A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 141

Улаанбаатар хот

"ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ"-ИЙН ТАЛААР

АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйлчилгээ үзүүлэх журмыг хавсралт ёсоор баталсугай.

2. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, тус төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаарх саналаа тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг сайд, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасугай.

3. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д ажиллах харьяа байгууллагын албан хаагчдын орон тооны дээд хязгаарыг батлагдсан төсөвтөө багтаан баталж, үйл ажиллагааг нь 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид зөвлөсүгэй.

4. Харьяа нутаг дэвсгэртээ "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" байгуулах бэлтгэл ажлыг хангаж, үйл ажиллагааг нь 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардагдах зардлыг 2016 оны хувьд тухайн орон нутгийн төсвөөс, цаашид холбогдох хууль тогтоомжийн дагуу орон нутгийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж байхыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ