Хэвлэх DOC Татаж авах
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /эрчим хүч, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 180

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Хавсралтад заасан төслийг түлхүүр гардуулах гэрээгээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгож, 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын  405 дахь заалт, “Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                     Ж.ЭРДЭНЭБАТ

Зам, тээврийн хөгжлийн сайд                                                   Д.ГАНБАТ

Эрчим хүчний сайд                                                                    П.ГАНХҮҮ