A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 328

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН "ХАЛХ ГОЛ" ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 15, Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2, Тариалангийн тухай хуулийн 5.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2016 оны 46 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулсугай.

2. Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүсийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хэмжээ, хилийн заагийг 1 дүгээр, бүсийн удирдлага, зохион байгуулалт болон газар ашиглалтын нийтлэг журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад үүрэг болгосугай:

3.1. бүсийн газрын ашиглалтын үйл ажиллагааг бодлого зохицуулалт, удирдамж, чиглэлээр хангаж ажиллах;

3.2. бүсийн захиргааг зохих журмын дагуу байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлэх, бүсийн газар ашиглалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байх;

3.3. бүсийн захиргааны бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг баталж, захирлыг томилон үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах.

4. Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны 2016 оны үйл ажиллагааны зардлыг төсвийн багцдаа багтаан зохицуулж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА