A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ ДУУСАХ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38

Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 34.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн эхний долоон сарын төсвийн гүйцэтгэлийг үндэслэн төсвийн жил дуусах хүртэлх хугацаанд дор дурдсан арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай:

1) төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлж, бүх шатны төсвийн байгууллагын зарцуулагдаагүй цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, гадаад, дотоод томилолт, зочин, төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах зардал, хангамж, бараа материалын болон сургалтын зардал, сурталчилгааны зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад төсвөөс олгох татаас, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх зардал, бараа, үйлчилгээний бусад зардал, гэрээ байгуулаагүй, эсхүл байгуулсан боловч ажил нь эхлээгүй бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлыг бууруулан зайлшгүй шаардлагатай зардлыг батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлэх;

2) 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх;

3) 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох;

4) улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа болон Хөгжлийн банкны санхүүжилтээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шинээр зохион байгуулахгүй байх;

5) 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл гараагүй, удаашралтай байгаа барилга байгууламжийн санхүүжилтийг зохих журмын дагуу хойшлуулах.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН