Хэвлэх DOC Татаж авах
ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАХ БУЮУ ЯЛЫГ ХӨНГӨН ЯЛААР СОЛИХ ТАЛААРХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

 
 
1995 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 390 дугаар тогтоолоор хүчингүй
 
БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН 
БҮГД ХУРЛЫН ТОГТООЛ
 
1992 оны  5 дугаар                                                                                                                                                                                                                                                                         Улаанбаатар
сарын 19-ний өдөр                                                                                                                     Дугаар 37                                                                                                                                          хот
 
ЯЛААС ХУГАЦААНЫ ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАХ
БУЮУ ЯЛЫГ ХӨНГӨН ЯЛААР СОЛИХ ТАЛААРХ
ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
 
/Энэ тогтоолын 6 дугаар заалтыг 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болгож, 24 дүгээр заалтыг 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
 
Хорих, нутаг зааж суулгах, уг нутгаас зайлуулах, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн, түүнчлэн 18 насанд хүрэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт хорих буюу засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийг /цаашид “ялтан” гэх/ эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Дээд шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ нь:
 
1.Ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр ялаар солих асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх нь ялын цээрлүүлэх, хүмүүжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгыг биелүүлэх нэг гол нөхцөл мөн. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэнэ.
 
2.”Үлгэр жишээ зан төлөв” нь ял эдлэх тухайн дэглэмийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагад тогтоосон журмыг сахин биелүүлэхийн хамт гэм буруугаа ухамсарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй чин эрмэлзлэлийг шингээсэн, ял эдэлж байх хугацаанд сахилгын зөрчил гаргаагүй, хэрэв гаргаж арга хэмжээ авагдсан бол түүнийг арилгуулсан, колонийн захиргаа, ялтны сайн дурын байгууллагаас зохиож байгаа ажилд идэвхтэй оролцдог, боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхэд биеэ дайчлан ажилладаг, бусад ялтны хүмүүжилд сайн нөлөө үзүүлдэг, үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учруулсан хохирлыг арилгахад бололцоогоо дайчилсан байх зэргээр тодорхойлогдоно.
 
3.”Үнэнч шударга хөдөлмөр” гэдэгт ялтан оногдсон болон даалгасан ажлыг хугацаанд нь чанар сайтай, бүрэн хийж гүйцэтгэх, шинэ зүйл сэдэн санаачлах, шинээр мэргэжил эзэмших буюу мэргэжлийнхээ зэргийг нь дээшлүүлэх, ажлын багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжинд ариг гамтай хандах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг сахих болон ялтны хөдөлмөр сургалтын хүрээнд тавих бусад шаардлагын дагуу тодорхой үр дүнд хүрсэн байдлаар илэрнэ.
 
4.Ялтгныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг шүүх шийдвэрлэхдээ уг этгээд засарч хүмүүжсэнээ харуулж чадсан эсэх, эдэлбэл зохих ялаас хуульд заасан хувиар эдэлсэн эсэхийг хянаж үзэхээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 354 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнийг үйлдсэн хэргийн хүнд, хөнгөн, хувийн байдлыг нэгэн адил харгалзан үзэх үүрэгтэй.
5.Хорих ял шийтгүүлсэн ялтны эдэлсэн ялын тооцоог гаргахдаа түүний хорих газар биечлэн эдэлсэн ялын хугацаанаас гадна цагдан хоригдсон хоног, ял эдэлж байхдаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон чөлөөтэй байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно. Харин шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 352 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулсан ийнхүү хойшлуулсан хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ял эдлэхээс зайлсхийсэн хорих газраас оргосон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохгүй.
 
6.Энэ заалтыг Улсын Дээд шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хүчингүй болгосон
 
7.Засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялын хугацааг Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хуулийн 94 дүгээр зүйлд заасан журмаар тооцно.
 
8.Шүүхээс оногдуулсан ялын зарим хэсэг нь өршөөлөөр хасагдсан тохиолдолд түүний эдэлбэл зохих ялын нийт хугацаанаас өршөөгдсөн хугацааг хасч үлдсэн ялыг хуульд заасан хувиар эдэлсэн эсэхийг тооцоолон Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг, 53 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн а, б, в, 5 дахь хэсгийн а, б-д заасан журмыг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
 
9.Шүүх ялтны засрал хүмүүжил, ял эдэлсэн байдлын тухай зохих байгууллагын тодорхойлолт, тооцоо, дүгнэлт зэрэг ач холбогдол бүхий баримт бичгийн хүчин төгөлдөр байдал, үндэслэлийг шалгаж хүчин төгөлдөр бус буюу дутуу шаардлагатай мэдээлэл агуулаагүй бөгөөд тэдгээрийг шүүх хурлаар тогтоох боломжгүй байвал материалыг зохих ёсоор гүйцэд бүрдүүлэхээр ял эдлүүлэх байгууллагад буцааж байвал зохино.
 
10.18 насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуульд /1987 оны найруулга/ зааснаар ял шийтгүүлсэн этгээдийг ялаас хугацааны өмнө тэнсэж суллах, өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг мөн хуулийн 53 дугаар зүйлд зааснаар зөвхөн тэнсэж суллана. Эрүүгийн хуульд /1961 оны найруулгаар/ зааснаар ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэж суллах, өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэхдээ мөн хуулийн 41 дүгээр зүйлийн заалтыг баримтална. 18 нас хүрэхийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуульд /1961 оны найруулга/ зааснаар ялтныг ялаас хугацааны өмнө суллах, өөр хөнгөн ялаар солих асуудлыг шийдвэрлэхдээ мөн хуулийн 41 дүгээр зүйлийн “е”-д заасан журмыг хэрэглэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхэд мөн хуулийн “б”, “в”, “г”-д заасан хязгаарлалтууд үл хамаарна.
 
11.Эдлээгүй үлдсэн хорих ялыг нутаг заах, уг нутгаас зайлуулах, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх хөнгөн ялаар солихдоо тухайн ялын хуулиар тогтоосон хэмжээ болон эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаанаас илүү байж болохгүй тухай Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн заалтыг хатуу баримталбал зохино. Арван найман насанд хүрэхийн өмнө үйлдсэн хэрэгт шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялыг өөр хөнгөн ялаар солихдоо нутаг зааж суулгах буюу уг нутгаас зайлуулах ял хэрэглэж болохгүй.
 
12.Эрүүгийн хуулийн 50 дугаар 5 дахь хэсгийн урьд гэмт хэрэг санаатай үйлдэж, хорих газар ял эдэлж “байсан бөгөөд ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдэж хорих ял шийтгүүлсэн” гэсэн заалт нь гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ял шийтгүүлж хорих газар ял эдэлж байсан бөгөөд ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй, түүнчлэн хорих ял эдэлж байхдаа /Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 6, 51 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “а, б, в, г”-д зааснаас бусад/ гэмт хэрэг санаатай үйлдэж хоёр дахь удаагаа хорих ял шийтгүүлсэн этгээдэд, Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн “д” заалт нь ял шийтгэлгүйд тооцоогүй буюу ял шийтгэлгүй болоогүй байхдаа хоёр удаа хорих ял шийтгүүлж мөн хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж 3 дахь болон түүнээс дээш удаа хорих ял шийтгүүлсэн этгээдэд тус тус хамаарна.
 
13.Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлээр ял оногдуулахдаа ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, өөр хөнгөн ялаар солих журмыг хэрэглэж болохгүй зүйл, хэсгээр оногдуулсан ялд нь уг журмыг хэрэглэж болох зүйл, хэсгээр оногдуулсан ялыг багтаасан бол ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллах, өөр хөнгөн ялаар солих журмыг хэрэглэхгүй.
 
14.Хэрэв Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн “б”, “в”-д зааснаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллах, өөр хөнгөн ялаар солих журмыг хэрэглэхгүй зүйл, ангиар оногдуулсан ялыг ялаас хугацааны өмнө тэнсэж суллах, өөр хөнгөн ялаар сольж болох зүйл, ангиар оногдуулсан хүнд ялд нь багтаасан тохиолдолд уг этгээдийг хугацаанаас өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ багтаасан хүнд ялаар нь авч үзэж байвал зохино. Гэхдээ уг этгээд багтсан /хаалттай/ ялын хугацаатай тэнцэх буюу илүү хэмжээний ял эдэлсэн байвал зохино.
 
15.Шүүх хуульд зааснаар шүүхээс оногдуулсан ялын тал, гуравны нэг, гуравны хоёр, эсхүл дөрөвний гурван хувийг эдэлсний дараа ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар сольж болох зүйл, хэсгээр ял оногдуулахдаа ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар сольж болох хүнд болзолтой зүйл, хэсгээр оногдуулсан ялд /хүнд/ нь хөнгөн болзолтой ялыг багтаасан тохиолдолд ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих эсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ энэ тогтоолын 13 дугаар зүйлд заасан зарчмыг удирдлага болгоно. Тэгэхдээ уг этгээд багтсан хөнгөн ялын зохих хувийг эдэлсний дараа ялаас хугацаанаас өмнө чөлөөлөх эсэх тухай асуудлыг авч хэлэлцэж байх нь зүйтэй.
 
16.Хэрэв шүүх хуульд зааснаар оногдуулсан ялын тал, гуравны нэг, гуравны хоёр, гуравны дөрвөөс доошгүйг эдэлсний дараа ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар сольж болох зүйл, хэсгээр ял оногдуулахдаа хүнд болзолтой зүйл, хэсгээр оногдуулсан ялыг хөнгөн болзолтой зүйл, хэсгээр оногдуулсан ялд багтаасан тохиолдолд ялаас хугацаанаас өмнө тэнсэж суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэхдээ энэ тогтоолын 14 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтална.
 
17.Хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн тохиолдолд ялаас хугацааны өмнө тэнсэж суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэхдээ энэ тогтоолын 13-16 дугаар зүйлд заасан зарчмыг баримталвал зохино.
 
18.Шүүх ялтныг ялаас хугацааны өмнө тэнсэн суллахдаа хянан харгалзах хугацаа тогтоохгүй бөгөөд харин эдлээгүй үлдсэн ялын хэмжээг ажил, сар, хоногоор магадлалдаа тодорхой заана. Энэ хугацаа нь хянан харгалзсан хугацаатай адил эрх зүйн үр дагавартай байна.
 
19.Ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан этгээд ялын эдлээгүй үлдсэн /тэнсэгдсэн/ хугацааны дотор гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан шинээр оногдуулсан ял дээр эдлээгүй үлдсэн /тэнсэгдсэн/ ялыг бүгдийг буюу заримыг нэмж шийтгэнэ. Хэрэв эдлээгүй үлдсэн хорих ял нь хугацааны өмнө өөр хөнгөн ялаар /нутаг заах, уг нутгаас зайлуулах, засан хүмүүжүүлэх ажил хийлгэх/ солигдсон этгээд уг ялыг эдэлж дуусаагүй байхдаа гэмт хэрэг шинээр үйлдэж ял шийтгүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ урьдах сольж оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хугацааг бүгдийг буюу заримыг нэмж шийтгэнэ.
 
20.Хугацааны өмнө эдлээгүй үлдсэн хорих ялаас тэнсэн суллагдсан этгээд тэнсэгдсэн ялын хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэж, уг хэрэгтээ торгох ял шийтгүүлбэл Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар таслан шийдвэрлэх тогтоолыг тус тусад нь гүйцэтгэнэ.
 
21.Эрүүгийн хуулийн /1961 оны/ 41 дүгээр зүйлийн “е”-д заасан журмаар хугацаанаас өмнө суллагдсан этгээд суллагдсан ялын хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэж ял шийтгүүлсэн тохиолдолд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхгүй.
 
22.Ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солихдоо нэмэгдэл ял /нутаг зааж суулгах, уг нутгаас зайлуулах, эрх хасах/-аас чөлөөлөх эсэхийг шүүх өөрийн санаачлагаар буюу засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын саналаар нэгэн адил шийдвэрлэнэ.
 
23.Шүүх нэмэгдэл ялыг эдлүүлэхээр үлдээсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 354 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөний дараа нэмэгдэл ялаас хугацааны өмнө чөлөөлүүлэх тухай асуудлыг дахин хэлэлцэхэд саад болохгүй.
 
24.Шүүх ялтныг хугацааны өмнө тэнсэж суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан байгууллагуудын саналаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
Эдгээр байгууллага ялтныг хугацааны нь өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай саналынхаа хууль ёсны үндэслэлийг тухайлбал, ялтан үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө засарч хүмүүжсэнээ харуулсныг болон шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг эдэлснийг тодорхой баримт, тооцоогоор баталсан байвал зохион.
 
Ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах, өөр хөнгөн ялаар солих тухай саналд энэ зүйлд дурдсан баримт, тооцоо тусгагдаагүй, буруу тусгагдсан буюу санал гаргах аль нэг нь татгалзсан байвал шүүх материалыг хэлэлцэхгүйгээр ял эдлүүлж байгаа байгууллагад буцааж байвал зохино. /Энэ заалтыг 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан/
 
25.Ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харъяалж байгаа сумын буюу сум дундын, дүүргийн шүүх шийдвэрлэнэ.
 
26.Ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу хөнгөн ялаар солих асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор, таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлж байгаа байгууллагын төлөөлөгчийг оролцуулан нээлттэй хийж байна.
 
27.Шүүх ялтныг хугацаанаас өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг шийдвэрлэх бүрдээ түүнийг эдлээгүй үлдсэн ялын хугацаанд хяналтдаа байлгах, хүмүүжүүлэх үүргийг хөдөлмөрийн тодорхой хамт олонд буюу иргэнд даалгах боломжийг судлан аль болохоор өргөн хэрэглэж байх нь зүйтэй.
 
28.Ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай шүүхийн магадлалд уг этгээдийн хувийн болон ам бүлийн байдал, ялангуяа гэмт хэрэг үйлдэх үедээ хэдэн настай байсан, урьд ял шийтгүүлж байсан байдал, үйлдсэн гэмт хэрэг, шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ялын тооцоо, нэмэгдэл ял зэргийг тодорхойлж түүнийг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар сольсон буюу ийнхүү суллах, солихоос татгалзсан үндэслэлийг тодорхой бичсэн байвал зохино. Ялтныг хугацааны өмнө тэнсэн сулласан буюу өөр хөнгөн ялаар сольсон тохиолдолд шүүхийн магадлалын хуулбарыг таслан шийдвэрлэх тогтоол гаргасан шүүх болон тэнсэн суллагдсан буюу ял нь өөр хөнгөн ялаар солигдсон этгээдийн оршин суух орон нутгийн цагдаагийн байгууллагад хүргүүлж байвал зохино.
 
29.Ялтныг хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих тухай асуудлыг ял эдлүүлэгч байгууллагын санаачлагаар боловсруулж материалыг шүүхэд ирүүлж байх журамтай учраас энэ асуудлаар бусад байгууллага, иргэдээс шүүхэд ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг тухайн этгээдийн ял эдэлж байгаа байгууллагад нь шилжүүлж байвал зохино.
 
30.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Бүгд хурлын 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дүгээр тогтоолын 14, 15, 16, 17, 21 дүгээрээс бусад зүйл, заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
ДАРГА Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
 
БҮГД ХУРЛЫН
НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА Ж.ДАШДОРЖ