A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 71

Төрийн ордон, Улаанбаатар хот

"ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР" БАТЛАХ ТУХАЙ

Эдийн засгийг сэргээх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Тэргүүн ээлжинд боловсруулж, батлуулах шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эдийн засгийг сэргээх чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд тус тус үүрэг болгосугай:

1/"Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэх;

2/энэ тогтоолын хавсралтад заасан банк, санхүү, төсөв, бодит салбарын үйл ажиллагааг дэмжих, тогтворжуулахад шаардагдах хөрөнгийг гадаад, дотоод эх үүсвэрээс нэн даруй босгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3/эдийн засгийг сэргээхтэй холбоотой тэргүүн ээлжинд боловсруулж батлуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх.

3.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тооцож, хугацаандаа хэрэгжээгүй заалт бүрийг хариуцах албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хөтөлбөрийн явцыг хагас жил тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодод даалгасугай.

5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2014 оны "Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 34 дүгээр тогтоол, 2015 оны "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД