A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 87. МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТИЙН ЭСРЭГ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН КОНВЕНЦ

1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Энэхүү конвенцийн талууд,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус үйлдвэрлэл, эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа нь хүний эрүүл мэнд, сайн сайханд ноцтой аюул занал учруулж нийгмийн улс төр, эдийн засаг, соёлын үндэст сөргөөр нөлөөлж буйд сэтгэл гүнээ зовниж,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт нийгмийн янз бүрийн бүлгийн дунд улам гүнзгий тархаж, ялангуяа дэлхийн олон газарт хүүхдүүдийг хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглэгчээр болон тэдгээрийн хууль бус үйлдвэрлэл болон эргэлтийн зорилгод ашиглаж байгаагийн үр дагавар нь тооцоолохын аргагүй аюулд хүргэж байгаад сэтгэл гүнээ зовниж,

улсуудын хууль ёсны эдийн засгийг сулруулж, тогтвортой байдал, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд аюул учруулж буй хууль бус эргэлт болон түүнтэй холбоотой зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааны бусад хэлбэр нь харилцан холбоотойг хүлээн зөвшөөрч,

хууль бус эргэлт нь олон улсын шинж чанартай гэмт үйл ажиллагаа бөгөөд түүнийг таслан зогсоох явдал нь хойшлуулшгүй нэн тэргүүний анхаарал шаардаж буйг хүлээн зөвшөөрч,

хууль бус эргэлт нь санхүүгийн асар их ашиг, баялгаар хангаснаараа улс дамнасан гэмт хэргийн байгууллагуудад засгийн газрын байгууллагууд, хууль ёсны худалдаа, санхүүгийн үйл ажиллагаа болон нийгмийн бүх давхаргад нэвтрэх, тэдгээрийг бохирдуулах, ялзруулах боломж олгож байгааг хүлээн зөвшөөрч,

хууль бус эргэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийг гэмт үйл ажиллагаанаас олж буй орлогоос нь салгаж, улмаар тийм үйл ажиллагаа эрхлэх гол хөшүүргийг нь арилгахад шийдэмгий байгаагаа илэрхийлж,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлт, хууль бус эргэлтээс олсон асар их орлого зэрэг тийм эм, бодисыг урвуулан хэрэглэх үндсэн шалтгаануудыг арилгахыг эрмэлзэж,

олдоц нь элбэг байдаг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нууц үйлдвэрлэлийг өсгөхөд нөлөөлдөг зарим бодис, түүний дотор прекурсор, химийн бодис, уусгагч зэрэгт тавих хяналтын арга хэмжээ шаардлагатай гэж үзэж,

далай дахь хууль бус эргэлтийг таслан зогсоох олон улсын хамтын ажиллагааг сайжруулахыг эрмэлзэж,

хууль бус эргэлтийг устгах нь бүх улсын хамтын үүрэг бөгөөд энэ зорилгоор олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хүчин чармайлтыг уялдуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хянах салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээнд тийм хяналт явуулдаг олон улсын байгууллагууд байлгахыг хүсч,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай олон улсын гэрээний удирдах зарчмууд болон тэдгээрт заасан хяналтын тогтолцоог дахин нотолж,

хууль бус эргэлтийн цар хүрээ, хэмжээ болон түүнээс үүдэн гарах ноцтой үр дагаврыг арилгах зорилгоор Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц болон Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1972 оны протоколоор оруулсан нэмэлт өөрчлөлт бүхий тэр конвенц болон Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцид заасан арга хэмжээг бэхжүүлэх, нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч,

олон улсын гэмт үйл ажиллагаа болох хууль бус эргэлтийг таслан зогсоох олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны эрх зүйн үр нөлөөтэй арга хэрэгслүүдийг бэхжүүлж, чангатгахын ач холбогдлыг мөн хүлээн зөвшөөрч,

хууль бус эргэлтийн эсрэг тухайлан чиглэгдсэн бөгөөд асуудлын янз бүрийн талыг ялангуяа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын гэрээнд тусгагдаагүй зүйлүүдийг харгалзан боловсронгуй, үр өгөөжтэй, бодитойгоор хэрэгжих чадвартай олон улсын конвенц байгуулахыг эрмэлзэж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Нэр томъёо

Хэрэв өөрөөр илэрхий заагаагүй буюу тодорхой тохиолдолд агуулгын хувьд өөр утга шаардлагагүй бол энэхүү конвенцид дараахь тодорхойлолтыг хэрэглэнэ:

a) “Хороо” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц болон Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай 1972 оны протоколоор оруулсан нэмэлт өөрчлөлт бүхий тэр конвенцид заасан Хар тамхинд хяналт тавих олон улсын хороог хэлнэ;

b) “Каннабис” гэж олсны овгийн бүх төрлийн ургамлыг хэлнэ;

c) “Кока бут” гэж эритоксилоны төрлийн аливаа зүйлийн ургамлыг хэлнэ;

d) “Арилжааны тээвэрлэгч” гэж аливаа урамшуулал, хөлс, бусад ашгийн төлөө хүн, бараа, шуудан тээвэрлэх ажиллагаанд оролцож буй аливаа хувь хүн, эсхүл олон нийтийн, хувийн бусад байгууллагыг хэлнэ;

e) “Комисс” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн хорооны Мансууруулах эмтэй тэмцэх комиссыг хэлнэ;

f) “Хураах” гэж шүүхийн буюу эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр эд хөрөнгийг бүрмөсөн хураан авахыг хэлэх бөгөөд үүнд хөрөнгөөс салгахыг зохих тохиолдолд оруулна;

g) “Хяналтан дор хүргүүлэх” гэж энэхүү конвенцид хавсаргасан I хүснэгт, II хүснэгтэд заасан хууль бус, эсхүл сэжигтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон тэдгээрийг орлох бодисыг энэхүү конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдийг таньж тогтоох зорилгоор нэг буюу хэд хэдэн орны нутаг дэвсгэрээс гаргах, эсхүл түүгээр дамжуулах, эсхүл тэдгээрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхийг тэдгээр улсын эрх бүхий байгууллагын мэдэл, хяналтан доор зөвшөөрсөн аргачлалыг хэлнэ;

h) “1961 оны конвенц” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцийг хэлнэ;

i) “Өөрчлөн оруулсан 1961 оны конвенц” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцид өөрчлөлт оруулах тухай 1972 оны протоколоор нэмэлт өөрчлөлт оруулсан Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенцийг хэлнэ;

j) “1971 оны конвенц” гэж Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцийг хэлнэ;

k) “Зөвлөл” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийг хэлнэ;

l) “Битүүмжлэх”, эсхүл “түр хураах” гэж шүүх болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр эд хөрөнгийг шилжүүлэх, хэвиргах, захиран зарцуулах, хөдөлгөхийг түр хугацаагаар хориглох, эсхүл түр хугацаагаар хураах буюу хяналтад авахыг хэлнэ;

m) “Хууль бус эргэлт” гэж энэхүү конвенцийн 3 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэлнэ;

n) “Мансууруулах эм” гэж Мансууруулах эмийн тухай 1961 оны нэгдсэн конвенц болон нэмэлт өөрчлөлт оруулсан уг конвенцийн I жагсаалт, II жагсаалтад орсон байгалийн болон нийлэг аливаа бодисыг хэлнэ;

o) “Опиумын намуу” гэж Papaver somnifеrum L зүлийн ургамлыг хэлнэ;

p) “Орлого” гэж 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд шууд болон шууд бусаар бий болсон буюу олж авсан аливаа хөрөнгийг хэлнэ;

q) “Хөрөнгө” гэж материаллаг болон материаллаг бус, хөдлөх болон үл хөдлөх, биет болон биет бус бүх төрлийн хөрөнгө, түүнчлэн тийм хөрөнгийг өмчлөх эрх болон түүн дэх эрх, ашиг сонирхлыг гэрчлэх эрх зүйн баримт бичиг буюу актыг хэлнэ;

r) “Сэтгэцэд нөлөөлөх бодис” гэж 1971 оны конвенцийн I, II, III, IV жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ;

s) “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэлнэ;

т) “I хүснэгт”, ”II хүснэгт” гэж 12 дугаар зүйлийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд энэхүү конвенцид хавсаргасан бодисын зохих ёсоор дугаарласан жагсаалтыг хэлнэ;

u) ”Дамжин өнгөрүүлэгч улс” гэж хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон энэхүү конвенцийн I хүснэгт, II хүснэгтэд заасан бодисын гарал үүслийн газар ч биш, эцсийн хүргэх газар ч биш бөгөөд тэдгээрийг нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрүүлж байгаа улсыг хэлнэ.

2 дугаар зүйл

Конвенцийн хамрах хүрээ

1. Энэхүү конвенцийн зорилго нь олон улсын хэмжээний асуудал болж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой олон төрлийн асуудлыг үр өгөөжтэйгөөр шийдвэрлэх талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. Талууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ өөрийн дотоодын хууль тогтоомжийн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хуулийн болон захригааны шаардлагатай арга хэмжээ авна.

2. Талууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ бусад улсын бүрэн эрхт тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх болон дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлан биелүүлнэ.

3. Аль нэг тал нь нөгөө талын нутаг дэвсгэрт хэргийн харьяалал тогтоож болохгүй бөгөөд тухайн талын дотоодын хуулийн дагуу зөвхөн түүний байгууллагуудын бүрэн эрхэд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлж болохгүй.

3 дугаар зүйл

Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлага

1. Тал бүр санаатайгаар үйлдэгдсэн дараахь үйлдлийг дотоодынхоо хуулийн дагуу эрүүгийн гэмт хэрэг гэж тогтоох арга хэмжээ авна:

a) i) 1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан уг конвенц болон 1971 оны конвенцийн заалтыг зөрчиж аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх, гаргаж авах, бэлдэх, санал болгох, худалдахаар санал болгох, түгээх, худалдах, ямар ч нөхцөлөөр хамаагүй хүргэх, зуучлах, илгээх, дамжуулан өнгөрүүлж илгээх, тээвэрлэх, экспортлох, импортлох;

ii) 1961 оны конвенц, нэмэлт, өөрчлөлт оруулсан уг конвенцийн заалтыг зөрчиж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг үйлдвэрлэх зорилгоор опиумын намуу, кока бут, каннабис ургамлыг тарималжуулах;

iii) (i) дэд хэсэгт заасан аливаа үйл ажиллагааг явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалах, худалдан авах;

iv) мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг тарималжуулах, үйлдвэрлэх эсхүл бэлтгэхэд зориулагдсаныг мэдсээр байж I хүснэгт, II хүснэгтэд заасан тоног төхөөрөмж, эд зүйлс, бодисыг бэлтгэх, тээвэрлэх, түгээх;

v) (i), (ii), (iii), (iv) дэд хэсэгт тодорхойлсон гэмт хэргийг удирдах, санхүүжүүлэх, зохион байгуулах.

(b) i) аливаа гэмт хэрэг болон энэ хэсгийн (a) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд бий болсон, эсхүл дурдсан гэмт үйлдэлд оролцсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах болон гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд гэмт үйлдлийнхээ эрх зүйн үр дагавраас зайлсхийхэд нь туслах зорилгоор уг хөрөнгийг хувиргах, шилжүүлэх;

ii) энэ хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэний үр дүнд бий болсон, эсхүл тийм гэмт хэрэг үйлдэхэд оролцсоны үр дүнд бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний жинхэнэ мөн чанар, эх үүсвэр, байрлал, захиран зарцуулах арга, хөдөлгөөн, хөрөнгөтэй холбоотой жинхэнэ эрх эсхүл эзэмшигчийг халхавчлах, нуун дарагдуулах;

(c) Үндэсний хууль тогтоомжийнхоо заалтууд, эрх зүйн тогтолцооныхоо гол зарчмуудыг баримтлан:

i) энэ хэсгийн (а) дэд хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг болон гэмт хэргүүд, эсхүл тухайн гэмт хэрэг болон гэмт хэргүүдэд оролцсон үйлдлийн улмаас бий болсон хөрөнгийг хүлээж авахдаа энэ тухай мэдсээр байж олж авсан, эзэмшсэн, хэрэглэсэн;

ii) I хүснэгт, II хүснэгтэд заасан тоног төхөөрөмж, эд зүйлс болон бодисыг аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар тарималжуулах, үйлдвэрлэхэд ашиглаж байгаа, эсхүл тийм зорилгоор ашиглахад зориулагдсан болохыг мэдсээр байж эзэмших;

iii) энэ зүйлийн дагуу тогтоосон аливаа гэмт хэргийг үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хэрэглэхэд олон нийтийг аливаа хэлбэрээр өдөөн хатгах, уриалах;

iv) энэ зүйлээр тогтоосон аливаа гэмт хэргийг үйлдэхэд оролцсон, холбогдсон, үйлдэхээр үгсэн тохиролцсон, үйлдэхийг завдсан, түүнчлэн үйлдэх үед хамжсан, хатгасан, дэмжлэг үзүүлсэн эсхүл зөвлөгөө өгсөн.

2. Тал бүр Үндсэн хуулийнхаа заалтууд, эрх зүйн тогтолцооныхоо зарчмыг баримтлан 1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан 1961 оны конвенц, 1971 оны конвенцийг зөрчиж аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хувийн хэрэгцээнд зориулж санаатайгаар хадгалах, олж авах, тарималжуулахыг дотоодын хуулийнхаа дагуу гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээ авна.

3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсгүүд болох ухамсар, санаа, зорилгыг хэргийн бодит нөхцөл байдлаас тогтоож болно.

4. а) Тал бүр 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэргийн ноцтой шинж байдлыг харгалзан хорих, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасах, торгох болон хөрөнгө хураах ял ногдуулахаар зааж болно.

b) Талууд 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн шийтгэл болон ялд нэмэлт болгож түүнийг эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргүүлэн оруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно.

c) Талууд зохих тохиолдолд дээрх дэд хэсэгт заасныг үл харгалзан, хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэх болон яллахын оронд хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд эргүүлэн оруулах, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгч нь мансууруулах эм урвуулан хэрэглэдэг бол түүнийг эмчлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно.

d) Талууд энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллах болон шийтгэхийн оронд шийтгэл болон ялд нэмэлт болгож эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дараахь эмчилгээ хийх, нөхөн сэргээх, эсхүл нийгмийн амьдралд эргэж оруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно.

5. Талууд дараахь нөхцөл байдлыг тэдгээрийн шүүх болон хэргийн харьяалал тогтоосон эрх мэдэл бүхий байгууллагуудаас 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх явдлыг хангана:

а) гэмт этгээд өөрийн харьяалагддаг зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт оролцсон;

b) гэмт этгээд олон улсын чанартай бусад төрлийн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагаанд оролцсон;

c) гэмт этгээд тухайн гэмт хэргийг үйлдсэний улмаас хууль бус бусад үйл ажиллагаанд оролцсон;

d) гэмт этгээд хүч, эсхүл галт зэвсэг хэрэглэсэн;

e) гэмт этгээд албан тушаалтан бөгөөд тухайн гэмт хэрэг нь түүний албан тушаалтай холбоотой;

f) гэмт хэрэг үйлдэхэд насанд хүрээгүй хүмүүсийг татан оролцуулсан, эсхүл тэднийг ашигласан;

g) гэмт хэргийг хорих ял эдлүүлэх газар, сургууль, олон нийтийн үйлчилгээний газар эсхүл тэдгээрийн ойр орчинд, эсхүл сурагч, оюутны сургалт, спорт, олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг газарт үйлдсэн;

h) холбогдох талын дотоодын хуулиар зөвшөөрсөн хэмжээнд гадаад улсад болон эх орондоо урьд нь ял шийтгэгдсэн, ялангуяа ижил төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн.

6. Талууд хууль сахиулах арга хэмжээг дээд зэргийн үр дүнд хүргэхийн тулд энэ зүйлд заасны дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дотоодынхоо хуулийн дагуу эрүүгийн журмаар мөрдөхтэй холбоотой аливаа хуулийн бүрэн эрхийг өөрийн үзэмжийн дагуу хэрэгжүүлэх бололцоог хангах болон тийм гэмт хэрэг дахин үйлдэгдэхгүй байх нөхцөл бүрдүүлэх талаар эрмэлзэнэ.

7. Талууд тэдгээрийн шүүх болон бусад эрх бүхий байгууллага дурдсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнө тэнсэн суллах болон тэнсэх тухай асуудлыг шийдвэрлэхдээ энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ноцтой шинж байдал, энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзаж үзэх явдлыг хангана.

8. Тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт эрүүгийн журмаар мөрдөх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацааг шаардлагатай тохиолдолд дотоодынхоо хуулийн дагуу урт хугацаагаар тогтоох болон сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн тохиолдолд илүү урт хугацаагаар тогтооно.

9. Тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт яллагдаж буй эсхүл ял шийтгэгдсэн бөгөөд нутаг дэвсгэрт нь байгаа этгээдийг шаардлагатай эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд байлцуулах талаар өөрийн эрх зүйн тогтолцоонд нийцүүлэн зохих арга хэмжээ авна.

10. Энэхүү конвенцид заасан талууд хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа 5, 6, 7, 9 дүгээр зүйлд заасан хамтын ажиллагааны зорилгод энэ зүйлийн дагуу тогтоосон гэмт хэргүүдийг санхүүгийн, эсхүл улс төрийн, эсхүл талуудын үндсэн хуулийн хязгаарлалтад болон дотоодын гол хуулиудыг хөндөхгүйгээр улс төрийн сэдэлтээр үйлдсэн гэмт хэрэг гэж үзэхгүй.

11. Энэ зүйлд заасан гэмт хэргийг тодорхойлох нь тал бүрийн дотоодын хууль тогтоомжийн бүрэн эрхэд хамаарах болон тэдгээр гэмт хэрэг үйлдсэний төлөө яллах, шийтгэх асуудлыг дурдсан хуулийн дагуу хэрэгжүүлэх зарчмыг энэ зүйлийн аль ч хэсэг хөндөхгүй.

4 дүгээр зүйл

Хэргийн харьяалал

1. Тал бүр:

а) Дараахь тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт хэргийн харьяаллаа тогтооход шаардагдаж болох арга хэмжээ авна:

i) тухайн гэмт хэрэг нутаг дэвсгэрт нь үйлдэгдсэн;

ii) тухайн гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэх үед түүний төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцны тавцанд, эсхүл түүний хуулийн дагуу бүртгэгдсэн агаарын хөлгийн бүхээгт үйлдэгдсэн.

b) Дараахь тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт хэргийн харьяаллаа тогтоох талаар шаардлагатай байж болох арга хэмжээ авч болно:

i) тухайн улсын иргэн, эсхүл тухайн улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч этгээд тухайн гэмт хэргийг үйлдсэн;

ii) тухайн тал хэргийн харьяаллаа зөвхөн энэ зүйлийн 4 болон 9 дэх хэсэгт дурдсан гэрээ болон тохиролцооны үндсэн дээр хэрэгжүүлэх нөхцөлөөр 17 дугаар зүйлд заасны дагуу зохих ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан хөлөг онгоцны тавцан дээр тухайн гэмт хэргийг үйлдсэн;

iii) 3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн (c) (iv) дэд хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэг бөгөөд тухайн талын нутаг дэвсгэрээс гадна, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг нутаг дэвсгэрт нь үйлдэх зорилгоор үйлдсэн.

2. Тал бүр:

а) сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд түүнийг дараахь үндэслэлээр нөгөө талд шилжүүлэн өгдөггүй тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн талын тогтоосон гэмт хэргийн хувьд хэргийн харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээ авна:

i) тухайн гэмт хэргийг тухайн улсын нутаг дэвсгэрт, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед түүний төрийн далбааг мандуулсан хөлөг онгоцны тавцанд, эсхүл түүний хуулийн дагуу бүртгэгдсэн агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн.

ii) гэмт хэргийг тухайн орны иргэн үйлдсэн.

b) сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд түүнийг нөгөө талд шилжүүлэн өгдөггүй тохиолдолд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт хэргийн харьяаллаа тогтоох талаар шаардлагатай байж болох арга хэмжээ авч болно.

5 дугаар зүйл

Хураах

1. Тал бүр дараахь хөрөнгийг хураахад шаардлагатай байж болох арга хэмжээ авна:

а) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргээс олсон орлого, тийм орлоготой тэнцэх үнэтэй хөрөнгө;

b) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд ашигласан эсхүл ямар нэг байдлаар ашиглахад зориулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, материал, тоног төхөөрөмж, бусад хэрэгсэл.

2. Тал бүр энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан орлого, хөрөнгө, хэрэгсэл болон бусад зүйлийг хураах зорилгоор тодорхойлох, эрэн сурвалжлах, битүүмжлэх, түр хураах эрхийг өөрийн эрх бүхий байгууллагад олгоход шаардлагатай байж болох арга хэмжээ авна.

3. Тал бүр энэ зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн шүүх болон бусад эрх бүхий байгууллагад банк, санхүү, арилжааны бичиг баримтуудыг шаардаж авах, эсхүл түр хураан авах шийдвэр гаргах эрх олгоно. Аль ч тал банкны нууцыг хадгалах шаардлагатай хэмээн энэ хэсэгт заасны дагуу арга арга хэмжээ авахаас татгалзаж болохгүй.

4. а) Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан орлого, хөрөнгө, хэрэгсэл болон аливаа бусад зүйл нутаг дэвсгэрт нь байгаа тал 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт харьяаллаа тогтоосон нөгөө талаас энэ зүйлд үндэслэн гаргасан хүсэлтийг хүлээн авмагц:

i) хураах шийдвэрийг авах, тийм шийдвэрийг шилжүүлэн өгсөн тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх зорилгоор хүсэлтийг эрх бүхий байгууллагадаа шилжүүлнэ; эсхүл

ii) хүсэлт гаргагч талаас энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан хураах тухай шийдвэрийг хүсэлтэд заасан хэмжээ болон хүлээн авагч талын нутаг дэвсгэрт байгаа 1 дэх хэсэгт заасан орлого, хөрөнгө, хэрэгсэл болон аливаа бусад зүйлд хамааралтай хэмжээнд биелүүлэх зорилгоор хүсэлтийг эрх бүхий байгууллагадаа шилжүүлнэ.

b) Хүсэлт хүлээн авагч тал 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт харьяаллаа тогтоосон нөгөө талаас энэ зүйлд үндэслэн гаргасан хүсэлтийг хүлээн авмагц хүсэлт гаргагч талаас, эсхүл энэ хэсгийн (а) дэд хэсэгт заасны дагуу хүсэлт хүлээн авагч талаас гаргах хураах тухай шийдвэрээр дараа нь хураах зорилгоор энэ зүйлийн нэг дэх хэсэгт дурдсан орлого, хөрөнгө, хэрэгсэл эсхүл аливаа бусад зүйлийг тодорхойлох, эрэн сурвалжлах, битүүмжлэх, эсхүл түр хураан авах арга хэмжээ авна.

c) Хүсэлт хүлээн авагч тал энэ хэсгийн (a) (b) дэд хэсэгт заасан шийдвэр гаргах болон ажиллагаа явуулахдаа дотоодынхоо хууль тогтоомжид нийцүүлэх, мөрдлөг болгох, дотоодынхоо хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны хэм хэмжээнд нийцүүлэх бөгөөд хүсэлт хүлээн авагч тал хүсэлт гаргагч талтай холбогдож болох хоёр болон олон талт аливаа гэрээ, хэлэлцээр, тохиролцоог баримтлана.

d) 7 дугаар зүйлийн 6-19 дэх хэсгийг mutatis mutandis хэрэглэнэ. Энэ зүйлийн дагуу гаргасан хүсэлтэд 7 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан мэдээллээс гадна дараахь зүйлийг тусгана:

i) энэ зүйлийн (а) (i) дэд хэсэгт дурдсан хүсэлтэд хураавал зохих эд хөрөнгийн тодорхойлолт, хүсэлт гаргагч тал үндэслэл болгож буй болон хүсэлт хүлээн авагч тал дотоодынхоо хуулийн дагуу шийдвэр гаргах зорилгоор арга хэмжээ авахад хангалттай үндэслэл болж чадах үйл баримтыг тусгасан өргөдөл;

ii) (а) (ii) дэд хэсэгт дурдсан хүсэлтэд хүсэлтийн үндэслэл болж буй хөрөнгө хураах тухай хүсэлт гаргагч талын шийдвэрийн хууль ёсны хуулбар, үйл баримтыг тусгасан өргөдөл болон шийдвэрийн хүсэлт болгож буй гүйцэтгэлийн хэмжээний талаарх мэдээлэл;

iii) (b) дэд хэсэгт дурдсан хүсэлтэд хүсэлт гаргагч тал үндэслэл болгож буй үйл баримтыг тусгасан өргөдөл, санал болгож буй арга хэмжээний тодорхойлолт.

e) Тал бүр энэ хэсгийн заалтын хэрэгжилтийг хангаж буй аливаа хууль, дүрмийн эх бичвэр, түүнчлэн дурдсан хууль, журамд дараа нь орсон өөрчлөлтийн эх бичвэрийг Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ.

f) Хэрэв аль нэг тал энэ хэсгийн (а) болон (b) дэд хэсэгт дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ холбогдох гэрээтэй байх нөхцөл тавьж байгаа бол энэхүү конвенцийг шаардлагатай болон хангалттай эрх зүйн үндэс гэж үзнэ.

g) Талууд энэ зүйлийг хэрэгжүүлэх талаарх олон улсын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хоёр болон олон талт олон улсын гэрээ, хэлэлцээр, эсхүл тохиролцоо байгуулахыг эрмэлзэнэ.

5. а) Энэ зүйлийн 1 болон 4 дэх хэсэгт заасныг үндэслэн орлого болон хөрөнгийг хураасан тал тэдгээрийг дотоодынхоо хууль болон захиргааны журмын дагуу захиран зарцуулна.

b) Тал нь энэ зүйлд заасныг баримтлан нөгөө талын хүсэлтийн дагуу ажиллагаа явуулахдаа дараахь зүйлүүдийг тусгасан гэрээ байгуулах асуудлыг онцгойлон авч үзэж болно:

i) тийм орлого, хөрөнгийг худалдаж бий болсон орлого, хөрөнгө, мөнгөн хуримтлалыг, эсхүл тэдгээрийн томоохон хэсгийг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг урвуулан хэрэглэх явдал болон тэдгээрийн хууль бус эргэлтийн эсрэг тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий засгийн газар хоорондын байгууллагуудад шилжүүлэн өгөх;

(i) тийм орлого, хөрөнгийг худалдаж бий болсон орлого, хөрөнгө, мөнгөн хуримтлалын зарим хэсгийг дотоодынхоо хууль, захиргааны журам, эсхүл энэ зорилгоор байгуулсан хоёр болон олон талт гэрээнд нийцүүлэн бусад талд нэг удаа эсхүл тогтмол шилжүүлэн өгөх;

6. а) Хэрэв орлогыг хөрөнгийн өөр хэлбэрт хувиргасан, эсхүл хөрвүүлсэн бол энэ зүйлд дурдсан арга хэмжээнүүдийг тухайн орлогод бус тэрхүү хөрөнгөд хамааруулан хэрэглэнэ.

b) Хэрэв орлогыг хууль ёсны эх сурвалжаас бий болсон хөрөнгөд нийлүүлсэн бол тийм хөрөнгийг түр хураах, битүүмжлэх аливаа эрхийг хязгаарлахгүйгээр нийлүүлсэн орлогын үнийн дүнгийн хэмжээгээр хураах ажиллагаа явуулна.

c)

i) Орлого;

ii) орлогыг хувиргаж болон хөрвүүлж бий болгосон хөрөнгө; эсхүл

iii) орлоготой нийлсэн хөрөнгөөс бий болсон орлого, бусад ашигт энэ зүйлд дурдсан арга хэмжээг орлоготой нэгэн адил хэмжээнд авч үзэж адил хэлбэрээр хэрэгжүүлнэ.

7. Тал бүр хураавал зохих сэжигтэй орлого буюу бусад хөрөнгийн хууль ёсны эх сурвалжтай холбогдсон нотлох үүргийг дотоодынхоо хуулийн зарчим, шүүх болон байцаан шийтгэх бусад ажиллагааны шинж чанарт нийцсэн хэмжээнд хадгалан хэрэгжүүлэх боломжийг тооцож үзэж болно.

8. Энэ зүйлийн заалтуудыг гуравдагч талын bonafide эрхэд хохирол учруулахаар ойлгож хэрхэвч болохгүй.

9. Энэ зүйлийн аль ч хэсэг мөн зүйлд дурдсан арга хэмжээг холбогдох талын дотоодын хуульд нийцүүлэн тодорхойлох болон хэрэгжүүлэх зарчмыг хөндөхгүй.

6 дугаар зүйл

Шилжүүлэн өгөх

1. Энэ зүйлийг 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүлээн зөвшөөрсөн гэмт хэргүүдийн тухайд хэрэглэнэ.

2. Энэ зүйлд хамаарах гэмт хэрэг бүрийг талуудын хооронд байгуулсан шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээнд шилжүүлэн өгвөл зохих хэрэг гэж тусгах гэмт хэрэг гэж үзнэ. Талууд хоорондоо байгуулах шилжүүлэн өгөх тухай аливаа гэрээнд тийм гэмт хэргүүдийг шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэг гэж тусгах үүрэг хүлээнэ.

3. Хэрэв гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх нөхцөл шаарддаг тал түүнтэй шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй нөгөө талаас шилжүүлэн өгөх тухай хүсэлт хүлээж авсан бол энэ зүйлд хамаарах аль ч хэргийн хувьд энэхүү конвенцийг эрх зүйн үндэс хэмээн тооцож болно. Энэхүү конвенцийг шилжүүлэн өгөхөд эрх зүйн үндэс болгож хэрэглэхийн тулд нарийвчилсан хууль тогтоомж шаардлагатай гэж үзсэн тал тухайн шаардагдах хууль тогтоомжийг батлан гаргах асуудлыг авч үзнэ.

4. Шилжүүлэн өгөхөд гэрээ байгуулсан байх нөхцөл шаарддаггүй талууд энэ зүйлд хамаарах гэмт хэргүүдийг харилцан шилжүүлбэл зохих гэмт хэрэг гэж хүлээн зөвшөөрнө.

5. Шилжүүлэн өгөх ажиллагааг хүсэлт хүлээн авагч талын хууль тогтоомжид заасан нөхцөлийн дагуу, эсхүл шилжүүлэн өгөх тухай гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэх бөгөөд үүнд хүсэлт шилжүүлэн өгөхөөс татгалзах хүлээн авагч талын үндэслэлүүд ч мөн хамаарна.

6. Хүсэлт хүлээн авагч тал энэ зүйлийн дагуу хүлээн авсан хүсэлтийг хянан үзээд түүний шүүх болон бусад эрх бүхий байгууллага хүсэлтийг биелүүлснээр аливаа этгээдийг үндэс угсаа, шашин шүтлэг, иргэншил, эсхүл улс төрийн итгэл үнэмшлийг нь харгалзан яллах болон шийтгэхийг хөнгөвчилж эсхүл хүсэлтэд хамаарах аливаа этгээдэд тэдгээр шалтгааны алинаар нь ч хор хохирол учруулж болзошгүй гэж үзэх бодитой үндэслэл байвал уг хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болно.

7. Талууд энэ зүйлд хамаарах аливаа гэмт хэргийн тухайд шилжүүлэн өгөх ажиллагааг шуурхай болгох, түүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх шаардлагыг хялбаршуулах талаар хүчин чармайлт гаргана.

8. Хүсэлт хүлээн авагч тал дотоодынхоо хууль, шилжүүлэн өгөх тухай гэрээгээ баримтлан нөхцөл байдал чингэхийг шаардаж байгаа, мөн хойшлуулшгүй шинжтэй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд нутаг дэвсгэрт нь байгаа, шилжүүлэн өгөхийг хүсэлт болгосон хүсэлт гаргагч талын хүсэлтээр цагдан хорих, эсхүл уг этгээдийг шилжүүлэн өгөхөд бэлэн байлгах явдлыг хангахад холбогдох бусад арга хэмжээг авч болно.

9. Сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа тал нь өөрийн дотоодын хууль тогтоомжоор тогтоосон аливаа эрүүгийн хэргийн харьяалалд хохирол учруулахгүйгээр дараахь үүрэг хүлээнэ:

a) хэрэв аль нэг тал нь 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон сэжигтэн этгээдийг 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (а) дэд хэсэгт заасан үндэслэлээр шилжүүлэн өгдөггүй бөгөөд хүсэлт гаргагч талтай өөрөөр харилцан тохиролцоогүй бол өөрийн улсын эрх бүхий байгууллагад эрүүгийн журмаар мөрдөх зорилгоор хэргийг шилжүүлнэ.

b) хэрэв сэжигтэн этгээдийг шилжүүлж өгдөггүй бөгөөд 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасны дагуу уг гэмт хэрэгт өөрийн хэргийн харьяаллыг тогтоосон бол хууль ёсны харьяаллаа хадгалах зорилгоор хүсэлт гаргагч тал өөр хүсэлт гаргаагүй бол, өөрийн улсын эрх бүхий байгууллагад эрүүгийн журмаар мөрдөх зорилгоор хэргийг шилжүүлнэ.

10. Эрэн сурвалжлагдаж буй этгээд нь хүсэлт хүлээн авагч талын иргэн гэсэн шалтгаанаар ял ногдуулсан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан шилжүүлэн авах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн бол хүсэлт хүлээн авагч тал ийнхүү шилжүүлэн өгөхийг хуулиар нь зөвшөөрч байвал түүнд нийцүүлэн хүсэлт гаргагч талын өргөдлийн дагуу хүсэлт гаргагч талын хуулиар ногдуулсан ялыг эсхүл түүний эдлээгүй үлдсэн хэсгийг эдлүүлэх асуудлыг авч үзнэ.

11. Талууд гэмт этгээдийг шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хоёр болон олон талт хэлэлцээр байгуулахыг эрмэлзэнэ.

12. Талууд энэ зүйлд хамаарах гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих болон эрх чөлөөг нь хасах өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдийн шийтгэлийн нь үлдсэн хугацааг эх оронд нь эдлүүлэх зорилгоор түүнийг тухайн улсад шилжүүлж өгөх асуудлаар хоёр болон олон талт ерөнхий болон ad hoc хэлэлцээр байгуулах боломжийг хэлэлцэн шийдвэрлэж болно.

7 дугаар зүйл

Эрх зүйн харилцан туслалцаа

1. Талууд 3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөрдөн байцаах, эрүүгийн журмаар мөрдөх, шүүх ажиллагааны явцад эрх зүйн туслалцааг хамгийн өргөн хүрээгээр харилцан үзүүлнэ.

2. Дээрх зүйлд заасны дагуу үзүүлэх эрх зүйн харилцан туслалцааг дараахь зорилгоор хүсч болно:

а) тодорхой этгээдээс нотлох баримт, мэдүүлэг авах;

b) шүүн таслах ажиллагааны материалтай танилцах;

c) нэгжих, хураах ажиллагаа явуулах;

d) эд зүйл болон газар оронд үзлэг хийх;

e) мэдээлэл болон нотолгооны зүйлээр хангах;

f) банк, санхүү, корпораци, бизнесийн баримт бичиг, тэмдэглэл зэрэг холбогдох баримт бичгийн эх хувь болон хуулбарыг авах;

g) нотлох зорилгоор орлого, хөрөнгө, хэрэгсэл, эсхүл бусад эд зүйлийг тодорхойлох, олж илрүүлэх.

3. Хүсэлт хүлээн авагч талын дотоодын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад ямар ч төрлийн эрх зүйн туслалцааг талууд бие биедээ харилцан үзүүлж болно.

4. Талууд мөрдөн байцаалтад туслах, эсхүл мөрдөн байцаах ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн хүмүүс, ялангуяа цагдан хоригдож буй этгээдийн оролцоо эсхүл хүрэлцээтэй байдлыг өөрийн дотоодын хуулиар болон практикт зөвшөөрөгдсөн хэмжээгээр хөнгөвчлөх болон түүнд дэмжлэг үзүүлнэ.

5. Тал нь банкны нууцыг хадгалах шалтгаар энэ зүйлийн дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах ёсгүй.

6. Энэ зүйлийн заалт нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг бүхэлд нь болон хэсэгчлэн зохицуулж буй, эсхүл зохицуулах аливаа бусад олон талт болон хоёр талт гэрээний дагуу хүлээх үүрэгт нөлөөлөхгүй.

7. Хэрэв холбогдох талууд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай ямар нэгэн гэрээний дагуу харилцан үүрэг хүлээгээгүй бол энэ зүйлийн дагуу гаргасан хүсэлтийн хувьд дурдсан зүйлийн 8-19 дэх заалтыг хэрэглэнэ. Хэрэв талууд дээрх гэрээний дагуу харилцан үүрэг хүлээсэн бөгөөд уг гэрээний оронд энэ зүйлийн 8-19 дэх заалтыг хэрэглэхээр тохиролцож чадаагүй бол дурдсан гэрээний холбогдох заалтыг хэрэглэнэ.

8. Талууд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг биелүүлэх, эсхүл дурдсан хүсэлтийг хэрэгжүүлэх эрх бүхий холбогдох байгууллагад уламжлах эрх, үүрэг бүхий байгууллага, шаардлагатай тохиолдолд байгууллагуудыг томилно. Энэ зорилгоор байгуулсан байгууллагын тухай Ерөнхий нарийн бичгийн даргад мэдээлнэ. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт болон түүнд хамаарах аливаа мэдээллийг уламжлах ажиллагааг талуудын томилсон байгууллага харилцан гүйцэтгэнэ. Энэ заалт нь дурдсан хүсэлт, мэдээллийг дипломат шугамаар илгээх, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэв энэ нь боломжтой бол, олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаар дамжуулан илгээхийг шаардах тухайн талын эрхэд хохирол учруулахгүй.

9. Хүсэлтийг хүлээн авагч талын зөвшөөрөгдсөн хэлээр бичгээр гаргана. Тал бүрийн зөвшөөрөгдсөн хэл болон хэлнүүдийн талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. Онцгой нөхцөл байдал үүссэн болон талууд харилцан тохиролцсон тохиолдолд дурдсан хүсэлтийг амаар гаргаж болох боловч уг хүсэлтийг даруй бичгээр баталгаажуулна.

10. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтэд:

(а) хүсэлт гаргасан байгууллагын тухай мэдээлэл;

b) тухайн хүсэлтэд хамаарах мөрдөн байцаах, эрүүгийн журмаар мөрдөх, байцаан шийтгэх ажиллагааны шинж чанар, үндсэн зүйл, тухайн мөрдөлт, эрүүгийн журмаар мөрдөх, байцаан шийтгэх ажиллагааг хариуцан явуулж буй эрх бүхий байгууллагын нэр, чиг үүрэг;

c) шүүхийн баримт бичигтэй танилцахаас бусад хүсэлтэд холбогдох үйл баримтуудын талаар товч өгүүлэх;

d) хүсч буй тусламжийн тодорхойлолт, хүсэлт гаргагч талын хэрэглэхийг хүсэж буй аливаа тодорхой журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

e) хэрэв боломжтой бол холбогдох этгээдийн тухай болон түүний оршин суугаа хаяг, иргэншлийн тухай мэдээ баримт;

f) нотлох баримт, мэдээлэл цуглуулах, эсхүл арга хэмжээ авах зорилго;

11. Хүсэлт хүлээн авагч тал хэрэв дотоодынх нь хууль тогтоомжийн дагуу хүсэлтийг биелүүлэхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзсэн, эсхүл уг мэдээлэл нь хүсэлтийг биелүүлэх ажиллагааг хөнгөвчлөх бол нэмэлт мэдээлэл хүсэж болно.

12. Хүсэлт хүлээн авагч тал хүсэлтийг дотоодынхоо хууль тогтоомжийн дагуу түүнд харшлахгүй хэмжээнд, боломжтой бол хүсэлтэд дурдсан журмын дагуу биелүүлнэ.

13. Хүсэлт гаргагч тал хүсэлт хүлээн хүлээн авагч талаас ирүүлсэн мэдээлэл, баримтыг бусдад дамжуулж болохгүй бөгөөд хүлээн авагч талтай урьдчилан тохиролцохгүйгээр хүсэлтэд зааснаас бусад мэдээлэл, баримтыг мөрдөн байцаах, эрүүгийн журмаар мөрдөх болон байцаан шийтгэх ажиллагаанд ашиглаж үл болно.

14. Хүлээн авсан хүсэлт болон түүний агуулгын талаарх нууцыг хүсэлтийг биелүүлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд хадгалахыг хүсэлт гаргагч тал хүлээн авагч талаас шаардах эрхтэй. Хэрэв хүлээн авагч тал нууц хадгалах тухай шаардлагыг хэрэгжүүлж чадахгүй бол энэ тухайгаа хүсэлт гаргагч талд даруй мэдэгдэнэ.

15. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтэд дараахь тохиолдолд татгалзсан хариу өгч болно:

а) хэрэв хүсэлт нь энэ зүйлийн заалтуудад нийцэхгүй байвал;

b) хэрэв хүлээн авагч тал тухайн хүсэлтийг биелүүлэх нь өөрийн орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журам болон бусад үндсэн эрх ашигт хохирол учруулна гэж үзвэл;

c) хэрэв хүлээн авагч талын дотоодын хуулийн дагуу мөрдөн байцаах, эрүүгийн журмаар мөрдөх болон байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн гэмт хэргийн талаар гаргасан хүсэлтийг биелүүлэхийг хүлээн авагч талын дотоодын хуулиар өөрийн байгууллагуудад хориглож байвал;

d) хүсэлт нь эрх зүйн харилцан туслалцааны тухай хүсэлтийг биелүүлэх талаарх хүлээн авагч талын эрх зүйн тогтолцооны заалтуудтай зөрчилдөж байвал.

16. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхээс татгалзсан аливаа тохиолдлын үндэслэлийг тайлбарлана.

17. Хүсэлт хүлээн авагч тал гэмт хэргийг мөрдөн байцаах, эрүүгийн журмаар мөрдөх болон байцаан шийтгэх ажиллагаанд саад болно гэж үзвэл эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийг хойшлуулж болно. Энэ тохиолдолд хүсэлт хүлээн авагч тал түүнээс тогтоож буй болзол, нөхцөлийн дагуу тусламж үзүүлж болох эсэх талаар хүсэлт гаргагч талтай зөвлөлдөнө.

18. Хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрт явагдаж буй мөрдөн байцаах, эрүүгийн журмаар мөрдөх болон байцаан шийтгэх ажиллагаанд туслах, нотлох баримт гаргаж өгөхийг зөвшөөрсөн гэрч, шинжээч болон бусад этгээдийг хүлээн авагч талын нутаг дэвсгэрт байх хугацаандаа хийсэн үйлдэл, зөрчил, шийтгэлтэй нь холбогдуулж хүсэлт гаргагч талын нутаг дэвсгэрт мөрдөх, баривчлах, шийтгэл хүлээлгэх, эсхүл өөр ямар нэгэн байдлаар хувийн эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Гэрч шинжээч болон бусад этгээдийн оролцоо цаашид шүүхийн байгууллагад шаардлагагүй тухай тэдгээрт албан ёсоор мэдэгдсэн өдрөөс хойшхи 15 хоногийн хугацаанд, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа хугацаанд тэдгээр этгээд тухайн орноос явах боломжтой байсан хэдий ч хүсэлт хүлээн авагч талын нутаг дэвсгэрт сайн дураараа үлдсэн, эсхүл яваад өөрийн хүсэлтээр эргэж ирсэн бол дээрх этгээдүүдийн хувийн аюулгүй байдлын баталгаа нь дуусгавар болно.

19. Хоёр тал өөрөөр тохиролцоогүй бол хүсэлт биелүүлэхэд гарах ердийн зардлыг хүсэлт хүлээн авагч тал хариуцна. Хэрэв хүсэлт биелүүлэх явцад их хэмжээний, эсхүл онцгой зардал шаардагдвал, эсхүл шаардагдахаар бол талууд хүсэлтийг биелүүлэх болзол, нөхцөл, дээрх зардлыг нөхөх аргыг тодорхойлох талаар зөвлөлдөнө.

20. Талууд шаардлагатай гэж үзвэл энэ зүйлийн зорилгод нийцэхүйц бөгөөд түүний заалтуудыг бэхжүүлэх, дурдсан зүйлийн бодит хэрэгжилтийг хангах хоёр болон олон талт хэлэлцээр байгуулах боломжийг хэлэлцэнэ.

8 дугаар зүйл

Байцаан шийтгэх ажиллагааг шилжүүлэх

3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг эрүүгийн журмаар мөрдөхтэй холбоотой ажиллагааг нэгээс нөгөөд шилжүүлэх нь байцаан шийтгэх ажиллагааг зохих ёсоор явуулах ашиг сонирхолд нийцэж байгаа тохиолдолд талууд тийнхүү шилжүүлэх боломжийг анхаарч үзнэ.

9 дүгээр зүйл

Сургалт болон хамтын ажиллагааны бусад хэлбэр

1. 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоох талаар хууль сахиулах үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор талууд өөрсдийн эрх зүйн болон захиргааны тогтолцоонд нийцүүлэн өөр хоорондоо нягт хамтран ажиллана. Талууд хоёр болон олон талт хэлэлцээр, тохиролцооны үндсэн дээр:

а) Өөрсдийн эрх бүхий байгууллага, албадын хооронд 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүхий л хэлбэр болон хэрэв холбогдох талууд ингэх нь зүйтэй гэж үзвэл гэмт үйл ажиллагааны бусад төрлийн холбоонд хамаарах мэдээллийг шуурхай, найдвартай солилцох асуудлыг хөнгөвчлөх харилцааны сувгийг бий болгож ашиглана;

b) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон олон улсын шинжтэй гэмт хэргийг шалгахад дараахь зүйлийг илрүүлэх зорилгоор өөр хоорондоо хамтран ажиллана:

i) 3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт оролцсон хэмээн сэжиглэгдэж буй этгээд, түүний оршин байгаа газар, үйл ажиллагаа;

ii) дурдсан гэмт хэргийн үр дүнд олсон орлого, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн;

iii) мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, энэхүү конвенцийн I хүснэгт, II хүснэгтэд заасан бодис, дурдсан гэмт хэргийг үйлдэхэд ашигладаг, ашиглахад зориулж бэлтгэсэн багаж хэрэгслийн шилжилт хөдөлгөөн.

c) хувь хүний болон тусгай ажиллагааны аюулгүй байдлыг хангах шаардлагыг анхааралдаа авч, энэ зүйлийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор, хэрэв ингэх нь тухайн орны хуулийг зөрчихгүй бол хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллуулна. Дурдсан ажлын хэсэгт орж байгаа аль ч талын албаны хүмүүс нутаг дэвсгэрт нь тусгай ажиллагаа явуулах талын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу ажиллах бөгөөд дурдсан тохиолдолд нутаг дэвсгэрт нь тусгай ажиллагаа явуулж буй талын бүрэн эрхт байдлыг сонирхогч талууд бүрэн сахина;

d) Зохих тохиолдолд шинжлэх, мөрдөх зориулалтаар аливаа эд зүйлийн загварыг шаардлагатай хэмжээгээр олгоно;

e) эрх мэдэл бүхий байгууллагын болон албаны хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс боловсон хүчин, бусад экспертүүд, түүний дотор холбооны ажилтан солилцох явдлыг дэмжинэ.

2. Тал бүр 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг таслан зогсоох үүрэг бүхий хууль сахиулах түүнчлэн гаалийн байгууллагын ажилтныг бэлтгэх тодорхой сургалтын хөтөлбөрийг шаардлагатай хэмжээнд боловсруулж, хэрэгжүүлж, боловсронгуй болгоно. Дурдсан хөтөлбөр нь, тухайлбал, дараахь зүйлийг хамрана:

а) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох арга;

b) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт оролцсон хэмээн сэжиглэгдэж буй этгээдийн чиглэл хөдөлгөөн, арга, ялангуяа дамжин өнгөрүүлэгч улс дахь чиглэл хөдөлгөөн, арга болон холбогдох сөрөг арга хэмжээ;

c) I хүснэгт, II хүснэгтэд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын экспорт, импортод тавих хяналт;

d) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн үр дүнд олсон орлого, хөрөнгө, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, I хүснэгт, II хүснэгтэд заасан бодис, дурдсан гэмт хэргийг хийхэд ашигласан болон ашиглахад зориулсан багаж хэрэгслийн эргэлтийг илрүүлэх, түүнд хяналт тавих;

e) дээр дурдсан орлого, хөрөнгө, багаж хэрэгслийг дамжуулах, далдлах , нуух арга хэлбэрүүд;

f) нотлох баримтыг цуглуулах;

g) чөлөөт худалдааны бүс, чөлөөт боомтуудад хяналт тавих арга зүй;

h) хууль сахиулах орчин үеийн арга зүй.

3. Талууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан салбарт тусгай мэдлэг туршлагаа солилцоход зориулсан судалгаа шинжилгээний болон боловсон хүчний сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд өөр хоорондоо дэмжлэг үзүүлнэ. Дамжин өнгөрүүлэгч улсуудын тулгамдсан асуудал, онцгой хэрэгцээ, талуудын нийтлэг ашиг сонирхолтой холбоотой асуудал хэлэлцэх болон хамтын ажиллагааг дэмжих зорилгоор, шаардлагатай тохиолдолд бүс нутгийн болон олон улсын хурал, семинар зохион байгуулна.

10 дугаар зүйл

Олон улсын хамтын ажиллагаа болон дамжин

өнгөрүүлэгч улсад үзүүлэх тусламж

1. Талууд дамжин өнгөрүүлэгч улс, ялангуяа тусламж, дэмжлэг шаардлагатай хөгжиж байгаа дамжин өнгөрүүлэгч улсад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор шууд, эсхүл эрх бүхий холбогдох олон улсын болон бүс нутгийн байгууллагаар дамжуулан хууль бус эргэлтийг таслан зогсоох техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн үүнтэй холбоотой бусад арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллана.

2. Талууд хууль бус эргэлтийг таслан зогсоох ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд шаардлагатай дамжин өнгөрүүлэгч орны дэд бүтцийг сайжруулахад чиглэгдсэн санхүүгийн тусламжийг шууд болон олон улсын, бүс нутгийн холбогдох байгууллагаар дамжуулан олгох үүргийг хүлээж болно.

3. Талууд энэ зүйлийг хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хоёр болон олон талт гэрээ байгуулж болох бөгөөд үүнтэй холбогдуулж санхүүгийн тохиролцоог анхааралдаа авч болно.

11 дүгээр зүйл

Хяналтан дор хүргүүлэх

1. Хэрэв талуудын үндэсний эрх зүйн тогтолцооны үндсэн зарчимд харшлахгүй бол 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон этгээдийг илрүүлэх, тэдний эсрэг хууль зүйн дагуу ажиллагаа явуулах зорилгоор харилцан хүлээн зөвшөөрсөн хэлэлцээрийн, эсхүл тохиролцооны үндсэн дээр олон улсын түвшинд хяналтан дор хүргүүлэх шаардлагатай арга хэмжээг талууд өөрийн боломжийн хүрээнд авна.

2. Хяналтан дор хүргүүлэх тухай шийдвэрийг тухайн тодорхой хэргийн тохиолдол бүрт гаргах бөгөөд шаардлагатай бол холбогдох талууд хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх талаар байгуулсан санхүүгийн тохиролцоо, харилцан ойлголцлыг харгалзана.

3. Холбогдох тохиролцооны дагуу хяналтан дор хүргүүлж буй хууль бус барааг холбогдох талуудын зөвшөөрснөөр замд нь саатуулж, тухайн мансууруулах эм буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэвээр нь үлдээж, эсхүл хурааж, эсхүл бүхэлд нь буюу хэсэгчлэн сольж цаашид тээвэрлэж болно.

12 дугаар зүйл

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг

хууль бусаар бэлтгэхэд байнга хэрэглэдэг бодис

1.Талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэхэд хэрэглэгддэг I хүснэгт, II хүснэгтэд заасан бодис алдагдах явдлаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч энэ зорилгоор өөр хоорондоо хамтран ажиллана.

2. Хэрэв тал болон Хороо нь тэдний үзэж буйгаар I хүснэгт, II хүснэгтэд ямар нэгэн бодисын нэр шинээр оруулах шаардлагатай тухай мэдээлэлтэй байгаа бол тэр тухайгаа Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох мэдээллийн хамт хүргүүлнэ. Хэрэв талууд болон Хороо ямар нэгэн бодисын нэрийг I хүснэгт, II хүснэгтэд заасан жагсаалтаас хасах, бодисын нэрийг нэг жагсаалтаас нөгөө жагсаалт руу шилжүүлж өөрчлөлт оруулахыг зөвтгөх мэдээлэлтэй байгаа бол энэ зүйлийн 2-7 дахь заалтад дурдсан журмыг мөн хэрэглэнэ.

3. Ерөнхий нарийн бичгийн дарга дурдсан мэдээлэл болон түүний үзэж буйгаар хэрэгт хамааралтай аливаа мэдээ баримтыг талуудад болон Комисст, хэрэв аль нэг тал энэ талаар мэдээлсэн бол Хороонд уламжилна. Талууд мэдээллийн талаарх саналыг дүнг гаргахад хороонд, шийдвэр боловсруулахад комисст тус болох өөрийн бусад бүх нэмэлт мэдээллийн хамт Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлнэ.

4. Хэрэв Хороо тухайн бодисыг хууль ёсоор ашиглах, түүнчлэн адил төстэй бодисыг хууль ёсны зорилгоор болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэхэд ашиглах явдлын хэмжээ, ач холбогдол, төрлийн талаар анхааралдаа авч:

а) тухайн бодис мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар бэлтгэхэд байнга ашиглагдаж байгаа гэж үзсэн;

b) мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх хэмжээ, хүрээ нь хүн амын эрүүл мэндэд аюул учруулж буй, эсхүл олон улсын түвшинд арга хэмжээ авахуйц үндэслэл бүхий нийгмийн тулгамдсан асуудал бий болгож байгаа гэж үзвэл

уг бодисын үнэлгээний үр дүнгийн талаар, уг бодисыг хууль ёсоор ашиглах, бэлтгэх зорилгоор I хүснэгт, II хүснэгтэд оруулснаас үүсэх үр дагавар, тухайн бодисын үнэлгээг үндэслэн шаардлагатай гэж үзвэл хяналт тавих талаарх зөвлөмжийн тухай Комисст мэдээлнэ.

5. Комисс талуудаас ирсэн санал, дүгнэлт нь шинжлэх ухааны эрэлт хүсэлтийн хувьд тодорхойлогч үүрэг гүйцэтгэдэг, Хорооноос гаргасан санал, зөвлөмжийг анхааралдаа авч, түүнчлэн тухайн асуудалд хамаарах аливаа бусад хүчин зүйлийг зохих хэмжээгээр анхааралдаа авч, тухайн бодисыг I хүснэгт, II хүснэгтэд оруулах асуудлыг Комиссын гишүүдийн гуравны хоёрын олонхийн саналаар шийдвэрлэнэ.

6. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зүйлийн дагуу батлагдсан Комиссын аливаа шийдвэрийн талаар бүх улс, энэхүү конвенцийн тал болон оролцогч болон тал болох эрх бүхий байгууллагууд болон хороонд мэдэгдэнэ. Шийдвэр нь тал тус бүрийн хувьд дээрх мэдэгдлийг илгээснээс хойш нэг зуун наян хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

7. а) Энэ зүйлийн дагуу батлагдсан Комиссын шийдвэрийг уг шийдвэрийн тухай мэдэгдэл авсан өдрөөс хойш нэг зуун наян хоногийн дотор гаргасан аливаа талын хүсэлтээр Зөвлөл хянан үзэж болно. Хянуулах хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад уг хүсэлтийн үндэслэл болж буй холбогдох бүх мэдээллийн хамт өгнө.

b) Ерөнхий нарийн бичгийн дарга хянуулах хүсэлтийн хуулбарыг болон хэрэгт хамааралтай мэдээллийг Комисс, Хороо, бүх талд уламжилж саналаа ерэн хоногийн дотор ирүүлэхийг санал болгоно. Ирсэн бүх саналыг Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.

c) Зөвлөл нь комиссын шийдвэрийг батлах буюу хүчингүй болгоно. Зөвлөлийн шийдвэрийн тухай мэдэгдлийг бүх улс, энэхүү конвенцийн тал болон тал болох эрх бүхий байгууллагууд, Комисс, Хороонд дамжуулна.

8. а) Талууд энэ зүйлийн 1 дэх хэсэг, 1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан 1961 оны конвенц, 1971 оны конвенцийн заалтуудын ерөнхий агуулгыг хөндөхгүйгээр энэхүү конвенцийн I хүснэгт, II хүснэгтэд заасан бодисын өөрийн орны нутаг дэвсгэрт хийгдэж буй бэлтгэх үйл ажиллагаа болон түгээлтэд хяналт тавихад шаардлагатай гэж үзэж буй арга хэмжээг авна.

b) Энэ зорилгоор талууд:

i) эдгээр бодисыг бэлтгэдэг, түгээдэг, бэлтгэх үйл ажиллагаа, түгээлтэд оролцдог бүх байгууллага, хувь хүнд хяналт тавина;

ii) эдгээр бодисыг бэлтгэж, худалдаалж болзошгүй байгууллага, орон байранд тусгай зөвшөөрлийн дагуу хяналт тавина;

iii) дээр дурдсан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс шаардана;

iv) тухайн бодисыг бэлтгэгч, түгээгчдийн гарт зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан тэдний хэвийн үйл ажиллагаанд шаардагдах хэмжээнээс илүү хэмжээгээр хуримтлуулахаас урьдчилан сэргийлнэ.

9. Тал бүр I хүснэгт, II хүснэгтэд заасан бодисын талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ.

а) Сэжигтэй хэлцлийг илрүүлэх зорилгоор I хүснэгт, II хүснэгтэд заасан бодисын олон улсын худалдаанд тавих хяналтын тогтолцоог бий болгож дэмжинэ. Бэлтгэгч, импортлогч, экспортлогч, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгчид нь сэжигтэй захиалга, хэлцлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлж хамтран ажиллах замаар энэхүү хяналтын тогтолцоог хэрэгжүүлнэ.

b) Хэрэв I хүснэгт, II хүснэгтэд заасан аливаа бодис нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар бэлтгэхэд зориулагдсан талаар хангалттай баримт байгаа бол тэдгээрийг хураан авна.

c) Хэрэв мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх зорилгоор I хүснэгт, II хүснэгтэд заасан аливаа бодисыг экспортлож, импортлож, дамжин өнгөрүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй байвал төлбөрийн хэрэгсэл болон хууль бусаар бэлтгэх үйл ажиллагаа явуулах зорилготой гэж үзэх бусад гол үндэслэлийн тухай талуудын эрх бүхий байгууллагад болон холбогдох албадад аль болох хурдан хугацаанд мэдээлнэ.

d) Экспортолж, импортлож буй бодисын бичиг баримт, шошго шаардлага хангасан байхын шаардана. Ачааны мэдүүлэг, нэхэмжлэл, гаалийн болон тээврийн зэрэг бичиг баримтууд нь I хүснэгт, II хүснэгтэд заасан экспортолж, импортолж буй бодисын нэр, тоо хэмжээ, экспортлогч, импортлогчийн болон боломжтой бол бараа хүлээн авагчийн нэр, хаягийг агуулна.

e) Энэ хэсгийн (d) дэд хэсэгт дурдсан бичиг баримтыг эрх бүхий байгууллагаас шалгах боломж олгох үүднээс наад зах нь хоёр жил хадгална.

10. (а) 9 дэх хэсгийн заалтын нэмэлт болгож, мөн сонирхогч талын хүсэлтээр I хүснэгт, II хүснэгтэд заасан ямар ч бодисыг нутаг дэвсгэрээсээ экспортлогч аливаа тал нь түүний эрх бүхий байгууллагууд импортлогч талын эрх бүхий байгууллагуудад дараахь мэдээллийг өгөхөд анхаарна:

i) экспортлогч, импортлогч, боломжтой бол бараа хүлээн авагчийн нэр, хаяг;

ii) I хүснэгтэд заасан бодисын нэр;

iii) экспортлох бодисын тоо хэмжээ;

iv) хүлээн авбал зохих боомт, илгээх он, сар, өдөр;

v) талууд харилцан тохиролцсон аливаа бусад мэдээлэл.

(b) Аль нэг нь энэ хэсэгт дурдсанаас илүү хатуу, чанга хяналтын аргыг хэрэглэх түүний үзэж байгаагаар зохимжтой эсхүл шаардлагатай бол тийм аргыг хэрэглэж болно.

11. Хэрэв аль нэг тал нөгөө талдаа энэ зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасны дагуу мэдээлэл өгч байгаа бол мэдээлэл өгөгч тал худалдааны, албаны, бизнесийн, мэргэжлийн нууц болон худалдааны ажиллагааны нууц байдлыг алдагдуулахгүй байхыг мэдээлэл хүлээн авагч талаас шаардаж болно.

12. Тал бүр Хорооноос тогтоосон хугацаанд, Хорооны өгсөн загвар, маягтын дагуу дараахь мэдээллийг хороонд жил бүр өгнө:

а) I хүснэгт болон II хүснэгтэд заасан хураагдсан бодисын хэмжээ, боломжтой бол гарал үүслийн тухай;

b) мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэхэд ашигласан, тухайн талын үзэж буйгаар Хорооны анхаарлыг хандуулах шаардлагатай I хүснэгт буюу II хүснэгтэд заагаагүй бодисын тухай;

c) алдагдах төрөл болон хууль бусаар бэлтгэх аргын тухай мэдээлэл.

13. Хороо нь энэ зүйлийн хэрэгжилтийн талаар Комисст жил бүр мэдээлэх болон Комисс нь I хүснэгт болон II хүснэгтийн зохимжтой, хангалттай байдлыг тогтмол хянана.

14. Энэ зүйлийн заалтууд нь I хүснэгт, II хүснэгтэд дурдсан бодисын найрлагатай боловч дурдсан бодис нь амархан ашиглах, салгаж авах боломжгүй эмийн болон бусад бэлдмэлд хамаарахгүй.

13 дугаар зүйл

Материал, тоног төхөөрөмж

Талууд шаардлагатай гэж үзвэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэхэд хэрэглэгддэг материал, тоног төхөөрөмжийн худалдаа, түгээлтийг таслан зогсоох шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд энэ зорилгоор хамтран ажиллана.

14 дүгээр зүйл

Мансууруулах ургамлын хууль бус тарималжуулалтыг арилгах,

мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын

хууль бус эрэлтийг устгах арга хэмжээ

1. Талуудаас энэхүү конвенцийн дагуу авсан аливаа арга хэмжээ нь 1961 оны конвенц, 1971 нэмэлт өөрчлөлт оруулсан 1961 оны конвенц, 1971 оны конвенцийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамлын хууль бус тариалалтыг арилгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлтийг устгахад холбогдох заалтаас илүү зөөлөн байж болохгүй.

2. Талууд тухайн орны нутаг дэвсгэрт опиум намуу, кока бут, каннабис ургамал зэрэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан ургамлыг тарималжуулахаас урьдчилан сэргийлэх, түүнийг устгах талаар арга хэмжээ авна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүний үндсэн эрхийг хүндэтгэх бөгөөд дурдсан ургамлын хууль ёсны уламжлалт хэрэглээний тухай түүхэн баримт байгаа бол уг хэрэглээ болон байгаль орчныг хамгаалах сонирхлыг харгалзана.

3. а) Талууд хууль бус тарималжуулалтыг устгах хүчин чармайлтын үр нөлөөг дээшлүүлэх талаар хамтран ажиллаж болно. Ийм хамтын ажиллагаа нь ялангуяа эдийн засгийн хувьд хууль бусаар тариалахаас илүү үр ашигтай өөр төрлийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой хөдөөгийн дүүргүүдийг иж бүрнээр нь хөгжүүлэхэд чиглэгдсэн байж болно. Хөдөөгийн хөгжлийн талаар тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зах зээлд нэвтрэх боломж, нөөц, нийгэм-эдийн засгийн нөхцөл зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Талууд хамтын ажиллагааны аливаа бусад хэлбэрийг сонгож болно.

b) Талууд түүнчлэн шинжлэх ухаан, техникийн мэдээлэл солилцох болон устгах талаар судалгаа явуулахад дэмжлэг үзүүлнэ.

c) Хэрэв талууд нэгдсэн хилтэй бол уг хилийн бүсэд мансууруулах ургамлыг хууль бусаар тариалахын эсрэг хамтран ажиллахыг эрмэлзэнэ.

4. Талууд хүмүүсийн зовлонг багасгах, хууль бус тээвэрлэлтэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг устгах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлтийг үгүй болгох, бууруулахад чиглэсэн зохих арга хэмжээг авна. Эдгээр арга хэмжээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, түүнчлэн 1987 онд болсон Мансууруулах эмийг урвуулан хэрэглэх, хууль бус эргэлтийн талаархи олон улсын бага хурлаас гаргасан Олон талт баримт бичигт тулгуурлаж болно. Талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эрэлтийг үгүй болгох, бууруулах талаар хоёр болон олон талт гэрээ хэлцэл байгуулж, бусад тохиролцоонд хүрч болно.

5. Талууд I хүснэгт, II хүснэгтэд заасан түр хурааж авсан, эсхүл хураагдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг богино хугацаанд устгах, эсхүл хууль ёсоор ашиглах, зохих ёсоор баталгаажуулсан шаардлагатай хэмжээний тийм бодисыг нотолгооны зориулалтаар хэрэглэх талаар шаардлагатай арга хэмжээ авч болно.

15 дугаар зүйл

Арилжааны тээвэрлэгч

1. Талууд арилжааны тээвэрлэгчдийн ашиглаж буй тээврийн хэрэгслийг 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдэхэд ашиглахгүй байхад шаардагдах арга хэмжээ авна. Үүнд арилжааны тээвэрлэгчидтэй байгуулах тусгай тохиролцоог багтааж болно.

2. Тал бүр арилжааны тээвэрлэгчдээс тэдгээрийн тээврийн хэрэгслийг 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхэд ашиглахаас урьдчилан сэргийлэх талаар зохих ёсны сэрэмжлүүлэх арга хэмжээ авахыг шаардана. Эдгээр сэрэмжлүүлэгт дараахь зүйлийг багтааж болно:

а) Хэрэв арилжааны тээвэрлэгчийн үйл ажиллагаагаа явуулдаг гол газар нь тухайн талын нутаг дэвсгэрт байрладаг бол:

(i) ажилтнуудыг сэжигтэй бараа, этгээдийг танихад сургах;

(ii) ажилтны шударга зан чанарыг дэмжих.

b) Арилжааны тээвэрлэгч тухайн талын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бол:

(i) бололцоотой үед ачааны дагалдах бичгийг урьдчилан өгөх;

(ii) чингэлэгт таних тэмдэг бүхий, хуурамчаар үйлдэх бололцоогүй лац хэрэглэх;

(iii) 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийг үйлдэхтэй холбогдолтой байж болох нөхцөл байдлын тухай холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдээлэх.

3. Тал бүр тээврийн хэрэгсэл, ачаанд зөвшөөрөлгүй нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, шаардагдах аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор орж, гарах цэгүүд, гаалийн хяналтын бусад бүсэд арилжааны тээвэрлэгч болон холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангахыг эрмэлзэнэ.

16 дугаар зүйл

Арилжааны баримт бичиг, экспортын таних тэмдэг

1. Тал бүр хууль ёсоор экспортолж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь холбогдох баримт бичигтэй байхыг шаардана. 1961 оны конвенцийн 31 дүгээр зүйл, нэмэлт өөрчлөлт оруулсан 1961 оны конвенцийн 31 дүгээр зүйл болон 1971 оны конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу шаардагдах баримт бичгээс гадна зарлагын баримт, ачааны дагалдах бичиг, гаалийн болон бусад тээврийн баримт бичиг зэрэг арилжааны баримт бичигт 1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан 1961 оны конвенц болон 1971 оны конвенцийн холбогдох жагсаалтад заасны дагуу экспортлож буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нэр, экспортлож буй хэмжээ болон экспортлогч, импортлогч болон бололцоотой үед бараа хүлээн авагчийн нэр, хаягийг заах үүрэгтэй.

2. Тал бүр экспортлож буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын таних тэмдгийг буруу тавихгүй байхыг шаардана.

17 дугаар зүйл

Далай дахь хууль бус эргэлт

1. Талууд олон улсын далайн эрх зүйд нийцүүлэн далай дахь хууль бус эргэлтийг таслан зогсооход аль болох өргөнөөр хамтран ажиллана.

2. Өөрийн улсын төрийн далбааг мандуулсан, эсхүл бүртгэлийн таних тэмдэг, далбаагаа мандуулахгүй байгаа хөлөг онгоцыг хууль бус эргэлттэй холбогдолтой гэж сэжиглэх боломжит үндэслэл бүхий тал түүнийг тэр зорилгоор ашиглахыг таслан зогсооход туслалцаа үзүүлэхийг бусад талаас хүсэж болно. Тийм хүсэлт хүлээн авсан талууд өөрт бололцоотой аргаар туслалцаа үзүүлнэ.

3. Олон улсын далайн эрх зүйн дагуу навигацийн эрх чөлөө эдэлж, өөр талын бүртгэлийн таних тэмдэг үзүүлж, эсхүл төрийн далбаа мандуулж буй хөлөг онгоцыг хууль бус тээвэртэй холбогдолтой гэж сэжиглэх боломжит үндэслэл бүхий тал далбааны эзэн улсад энэ талаар мэдэгдэж, бүртгэлийг нь нотлохыг хүсэж болох бөгөөд нотлогдсон тохиолдолд далбааны эзэн улсаас тухайн хөлөг онгоцны талаар шаардлагатай арга хэмжээ авах зөвшөөрөл хүсэж болно.

4. 3 дахь хэсгийн дагуу, эсхүл хооронд нь хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу, эсхүл хоорондоо байгуулсан аливаа хэлцэл, тохиролцооны дагуу далбааны эзэн улс хүсэлт гаргасан улсад дараахь эрхийг inter aria зөвшөөрч болно:

а) хөлөг онгоцны тавцан дээр гарах;

b) хөлөг онгоцыг нэгжих;

c) хууль бус тээвэрт оролцсон тухай нотлох баримт олдсон тохиолдолд хөлөг онгоц, түүний тавцан дээрх этгээд болон ачааны талаар холбогдох арга хэмжээ авах.

5. Энэ зүйлд заасны дагуу арга хэмжээ авах үед холбогдох талууд далай дахь амь биеийн аюулгүй байдал, хөлөг онгоц болон ачааны аюулгүй байдалд занал учруулахгүй байх, далбааны эзэн улс буюу өөр аливаа холбогдох улсын арилжааны болон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх шаардлагыг зохих ёсоор анхаарна.

6. Далбааны эзэн улс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу зөвшөөрөл өгөхдөө хариуцлагатай холбоотой нөхцөл болон бусад нөхцөлийг хүсэлт гаргагч талтай харилцан тохиролцож тодорхойлж болно.

7. Энэ зүйлийн 3, 4 дэх хэсгийн зорилгоор тал нь өөр улсын төрийн далбааг мандуулсан хөлөг онгоц тийм эрхтэй эсэхийг тодруулах тухай хүсэлт, түүнчлэн 3 дахь хэсэгт заасны дагуу илгээсэн зөвшөөрлийн талаарх нөгөө талын хүсэлтэд цаг алдалгүй хариу өгнө. Тал бүр энэхүү конвенцид оролцогч тал болохдоо ийм хүсэлтийг хүлээн авч, хариу өгөх эрх бүхий байгууллага, шаардлагатай бол байгууллагуудыг тодорхойлно. Тэдгээрийг тодорхойлсноос хойш нэг сарын дотор энэ талаар Ерөнхий нарийн бичгийн дарга бусад бүх талд мэдэгдэнэ.

8. Энэ зүйлийн дагуу аливаа ажиллагаа явуулсан тал түүний үр дүнг далбааны эзэн улсад цаг алдалгүй мэдэгдэнэ.

9. Талууд энэ зүйлийн заалтыг биелүүлэх, эсхүл илүү үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хоёр буюу олон талт гэрээ, тохиролцоо байгуулах боломжийг судална.

10. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан арга хэмжээг зөвхөн цэргийн хөлөг онгоц буюу цэргийн агаарын хөлөг, эсхүл холбогдох зөвшөөрөлтэй бөгөөд төрийн үйлчилгээ үзүүлж буй гэж танигдах таних тэмдэг бүхий бусад хөлөг онгоц, эсхүл агаарын хөлөг хэрэгжүүлнэ.

11. Энэ зүйлийн дагуу аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд эргийн улсын олон улсын далайн эрх зүйн дагуу эдлэх эрх, хүлээсэн үүрэг болон хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эрхийг зөрчих буюу хөндөхгүй байх шаардлагыг зохих ёсоор анхаарна.

18 дугаар зүйл

Чөлөөт худалдааны бүс, чөлөөт боомт

1. Талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон I хүснэгт, II хүснэгтэд заасан бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоох зорилгоор худалдааны чөлөөт бүс, чөлөөт боомтод тухайн улсын бусад нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй арга хэмжээнээс зөөлөнгүй арга хэмжээ авна.

2. Талууд дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ:

а) худалдааны чөлөөт бүс, чөлөөт боомт дахь бараа, хүмүүсийн хөдөлгөөнийг хянах, энэ зорилгоор амралтын болон загас олборлолтын хөлөг онгоц, түүнчлэн агаарын хөлөг, хуурай замын тээврийн хэрэгслийг оролцуулан орж, гарч буй хөлөг онгоцны ачаа, шаардлагатай үед тэдгээрт байгаа багийн гишүүд, зорчигчид, тэдний ачааг нэгжих зөвшөөрлийг өөрийн эрх бүхий байгууллагад олгох;

b) худалдааны чөлөөт бүс, чөлөөт боомтод орж, гарч буй, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болон I хүснэгт, II хүснэгтэд заасан бодисыг агуулсан байж болох барааг илрүүлэх тогтолцоо байгуулж, ашиглах;

c) боомтын байгууламжийн орчин тойрон, нисэх онгоцны буудал болон хилийн шалган нэвтрүүлэх цэгт хяналтын тогтолцоо байгуулж, ашиглах.

19 дүгээр зүйл

Шуудан ашиглах

1. Талууд Дэлхийн шуудангийн холбооны конвенцуудын дагуу хүлээсэн үүрэг болон дотоодынхоо эрх зүйн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн шууданг хууль бус эргэлтэд ашиглахыг хориглох арга хэмжээ авч, энэ зорилгоор хамтран ажиллана.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээнд тухайлбал дараахь арга хэмжээ орно:

а) шууданг хууль бус эргэлтэд ашиглахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нэгдсэн арга хэмжээ авах;

b) I хүснэгт, II хүснэгтэд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шуудан дахь хууль бус илгээлтийг илрүүлэх мөрдөлт, хяналтын арга зүй, багаж хэрэгслийг хууль сахиулах байгууллагын эрх бүхий ажилтнууд нэвтрүүлэх болон ашиглах;

c) эрүүгийн журмаар мөрдөхөд шаардлагатай нотлох баримтыг олж авах зорилгоор зохих ёсны арга хэрэгсэл хэрэглэх боломж олгох хууль тогтоох арга хэмжээ.

20 дугаар зүйл

Талуудын өгөх мэдээлэл

1. Талууд тэдгээрийн нутаг дэвсгэр дээрх конвенцийн хэрэгжилтийн тухай мэдээллийг Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан Комисст өгнө, тухайлбал:

а) энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор батласан хууль, дүрэм журмын эх бичвэр;

b) шинээр илэрсэн хандлага, хууль бус эргэлтэд орсон хэмжээ, хууль бус эргэлт эрхэлж буй этгээдүүдийн бодис болон арга зүйг олж авсан эх сурвалжийг харгалзан талуудын чухал гэж үзсэн, тэдгээрийн хэргийн харьяалалд хамаарч буй, хууль бус эргэлттэй холбоотой хэргүүдийн тухай тодорхой мэдээлэл.

2. Талууд ийм мэдээллийг Комиссын хүсэлт болгосон хэлбэрээр болон хугацаанд өгнө.

21 дүгээр зүйл

Комиссын чиг үүрэг

Комисс нь энэхүү конвенцийн зорилгод хамаарах бүх асуудлыг авч үзэх бүрэн эрхтэй, тухайлбал:

а) Комисс нь 20 дугаар зүйлийн дагуу талуудын өгсөн мэдээллийн үндсэн дээр энэхүү конвенцийн хэрэгжилтийг хянана;

b) Комисс нь талуудаас хүлээн авсан мэдээллийг шалгасны үндсэн дээр санал, ерөнхий зөвлөмж гаргаж болно;

c) Комисс нь Хорооны чиг үүрэгтэй холбоотой байж болох аливаа асуудалд түүний анхаарлыг хандуулж болно;

d) Комисс нь 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу Хорооноос Комиссоор хэлэлцүүлэхээр ирүүлсэн аливаа асуудлаар шаардлагатай гэж үзсэн ажиллагааг явуулна;

e) Комисс нь 12 дугаар зүйлд заасан журмын дагуу I хүснэгт, II хүснэгтэд нэмэлт өөрчлөлт оруулж болно;

f) Комисс нь энэхүү конвенцийн тал болоогүй улсуудад энэхүү конвенцийн дагуу арга хэмжээ авах асуудлыг авч үзэх боломж олгох зорилгоор тэдгээр улсын анхаарлыг энэхүү конвенцийн дагуу Комиссоос гаргасан шийдвэр, зөвлөмжид хандуулж болно.

22 дугаар зүйл

Хорооны чиг үүрэг

1. 21 дүгээр зүйлийн дагуу Комиссын чиг үүрэг, 1961 оны конвенц, нэмэлт, өөрчлөлт оруулсан 1961 оны конвенц болон 1971 оны конвенцийн дагуу Хороо, Комиссын чиг үүргийг хөндөхгүйгээр:

а) Хэрэв Хороо Ерөнхий нарийн бичгийн дарга, эсхүл Комисст ирүүлсэн мэдээлэл, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгууллагуудаас өгсөн мэдээллийг хэлэлцсэний үндсэн дээр түүний бүрэн эрхэд хамаарах асуудлаар энэхүү конвенцийн зорилго хэрэгжихгүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж шийдвэрлэвэл аливаа холбогдох мэдээлэл өгөхийг талд болон талуудад санал болгож болно:

b) 12, 13 болон 16 дугаар зүйлийн хувьд:

(i) Хэрэв Хороо энэ зүйлийн (а) дэд хэсгийн дагуу арга хэмжээ авсны дараа шаардлагатай гэж үзвэл 12, 13 болон 16 дугаар зүйлийн заалтыг биелүүлэхэд тухайн нөхцөл байдалд шаардлагатай байж болох засах арга хэмжээ авахыг холбогдох талд уриалж болно.

(ii) Хороо (iii) дэд хэсэгт заасан арга хэмжээг авахаас өмнө өмнөх дэд хэсгүүдэд үндэслэн холбогдох талтай тогтоосон харилцаагаа нууцад хамааруулна;

(iii) Хэрэв энэ дэд хэсгийн дагуу Хорооноос талд санал болгосон засах арга хэмжээг холбогдох тал аваагүй нь Хороонд тодорхой болбол тэрээр энэ асуудалд талууд, Зөвлөл болон Комиссын анхаарлыг хандуулж болно. Энэ заалтын дагуу Хорооноос нийтэлсэн аливаа илтгэлд холбогдох тал ингэхийг хүссэн тохиолдолд түүний саналыг мөн оруулна.

2. Ашиг сонирхол нь шууд хөндөгдөж буй асуудлыг энэ зүйлд заасны дагуу хэлэлцэх Хорооны хуралд оролцохыг аливаа холбогдох талд санал болгоно.

3. Энэ зүйлийн дагуу гаргах Хорооны шийдвэр санал нэгтэй биш байх тохиолдолд цөөнхийн саналыг тусгана.

4. Энэ зүйлийн дагуу гаргах Хорооны шийдвэрийг Хорооны нийт гишүүдийн гуравны хоёрын олонхийн саналаар батална.

5. Хороо энэ зүйлийн 1 (а) дэд хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбооотойгоор түүний мэдэлд ирж болох бүх мэдээллийн нууцлалыг хангана.

6. Энэ зүйлд заасан Хорооны хариуцлага нь энэхүү конвенцийн заалтын дагуу талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хамаарахгүй.

7. Энэ зүйлийн заалтыг талуудын хоорондын 32 дугаар зүйлийн заалтад хамаарагдах маргаанд хэрэглэхгүй.

23 дугаар зүйл

Хорооны илтгэл

1. Хороо өөрийн эрх мэдэлд байгаа мэдээллийн талаарх дүн шинжилгээ, холбогдох тохиолдолд түүний тайлбар, хэрэв байгаа бол талуудын өгсөн, эсхүл талуудад өгөхийг хүсэлт болгосон тайлбарын агуулгыг Хорооны хүссэн аливаа тэмдэглэл, зөвлөмжийн хамт тусгасан, өөрийн ажлын тухай илтгэлийг жил бүр бэлтгэнэ. Хороо өөрөө шаардлагатай гэж үзсэн нэмэлт илтгэлийг гаргаж болно. Илтгэлийг Комиссоор дамжуулан Зөвлөлд хүргүүлэх бөгөөд Комисс нь илтгэлд зохимжтой гэж үзсэн тэмдэглэл хийж болно.

2. Хорооны илтгэлүүдийг талуудад хүргүүлэх болон үүний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга тэдгээрийг нийтэлнэ. Талууд илтгэлийг хязгаарлалтгүйгээр түгээхийг зөвшөөрнө.

24 дүгээр зүйл

Энэхүү конвенцид зааснаас илүү хатуу арга хэмжээ авах

Тал нь түүний үзэж байгаагаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх болон түүнийг таслан зогсооход зохимжтой, эсхүл шаардлагатай бол энэхүү конвенцид зааснаас илүү чанга буюу хатуу арга хэмжээ авч болно.

25 дугаар зүйл

Өмнөх гэрээг үгүйсгэхгүй байх

Энэхүү конвенцийн заалтууд нь энэхүү конвенцид оролцогч талуудын 1961 оны конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан 1961 оны конвенц болон 1971 оны конвенцийн дагуу хүлээсэн аливаа эрх, үүргийг үгүйсгэхгүй.

26 дугаар зүйл

Гарын үсэг

Энэхүү конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Вена дахь ажлын байранд 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, түүнээс хойш Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нью-Йорк дахь төв байранд 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл

а) бүх улс;

b) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Намибийн зөвлөлөөр төлөөлүүлэн Намиби Улс;

c) энэхүү конвенцоор зохицуулдаг асуудлаар олон улсын хэлэлцээр байгуулахаар хэлэлцээ хийх, байгуулах, хэрэгжүүлэх эрх бүхий бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд

гарын үсэг зурахад нээлттэй байна. Уг конвенцийн хүрээнд талууд, улсууд, эсхүл үндэсний албад гэснийг тэдгээрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр байгууллагад хэрэглэнэ.

27 дугаар зүйл

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу албан ёсоор нотлох акт

1. Энэхүү конвенцийг улсууд, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Намибийн зөвлөлөөр төлөөлүүлэн Намиби Улс соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах бөгөөд 26 дугаар зүйлийн (c) дэд хэсэгт заасан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд албан ёсоор нотолно. Батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн тухай, эсхүл батласан тухай баримт бичгийг болон албан ёсоор нотлох актад холбогдолтой баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

2. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд албан ёсоор нотлох баримт бичигтээ энэхүү конвенцоор зохицуулах асуудлаар ямар эрх хэмжээтэй болохоо мэдэгдэнэ. Эдгээр байгууллага энэхүү конвенцоор зохицуулах асуудлаархи эрх хэмжээнд орсон аливаа өөрчлөлтийн талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мөн мэдээлнэ.

28 дугаар зүйл

Нэгдэн орох

1. Энэхүү конвенц нь түүнд аливаа улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Намибийн зөвлөлөөр төлөөлүүлсэн Намиби Улс болон 26 дугаар зүйлийн (c) дэд хэсэгт заасан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нэгдэн ороход нээлттэй байна. Ерөнхий нарийн бичгийн даргад нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулснаар нэгдэн орсонд тооцно.

2. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нэгдэн орсон тухай баримт бичигтээ энэхүү конвенцоор зохицуулах асуудлаар ямар эрх хэмжээтэй болохоо мэдэгдэнэ. Эдгээр байгууллага энэхүү конвенцоор зохицуулах асуудлаархи эрх хэмжээнд орсон аливаа өөрчлөлтийн талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мөн мэдээлнэ.

29 дүгээр зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Энэхүү конвенц нь улс, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Намибийн зөвлөлөөр төлөөлүүлсэн Намиби Улс хорь дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш ер дэх хоногт хүчин төгөлдөр болно.

2. Хорь дахь батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулснаас хойш энэхүү конвенцийг соёрхон батласан, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл түүнд нэгдэн орсон улс, эсхүл Нэгдсэн Үндэстний Байгууллагын Намибийн зөвлөлөөр төлөөлүүлсэн Намиби Улсын хувьд энэхүү конвенц түүний батламж жуух бичиг, хүлээн зөвшөөрсөн, батласан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан өдрөөс хойш ер дэх хоногт хүчин төгөлдөр болно.

3. Албан ёсоор нотлох актад холбогдолтой баримт бичиг, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн 26 дугаар зүйлийн (с) дэд хэсэгт заасан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хувьд энэхүү конвенц нь тийнхүү баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх хоног болон энэхүү конвенц энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүчин төгөлдөр болох өдрийн аль сүүлчийнхэд нь хүчин төгөлдөр болно.

30 дугаар зүйл

Цуцлах

1. Аливаа тал Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдсэнээр энэхүү конвенцийг цуцалж болно.

2. Уг цуцлалт нь холбогдох талын хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

31 дүгээр зүйл

Нэмэлт өөрчлөлт оруулах

1. Аливаа тал энэхүү конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Нэмэлт өөрчлөлтийн эх бичвэр, түүний үндэслэлийг тухайн тал Ерөнхий нарийн бичгийн даргад илгээж, Ерөнхий нарийн бичгийн дарга түүнийг бусад талд илгээж тухайн саналыг хүлээн авч буй эсэхийг нь тодруулна. Ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулах саналыг илгээснээс хойш хорин дөрвөн сарын дотор нэг ч тал татгалзсан хариу ирүүлээгүй тохиолдолд түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэмэлт өөрчлөлт нь тухайн нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрсөн тухай мэдэгдсэн баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ерэн хоногийн дараа тийнхүү мэдэгдсэн талын хувьд хүчин төгөлдөр болно.

2. Хэрэв аль нэг тал нэмэлт өөрчлөлтийн саналд татгалзсан хариу өгвөл Ерөнхий нарийн бичгийн дарга талуудтай зөвлөлдөн олонхийн саналыг авч, тэдний хүсэлтээр талуудын өгсөн тайлбарын хамт асуудлыг Зөвлөлд шилжүүлж, Зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 62 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу бага хурал зарлан хуралдуулж болно. Ийм бага хурлаас гарсан аливаа нэмэлт өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлтийн протоколд тусгана. Энэ протоколыг биелүүлэх зөвшөөрлийг Ерөнхий нарийн бичгийн даргад тусгайлан илэрхийлнэ.

32 дугаар зүйл

Маргаан шийдвэрлэх

1. Хэрэв хоёр буюу түүнээс дээш талын хооронд энэхүү конвенцийг тайлбарлах, эсхүл хэрэглэхтэй холбоотой маргаан гарвал талууд маргааныг хэлэлцээ, зөвлөмж авах, зуучлах, арбитр, бүс нутгийн байгууллага, шүүх ажиллагаа буюу өөрийн сонголтоор бусад эв зүйн аргаар шийдвэрлэх талаар зөвлөлдөнө.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар шийдвэрлэж чадахгүй маргааныг маргааны тал улсуудын аль нэгийнх нь хүсэлтээр Олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.

3. 26 дугаар зүйлийн (c) дэд хэсэгт заасан бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар шийдвэрлэх боломжгүй маргааны тал бол тухайн байгууллага Шүүхийн дүрмийн 65 дугаар зүйлийн дагуу Олон улсын шүүхээс аль санал нь шийдвэрлэх санал байх талаар зөвлөх дүгнэлт гаргуулах хүсэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын аль нэг гишүүн улсаар уламжлуулан Зөвлөлд гаргаж болно.

4. Энэхүү конвенцид гарын үсэг зурах, эсхүл түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл түүнд нэгдэн орох үед улс, эсхүл гарын үсэг зурсан, эсхүл албан ёсоор нотлох актыг хадгалуулахаар өгөх, эсхүл нэгдэн орох үед бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага энэ зүйлийн 2, 3 дахь хэсгийг дагаж мөрдөхгүйгээ мэдэгдэж болно. Ийм мэдэгдэл гаргасан талын хувьд бусад тал 2, 3 дахь хэсгийг дагаж мөрдөхгүй.

33 дугаар зүйл

Адил хүчинтэй эх бичвэр

Энэхүү конвенцийн англи, араб, испани, франц, хятад, орос эх бичвэрүүд адил хүчинтэй байна.

34 дүгээр зүйл

Эх хадгалагч

Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийн эх хадгалагч байна.

Дээр дурдсаныг нотолж, засгийн газраасаа зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав.

Вена хотноо нэг мянга есөн зуун наян найман оны арван хоёрдугаар сарын хорины өдөр нэг жинхэнэ эх хувь үйлдэв.

ХАВСРАЛТ

I хүснэгт

II хүснэгт

N-ацетил атраниловын хүчил

Изосафрол

Лизергиний хүчил

3,4-тетилендиоксифенил-2-пропанон

Пиперональ

Псевдоэфедрин

Сафрол

1-фенил-2-пропанон

Эрготетрин

Эрготатин

Эфедрин

Энэ хүснэгтэд заасан ийм давснууд

байж болох бүх тохиолдол Цууны хүчлийн ангидрид

Антраноловын хүчил

Ацетон

Тетилэтилкетон

Пертанганат кали

Пиперидин

Хүхрийн хүчил

Давсны хүчил

Толуол

Этилийн эфир

Фенилуксусны хүчил

Энэ хүснэгтэд заасан ийм

давснууд байж болох бүх

тохиолдол (давсны хүчлийн

болон хүхрийн хүчлийн

давснууд хамаарахгүй)