Хэвлэх DOC Татаж авах
Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар  зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох  заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн  шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр                                        Дугаар 01                                             Улаанбаатар хот                                                                      
              

    Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар

зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн тухай

 

                        Үндсэн хуулийн цэцийн хухуралдааны

                                                                                                                                                                                                                                                                       танхим 11.35 цаг.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, Монгол Улсын иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж, нар оролцлоо.

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэв.

Нэг. Иргэн О.Баясгалан, Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд:

 

“Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгтШүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Үндсэн хуулийн заалт ёсоор аймаг, нийслэл, дүүрэг нь тус бүртээ шүүхтэй байхаар байна.

 

Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж буй заалттай утга, найруулга адил 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Багануур, Багахангай дүүргийн шүүх”, “Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүх”, “Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн шүүх”, “Хан-Уул, Туул дүүргийн шүүх” гэсэн 1, 3, 5, 7 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн байна гэсэн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс тус тус гаргаж байсан байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-ийн зарим заалтаар “2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар, ... хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд ... харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн  заалтыг зөрчсөн” хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцээс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 07 дугаар дүгнэлт гаргаж байсан байна. Уг дүгнэлтийг баталж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 01 дүгээр тогтоол гаргасан. 

 

Гэтэл Үндсэн хуулийн цэцийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль тогтоогч үл тоон засаг захиргааны нэгжийн дунд шүүх байгуулж урьд өмнө нь гаргаж байсан хоёр ч алдаагаа дахин давтаж байна.

            Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1-8, 2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 

“Улсын Их Хурлаас Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн холбогдох заалт болон 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүхийн тухай хуулийг эш үндэс болгосон. Тухайлбал, Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тус тус заасан билээ.

 

“Шүүхийн тогтолцоо” болон “шүүхийн харьяалал” гэсэн энэ хоёр ойлголт нь онолын өөр ухагдахуунууд юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн аль нэгжид шүүх байгуулах асуудал нь шүүхийн тогтолцоонд огт хамааралгүй, харин шүүхийн харьяалал, хүртээмжийн тухай асуудал бөгөөд “шүүхийн тогтолцоо”, “шүүхийн харьяалал” гэсэн ойлголтыг зааглан ойлгох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх гол сэжим юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгээр тодорхойлсон “шүүхийн үндсэн тогтолцоо” гэсэн ойлголт нь хүний шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх тухай билээ.

 

Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан уг тогтолцоонд нийцүүлэн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил, шүүгчдийн ажлын ачаалал, иргэдэд шүүхийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийг шинэчлэх шаардлагын үндсэн дээр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас баталсан бөгөөд давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан тухайн шүүхийн байрших газарт шүүх хуралдааныг явуулж болох бөгөөд шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл баталж байхаар хуульчилж өгсөн.

 

Ингэснээр давж заалдах гомдол гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрх, мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн үзэл баримтлал, санаа зөрчигдөөгүй болно.

 

Үндсэн хуулийн дээрх заалтаар шүүхийн тогтолцоог “үндсэн” ба “дагнасан” гэсэн хоёр хэлбэрээр тодорхойлж, шүүхийн үндсэн тогтолцоонд Улсын дээд шүүхээс бусад анхан болон давж заалдах шатны шүүхийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр нэрлэсэн хэдий ч мөн чанараар нь авч үзвэл анхан болон давж заалдах, хяналтын гэсэн гурван шатлалаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр тусгасан. Иргэн шүүхийн шийдвэрийг “давж заалдах эрхтэй”, улмаар анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг “давж заалдах” болон “хяналтын журмаар хянан үзэх”, “бүх шатны шүүх”, “анхан шатны шүүх” гэсэн ойлголт, нэр томьёоноос шүүхийн тогтолцооны үндсэн мөн чанар нь харагдаж байгаа юм.

 

Дэлхийн бусад улсад ч гэсэн байдаг “ерөнхий шүүгч”, “тусгай шүүх” гэсэн нэршил бүхий нийтлэг жишгийг харгалзан улмаар Үндсэн хуулийн дээрх заалтыг удирдлага болгон Монгол Улсын шүүхийн тогтолцоог “үндсэн”, “дагнасан” гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр Шүүхийн тухай хуулиар тодорхойлсон. Энэ хуулийн 10 дугаар зүйлд заасанчлан “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэх” бөгөөд нийслэлд эрүү, иргэний хэргийн анхан шатны дагнасан шүүхийг байгуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэж байгаа билээ.

 

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчөөгүй, харин Улсын Их Хурал Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу зарим шүүхийн харьяаллыг шинэчлэн тогтоосон байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсэж байна.” гэжээ.

 

            Гурав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг маргаантай холбогдуулан дараах агуулга бүхий тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Үүнд:

 

            “Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэж зөвхөн нэршлийн хувьд аймаг дундын байхаар тусгасан ч агуулгын хувьд давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуулахаар тус хуульд тусгаж, “шүүхийн байрших газар”-т баталгаажуулан зохицуулжээ.

 

Уг хуулийн үзэл баримтлал нь 2013 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуулийн үзэл баримтлалаас агуулгын хувьд өөр бөгөөд өмнөх хуулиар иргэн тойргийн журмаар байгуулагдсан давж заалдах шатны шүүхэд аймаг дамнан очиж маргаанаа шийдвэрлэх агуулгатай байсан бол шинэчлэгдэн батлагдсан уг хуулиар шүүх өөрөө нүүдэллэн ажиллаж, шүүгч томилолтоор ажиллах зэргээр давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэний оршин суугаа аль ч аймагт давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулах юм.

 

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн бодлогын амин сүнс нь шүүхийг хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулж шүүх, шүүгчийг мэргэшүүлэх, мэргэшсэн шүүгчээр хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлснээр шударга шүүхээр шүүлгэх хүний үндсэн эрхийн баталгааг илүү баталгаажуулах үзэл баримтлалд тулгуурлан Шүүх байгуулах тухай хуулиар шүүхийг дагнан байгуулсан билээ.

 

Иймд Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцсэн, хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцооны зохицуулалтыг зөрчөөгүй, харин хууль тогтоогч Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу шүүхийн харьяаллыг шинэчлэн тогтоосон гэж үзэж байна.” гэжээ.

 

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 14 дүгээр дүгнэлт гаргасан байна.

 

                                                                                                                              Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт:

 

“1. Энэхүү маргаантай агуулгын хувьд адил маргааныг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 02, 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоол тус тус хүчин төгөлдөр байна. Тодруулбал, холбогдох хуулиар шүүхийг байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар зааж хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд харьяалуулсан нь Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн үндсэн тогтолцоогоор аймаг, нийслэл, дүүрэг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрүүдээрээ баталгаажуулсан байна. 

 

2. Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолд заасан Үндсэн хуулийн зөрчил арилаагүй байна.

 

3. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийг, 2 дугаар зүйлээр дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг байгуулахдаа нэрийн хувьд “аймгийн” болон “дүүргийн” гэж томьёолсон боловч энэ нь 2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх агуулгыг илэрхийлж байгаа бөгөөд Үндсэн хуульд бэхжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар зохион байгуулагдах Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэсэн байна.

4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт; 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж, шүүхийн нэгдсэн тогтолцоог тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.

 

Тав. Монгол Улсын Их Хурлын “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд:

 

“Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй” гэсэн байна.

            Зургаа. Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Е/23 тоот хориг тавьсан бөгөөд уг хоригийг Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” 106 дугаар тогтоолоороо хүлээн авсан байна. Энэхүү тогтоолд:

 

            “1. “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсугай.” гэжээ.

 

                                                                                                                                   ҮНДЭСЛЭЛ:

 

1.  Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч 2015 оны 94 дүгээр тогтоолыг баталсан ба Монгол Улсын Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавихдаа Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийг хөндөөгүй, зөвхөн эдийн засаг, төсвийн хүндрэлтэй байдлыг дурдсан байна.

 

2.  Шүүх байгуулах тухай 1994 оны хуулиар хоёр дүүргийн дунд нэг шүүх байгуулсан, Шүүх байгуулах тухай 2013 оны хуулиар шүүхийг тойргийн зарчмаар байгуулж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 02, 2015 оны 01 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна.

 

3.  Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг  зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

 

4.  Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэн хүлээн зөвшөөрсөн тухай Монгол Улсын Их Хурлын 2015 оны 94 дүгээр тогтоолд тавьсан хоригийн үндэслэлдээ: “... богино хугацаанд хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж хомс байгаа ...” гэж тэмдэглэснийг харгалзан үзэх боломжтой байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; 36 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон


                                                                                   МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:

 

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо ... аймаг ... дүүргийн шүүхээс бүрдэх ...” гэснийг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

  

2. Энэхүү  тогтоолын  “Тогтоох”  хэсгийн  1  дэх  заалтыг 2016 оны 06 дугаар сарын  01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                                                               ДАРГАЛАГЧ                                                                        Ж.АМАРСАНАА
                           
                                                                     ГИШҮҮД                                                                         П.ОЧИРБАТ

                      Н.ЖАНЦАН

                                      Т.ЛХАГВАА

                                                                                                                                                                             Д.СУГАР

                      Д.НАРАНЧИМЭГ

                      Д.СОЛОНГО  

                             Д.ГАНЗОРИГ