Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын  чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах  тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн цэцийн  2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн  заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай  маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ТОГТООЛ

 

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр                                                Дугаар 03                              Улаанбаатар хот                                                                 
   

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд

өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын

чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах

тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн цэцийн

2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн

заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай

маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

         

Үндсэн хуулийн цэцийн  хуралдааны

                                                                                                         танхим 12.00 цаг 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ч.Бат-Уянга, Д.Ламжав, С.Номынбаясгалан нар оролцов.

 

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7/ дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.”; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1/ дэх заалтаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэв.

 

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Бат-Уянга Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 

            “Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэж заасан байдаг.

            Дээрх зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн нэр бүхий иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн цэц 2010 онд маргаан үүсгэн, 4 дүгээр сарын 2-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэгдэж 02 дугаар дүгнэлт; мөн оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар эцэслэн хянан шийдвэрлэж 02 дугаар тогтоол гаргаж дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон байна.

           Уг тогтоолоор “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулсан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга,  түүний түр эзгүйд орлогч нь тус тус  танилцуулж, уг төлөөллөөс гишүүд асуулт асууж, хариулт авахаар тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг нээж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна” гэж үзсэн байдаг.

            Гэтэл Улсын Их Хурал 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргахдаа Улсын Их Хуралд оруулсан дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг Цэц холбогдох байнгын хорооны болон Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр тайлбарлаж, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахаар хуульчилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүд шийдвэртэйгээ холбогдуулан Улсын Их Хуралд тайлбар хийхээр тогтоосноороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хүчингүй болсон заалтыг агуулгаар нь сэргээсэн  байна.

            Энэ нь Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг дахин зөрчсөн төдийгүй Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд заасан “Цэцийн шийдвэр нь гармагц хүчин төгөлдөр болно.” гэснийг мөн зөрчсөн үйлдэл болсон байна.

            Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тус хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.” Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуульд “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар асуултад хариулна.” гэсэн өөрчлөлтийг оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.”, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн талаар шийдвэр гарган өгнө үү.

            Түүнчлэн уг маргаан бүхий асуудлыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хяналтын журмаар буюу шууд их суудлын хуралдаан хийх замаар шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. 

            Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

            “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн “8 дугаар зүйл. Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” гэсэн зүйлийн 2 дахь заалтаас “Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хууль зүйн үндэслэлээ гаргах” шаардлагыг хасан, 4 дэх заалтын өмнө “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг Улсын Их Хурал дээр тайлбарлах” 4 дэх заалтыг нэмсэн байна.

 

            ... Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “32 дугаар зүйл. Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам” гэсэн зүйлийн 32.2 дахь хэсгийг “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна” хэмээн өөрчлөн найруулсан нь Цэцийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтыг улам хүч оруулан дахин сэргээсэн байна.

 

            ... Эдгээр нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг зөрчиж байна гээд энэхүү мэдээллээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэсэн байна.

 

Гурав. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Ц.Батхолбоо Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 

            “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж үндэслэлтэй холбоотой асуултад хариулна” хэмээн нэмэлт оруулсны зэрэгцээ Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Улсын Их Хуралд оруулсан дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг Цэц холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн үндэслэлтэй асуултад хариулна” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн дээрх нэмэлттэй холбоотой ижил агуулга бүхий маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шийдвэрлэж байсныг дурдах хэрэгтэй. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Цэц өөрийн санаачилгаар шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна.

 

            Дээрх хуулийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг магадлан шалгаж, хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Дөрөв. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Л.Амгаланбаатар нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 

             “2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд /32.1.1, 32.2.1, 35.4/ холбогдох маргааны агуулгатай төсөөтэй буюу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7/8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн  1 дүгээр зүйлийн 1/32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Цэц “Үндсэн хуулийг зөрчсөн тухай” маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулахдаа дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой гишүүдийн асуултад хариулах хэм хэмжээг хуульчилжээ. Энэ нь “маргааныг агуулгаар нь сэргээж”, “Үндсэн хуулийн шаардлага”-г хангаагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулах” утга санааг “тайлбарлах” болгон өөрчилж, Үндсэн хуульд тусгагдаагүй үзэл санааг илэрхийлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр хэлэлцэх журмыг нь хуульчлан тогтоосноор “Үндсэн хуулийн зөрчил”-г үүсгэж байна.

            Энэхүү хуульчлагдсан журмаар Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 болон 3-т заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал өөр өөр журмаар хэлэлцэхээр байна. Ингэснээр Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар Улсын Их Хурлын гишүүдийн асуусан асуултад хариулахаар болж байна. Ингэснээр Цэцийн дүгнэлтийг танилцуулж буй этгээдээс “Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух эрх” олж авч, “Цэцийн гишүүн хариулах үүрэг” хүлээж, улмаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хурлын өмнө хамгаалах агуулгатай болжээ. Энэ нь хуулийн /өөрчлөлт/ зорилго Үндсэн хуулийн зорилгод харшилж буйг илтгэж байна.

            Ингэснээр Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн “үүрэг”-ээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтнаас хараат бус байх үзэл баримтлал, зарчимд нь нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй билээ.

            Тийм ч учраас, Үндсэн хуулийн цэц, түүний гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдах бөгөөд бусад хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх шаардлага, шалгуурыг тавьдаг. Гэтэл дурдсан хуулиудаар “Үндсэн хуулийн шүүх”-ийн үндсэн чиг үүрэг болох Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц, хуулиар тогтоосон баталгааг алдагдуулсан, хууль тогтоогч Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй “Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх” эрхийг олж авчээ.

            Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7/8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.”; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн 1 дүгээр зүйлийн 1/32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.”, гэж тус тус хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”; тус зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”; Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэжээ.

            Тав. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын даргад хандаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж тайлбараа ирүүлэхийг 2016 оны 3/62, 3/76, 3/84, 3/130 дугаар албан бичгээр удаа дараа уламжилсан боловч эдүгээ хүртэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилоогүй, тайлбар ирүүлээгүй болно.

 

            Харин Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ч.Ганбатаас 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 10/1064,  2 дугаар сарын 19-ний өдрийн 10/1210, мөн 3 дугаар сарын 22-ны өдрийн 10/1910 дугаартай “Хугацаа хойшлуулах тухай” албан бичгүүдийг ирүүлсэн байна. Үүнд:

           

            “... Дээрх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 2 дугаар сарын 3, 5-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын зарим гишүүнээс Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.” гэж, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан;” гэж, 3 дахь заалтын “шинэ нөхцөл байдал илэрсэн.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчиж байна гэж үзэж, уг зөрчлийг Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хууль тогтоох замаар арилгах нь зүйтэй гэж үзсэн болно. ...

 

            ... Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж нарын гишүүд ... Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төсөл Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна.

 

            Иймд дээрх хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүсье.” гэсэн байна.

 

                                                                                                                                     
                                                                                                                                   ҮНДЭСЛЭЛ:

 

            1.   Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байхад 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна.” болгон өөрчилж утга санааг гажуудуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга, түүний эзгүйд орлогч нь тус тус танилцуулж, уг төлөөллөөс гишүүд асуулт асууж, хариулт авахаар тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулж, хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг нээж байгаагаараа Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 02 дугаар тогтоол гарган Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зүйл, заалтуудыг хүчингүй болгосон байна.

 

           2.   Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.”; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон заалтуудыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, 4, Жаран долдугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

 

             1.    Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.”; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн  тухай  хуулийн  32  дугаар  зүйлийн  32.2  дахь  хэсэгт  “Цэц    дүгнэлтийнхээ

үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.” гэсэн өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж уг тогтоолд заасан Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

 

            2.  Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ                                                            Н.ЖАНЦАН

                                                                               ГИШҮҮД                                                           П.ОЧИРБАТ

                                                                                                                                                          Т.ЛХАГВАА

                                                                                                                                                          Ш.ЦОГТОО

                                                                                                                                                          Д.СУГАР

                                                                                                                                                          Д.НАРАНЧИМЭГ

                                                                                                                                                          Д.ГАНЗОРИГ