A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /Мэдээлэл, технологийн үндэсний парк/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 194

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 5, Инновацийн тухай хуулийн 6.1.8-д тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 68 дугаар тогтоолоор өөрчлөн байгуулагдсан "Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи"-ийг төрөөс мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулан төлөвшүүлэх, шилдэг энтрепренёрийг бэлтгэх, гадаад аутсорсингийн үйл ажиллагааг дэмжих чиг үүрэг бүхий "Мэдээлэл, технологийн үндэсний парк" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2. "Мэдээлэл, технологийн үндэсний парк" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т, үйл ажиллагаанд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад тус тус даалгасугай.

3. Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 68 дугаар тогтоолоор өөрчлөн байгуулагдсан "Шинжлэх ухааны парк-Биотехнологи"-ийн чиг үүргийг, үл хөдлөх болон холбогдох бусад эд хөрөнгө, орон тоо, цалингийн сангийн хамт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн их сургуульд балансаас балансад шилжүүлсүгэй. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 370 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4. Энэ тогтоолын 3 дугаар зүйлд заасан хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ