A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар А/299

Ховд

ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж" заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтөй газруудын үйлчилгээний цагийн хуваарийг дараах байдлаар тогтоосугай.

Д/д

Хугацаа

Цагийн хуваарь /аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгддөг цагаар/

1

05 дугаар сарын 1-ээс 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд

Өглөөний 08 цагаас үдшийн 24 цаг хүртэл

2

09 дүгээр сарын 1-ээс 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд

Өглөөний 09 цагаас үдшийн 22 цаг хүртэл

3

Баасан гарагт

Архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх

4

Жилийн бүх хугацаанд

Шөнийн цагаар буюу дээрх цагуудаас бусад цагт архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх

/Энэ хэсэгт 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр А/78 дугаар захирамжаар нэмэлт өөрчлөлт оруулсан./

2.Тогтоосон цагийн хуваарийг баримталж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад үүрэг болгосугай.

3.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох, зөрчил гаргагчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах зэргээр тавих хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулан хэвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /С.Цэрэнсамбуу/, сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын "Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчилгээ явуулахыг хориглох өдөр тогтоох тухай" 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/454 дүгээр захирамж, "Цагийн хуваарь тогтоох тухай" 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг тус тус хүчингүйд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Д.ЦЭВЭЭНРАВДАН

МОНГОЛ УЛС ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар А/579

Ховд

СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн 2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Сумдын засаг дарга нарт даалгасугай.

1.1."Архигүй Ховд" аяныг жил бүр зохион байгуулж, төрийн

байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог хангаж, хэрэгжилт үр дүнг тайлагнаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

1.2.Архигүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах дадал хэвшлийг иргэд,

айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сурталчлах нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулан үр дүнг тооцож ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

1.3.Иргэд, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх,

биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.

2.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой этгээдээс зохион байгуулж буй бүх төрлийн баяр, ёслолын арга хэмжээ, ажлын байр, албан томилолтоор ажиллах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

3."Архигүй Ховд" аяны хүрээнд архи, тамхигүй, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцохыг иргэн, айл өрх, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсугай.

4.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй байх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/299 дүгээр (Цагийн хязгаар тогтоох тухай) захирамж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/322 дугаар (Захирамжид өөрчлөлт оруулах тухай) захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга (Д.Энхболд), Цагдаагийн газрын дарга (Д.Мөнхболд), Мэргэжлийн хяналтын газрын дарга (П.Эрдэнэчулуун) нарт даалгасугай.

6.Захирамж хүчингүй болсонтой холбогдуулан энэ захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Н.Ганзориг)-д үүрэг болгосугай.

Э.БОЛОРМАА