.2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаарнотариатын үйлчилгээнднэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2. Нотариатын тухай хуулийн нотариатч, түүний чиг үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 /Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ./,16.3 /Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ./-т зааснаар нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна.", 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.", 4.3 дахь хэсэгт"Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ." гэж заасан байдаг.

Нотариатын тухай хуулийн Нотариатын үйлчилгээний хөлс, зардал гэсэн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Нотариатын үйлчилгээ төлбөртэй байна",12.2 дахь хэсэгт "Нотариатч хуульд заасан нотариатын үйлдэл хийх, баримт бичиг боловсруулах, нотариатын үйлдлийн талаар лавлагаа гаргахад үйлчилгээний хөлс авах бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр ажлын байрнаасаа өөр газар очиж үйлчилсэн бол үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг үйлчлүүлэгчээс авна.", мөн зүйлийн 12.3. дахь хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.2.-т заасан нотариатын үйлчилгээний хөлс болон тээврийн зардлын хэмжээг батална." гэж тус тус хуульчилжээ. Нотариатын үйлчилгээ нь төрийн үйлчилгээ болох талаар холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ", төрөөс үзүүлэх үйлчилгээний тухай мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад "Нотариатын үйлчилгээ үзүүлэх"гэж заасан байдаг. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нотариатын үйлчилгээг үзүүлэхдээ Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар үйлчилгээний хөлс авдаг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад зааснаар нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд энэхүү эрхийг Нотариатынтухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог.

Дээр дурдсанчлан Нотариатын тухай хууль болон Монгол Улсын Иргэний хууль холбогдох бусад хуульд зааснаар нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах, нотариатын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаарах бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүйн яам нь нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Харин нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, үйлчлүүлэгчийн тэгш эрхийг хангах зэрэг зарчмыг баримталж ажиллах бөгөөд үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцаж ажилладаг.

3.Хэдийгээр нотариатч нь үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төрийн эрх бүхий албан тушаалтан, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон тарифаар үйлчилгээний хөлс, зардлыг авч, энэхүү хөлс, орлогоороо санхүүжин ажиллаж, олсон орлогоосоо улсад татвар төлж ажилладаг татвар төлөгч мөн боловч үндсэн чиг үүрэг нь ашгийн төлөө бус, гагцхүү хуульд зааснаар төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэдэг. Үүгээрээ зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан үнэ тарифаа чөлөөтэй тогтоодог бусад татвар төлөгчид буюу ашгийн төлөө ажилладаг аж ахуй, бизнес эрхлэгчдээс онцлог, ялгаатай. Өөрөөр хэлбэл, нотариатч нар нь гагцхүү хуульд заасан нотариатын үйлдлийг хийх замаар иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж, ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлбөрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалаар баталсан "Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ"-г баримтлан авдаг. Ийнхүү ажиллахдаа нотариатч нар нь Хууль зүйн сайдаас тогтоосон тойрогт байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Нотариатч нарын үйлчилгээний орлого нь нотариатч нарын үйл ажиллагаа явуулж байгаа тойргийн хүн амын суурьшил, аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлөөс ихээхэн хамаарч харилцан адилгүй байдаг тул нотариатч бүрийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг", мөн хуулийн 4.1.19 дэх заалтад "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг" гэж тодорхойлсон бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд нотариатын үйлчилгээнээс олсон орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж, үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс, зардлын 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг нэмж татварт суутган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр, харин үйл ажиллагааны орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрэхгүй тохиолдолд нотариатч зөвхөн үйлчилгээний хөлс, зардлыг тогтоосон тарифт заасны дагуу авахаар болж байна. Энэ нь иргэний тэгш байдлыг алдагдуулах, хуульд заасан нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө үйлчилгээний төлбөр, хураамжийг харилцан адилгүй, ялгамжтай байдлаар төлөхөд хүргэж байна. Мөн нөгөө талаар төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ /нотариатын үүрэг гүйцэтгэгч нар нэгэн адил хамаарах/ болон зарим төрлийн ашгийн төлөө үйл ажиллагааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн 13 дугаар зүйлд заасан атлаа төрийн гэрчлэх чиг үүргийг нотариатаар гүйцэтгүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар суутган авч байгаа нь төрийн үйлчилгээг тэгш хүргэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэжзаасан зарчмыг зөрчихөд хүргэж байна. Нотариатын үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн гэрчлэх чиг үүрэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээнд хамааруулан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.

4.Монголын Нотариатчдын танхим нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг "Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.", 20 дугаар зүйлийн 20.5.6 дахь заалт "Эрх зүйн туслалцаа, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал, түүнчлэн Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг "Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг буюу Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Нотариатчдын танхимаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно." гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах иргэн хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн чиг үүргийн зарим хэсгийг хэрэгжүүлдэг.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс. эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасныг зөрчиж байгаа эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил, үйлчилгээнд нотариатын үйлчилгээг хамруулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье." гэсэн байна.

Долоо. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад "нотариатын үйлчилгээ", 7.2.17 дахь заалтад "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ" гэж заасан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн М.Амгалан, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Пүрэвхүү, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Батсүх, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн З.Сүхбаатар нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах тайлбарыг Танд хүргүүлж байна.

Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан үндсэн үүрэг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь ч энэхүү үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн. Хуулиар ногдуулах албан татвар нь иргэдийн хувьд адил тэгш нөхцөлөөр үйлчлэх бөгөөд харин түүнийг хуульд заасан тодорхой нөхцөл, болзолтойгоор хөнгөлөх, чөлөөлөх эрх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдаж байдаг.Улсын Их Хурал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг батлан гаргахдаа түүний дотор өмгөөлөл, нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан хуульчлахдаа энэхүү бодлого, зарчмыг удирдлага болгосон. Нотариат, өмгөөллийн үйлчилгээнд албан татвар ногдуулснаар Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан, Арванесдүгээр зүйлд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх төрийн үйл ажиллагаанд саад учруулах ямарваа хууль зүйн үр дагаврыг бий болгохгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хзсэгт "Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ." гэж заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон гүйцэтгэсэн бүхий л төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулна. Үүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаарзүйлд заасан иргэний үндсэн эрхээ эдлэхтэй холбогдсонбүхий л төрлийн үйлчилгээ, тухайлбал, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг авахад ч мөн адил албан татвар ногдуулахаар хуульчилсан.Учир ньэрх зүйн үйлчилгээ, түүний дотор нотариат, өмгөөллийн үйлчилгээг төлбөртэй үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд энэхүү үйлчилгээ нь ашиг олох үйл ажиллагаа мөн бөгөөд нэгэнт орлого хүлээн авч.ашиг бий болсон бол түүнд нэмүү өртөгүүссэн гэж үзнэ. Энэ агуулгаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах харилцааны зүйл мөн.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд тооцон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулдаг.

Одоогоор өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн энэ төрлийн татварыг төлж байна. Тухайлбал: 2014 онд 45 аж ахуйн нэгж, 2015 онд 54 аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд 2014 оны байдлаар улсын төсөвт 423.0 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэлд нотариатчийн үйлчилгээ нь төрийн эрх зүйн үйлчилгээ бөгөөд энэхүү эрхийг төрөөс хангах учиртай тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар дурджээ.Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34 дэх заалтад ""төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг" гэж заасан. Гэтэл өмгөөлөл, нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хувийн өмчит иргэн, хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэж, үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ашиг олох үйл ажиллагаа явуулж байгаа тул тэдгээрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахь заалтад заасан "...Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө" гэсэн заалттай адилтган авч үзэх боломжгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд туссан "50 сая төгрөгийнбосго" хэмээх ойлголт нь тухайн этгээдийг зөвхөн улсын бүртгэлд хамруулан тайлагнуулах болон хуульд заасан бусад эрх, үүргийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч мөн эсэхийг тодорхойлох зорилготой бий болгосон хэмжих үзүүлэлт, Улсын Их Хурал албан татвар ногдуулах аливаа босго үзүүлэлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн салбар, хүрээг тогтоохдоо эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүн амын татварын ачааллыг жигд байлгах, нийгмийн зорилтот, эмзэг бүлгийг хамгаалах, татвар үр ашигтай, зардал багатай, нийгэмд хүртээмжтэй байх, нийгмийн баялгийг тэгш хуваарилах зорилгыг агуулдаг. Тиймээс энэ зорилгын хүрээнд гарсан татварын аливаа бодлогыг Үндсэн хуульд заасан иргэний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Дашрамд дурдахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу төрөөс олгож буй тусгай зөвшөөрлүүд, үүний дотор татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ, аудитын үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ гэх мэт Үндсэн хуульдзаасан иргэний өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд нь мөн л нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн угтатварыг төлдөг. Иймд нотариатын үйлчилгээг дээрх үйлчилгээнээс ялгаж хуульчлах нь татварын тэгш шударга байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчихөөр байна.Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад заасан "нотариатын үйлчилгээ", 7.2,17 дахь заалтад заасан "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ" гэсэн нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна" гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй. Мөн Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэйбайх тул нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаар нотариатын үйлчилгээ, 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан ньМонгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ." гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨСДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3дахь заалтад "нотариатын үйлчилгээ;", 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтад "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;" гэсэн ньМонгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ." гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Т.ЛХАГВАА

Ш.ЦОГТОО

Д.СУГАР

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр                                                                                                                            Дугаар 02                                                                                                                                Улаанбаатар хот                                                                      
              
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

хуулийн7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянаншийдвэрлэсэн тухай

                        Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                               танхим 13.30 цаг.

           Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Батcүх, З.Сүхбаатар, А.Оюунчимэг, Б.Бадамханд, Ч.Баянжаргал болон иргэн М.Амгалан, Б.Пүрэвхүү нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорлоо, иргэн Х.Цогзолмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал; Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Д.Батсүх, З.Сүхбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“Нэмэгдсэн өртөг нь онолын хувьд “хаана өртөг, үнэ нэмэгдэж байна, тэр тухай бүрд энэ татварыг ногдуулах ёстой” аж. Нэмэгдсэн өртөг нь хийсвэр хийгээд зохиомол, дур зоргын байх ёсгүй бөгөөд бодитойгоор шинээр өртөг бий болсон байх учиртай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны явцад тухайн бараа, үйлчилгээний үнэ, зардал бодитой нэмэгдэх бөгөөд энэ тохиолдолд нэмэгдсэн өртөг бий болж, энэ нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг.

Тэгвэл өмгөөллийн үйл ажиллагаа нь аж ахуйн үйл ажиллагаанд хамаарахгүй юм. Эрх зүйн эх толь бичигт “аж ахуйн үйл ажиллагаа гэдгийг эд хөрөнгө ашиглах, бараа худалдах, ажил гүйцэтгэх ба үйлчилгээ үзүүлэх зэргээр ашиг байнга олоход чиглэгдсэн, хуульд тогтоосон журмаар бүртгүүлсэн үйл ажиллагааг өөрийн эрсдэл дээр бие даан хэрэгжүүлэх” гэж тайлбарласан байна. Эндээс авч үзвэл аж ахуйн үйл ажиллагааны голлох шалгуур нь ашиг байнга олох зорилго ажээ. Өмгөөллийн үйл ажиллагаа нь ашиг орлогыг зорилгоо болгон хөөцөлддөггүй, харин гол зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг юм.

Өмгөөллийн үйл ажиллагаа нь хүний эрхийн төлөөх үйлс болох талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (1966), Хуульчийн мэргэжлийн бие даасан байдлын талаарх олон улсын БАР-ын холбооны стандарт, Өмгөөлөгчийн үүргийн тухай НҮБ-ын үндсэн зарчим (1990) зэрэгт тодорхой тусгаж өгсөн.

Хууль зүйн туслалцаа мөн чанараараа төрийн үүргээс улбаатай, ямагт эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллагын үйлчилгээтэй жишигдэн үзэгддэг. Мөн чанар, үүсэн бий болсон учир шалтгаан ийм байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг шууд зөрчихөд хүргэхээр байна.

Өмгөөлөл нь үйлчлүүлэгч, өмгөөлөгчийн харилцаа түүнчлэн өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхэд төлөөлөхөд үндэслэнэ. Энэ харилцаанд аж ахуйн үйл ажиллагааны ухагдахуун эс оршино, харин зөрчигдсөн, хөндөгдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалах, тэдгээрийг сэргээн эдлүүлэх боломж нөхцлийн тухай л оюун бодол, судалгаа, эрэлхийлэл, цуцалтгүй хөдөлмөр оршин байна.

Иймд, Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтын дагуу “өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ”-г нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээнд хамааруулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “...хууль зүйн туслалцаа авах ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.” гэжээ

Хоёр. Иргэн М.Амгалан, Б.Пүрэвхүүнар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авах үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцнахэмээн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн, мөн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад“Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл.... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ...эрхтэй”,Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.”зэрэг эрх, үүргийг хангах баталгааг төр хангана, ...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийгтус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

НҮБ-аас батласан Иргэний эрхийн түгээмэл тунхаглалд "Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад “эрх зүйн хамгаалалт хүссэн аливаа этгээдийн тийм эрхийг эрх бүхий шүүх, захиргаа, хууль тогтоох байгууллага, эсхүл тухайн улсын эрх зүйн тогтолцоонд заасан эрх бүхий бусад байгууллагаас тогтоож байх явдлыг хангах, түүнчлэн шүүхээр хамгаалуулах боломжийг нь хөгжүүлэх;”гэж заасан байдаг.

Нэмэгдсэн өртөг гэж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон худалдан борлуулагч нь аливаа этгээдээс түүхий эд, материал буюу барааг, мөн ажил үйлчилгээг худалдаж аваад түүнийг борлуулахаас өмнө шинээр буюу дахин боловсруулж, худалдан борлуулахтай холбоотойгоор гарсан элэгдэл зардлыг ойлгодог. Харин өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авч буй иргэний хувьд уг үйлчилгээг ашиглан шинээр бүтээгдэхүүн бий болгодоггүй учир энэ төрлийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэл байхгүй юм.

Өмгөөллийн үйл ажиллагаа нь бүхэлдээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэгддэг бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг үүсдэггүй, үүсэх ч боломжгүй юм.Хэрэв өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх тохиолдолд энэ байдал нь иргэн, баялаг бүтээгч хуулийн этгээд байгууллагад эдийн засгийн хувьд дарамт болох бөгөөд Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөхөөр байна.

Өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтаар "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авах үйлчилгээ”-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенц болон пактыг зөрчсөн байна.” гэжээ.

Гурав. Иргэн А.ОюунчимэгҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ."4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт"Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ." гэж тус тус заасан.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад зааснаар нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд энэхүү эрхийг Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог. Өөрөөр хэлбэл, нотариат нь төрийн гэрчлэх чиг үүргийн хувьд Хууль зүйн яамны харьяа байгууллага бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, нотариатын үйл ажиллагаанд дагаж мөрдөгдөж байгаа журам, зааврыг батлах эрх нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаардаг.Нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг бие даан хэрэгжүүлж, хариуцлагыг нь хүлээдэг.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нотариатын эрх зүйн үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн гэрчлэх чиг үүрэг байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахьзаалтын "Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна" гэсэнд хамааруулан үзэж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл байна.

           2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтаар “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг", мөн 4 дүгээр зүйлийн 4.1.19 дэх заалтад "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг" гэж тус тус нэр томьёог тодорхойлсон бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд нотариатын эрх зүйн үйлчилгээнээс олсон орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр хуульчилсан байна.

Нотариатын үйлчилгээний хөлс зардлыг Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталдаг бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалаар Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээг баталж одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд үйлчилгээний орлого нь 50 сая төгрөгт хүрсэн нотариатч үйлчлүүлэгчээс үйлчилгээний хураамжаас гадна нэмж 10 хувийг татварт суутган авах, харин үйлчилгээний орлого нь 50 сая төгрөгт хүрдэггүй нотариатчдын хувьд уг татварыг нэмж авахгүй байхаар зохицуулагдсан байна.

Нотариатын үйлчилгээний хөлс зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж нэг мөр дагаж мөрдүүлж байгаа нь тухайн төрлийн үйлчилгээг үзүүлсний төлөө нэг үнэ бүхий хураамж авахаар зохицуулсан.

Гэтэл зарим иргэд нь нотариатын орлого 50 сая төгрөгт хүрэх нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авсан бол үйлчилгээ авсныхаа төлөө нэмж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр, зарим иргэд нь нотариатын орлого 50 сая төгрөгт хүрэхгүй нотариатчаас эрх зүйн үйлчилгээ авч байгаа бол нэмэгдсэн өртгийн албан татвар татвар төлөхгүй байх нөхцөл байдал үүсэж байна.

Нотариатч үйлчлүүлэгчээс албан татвар аваад явж байхад нотариатын орлого тухайн жилд 50 сая төгрөгт хүрэхгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш боллоо гэхэд иргэдээс авсан албан татварыг нэг бүрчлэн буцаан олгох боломжгүй, хүндрэлтэй байдал үүснэ.

Дээрх байдлаас үзэхэд иргэн нотариатын эрх зүйн үйлчилгээ авсаныхаа төлөө үйлчилгээний хураамжийг ялгамжтай байдлаар төлөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна."гэснийг зөрчиж, төр төсөвт байгууллагын иргэдэд үзүүлсэн үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй мөртлөө өөрийн гэрчлэх чиг үүргээ нотариатаар дамжуулан хэрэгжүүлсний төлөө иргэдээс ялгавартай байдлаар албан татвар авах нь төрийн үйлчилгээг тэгш хүргэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дах хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж заасан зарчмыг зөрчихөд хүргэж байна.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар авах нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж өгөхийг хүсье.” гэсэн байна.

Дөрөв. Иргэн Х.ЦогзолмааҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“1. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөөөгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” хэмээн зааснаас үзэхэд нотариатч нь төрийн чиг үүрэг болох гэрчлэх үйлдлийг түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлж, тийнхүү үйлдэл, үйл ажиллагаагаа явуулахдаа эрх зүйн харилцаанд оролцогч этгээдэд шаардлагатай эрх зүйн зөвлөгөө үзүүлэх замаар иргэн ба хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах Үндсэн хуулийн эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нотариатын гэрчлэх үйлдэл нь угтаа төрийн эрх мэдлээс улбаатай.Хэдийгээр төр өөрийн гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргээ хууль батлах замаар нотариатчид шилжүүлсэн хэдий ч гэрчлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх үүрэг нь төрийн чиг үүрэг хамаарахаа болино гэсэн утга хараахан биш ээ.Тиймээс төрийн үйлчилгээг авсаныхаа төлөө иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд заасан шударга ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2дахь хэсэгт “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгтхүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” хэмээн хуульчлаад 5.2.1 дэх заалтад “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2 дахь хэсэг болон 7.2.3 дахь заалтын дагуу 50 сая ба түүнээс дээш төгрөгийг үйлчилгээний орлого олсон нотариатч нь үйлчлүүлэгч буюу иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан нэмэгдсэн өртгийн албан татварыг өөрийн үйлчилгээний хөлсөн дээр нэмж тооцон суутган авч улмаар нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн байна. Дээрх тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгч нь төрийн үйлчилгээ буюу нотариатын үйчилгээг авч буй иргэд бөгөөд нотариат нь зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган төлөгч юм.Энэ утгаараа нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь нотариатчдад төдийлөн хамааралгүй. Харин иргэдийн хувьд хуульд заавал нотариатаар гэрчлүүлэх үйлчилгээг авсаныхаа төлөө, төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлж буй нотариатын үйлчилгээг авсаныхаа төлөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх нь шударга ёсонд нийцэхгүй байхын зэрэгцээ 50 сая ба түүнээс дээш төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлого олсон нотариатчаас үйлчилгээ авсан иргэд нотариатын үйлчилгээний хөлсөн дээр нэмж нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан “тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг нэн илэрхий байдлаар зөрчсөн байна. Учир нь үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй нотариатчаас үйлчилгээ авч байгаа иргэн нэмэгдсэн өртгийн албан татвартөлөх үүрэггүй бол үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн нотариатчаас үйлчилгээ авсан иргэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж байна.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.3 дахь заалт нь тэгш байдлын зарчмыг зөрчсөн утгаараа Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалтыг агуулгын хувьд давхар зөрчсөн хэмээн үзэж байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлдийн 14 дэх заалтад хүн бүр “хууль зүйн туслалцаа авах эрхтэй” хэмээн заасан нь иргэдээс өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах боломжийг нээж өгсөн. Нотариатын гэрчлэх чиг үүргийг эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүргээс ангид, ялгамжгай байдлаар авч үзэх ямар ч боломжгүй болох нь латин нотариатын тогтолцоотой улс орнуудад нэгэнт тодорхой болсон ойлголт билээ.Төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ иргэд болон нийгэмд хүртээмжтэй, өгөөжтэй, үр дүнтэй байдлаар хүргэж чадахгүй болох нь ойлгомжтой тул хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ хууль батлах замаар нотариатын байгууллагад шилжүүлсэн.Харин иргэд, хуулийн этгээд нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон үнээр авахаар хуульчилсан явдал нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчихийн зэрэгцээ хууль зүйн туслалцаа авах бодит боломжийг иргэдийн хувьд зарим талаараа хязгаарласан хэмээн үзэж байна.Нотариатын үйлчилгээг авч буй иргэнийг хэрэглэгч хэмээн үзвэл нэмэгдсэн өртөг шингэсэн бараа, ажил үйлчилгээг хэрэглэгч аль болох авахаас татгалздаг энгийн жишээг дурдахад нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.3 дахь заалт иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн болох нь тодорхой байна.

Нэмэгдсэн өртгийн татварын гол ажиллах зарчим нь бараа, ажил үйлчилгээ үзүүлэгч этгээд зөвхөн өөрийн нэмсэн өртөгт татвар төлж, түүнийгээ эцсийн хэрэглэгчдэд үүрүүлдэг бөгөөд дунд нь өртөг нэмж буй этгээдийн нэмсэн өртөг бүр төрд бүртгэгддэгт оршино.Иймээс төр Үндсэн хуулиар хүлээсэн хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргээ хэрэгжүүлсэний төлөө иргэдээс нэмэгдсэн өртгийн албан татвар авч байгаа нь өөрийн үйлчилгээг татварын орлого болгож, улмаар иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлэх боломжийг объектив байдлаар хязгаарласан хэмээн үзэж байна.Энэ байдал нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтыг агуулгын хувьд давхар зөрчсөн хэмээн үзэж байна.

Иймд иргэн миний гаргасан мэдээллийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж үзэж өгнө үү.” гэсэн байна.

Тав. Иргэн В.ОюумааҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

“Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасанчлан төриргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хангахын тулд эрх зүйн үйлчилгээг иргэнд үзүүлэхдээ нотариатын үйлчилгээгээр дамжиж хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Үндсэн хуульд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ.” гэж заасан.Гэтэл төр иргэнийхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө татвар авахаар хуульчилж байгаа нь иргэний Үндсэн хуульд заасан хууль ёсны эрхийг илт зөрчихөд хүргэж байна.

        Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь иргэн нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө ялгамжтай хураамж төлөх, төр иргэнд үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө давхар татвар авахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх, нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил үйлчилгээнд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж, шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна.

Зургаа. Иргэн Б.Бадамханд, Ч.Баянжаргал нарҮндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 “1.2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шинэчлэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаарнотариатын үйлчилгээнднэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2. Нотариатын тухай хуулийн нотариатч, түүний чиг үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нотариатчийн үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 /Нотариатч ажиллаагүй суманд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ./,16.3 /Хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх авсан албан тушаалтан нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэнэ./-т зааснаар нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна.”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Нотариатчийн чиг үүргийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ.”, 4.3 дахь хэсэгт“Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж заасан байдаг.

Нотариатын тухай хуулийн Нотариатын үйлчилгээний хөлс, зардал гэсэн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Нотариатын үйлчилгээ төлбөртэй байна”,12.2 дахь хэсэгт “Нотариатч хуульд заасан нотариатын үйлдэл хийх, баримт бичиг боловсруулах, нотариатын үйлдлийн талаар лавлагаа гаргахад үйлчилгээний хөлс авах бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр ажлын байрнаасаа өөр газар очиж үйлчилсэн бол үйлчилгээний хөлс болон тээврийн зардлыг үйлчлүүлэгчээс авна.”, мөн зүйлийн 12.3. дахь хэсэгт Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 12.2.-т заасан нотариатын үйлчилгээний хөлс болон тээврийн зардлын хэмжээг батална.” гэж тус тус хуульчилжээ. Нотариатын үйлчилгээ нь төрийн үйлчилгээ болох талаар холбогдох хууль тогтоомжид заасан байдаг. Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ”, төрөөс үзүүлэх үйлчилгээний тухай мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “Нотариатын үйлчилгээ үзүүлэх”гэж заасан байдаг. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нотариатын үйлчилгээг үзүүлэхдээ Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар үйлчилгээний хөлс авдаг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтад зааснаар нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг бөгөөд энэхүү эрхийг Нотариатынтухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгодог.

Дээр дурдсанчлан Нотариатын тухай хууль болон Монгол Улсын Иргэний хууль холбогдох бусад хуульд зааснаар нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах, нотариатын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нь Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаарах бөгөөд мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүйн яам нь нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Харин нотариатч нь төрийн гэрчлэх чиг үүргийг хуульд заасны дагуу хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, үйлчлүүлэгчийн тэгш эрхийг хангах зэрэг зарчмыг баримталж ажиллах бөгөөд үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцаж ажилладаг.

3.Хэдийгээр нотариатч нь үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төрийн эрх бүхий албан тушаалтан, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон тарифаар үйлчилгээний хөлс, зардлыг авч, энэхүү хөлс, орлогоороо санхүүжин ажиллаж, олсон орлогоосоо улсад татвар төлж ажилладаг татвар төлөгч мөн боловч үндсэн чиг үүрэг нь ашгийн төлөө бус, гагцхүү хуульд зааснаар төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэдэг. Үүгээрээ зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан үнэ тарифаа чөлөөтэй тогтоодог бусад татвар төлөгчид буюу ашгийн төлөө ажилладаг аж ахуй, бизнес эрхлэгчдээс онцлог, ялгаатай. Өөрөөр хэлбэл, нотариатч нар нь гагцхүү хуульд заасан нотариатын үйлдлийг хийх замаар иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж, ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлбөрийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 123 дугаар тушаалаар баталсан “Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ”-г баримтлан авдаг. Ийнхүү ажиллахдаа нотариатч нар нь Хууль зүйн сайдаас тогтоосон тойрогт байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Нотариатч нарын үйлчилгээний орлого нь нотариатч нарын үйл ажиллагаа явуулж байгаа тойргийн хүн амын суурьшил, аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлөөс ихээхэн хамаарч харилцан адилгүй байдаг тул нотариатч бүрийн орлого 50 сая төгрөгт хүрэхгүй. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, мөн хуулийн 4.1.19 дэх заалтад “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр” гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг” гэж тодорхойлсон бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд нотариатын үйлчилгээнээс олсон орлого нь 50 сая төгрөгт хүрсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болж, үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс, зардлын 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг нэмж татварт суутган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр, харин үйл ажиллагааны орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрэхгүй тохиолдолд нотариатч зөвхөн үйлчилгээний хөлс, зардлыг тогтоосон тарифт заасны дагуу авахаар болж байна. Энэ нь иргэний тэгш байдлыг алдагдуулах, хуульд заасан нотариатын үйлчилгээ авсныхаа төлөө үйлчилгээний төлбөр, хураамжийг харилцан адилгүй, ялгамжтай байдлаар төлөхөд хүргэж байна. Мөн нөгөө талаар төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ /нотариатын үүрэг гүйцэтгэгч нар нэгэн адил хамаарах/ болон зарим төрлийн ашгийн төлөө үйл ажиллагааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн 13 дугаар зүйлд заасан атлаа төрийн гэрчлэх чиг үүргийг нотариатаар гүйцэтгүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар суутган авч байгаа нь төрийн үйлчилгээг тэгш хүргэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэжзаасан зарчмыг зөрчихөд хүргэж байна. Нотариатын үйлчилгээ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж байгаа төрийн гэрчлэх чиг үүрэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан албан татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээнд хамааруулан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.

4.Монголын Нотариатчдын танхим нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.”, 20 дугаар зүйлийн 20.5.6 дахь заалт “Эрх зүйн туслалцаа, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал, түүнчлэн Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг “Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг буюу Хууль зүйн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлыг Нотариатчдын танхимаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах иргэн хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн чиг үүргийн зарим хэсгийг хэрэгжүүлдэг.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс. эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасныг зөрчиж байгаа эсэх, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа, ажил, үйлчилгээнд нотариатын үйлчилгээг хамруулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх маргаан үүсгэж, зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн байна.

Долоо. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад "нотариатын үйлчилгээ", 7.2.17 дахь заалтад "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ" гэж заасан нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэж үзэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн М.Амгалан, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Пүрэвхүү, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Батсүх, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн З.Сүхбаатар нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараах тайлбарыг Танд хүргүүлж байна.

Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан үндсэн үүрэг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх нь ч энэхүү үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн. Хуулиар ногдуулах албан татвар нь иргэдийн хувьд адил тэгш нөхцөлөөр үйлчлэх бөгөөд харин түүнийг хуульд заасан тодорхой нөхцөл, болзолтойгоор хөнгөлөх, чөлөөлөх эрх нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалагдаж байдаг.Улсын Их Хурал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг батлан гаргахдаа түүний дотор өмгөөлөл, нотариатын үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан хуульчлахдаа энэхүү бодлого, зарчмыг удирдлага болгосон. Нотариат, өмгөөллийн үйлчилгээнд албан татвар ногдуулснаар Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд заасан иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан, Арванесдүгээр зүйлд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх төрийн үйл ажиллагаанд саад учруулах ямарваа хууль зүйн үр дагаврыг бий болгохгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хзсэгт "Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ." гэж заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон гүйцэтгэсэн бүхий л төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулна. Үүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаарзүйлд заасан иргэний үндсэн эрхээ эдлэхтэй холбогдсонбүхий л төрлийн үйлчилгээ, тухайлбал, эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг авахад ч мөн адил албан татвар ногдуулахаар хуульчилсан.Учир ньэрх зүйн үйлчилгээ, түүний дотор нотариат, өмгөөллийн үйлчилгээг төлбөртэй үзүүлдэг хуулийн этгээдийн хувьд энэхүү үйлчилгээ нь ашиг олох үйл ажиллагаа мөн бөгөөд нэгэнт орлого хүлээн авч.ашиг бий болсон бол түүнд нэмүү өртөгүүссэн гэж үзнэ. Энэ агуулгаараа нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах харилцааны зүйл мөн.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд тооцон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулдаг.

Одоогоор өмгөөлөл, хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн энэ төрлийн татварыг төлж байна. Тухайлбал: 2014 онд 45 аж ахуйн нэгж, 2015 онд 54 аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд 2014 оны байдлаар улсын төсөвт 423.0 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэлд нотариатчийн үйлчилгээ нь төрийн эрх зүйн үйлчилгээ бөгөөд энэхүү эрхийг төрөөс хангах учиртай тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа талаар дурджээ.Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34 дэх заалтад ““төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг" гэж заасан. Гэтэл өмгөөлөл, нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хувийн өмчит иргэн, хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэж, үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ашиг олох үйл ажиллагаа явуулж байгаа тул тэдгээрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12 дахь заалтад заасан "...Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө" гэсэн заалттай адилтган авч үзэх боломжгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд туссан “50 сая төгрөгийнбосго” хэмээх ойлголт нь тухайн этгээдийг зөвхөн улсын бүртгэлд хамруулан тайлагнуулах болон хуульд заасан бусад эрх, үүргийн хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч мөн эсэхийг тодорхойлох зорилготой бий болгосон хэмжих үзүүлэлт, Улсын Их Хурал албан татвар ногдуулах аливаа босго үзүүлэлт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн салбар, хүрээг тогтоохдоо эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүн амын татварын ачааллыг жигд байлгах, нийгмийн зорилтот, эмзэг бүлгийг хамгаалах, татвар үр ашигтай, зардал багатай, нийгэмд хүртээмжтэй байх, нийгмийн баялгийг тэгш хуваарилах зорилгыг агуулдаг. Тиймээс энэ зорилгын хүрээнд гарсан татварын аливаа бодлогыг Үндсэн хуульд заасан иргэний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Дашрамд дурдахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу төрөөс олгож буй тусгай зөвшөөрлүүд, үүний дотор татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ, аудитын үйлчилгээ, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ гэх мэт Үндсэн хуульдзаасан иргэний өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд нь мөн л нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн угтатварыг төлдөг. Иймд нотариатын үйлчилгээг дээрх үйлчилгээнээс ялгаж хуульчлах нь татварын тэгш шударга байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчихөөр байна.Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтад заасан "нотариатын үйлчилгээ", 7.2,17 дахь заалтад заасан "өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ" гэсэн нь Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна” гэсэн байна.

                                                                                                                            ҮНДЭСЛЭЛ:

 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал нь төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох онцгой бүрэн эрхтэй. Мөн Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэйбайх тул нотариат, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах эсэх асуудал нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтаар нотариатын үйлчилгээ, 7.2.17 дахь заалтаар өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан ньМонгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй.  ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨСДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3дахь заалтад “нотариатын үйлчилгээ;”, 7 дугаар зүйлийн 7.2.17 дахь заалтад “өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;” гэсэн ньМонгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах ... эрхтэй.  ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.