A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Сонгуулийн тухай хуулийн зарим заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.40 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Одбаяр, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргагч, иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг; мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч, иргэн О.Мөнхболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн оршин суугч, иргэн М.Мөнхжаргал, Архангай аймгийн Өгийнуур сумын оршин суугч, иргэн П.Баттулга нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"1. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай, Завхан, Баян-Өлгий болон Увс аймгийн зарим сумдын санал авах байруудад хүргүүлсэн саналын хуудас дуусч, саналаа өгөхөөр ирсэн сонгогчид саналаа өгч чадахгүй хүлээж эхэлсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоол гарсаны дагуу саналын хуудас дутсан санал авах байруудад саналын хуудсыг хэвлэж иргэд, сонгогчдын саналыг авсан. Гэтэл иргэдийн саналыг авч дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор саналын хуудас дутсан санал авах байруудаас хэвлэж иргэдийн саналыг авсан бүх саналын хуудас, түүнд тэмдэглэсэн иргэдийн саналыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингээд дээрх санал авах байруудад нэмж хэвлэсэн саналын хуудсаар санал өгсөн бүх иргэд, сонгогчдын санал хүчингүй болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаар тогтоол нь иргэдийн "сонгох эрх", сонгуульд нэр дэвшсэн иргэдийн "сонгогдох эрх"-ийг шууд хязгаарласнаараа Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоол гарах болсон шалтгаан нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.", 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт "Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна." гэж тус тус заасантай холбоотой. Эдгээр заалт нь санал тоолох төхөөрөмжид уншигдаагүй буюу төхөөрөмжөөр тоолоогүй саналын хуудас нь хүчингүй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа ба сонгууль зохион байгуулахад гарсан алдаанаас үүдэн төхөөрөмжид уншигдахгүй саналын хуудсаар санал өгсөн иргэдийн санал шууд хүчингүй байх үр дагавар үүсгэж байна. Мөн түүнчлэн техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдээс өгсөн санал ч бас хүчингүй байхаар байна. Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан "сонгох, сонгогдох эрх"-ийг зөрчиж байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт "Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй." гэж заасан. Гэтэл тус хуулийн 103, 104 дүгээр зүйлд санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлүүдийг дурдаж, санал хураалтыг дахин явуулах талаар зохицуулсан. Харин 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт "Сонгуулийн төв байгууллага тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалт гаргах бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно." гэж сонгуулийн дүнг хэзээ гаргах талаар хуульчилсан боловч дүн гаргах хугацааг хуульд тусгайлан заагаагүй. Иймээс сонгууль явагдсаны маргааш өдөр нь сонгуулийн дүн гарах бүрэн боломжтой байгаа ба нэг өдрийн дотор санал хураалтыг хүчингүйд тооцуулах өргөдөл, нэхэмжлэл гаргаад, үүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болгож байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй." гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

Иймээс Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь санал хураалтыг хүчингүйд тооцох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож, улмаар сонгуульд санал өгсөн иргэн болон сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл, нэр дэвшсэн иргэний санал хураалтыг хүчингүйд тооцуулах асуудлаар төрийн байгууллага, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, сонгууль хуулийн дагуу явагдаагүй, сонгуульд нэр дэвшиж олонхийн санал авсан нэр дэвшигч сонгуулийн дүнг гажуудуулсан зэргээр санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн хэдий ч шүүх Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн заалтыг баримтлаад санал хураалтыг хүчингүйд тооцох боломжгүй нөхцөл байдал, үр дагавар үүсгэж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг; Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах журмыг тодорхойлсон Сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно." гэж заасны дагуу Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхийн хүрээнд хамаардаг.

Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зохицуулалтууд нь сонгууль зохион байгуулахтай холбоотой хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай зохицуулалтууд юм.

1. ... Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг нь сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргаж, санал тоолох төхөөрөмжид уншуулсны дараа хэрхэн санал хураалтын дүнг гаргах, зөвхөн санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хүчинтэйд тооцохтой холбоотой заалтууд болно.

Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.", мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт "Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна." гэж заасан нь нэгэнт саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолж байгаа тохиолдолд тухайн төхөөрөмжөөр уншигдсан саналын хуудсыг үндэслэн санал хураалтын эцсийн дүнг гаргахаар зохицуулсан бөгөөд өмнө нь явагдаж байсан сонгуулиудын саналын хуудсыг тоолох явцад хүний хүчин зүйл нөлөөлсний улмаас гардаг байсан маргааныг бууруулах боломжийг олгосон зохицуулалт болсон.

Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийн "Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.", мөн зүйлийн 84.11 дэх хэсгийн "Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.", 84.14 дэх хэсгийн "Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.", 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсгийн "Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасан. Эдгээр зохицуулалт нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулийн зарчмыг хангаж байна гэж үзсэн болно.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5 дахь хэсэгт "Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно." гэж заасан нь техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хангах чухал зохицуулалт болсон.

Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт "Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно." гэж заасан нь сонгогчдын санал сонгуулийн дүнд тусаж, тэдгээрийн сонгох, сонгогдох эрх илүү хангагдаж байгаа болно.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийн иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасантай нийцүүлэн Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй, мөн сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Санал хураалтыг хүчингүйд тооцох нь сонгуулийг хүчингүйд тооцохоос ялгаатай асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийхээ хүрээнд иргэн сонгуульд саналаа өгч оролцдог. Сонгууль хуульд заасны дагуу явагдсан нөхцөлд санал хураалтыг хүчингүйд тооцох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "сонгох" эрхэд халдсан зохицуулалт болно.

Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлээр сонгуулийн дүн гарахаас өмнө хууль зөрчсөн тохиолдолд зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцохоор зохицуулсан ба мөн хуулийн 135 дугаар зүйлээр хууль зөрчсөн тохиолдолд сонгуулийг хүчингүйд тооцож, 136 дугаар зүйлээр дахин сонгууль явуулах талаар зохицуулсан байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтад нийцэж байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн хуулиудыг тус тусад нь зохицуулахаар төлөвлөсөн.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна." гэсэн байна.

Гурав. Сонгуулийн ерөнхий хорооноос маргаан бүхий зохицуулалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ялангуяа урьд өмнө зохион байгуулагдаж ирсэн сонгуулиудын явцад сонгогчийн өгсөн саналыг будлиантуулах, санал хураалтын дүнг засварлах зэргээр сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, сонгуулийн дүнд сонгогчдын итгэх итгэл, үнэмшлийг дээшлүүлэх зорилгоор сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулалтыг нэвтрүүлж санал авах, тоолох, сонгуулийн дүнг гаргах зэрэг ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох, сонгогчдын сонголтыг будлиулж, дүнг гажуудуулах хувь хүний аливаа субъектив сөрөг хүчин зүйлийн нөлөөг хязгаарлан хаах, арилгах хууль, эрх зүйн орчинг бий болгох үндэслэл шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "Сонгуулийн автоматжуулсан системийн тухай" хуулийг баталсан.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.", 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт "Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна." гэж тус тус заасан нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан дээрх үндэслэл шаардлагад тулгуурлаж байгаа бөгөөд энэ нь сонгуулийн дүнг будлиантуулах, буруу гаргах зэрэг хууль бус үйлдлээс зайлсхийж, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон эмгэнэлт үйл явдлаас сургамж авч, тэрхүү үйл явдлыг дахин давтуулахгүй байх зорилгоор батлагдсан хуулийн зохицуулалт тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байна гэсэн байр суурьтай байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт "Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно." гэж, мөн зүйлийн 92.9 дэх хэсэгт "Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно." гэж тус тус заасан бөгөөд санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээллийн технологийн баг, даамал гарсан гэмтэл, саатлыг арилгах, техник хэрэгслийн ажиллагааг сэргээх, солих арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажилладаг болно.

Санал тоолох төхөөрөмжид зөвхөн баталсан загвар шаардлага хангасан саналын хуудас танигдаж уншигддаг бөгөөд батлагдсан загвар, шаардлага хангаагүй, эсхүл өөр төрлийн саналын хуудас санал тоолох төхөөрөмжид уншигдах техникийн болон хууль зүйн боломж байхгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй, мөн сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт "Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй." гэж заасан нь санал хураалтын дүнг аливаа этгээд будлиантуулах, засварлах, хүчингүй болгох хууль бус үйлдлийг хориглоход чиглэгдсэн зохицуулалт бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад "сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг." ойлгоно гэж, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт "Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сонгуулийн төв байгууллагад холбогдох энэ хуулийн 111.5-д зааснаас бусад эрх зүйн маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ." гэж, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт "Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон бол тогтоогдсон хэмжээгээр тойрогт сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүйд тооцогдоно." гэж тус тус зааснаас үзвэл сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх, тэрхүү зөрчлөөс үүдэн санал хураалт болон сонгуулийг хүчингүйд тооцох хууль зүйн фактыг аливаа этгээд тэр дундаа сонгуулийн байгууллага дур зоргоороо шийдвэрлэж тогтоох бус гагцхүү шүүх тогтоохоор хуульчилсан болох нь Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудаас харагдаж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт "Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ." гэж заасантай бүрэн нийцэж байна гэсэн байр суурьтай байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.", 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн "Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна." гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаагүй байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5 дахь хэсэгт "Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно." хэмээн зааж санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулсан байна.

Сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах; сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн 112-115 дугаар зүйлд өргөдөл, мэдээлэл, нэхэмжлэлийг хэрхэн гаргах, тэдгээрийг шийдвэрлэх талаарх зохицуулалтыг тодорхой хуульчилжээ.

Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн "Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй." гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд сонгуулийн хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцох эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдуулан өргөдөл, мэдээлэл гаргах, шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.", 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт "Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт "Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Д.СУГАР

Д.НАРАНЧИМЭГ

Д.ОДБАЯР

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр                                                                        Дугаар 01                                                                                        Улаанбаатар хот                                                                         
              
           Сонгуулийн тухай хуулийн зарим заалт

            Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн

            эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
 
                                           Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 11.40 цаг

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Одбаяр, Д.Ганзориг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргагч, иргэн О.Мөнхболд, М.Мөнхжаргал нар оролцов. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирээгүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг; мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын зарим хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаарх маргааныг хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч, иргэн О.Мөнхболд, Нийслэлийн Баянзүрх дүүргийн оршин суугч, иргэн М.Мөнхжаргал, Архангай аймгийн Өгийнуур сумын оршин суугч, иргэн П.Баттулга нар Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"1. Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Архангай, Завхан, Баян-Өлгий болон Увс аймгийн зарим сумдын санал авах байруудад хүргүүлсэн саналын хуудас дуусч, саналаа өгөхөөр ирсэн сонгогчид саналаа өгч чадахгүй хүлээж эхэлсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоол гарсаны дагуу саналын хуудас дутсан санал авах байруудад саналын хуудсыг хэвлэж иргэд, сонгогчдын саналыг авсан. Гэтэл иргэдийн саналыг авч дууссаны дараа Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор саналын хуудас дутсан санал авах байруудаас хэвлэж иргэдийн саналыг авсан бүх саналын хуудас, түүнд тэмдэглэсэн иргэдийн саналыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингээд дээрх санал авах байруудад нэмж хэвлэсэн саналын хуудсаар санал өгсөн бүх иргэд, сонгогчдын санал хүчингүй болсон. Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаар тогтоол нь иргэдийн “сонгох эрх”, сонгуульд нэр дэвшсэн иргэдийн “сонгогдох эрх”-ийг шууд хязгаарласнаараа Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр болсон.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоол гарах болсон шалтгаан нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж тус тус заасантай холбоотой. Эдгээр заалт нь санал тоолох төхөөрөмжид уншигдаагүй буюу төхөөрөмжөөр тоолоогүй саналын хуудас нь хүчингүй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа ба сонгууль зохион байгуулахад гарсан алдаанаас үүдэн төхөөрөмжид уншигдахгүй саналын хуудсаар санал өгсөн иргэдийн санал шууд хүчингүй байх үр дагавар үүсгэж байна. Мөн түүнчлэн техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдээс өгсөн санал ч бас хүчингүй байхаар байна. Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “сонгох, сонгогдох эрх”-ийг зөрчиж байна.

 2. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан. Гэтэл тус хуулийн 103, 104 дүгээр зүйлд санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэлүүдийг дурдаж, санал хураалтыг дахин явуулах талаар зохицуулсан. Харин 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт “Сонгуулийн төв байгууллага тухайн тойрогт нэр дэвшигчдийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалт гаргах бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно." гэж сонгуулийн дүнг хэзээ гаргах талаар хуульчилсан боловч дүн гаргах хугацааг хуульд тусгайлан заагаагүй. Иймээс сонгууль явагдсаны маргааш өдөр нь сонгуулийн дүн гарах бүрэн боломжтой байгаа ба нэг өдрийн дотор санал хураалтыг хүчингүйд тооцуулах өргөдөл, нэхэмжлэл гаргаад, үүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болгож байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад Монгол Улсын иргэн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй." гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна.

 Иймээс Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь санал хураалтыг хүчингүйд тооцох хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжгүй болгож, улмаар сонгуульд санал өгсөн иргэн болон сонгуульд нэр дэвшүүлсэн нам, эвсэл, нэр дэвшсэн иргэний санал хураалтыг хүчингүйд тооцуулах асуудлаар төрийн байгууллага, шүүхэд хандах эрхийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, сонгууль хуулийн дагуу явагдаагүй, сонгуульд нэр дэвшиж олонхийн санал авсан нэр дэвшигч сонгуулийн дүнг гажуудуулсан зэргээр санал хураалтыг хүчингүйд тооцох үндэслэл бүрдсэн хэдий ч шүүх Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн заалтыг баримтлаад санал хураалтыг хүчингүйд тооцох боломжгүй нөхцөл байдал, үр дагавар үүсгэж байна.

 Иймд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг; Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ.

            Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн  тайлбартаа:

“Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах журмыг тодорхойлсон Сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно." гэж заасны дагуу Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхийн хүрээнд хамаардаг.

Сонгуулийн тухай хуулийн санал тоолох, санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох, сонгуулийн дүнг гаргах ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зохицуулалтууд нь сонгууль зохион байгуулахтай холбоотой хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай зохицуулалтууд юм.

1. ... Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг нь сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргаж, санал тоолох төхөөрөмжид уншуулсны дараа хэрхэн санал хураалтын дүнг гаргах, зөвхөн санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хүчинтэйд тооцохтой холбоотой заалтууд болно.

Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж заасан нь нэгэнт саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолж байгаа тохиолдолд тухайн төхөөрөмжөөр уншигдсан саналын хуудсыг үндэслэн санал хураалтын эцсийн дүнг гаргахаар зохицуулсан бөгөөд өмнө нь явагдаж байсан сонгуулиудын саналын хуудсыг тоолох явцад хүний хүчин зүйл нөлөөлсний улмаас гардаг байсан маргааныг бууруулах боломжийг олгосон зохицуулалт болсон.

Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 дахь хэсгийн "Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.", мөн зүйлийн 84.11 дэх хэсгийн "Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ.", 84.14 дэх хэсгийн "Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.", 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсгийн "Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасан. Эдгээр зохицуулалт нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулийн зарчмыг хангаж байна гэж үзсэн болно.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5 дахь хэсэгт "Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно." гэж заасан нь техникийн саатал гарч санал тоолох төхөөрөмж ажиллахгүй болсон тохиолдолд иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хангах чухал зохицуулалт болсон.

Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт "Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно." гэж заасан нь сонгогчдын санал сонгуулийн дүнд тусаж, тэдгээрийн сонгох, сонгогдох эрх илүү хангагдаж байгаа болно.

            2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийн иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасантай нийцүүлэн Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй, мөн сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Санал хураалтыг хүчингүйд тооцох нь сонгуулийг хүчингүйд тооцохоос ялгаатай асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийхээ хүрээнд иргэн сонгуульд саналаа өгч оролцдог. Сонгууль хуульд заасны дагуу явагдсан нөхцөлд санал хураалтыг хүчингүйд тооцох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан "сонгох" эрхэд халдсан зохицуулалт болно.

Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлээр сонгуулийн дүн гарахаас өмнө хууль зөрчсөн тохиолдолд зөрчил гарсан хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцохоор зохицуулсан ба мөн хуулийн 135 дугаар зүйлээр хууль зөрчсөн тохиолдолд сонгуулийг хүчингүйд тооцож, 136 дугаар зүйлээр дахин сонгууль явуулах талаар зохицуулсан байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтад нийцэж байна.

3. Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн хуулиудыг тус тусад нь зохицуулахаар төлөвлөсөн.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5, 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэсэн байна.

Гурав. Сонгуулийн ерөнхий хорооноос маргаан бүхий зохицуулалттай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулах, мөн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ялангуяа урьд өмнө зохион байгуулагдаж ирсэн сонгуулиудын явцад сонгогчийн өгсөн саналыг будлиантуулах, санал хураалтын дүнг засварлах зэргээр сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг таслан зогсоох, сонгуулийн дүнд сонгогчдын итгэх итгэл, үнэмшлийг дээшлүүлэх зорилгоор сонгуулийн үйл ажиллагаанд автоматжуулалтыг нэвтрүүлж санал авах, тоолох, сонгуулийн дүнг гаргах зэрэг ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох, сонгогчдын сонголтыг будлиулж, дүнг гажуудуулах хувь хүний аливаа субъектив сөрөг хүчин зүйлийн нөлөөг хязгаарлан хаах, арилгах хууль, эрх зүйн орчинг бий болгох үндэслэл шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай” хуулийг баталсан.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.", 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэж тус тус заасан нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан дээрх үндэслэл шаардлагад тулгуурлаж байгаа бөгөөд энэ нь сонгуулийн дүнг будлиантуулах, буруу гаргах зэрэг хууль бус үйлдлээс зайлсхийж, 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр болсон эмгэнэлт үйл явдлаас сургамж авч, тэрхүү үйл явдлыг дахин давтуулахгүй байх зорилгоор батлагдсан хуулийн зохицуулалт тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэх тухай Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрэн нийцэж байна гэсэн байр суурьтай байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт “Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгч болно.” гэж, мөн зүйлийн 92.9 дэх хэсэгт “Санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол сонгогч энэ тухай санал авах байранд мэдэгдэж, уг саналын хуудсыг хураалгаж, дахин саналын хуудас авч саналаа өгч болно.” гэж тус тус заасан бөгөөд санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээллийн технологийн баг, даамал гарсан гэмтэл, саатлыг арилгах, техник хэрэгслийн ажиллагааг сэргээх, солих арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажилладаг болно.

Санал тоолох төхөөрөмжид зөвхөн баталсан загвар шаардлага хангасан саналын хуудас танигдаж уншигддаг бөгөөд батлагдсан загвар, шаардлага хангаагүй, эсхүл өөр төрлийн саналын хуудас санал тоолох төхөөрөмжид уншигдах техникийн болон хууль зүйн боломж байхгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй, мөн сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилсан байна.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан нь санал хураалтын дүнг аливаа этгээд будлиантуулах, засварлах, хүчингүй болгох хууль бус үйлдлийг хориглоход чиглэгдсэн зохицуулалт бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг.” ойлгоно гэж, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сонгуулийн төв байгууллагад холбогдох энэ хуулийн 111.5-д зааснаас бусад эрх зүйн маргааныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь маргаан хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон бол тогтоогдсон хэмжээгээр тойрогт сонгуулийн дүн гаргасан шийдвэр хүчингүйд тооцогдоно.” гэж тус тус зааснаас үзвэл сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэх, тэрхүү зөрчлөөс үүдэн санал хураалт болон сонгуулийг хүчингүйд тооцох хууль зүйн фактыг аливаа этгээд тэр дундаа сонгуулийн байгууллага дур зоргоороо шийдвэрлэж тогтоох бус гагцхүү шүүх тогтоохоор хуульчилсан болох нь Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудаас харагдаж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасантай бүрэн нийцэж байна гэсэн байр суурьтай байна.

            ҮНДЭСЛЭЛ:

            1. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаагүй байна. 

            Мөн Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.5 дахь хэсэгт “Санал авах, тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухайн төхөөрөмжид байгаа саналын хуудсыг хоёр дахь, эсхүл нөөц төхөөрөмжид уншуулж тоолох ба санал авах, тоолох төхөөрөмж байхгүй тохиолдолд сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу гар аргаар тоолно.” хэмээн зааж санал тоолох төхөөрөмжид гэмтэл, саатал гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар тусгайлан зохицуулсан байна.

            Сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

            Иймд Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            2. Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах; сонгуулийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-ны улмаас эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн аливаа этгээд нь шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн 112-115 дугаар зүйлд өргөдөл, мэдээлэл, нэхэмжлэлийг хэрхэн гаргах, тэдгээрийг шийдвэрлэх талаарх зохицуулалтыг тодорхой хуульчилжээ.

            Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн зохицуулалтын агуулгаас үзэхэд сонгуулийн хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцох эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай холбогдуулан өргөдөл, мэдээлэл гаргах, шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргах боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.  Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсэгт “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэгт “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

2.  Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэгт “Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.