A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААНЫ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 214

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААНЫ ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Агаарын тухай хуулийн 6.1.5, 6.1.6, 6.1.7, 13.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

/Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 199-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгааны тарифын хөнгөлөлтөд шаардагдах 3.500.0 (гурван тэрбум таван зуун) сая төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны батлагдсан төсөвт багтаан агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний зардлаас санхүүжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 65-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлж байгаатай холбогдуулан "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн цахилгаан шугам сүлжээний техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, аюулгүйн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 1,885.3 (нэг тэрбум найман зуун наян таван сая гурван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрч, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулахыг Эрчим хүчний сайд П.Ганхүүд даалгасугай.

4. Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардагдах 11,072.0 (арван нэгэн тэрбум далан хоёр сая) сая төгрөг, цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн үйлдвэрлэл, импортыг хангах нэмэгдэл зардалд шаардагдах 21,036.3 (хорин нэгэн тэрбум гучин зургаан сая гурван зуун мянган) сая төгрөгийг төсвийн тодотголд тусгаж, гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүжүүлэх замаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Эрчим хүчний сайд П.ГАНХҮҮ