A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 121

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2017 оны 142, 278 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 245, 389, 421, 436, 449 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 34, 45, 58, 119 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Төлөвлөгөөнд заасан арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвийн төсөл, гадаад зээл, тусламжийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогод тус тус тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан нарт даалгасугай.

3.Төлөвлөгөөнд тусгасан томоохон төсөл, хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэлийг 2017 онд багтаан эцэслэн боловсруулж, 2018 оноос хэрэгжүүлж эхлэх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярсайхан нарт тус тус даалгасугай.

4.Эрхлэх асуудлын хүрээнд харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5.Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, үнэлгээ хийж, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний биелэлт, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг жил бүрийн 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ