Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн  эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр                                     Дугаар 03                                               Улаанбаатар хот                                                
            

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд

   өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд

    маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд

    нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын

    Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд

    өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
 

                        Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                               танхим 16.45 цаг.

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Ламжав, мөн иргэн Ц.Батхолбоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 5, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэг; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг, Жаран тавдугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

 

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

           

            “Нэгдүгээрт. Өөрчлөлт оруулах тухай энэ гурван хуулийг “баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн төгсгөлийн заалтууд нь хууль хүчин төгөлдөр болох тухай Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхийн тухай Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, шүүх нийтлэгдээгүй хуулийг хэрэглэж болохгүй тухай Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэг гэсэн Үндсэн хуулийн заалтыг илэрхий зөрчиж байна.

 

            Хоёрдугаарт. Цэцийн тухай хуулийн “4 дүгээр зүйл. Цэцийн гишүүн” гэсэн зүйлийг өөрчлөн найруулсны 4 дэх хэсэгт “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх болно” гэж, “5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа” гэсэн зүйлийн 4, 5 дахь заалтыг өөрчлөн найруулахдаа ийнхүү өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн нь Цэцийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөх үндэслэл болгохоор хуульчилсан, “3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам” гэсэн зүйлийн 1 дэх буюу мөн чанартаа Үндсэн хуулийн холбогдох заалтад Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно гэсэн хязгаарлалт тогтоосон, цаашилбал Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “401 дүгээр зүйл. Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” гэсэн зүйлийн 401.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахдаа мөн ийнхүү өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн нь Цэцийн гишүүнийг анх илгээсэн байгууллага чөлөөлөх санал болгох үндэслэлд тооцохоор хуульчилсан явдал тус тус Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тогтоосон Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг гэсэн шууд заалтыг зөрчсөн байна.

 

            Гуравдугаарт. ... Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “10 дугаар зүйл. Цэцийн гишүүд зөвлөлдөх” гэсэн зүйлийн 2 дахь заалтаас “Зөвлөлдөх тасалгаанд гишүүдийн гаргасан саналыг задруулахыг хориглоно” гэснийг хасан, “Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал Цэцийн шийдвэрийн үндэслэл болсон бол шийдвэрийн үндэслэл хэсэгт бичигдэх бөгөөд тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана” гэж нэмсэн, “18 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг” гэсэн зүйлийн 2 дахь заалтад “маргагч тал Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дуу, дүрс, цахим хэлбэрээр гарган өгнө” гэж нэмсэн, “28 дугаар зүйл. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх” гэсэн зүйлийн 5 дахь заалтад “Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй” гэж нэмсэн, “35 дугаар зүйл. Цэцийн хуралдааны тэмдэглэл” гэсэн зүйлийн 3 дахь заалтаас “зөвлөлдөөний тэмдэглэлийг байгууллагын нууцын  зэрэгт хамааруулан хадгална” гэснийг хассан явдал нь тус тус Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

            Иймд миний энэхүү мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. Цаашилбал, өөрчлөлт оруулах тухай эдгээр гурван хууль мэдээлэлд дурдаагүй Үндсэн хуулийн бусад зөрчлийг агуулж байгаагаас гадна, ийнхүү зөрчилтэйгөөс бусдыг харгалзах хуулиудаас хуулбарлан /хуульд өөрчлөлт оруулах журмыг зөрчин/ бичигдсэн тул энэ гурван хуулийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.” гэжээ.

 

Хоёр. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ц.Батхолбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Үүнд:

 

            1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Цэц нь хараат бус байх, Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, гишүүд эрх тэгш байх, асуудлыг шударга шийдвэрлэх, үйл ажиллагаа нь ил тод байх үндсэн зарчмыг баримтална” хэмээн заасныг “Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим” мөн хэмээн өөрчлөлт оруулжээ.

 

            Мэдээлэл гаргагчийн хувьд “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх”, “Төвийг сахих” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Жаран  дөрөвдүгээр зүйлийн  1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэсэн заалт, 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих чиг үүрэг бүхий Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг шийдвэрлэх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага болохын хувьд зөвхөн Үндсэн хуульд захирагдан үйл ажиллагаагаа явуулна. Харин “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх” хэмээн заасан нь Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг шударга бусаар хязгаарлах боломжийг бий болгож байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хууль мөн, биш эсэхийг хэн хэрхэн тогтоох нь ойлгомжгүй бөгөөд агуулгын хувьд ийм зохицуулалт байх боломжгүй юм. Хожим нь Үндсэн хуулийн цэцээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хууль тогтоох байгууллагаас зүй бусаар үгүйсгэх, Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуулийн цэцийн хууль хэрэглэх орчинг тодорхой бус болгох боломжийг дээрх заалт олгож байна. Үндсэн хуулийн цэц нь гагцхүү Үндсэн хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх учиртай. Иймд Үндсэн хуулийн цэц нь “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна.

 

            Үндсэн хуулийн цэц нь “Төвийг сахина” гэсэн зарчим нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны баримтлах боломжгүй зарчим юм. Шүүх нь эрх зүйн маргаанд зөв, буруугийн дүгнэлт өгөхөөс бус нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, эсхүл олон нийтийн хүсэл сонирхолд нийцүүлэн төвийг сахих замаар Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүргээ биелүүлэх боломжгүй, Үндсэн хуулийн шүүх эрх зүйн маргаанд эрх зүйн дүгнэлт өгөх замаар Үндсэн хуульт ёсыг хамгаалахаас илүү өөр эрх ашиг байж болохгүй. Хууль тогтоогчийн хувьд төвийг сахих зарчмын агуулгыг хэрхэн ойлгох талаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд тусгайлан зохицуулаагүй хэдий ч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5-д төвийг сахих зарчмын агуулгыг Цэцийн гишүүн татгалзах агуулгаар ойлгохоор тайлбарлажээ. Мэдээлэл гаргагчийн хувьд “төвийг сахина” гэх зарчмын агуулга нь Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах утгаас илүү өргөн хүрээтэй хэмээн ойлгож байгаа бөгөөд энэ байдал нь Үндсэн хуулийн цэцээс бүрэн эрхээ хуулийн хүрээнд шударгаар хэрэгжүүлэх боломжийг  ихээхэн хязгаарлана хэмээн үзэж байна. Иймд “Төвийг сахих” гэсэн зарчмыг бэхжүүлсэн Үндсэн хуулийн цэцээс бүрэн эрхээ хуулийн хүрээнд шударгаар хэрэгжүүлэх боломжийг ихээхэн хязгаарлана хэмээн үзэж байна. Иймд “төвийг сахих” гэсэн зарчмыг бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дахь заалт Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

 

            2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал , гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно” хэмээн нэмэлт оруулсан байна, дээрх нэмэлт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно”, түүнчлэн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал Үндсэн хуулиас давсан хязгаарлалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай  хуульд оруулсан хэмээн үзэж байна.

 

            3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт Цэцийн гишүүнийг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээр Цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх талаарх зохицуулалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг ийнхүү Үндсэн хуулиар зохицуулсан нь түүнийг аливаа шударга бус үндэслэлээр бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох явдлаас хамгаалсан заалт юм. Хэдийгээр Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэх хэдий ч түүний баталсан хууль тогтоомж Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн, Үндсэн хуулийн хяналтыг үгүйсгэсэн, хязгаарласан байж хэрхэвч болохгүй ээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь түүнийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан нь Үндсэн хуулийн цэцийн хяналтыг хэрэгжүүлж  байгаа гишүүдийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө олноор нь чөлөөлөх замаар Цэцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг объектив байдлаар хязгаарлан, хяналт тавих боломжийг шууд үгүйсгэсэн зүй бус үйлдэл хэмээн иргэний хувьд бодож байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн үзэж байна.

 

            4. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэсэн заалтыг “Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.” хэмээн өөрчилсөн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Хууль зөрчсөн эсэхийг эцэслэн тогтоох нь шүүхийн байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд хууль зөрчсөнийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэдэгт шүүх эрх мэдлийн байгууллагаас бусад байгууллагыг хамруулах боломжтой байхаар ойлгогдож байгаа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хуулиар хамгаалагдсан баталгааг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

 

            Мэдээлэл гаргагч иргэний хувьд Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн заалтууд нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар мэдээлэлдээ тодорхой дурдсан тул дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг магадлан шалгаж, хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

 

            Гурав. Улсын Их Хурлын дарга З.Энхболдод илгээсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 3/77 дугаартай албан бичигт Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны дарга Д.Ганбат 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Хариу өгөх тухай” 10/1004 дугаартай албан бичгээр хариу ирүүлжээ. Үүнд:

 

            “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэдээлэл нэгтгэн шалгаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 20 дугаартай тогтоол баталж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах, тайлбар гаргуулах тухай” 3/41 дугаартай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлсэн.

 

            Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг нь Улсын Их Хуралд танилцуулж, ёсчилсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээдэг.

 

            Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэхээ ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэдэг.

 

             Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын эцсийн найруулгатай танилцаж, ёсчлохыг зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх ажил хийгдээгүй, мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дээрх хуулиудад хориг тавих эсэхээ шийдвэрлээгүй, “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол  Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

 

            Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бөгөөд дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж үзнэ.”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.10 дахь хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэх бөгөөд түүнийг албан ёсны эх гэж үзнэ.” гэж тус  тус заасан байдаг.

 

            Иймд та Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэдээлэл нэгтгэн шалгаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 20 дугаар тогтоолыг батлахдаа дээр дурдсан хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулж, холбогдох тайлбар гаргуулан хүргүүлэх боломжгүй байна.” гэжээ.

                       

Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч, иргэн Д.Ламжав дараах нэмэлт тайлбарыг гаргасан болно. Үүнд:

 

“Цэцийн бүрэн эрхтэй холбогдсон нэр бүхий гурван хуульд оруулсан өөрчлөлтийг “... баталсан өдрөөс (буюу 19-нөөс) эхлэн дагаж мөрдөнө” гэсэн төгсгөлийн заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжгүй юм. Үүнийг хууль санаачлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн олон удаагийн мэдэгдэл, ярилцлага зэргээр нэгэнт нотолсон байдаг: ойлгож болох бодитой шалтгаанаар, өөрчлөлт оруулах тухай уг гурван хуулийг нийтлэх нь байтугай, редакцийг сонсох болон ёсчлох зэрэг Улсын Их Хурлын үүрэгт хамаарах ажиллагаа 19-нд биш, нэлээд хэд хоногийн дараа хийгдсэн байна.

 

Ийнхүү дээрх төгсгөлийн заалтууд нь дагаж мөрдөхөөс өмнө “хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх” тухай Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг, “Улсын дээд шүүх, бусад шүүх Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” гэсэн Үндсэн хуулийн Тавьдугаар  зүйлийн 3 дахь хэсгийг, эцэст нь ёсчлогдсон хуулийг Ерөнхийлөгчид хүргэсний дараа, дагаж мөрдөж эхлэхээс өмнө хориг тавих хугацаа ямагт олгогдсон байх агуулгатай Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг зөрчсөн байна.

 

Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт байгаа хугацааг “хуульд өөрөөр зааж болох”-ыг дээд зэргээр туйлшруулан “энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хэрэглэснээр Үндсэн хуулийн нөгөө хоёр заалтыг ч бас зөрчихөд хүргэсэн байна. Үүний бас нэг тод баримт бол “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн төгсгөлийн заалт бөгөөд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж “баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх” Үндсэн хууль илэрхий зөрчсөн энэхүү заалтыг үндэслэл болгон “авлигын” хэргийг өршөөлд хамруулах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан билээ.

 

Хуулийг түүний мөн чанар, онцлогт үл хамаарах байдлаар хэтэрхий урт хугацааны дараа эхлэн дагаж мөрдөхөөр заах нь нийгмийн эрх ашигт үл нийцэх, хэсэг бүлгийг талдаа татах гэсэн эрх баригчийн далд санаархал байдгийг дашрамд дурдъя.” гэжээ.

 

                                                                                                                                                ҮНДЭСЛЭЛ:

 

1. Монгол  Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болох заалт оруулсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болохоор заасан атлаа Цэцийн гишүүнийг дахин томилогдоход хязгаарлалт тавиагүй байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Цэцийн гишүүний дахин томилогдох хугацаанд хийсэн хязгаарлалт нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах ...” гэж заажээ. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд Цэцийн гишүүнээр ажиллах хүний насны дээд хязгаарыг хуульчлан тогтоох нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй боловч ийнхүү хууль батлах замаар хууль батлагдахаас өмнө нэгэнт томилогдсон Цэцийн гишүүний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэл болгож болохгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаар нэгэнт томилогдсон Цэцийн гишүүний тухайд уг хуулийг буцааж хэрэглэвэл Үндсэн хуульд заасан Цэцийн гишүүний хараат бус байдалд халдсан Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулах болно.

 

3. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.” гэсэн өөрчлөлт оруулсан нь зөвлөлдөөний хуралдаанд нэгэн адил  хамаарахаар байна. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөлдөөний ... тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.” гэсэн нэмэлт оруулж зөвлөлдөөний тэмдэглэлийг байгууллагын нууцын зэрэгт хамааруулан хадгалах заалтыг хассан байна.

 

Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн зөвлөлдөх тасалгаанд маргаан бүхий асуудлаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх түүний хараат бус байдлын баталгаанд харшилж байна. Зөвлөлдөх тасалгаанд гишүүний илэрхийлсэн санал, хэлсэн үг байгууллагын нууцын зэрэгт хамаардаг учраас зөвлөлдөх тасалгааны нууцыг ил болгох нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гишүүдийн хараат бус байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон байна. Энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна.

 

5. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Цэцийн гишүүн хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол түүнийг үндэслэн Цэцийн гишүүнийг эгүүлэн татахаар заасан нь хууль зөрчсөн эсэхийг зөвхөн шүүхээр тогтоосон байх зарчмыг алдагдуулж, Цэцийн гишүүний хараат бус байдлыг баталгаажуулсан Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн шинжийг агуулсан байна.

 

6. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд тус тус “Энэ хуулийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж эдгээр хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

 

Дээрх хуулиудыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.”, Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ...”, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн шинжийг агуулжээ.

 

7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн  хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

                                                                               
                                                                                           МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                           ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг; 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

2. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэснийг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.”, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд цаасан хэлбэрт буулгаж, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн  хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад  хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

3. Монгол Улсын Үндсэн  хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд тус тус “Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж эдгээр хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр заасан нь Үндсэн  хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэснийг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих.” гэсэн Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийг, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “ Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэснийг тус тус зөрчсөн байна.

 

4. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих ...”, 4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.”, 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “... эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн ...”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “... Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд  хязгаарт хүрснээс ...”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно.”, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

 

5. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Үндсэн  хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “... Цэцийн гишүүний асуулт нь урьдчилсан дүгнэлтийн агуулгатай, мэтгэлцэх хэлбэртэй байж болохгүй.” гэсэн нь Үндсэн  хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

 

6. 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр өөрчлөлт оруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт “... Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж тэтгэвэрт гаргах асуудлыг анх илгээсэн байгууллага санал болгон Улсын Их Хуралд ирүүлсэн ...” гэсэн нь Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.” гэснийг зөрчөөгүй байна.

 

7. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.”, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... эсхүл хууль зөрчсөн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон ...”; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.”, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...Цэцийн хуралдааны тэмдэглэлийг авах эрхтэй. Маргагч тал хүсвэл Цэц хуралдааны тэмдэглэлээ цаас болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг болон цахим хэлбэрээр гарган өгнө.”, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “... Хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд хөтлөх үүднээс дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн техник хэрэгсэл ашиглах бөгөөд түүнийг  7  хоногоос  хэтрэхгүй  хугацаанд  цаасан  хэлбэрт  буулгаж,  дууны, дүрсний,

 

дуу-дүрсний бичлэгийн хамт маргаан хянан шийдвэрлэсэн материалд хавсаргана.”, 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн заалтуудын үйлчлэлийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

 

8. Энэхүү дүгнэлтийн 4 дэх хэсэгт заасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг; мөн дүгнэлтийн 6 дахь хэсэгт заасан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсгийн холбогдох заалт 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө томилогдсон Цэцийн гишүүдийн тухайд буцаан хэрэглэгдэхгүй болохыг дурдсугай.

 

9. Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

                                                                  ДАРГАЛАГЧ                                                                                    Ж.АМАРСАНАА

                                                                         ГИШҮҮД                                                                                   Н.ЖАНЦАН

                                                                                                                                                                            Д.СУГАР

                                                                                                                                                                            Д.НАРАНЧИМЭГ

                                                                            Д.ГАНЗОРИГ