A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 211


ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


Цагдаагийн албаны тухай хуулийн 19.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”-ын  “3. Цагдаагийн гэрээт хамгаалалт (түр)-д байх объект”  гэсэн  хэсэгт  “4. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумаас Гашуунсухайт дахь хилийн боомт хүртэлх  247 км, мөн аймгийн Гурвантэс сумаас Шивээхүрэн дэх хилийн боомт хүртэлх  112 км хатуу болон засч сайжруулсан авто зам, түүний ойр орчин” гэж нэмсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан обьектыг гэрээт хамгаалалтад авсантай холбогдуулан хамгаалалтыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газарт, гэрээт хамгаалалтад шаардагдах хөрөнгийг тухайн авто замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран шийдвэрлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Даажамба), Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт тус тус үүрэг болгосугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ж.ЭРДЭНЭБАТ

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                          С.БЯМБАЦОГТ